Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2016/00141

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат, шүүгч Н.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Э-т холбогдох

Гэм хорын улмаас учирсан эд материал, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол, нийт 1.967.500 /нэг сая есөн зуун жаран долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 155/2015/0183/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, иргэдийн төлөөлөгч Х.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бхариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн оройн 21 цагийн орчим тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Натгуу гэдэг газар үхрээ хурааж явахад бидэртэй хүрэн шар араас ирж салтаан доогуур өргөөд нуруун дээгүүрээ давуулж шидэн босох гэтэл дахин мөргөж авч шидсэн. Толгой цоорч цус нь их гарсан. Босож чадахгүй хэвтэж байтал хариуцагчийн хүү нь харж ээждээ хэлээд хариуцагчийн /Ц.Э/ эхнэр О- ирж толгойны цус арчиж өгсөн. Эхнэр О- нь та зугтахгүй яасан юм гэсэн. Би тэр шар мөргөдгийг нь мэдэхгүй учир үхэр явж л байна гэж бодсон. Ирээд мөргөнө гэж бодоогүй. Гэртээ ирж хоноод маргааш нь сумын эмнэлэгт ирж үзүүлж эм авсан. Тэр эмийг нь ууж байгаад улам өвчин орж цээжээ даахгүй болоод Улаанбаатар хотруу явж УКМЭ 1 дүгээр эмнэлэгт очиж үзүүлж комьпютер томографийн оношлогоогоор сээрийн Th 10 дугаар нугаламын их биеийн урд дээд гадаргууд дарагдаж шахагдсан хугаралтай гэж оношлогдсон. Гэмтлийн эмнэлэгт үзүүл гэсний дагуу Энэрэл эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Одоо миний биеийн байдал тааруу, нуруу өвддөг, байнгын хэвтрийн дэглэмтэй гэр бүлийн асаргаанд байна.

Ц.Н- миний бие эмчилгээ оношлогоо, эм тариа, нурууны хамгаалалтын бүсний үнэ бүгд 667.500 төгрөг, хөдөлмөрийн чадвараа 4 сараар алдсаны хөдөлмөрийн доод хэмжээгээр бодож 800.000 төгрөг, сэтгэл санаа, эд материалын хохирол 500.000 төгрөг, бүгд 1.967.500 төгрөг нэхэмжилж байгааг хариуцагч Ц.Э-аас гаргуулж өгнө үү. Ц.Э-аас эмчилгээний зардал гэж хэлэхэд 100.000 төгрөг өгвөл өгнө, өгөхгүй байсан ч яадаг юм, өгөх албагүй гэж хэлсэн. Иймд миний бие маш их гомдолтой байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 8 дугаар сарын 06-ны орой үхрээ хураагаад явж байхад нь Ц.Э-ын үхэр манай эхнэрийг мөргөж нуруун дээгүүрээ аваад шидсэн, босох гэхэд дахиад мөргөсөн. Ц.Э-ын том хүү тухайн үед мотоциклтой явж байгаад, энэ тухай ээждээ хэлж, Ц.Э-ын эхнэр нь манай эхнэрийг гэртээ авчирсан байдаг юм. Үхэрт мөргүүлснийхээ маргааш нь Х аймгийн Р сумын эмнэлэгт үзүүлсэн бөгөөд эхнэр маань хөл дээрээ явж чадахгүй байсан. Ингээд хэд хоногийн дараа Ц.Э-ын эхнэр нь бидэнтэй ирж уулзан, одоо яах вэ гэж асууж байсан. Би эхнэрээ аваад Улаанбаатар хот руу эмчилгээнд явна, мөнгө л хэрэгтэй байх гэж хэлсэн. Тэгэхэд Ц.Э-ын эхнэр нь манайхаас хонь авч шөл хийж уу гэж хэлж байсан ч бид аваагүй юм. Улаанбаатар хот явж 1 дүгээр эмнэлэгт үзүүлэхэд нуруундаа хугаралт авсан байна гэсэн бөгөөд одоо эхнэр маань нуруундаа бэхэлгээтэй байгаа бөгөөд байнгын хэвтрийн дэглэм сахидаг болсон. Биднийг Улаанбаатар хотод байхад Ц.Э- 100.000 төгрөг авах уу гэж утасдаж байсан бөгөөд 100.000 төгрөгөөр зураг авахуулаад үзүүлэхэд хүрэхгүй шүү дээ гэхэд намайг басамжилсан маягаар, хэлдэг газраа хэлээд яв гээд утсаа салгаж байсан. Би 300.000 төгрөг өгвөл яахав болох биз гэсэн ба шүүхэд ч өгнө гээгүй. Түүнээс хойш уулзаагүй. Яваад заргалдаарай гэсэн болохоор шүүхэд хандсан. Үхэрт мөргүүлсэн тухай Цагдаагийн байгууллагад мэдэгдэж, гэмтлийн зэрэг тогтоолгоогүй, харин Э-ын үхэрт мөргүүлсэн талаар багийн хурал дээр хэлж байсан. Миний эхнэр Ц.Н-гийн эрүүл мэнд, болон эд материалын хохирол 667.500 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсаны 800.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 500.000 төгрөг, бүгд 1.967.500 төгрөг нэхэмжилж байна. Бидэнд үүнээс ч илүү их зардал гарсан гэв.

Хариуцагч Ц.Э- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ц.Н-гийн үхэр мөргөж гэмтэл учруулсан 1.967.500 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлтэй танилцлаа. Би уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд зун нь үхрийн зэлэн дээр манай эхнэр, дүүгийн эхнэр Э, Н гурав цуг байж юм ярилцаж байсан бөгөөд тэгэхэд Н нь нуруу нугас руу халуу оргиж өвддөг, толгой байнга өвддөг, суманд үзүүлэхэд хот явж эмчилгээ хийлгэ гэсэн. Хавар М-ийн эмнэлгээр зөндөө явж эмчлүүлж байсан гэж ярьсан гэсэн. Манайд бол яах ч аргагүй хязаалан бидэртэй үхэр байх нь байдаг. Би л ер нь хүн мөргөдөг гэдгийг мэдэхгүй, манай 4 хүүхдээс мөргөж байхыг нь нэг ч удаа хараагүй. Тухайн үед гүйгээд явж байхыг нь манай хүүхэд харж байсан гэсэн. Босч чадахгүй хэвтэж байсан гэдэг нь худлаа гэж бодож байна. Надад ингэж нааш цааш явах мөнгө гаргахад хэцүү байна. Би 4 хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь зөөдөг, группт байдаг төрсөн ахыгаа асардаг, ажил ихтэй байдаг учир өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Л.Ц-ыг сонгож байгаа тул цаашид энэ хүнийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж өгнө үү. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, уг мөнгийг төлөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Н- нь 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Ц.Э-ын үхэрт мөргүүлж 1.967.500 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Үндэслэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1-д Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн буюу хүндэвтэр гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан. Орчин тойрондоо аюул учруулж болох амьтан гэдэгт үхэр орохгүй учир Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1-д Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна, хэрэв Гэрийн тэжээвэр амьтан, эсхүл мэргэжлийн үйл ажиллагааны зүйл болдог бусад амьтны үйлдлээс бусдад гэм хор учирсан нь тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигчийн санаатай буюу илт болгоожгүй үйлдэлтэй холбоогүй бол тэрээр гэм хорыг хариуцахгүй гэж заасан. Э-ын хувьд санаатай болон болгоомжгүй үйлдэл харагдахгүй байгаа. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3-т Мал, амьтан, байгаль орчныг хамгаалах, эрүүл ахуйн шаардлага, бусдын аюулгүй байдлыг хангах талаар тогтоосон хэм хэмжээг сахин биелүүлэх үүрэгтэй гэж заасан. Гэтэл Энхбаяр нь хууль тогтоомжоор заасан хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй ба уг үхэр нь Монголын мал уламжлалын дагуу ижил сүрэгтэйгээ бэлчээртээ бэлчиж явжээ. Улсын Дээд шүүхийн 1997 оны 473 дугаар тогтоол байдаг. Үүнд орчин тойрондоо аюул учруулж болох амьтны улмаас учирсан гэм хорыг өмчлөгч хариуцахаар заасан боловч үхэр нь орчин тойрондоо аюултай амьтанд орохгүй, харин тухайн тохиолдолд үхэр галзуурсан ч юм уу, ямар нэг аюултай шинж тэмдэг үхэрт илэрсэн байсан бол Э тухайн малын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах байсан. Гэм хорыг төлөхөд заавал 4 шалтгаант холбоо байдаг бөгөөд 1 дүгээрт гэм буруу, 2 дугаарт гэм хор учирсан байх, 3 дугаарт үйлдэл, эс үйлдэхүй, 4 дүгээрт шалтгаант холбоо заавал байх ёстой. Э-т уг 4 шинж үгүйсгэгдэж байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хариуцагч огт мөнгө өгөхгүй гэж байгаа. 100.000 төгрөг өгөх гэж байхад аваагүй учир одоо мөнгө өгөхгүй гэдэг. Түүнчлэн үхэрт мөргүүлсэн гэдгийг харсан баталсан баримт иргэний хэрэгт байхгүй. Мөргүүлсэн гэдгийг тогтоосон бол асуудал өөрөөр байх байсан. Иймд Ц.Н-гаас нэхэмжилж байгаа гэм хорын хохирол 1.967.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Н- нь хариуцагч Ц.Э-т холбогдуулан гэм хорын улмаас учирсан эд материал, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол нийт 1.967.500 /нэг сая есөн зуун жаран долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Н- нь Ц.Э-ын бидэртэй хүрэн хязаалан үхэрт мөргүүлсний улмаас гэм хорын хохирол учирсан, хариуцагч манайд бидэртэй хүрэн хязаалан үхэр байдаг ч Ц.Н-г мөргөсөн гэдгийг мэдэхгүй, иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Ц.Н-г хариуцагч Ц.Э-ын бидэртэй хүрэн хязаалан үхэрт мөргүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй юм. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар...болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасан байх ба Ц.Н-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад ...Ц.Э-аас эмчилгээний зардал гэж хэлэхэд 100.000 төгрөг өгвөл өгнө, өгөхгүй байсан ч яадаг юм..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...100.000 төгрөг өгөх гэж байхад аваагүй учир одоо мөнгө өгөхгүй гэдэг... гэх тайлбарууд болох нотолгоогоор дээрх үйл баримт тогтоогдож байна.

Гэвч Ц.Н- нь Ц.Э-ын үхэрт мөргүүлсний улмаас бие махбодид учирсан гэмтлийн зэрэг тогтоолгож, шинжээчийн дүгнэлт болон энэ тухай гомдлоо Цагдаагийн байгууллагад гаргаагүй, мөн үхэрт мөргүүлснээр эрүүл мэнд, эд материал, сэтгэл санааны хохирол хэрхэн учирсан талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл Ц.Н-гийн шүүхэд гаргаж өгсөн эмнэлэгт үзүүлж, шинжилгээ хийлгэн, эм тариа авсан /хавтаст хэргийн 04-12 дугаар хуудас/ тухай баримтууд нь үхэрт мөргүүлж, гэмтэл учирсаны улмаас эмчилгээнд зарцуулсан болохыг нотлож чадахгүй бөгөөд давхар нотлох баримт байхгүй тул үнэлэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч Ц.Н- гэм хорын хохирол нийт 1.967.500 /нэг сая есөн зуун жаран долоон мянга таван зуу/ төгрөгийг Ц.Э-аас гаргуулж авна гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

Иймд нэхэмжлэгч Ц.Н-гийн хариуцагч Ц.Э-т холбогдох гэм хорын улмаас учирсан эд материал, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол, нийт 1.967.500 /нэг сая есөн зуун жаран долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлийн 501.1, 501.2-д зааснаар хариуцагч Ц.Э-т холбогдох гэм хорын улмаас учирсан эд материал, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол, нийт 1.967.500 /нэг сая есөн зуун жаран долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Н-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Н-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН