| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2209025928395 |
| Дугаар | 2023/ДШМ/541 |
| Огноо | 2023-05-23 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 2023/ДШМ/541
Д.О, Г.Д нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Гэрэлбаатар /онлайн/,
хохирогч, шүүгдэгч Г.Дийн өмгөөлөгч О.Санчирбал /онлайн/,
нарийн бичгийн дарга Х.СаранЗ нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/236 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч, шүүгдэгч Г.Дийн өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдлоор Д.О, Г.Д нарт холбогдох эрүүгийн 2209025928395 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овгийн Дийн О, 1965 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, худалдааны нягтлан бодогч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, нөхрийн хамт - тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/;
2. Б овгийн Гын Д, 1988 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “К” ХХК-д ерөнхий инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/;
Хохирогч, шүүгдэгч Д.О нь 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н” нэртэй барилгад хохирогч Г.Дтэй муудалцаж, зууралдан улмаар гарын хурууг нь мушгиж, эрүүл мэндэд нь баруун гарын чигчий хурууны угийн шивнүүрийн, зүүн гарын долоовор хурууны үзүүрийн шивнүүрийн сэлтэрсэн хугарал, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан;
хохирогч, шүүгдэгч Г.Д нь 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н” нэртэй барилгад хохирогч Д.Отай муудалцаж, зууралдан улмаар баруун гарын бугалга, шуу, зүүн бугалгаас нь чанга атган чирч, эрүүл мэндэд нь баруун бугалга, шуу, зүүн бугалгад цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Оы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Б овогт Дийн Оыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Гын Дийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, Г.Д нарт оногдуулсан торгох ялыг хуульд заасан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч, шүүгдэгч Г.Дийн өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоолд Г.Д нь 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н” нэртэй барилгад хохирогч Д.Отай маргалдаж, зууралдан улмаар баруун гарын бугалга, шуу, зүүн бугалгаас нь чанга атган чирч, эрүүл мэндэд нь баруун бугалга, шуу, зүүн бугалгад цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон нь анхан шатны шүүх нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл, дараах нөхцөл байдал тогтоогдсон болно. Үүнд: 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр /хх 11-14/ талд камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...10 давхраас 9 давхар хүртэлх шатны гол хэсэгт хохирогч Г.Д хадам ээж болох Д.Оы зүүн гарын бугалга хэсгээс татаж буулгаж буй дүрс бичлэгийг, цааш үзлэг хийхэд 9 давхрын шатны урд хэсэг буюу дэлгэцийн зүүн доод хэсэгт хохирогч Д.О хохирогч Г.Дийн нүүрэн тус газар, 00:39, 00:44, 00:45 секундэд тус тус нэг удаа, нийт 3 удаа цохиж буй дүрс бичлэг”, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хохирогч Г.Дийн өгсөн “...тэгээд “чи миний охины мөнгийг өг” гэж хэлээд миний өмссөн байсан цагаан цамцнаас заамдаж татаад миний цээжин тус газар урагдсан. Тэгээд толгойн тус газар руу баруун, зүүн гараараа олон удаа цохисон. Тухайн хүний гарыг барьж авахаас өөр нөхцөл байгаагүй, ...тэгээд би “ажил дээр ингэж болохгүй шүү дээ хоёулаа гараад ярилцъя” гэхэд “үгүй, би танай ажил руу цуг орно” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хоёулаа гарч яръя” гээд 9 давхрын лифт хэсэг рүү хоёр гарыг бариад буусан. Тэгсэн намайг нэг гараа татаж аваад толгойн тус газар руу цохиж байсан, ...би дээрх гэмтлийг учруулаагүй байх намайг цохих гээд байхаар нь би биеэ хамгаалах зорилгоор гарыг барьсан” гэсэн мэдүүлэг /хх-25-28/, гэрч Б.Згийн өгсөн “...тэгээд тэр 2 цахилгаан шатанд суугаад доор нэг давхарт бууж ирсэн. Тухайн үед тэр 2 бууж ирээд Д тухайн эмэгтэйг авч гарах гээд гараас нь татаад байсан боловч тухайн эмэгтэй эсэргүүцсээр байгаад манай ажлын том цахилгаан шатанд суугаад дээшээ явах гээд байхаар нь би болон Д тухайн цахилгаан шатыг хааж зогсоод тэр эмэгтэйг явуулаагүй. Миний харснаар тухайн эмэгтэй Дийн цээжин тус газар нь ганц, 2 удаа цохиж харагдсан. Харин Д тухайн эмэгтэйн гараас татаж гаргах гээд байгаа харагдсан” гэсэн мэдүүлэг /хх 35-36/ зэргээр нөхцөл байдал тогтоогддог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг зайлшгүй нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцэх билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ 13-д “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” хэмээн заасан. Гэтэл хохирогч Д.О нь өөрийн хүргэн болох Г.Дийн албан ажил болох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н”-ийн 10 давхарт байрлах ажил руу нь орж Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан “Танхайрах” шинжтэй үйлдэл, мөн хохирогч Г.Дийн нэр төр, алдар хүндэд халдахаар завдсан үйлдэл гаргахад Г.Дийн зүгээс уг нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж, гадагшаа гарч ярилцах санал тавихад түүнийг цохисон үйлдэл гаргаж байгаа нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон хохирогч, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив талын шинж нь “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” субьектив байдлаар буюу халдагч этгээдийн нийгэмд аюултай халдлагын зүйл рүү чиглэсэн хохирогчид гэмтэл учруулна гэх нөхцөл байдлыг ухамсарлан ойлгосон идэвхтэй үйлдэл байна. Энэ талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд тусгай ангид заасан гэм буруутай үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсан шалтгаант холбоог тодорхойлсон байх бөгөөд Г.Дийн хохирогч Д.Оы биед учруулсан хөнгөн гэмтэл нь өөрт учрах эрсдэлийг багасгасан, гэмт халдлагаас өөрийгөө хамгаалсан, учирч болох гэмт халдлагыг өөрөөсөө зайлуулсан үйлдэл байдаг. Мөн Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Гэтэл Г.Дийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаа болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэсний гэм буруугийн холимог хэлбэр гэнэ”, 2-т “...энэ хуулийн тусгай ангид гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэмт хэргийн шинж, оногдуулах ялын төрөл, хэмжээг тусгайлан заана”, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарцаагүй байдалд хохирол учруулах” гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд хамаарах нөхцөл байдлыг харгалзан үзэж, давж заалдах шатны шүүхээс гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Г.Дт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор Ц.Гэрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Учир нь, анхан шатны шүүх хуралдааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон үйл баримтыг үгүйсгэсэн, эргэлзээ төрүүлсэн баримт тогтоогдоогүй. Хэрэгт авагдсан камерын бичлэг болон гэрчийн хохирогч, шүүгдэгч Д.О “боль, тавиач ээ гэж чанга орилж байсан” гэсэн мэдүүлэг зэргээр анхан шатны шүүхээс хохирогч, шүүгдэгч Г.Дийг хохирогч, шүүгдэгч Д.Оы эрүүл мэндэд санаатайгаар хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон гэж дүгнэж, түүнийг гэм буруутайд тооцож шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.О нь 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н” нэртэй барилгад хохирогч Г.Дтэй муудалцаж, зууралдан улмаар гарын хурууг нь мушгиж, эрүүл мэндэд нь баруун гарын чигчий хурууны угийн шивнүүрийн, зүүн гарын долоовор хурууны үзүүрийн шивнүүрийн сэлтэрсэн хугарал, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан;
шүүгдэгч Г.Д нь 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н” нэртэй барилгад хохирогч Д.Отай муудалцаж, зууралдан улмаар баруун гарын бугалга, шуу, зүүн бугалгаас нь чанга атган чирч, эрүүл мэндэд нь баруун бугалга, шуу, зүүн бугалгад цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Г.Дийн “...2022 оны 9 дугаар сарын 14-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, О гэх хүн намайг цохихгүй шинжтэй харагдахаар нь би 2 гарын тавиад ахиж цохиж магадгүй гэх үүднээс 2 гараа урдаа аваад зогсож байтал зүүн гараараа миний баруун гарын чигчий хурууг бүтэн атгаж, 90 градус гадна тийш далийсан байсан. ...” /хх 25-28/,
хохирогч Д.Оы “...Би Г.Дийн ажил дээр очиход бид хоёр шатан дээр таарч миний баруун гарын шуун дээрээс гараараа бариад намайг доошоо шат руу ... чирсэн. Тэгээд би гараа авах гээд “миний гарыг тавиач ээ” гэж маш олон удаа хэлж, гараа татсан боловч Г.Д миний гарыг тавихгүй байсан. Тэгсэн ч миний гарыг тавихгүй хумсаа шигтгээд улам чанга атгасан. Миний гар бадайрч, хөхөрч, мэдээгүй болсон байсан. Миний баруун гарын бугалга шуу хөндүүрлэж байсан. ...” /хх 19-21/,
гэрч Б.Згийн “...би хяналтын камераар хараад байж байтал Д болон тухайн эмэгтэй 10 давхрын шатан дээр уулзаж байгаа харагдсан. Тухайн үед намайг харахад Д тухайн эмэгтэйг гараас нь татаад шат руу буулгаж байгаа харагдсан. Тэгээд Д тухайн эмэгтэйг цахилгаан шатанд суулгах гээд байгаа боловч нөгөө эмэгтэй нь эсэргүүцэж байгаа харагдсан. Тэгээд нэлээн дуу чимээ гараад байсан. ...Миний харснаар тухайн эмэгтэй Дийн цээжин тус газарт нь ганц хоёр удаа цохиж байгаа харагдсан Харин Д тухайн эмэгтэйн гараас нь татаж гаргах гээд байгаа харагдсан. ...” /хх 35-36/,
Д.Оы яллагдагчаар өгсөн “...Би өөрийнхөө үйлдсэн хэрэгт гэм буруугийн маргаан байхгүй. Манай хүргэн болох Г.Д нь миний гарыг бариад тавихгүй байсан учраас би баруун гарын чигчий хурууг нь татсан юм. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” /хх 67-68/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Д.Оы биед баруун бугалга, шуу, зүүн бугалгад цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн 12749 дугаартай /хх 49-50/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Т.Дийн биед баруун гарын чигчий хурууны угийн шивнүүрийн, зүүн гарын долоовор хурууны үзүүрийн шивнүүрийн сэлтэрсэн хугарал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...Шинэ гэмтэл байна. ...” гэсэн 12689 дугаартай дүгнэлтүүд /хх 43-44/,
эд зүйл баримт хүлээн авсан тэмдэглэл /хх 10/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зугийн үзүүлэлтүүд /хх 11-14/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлан шүүгдэгч Д.Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг, шүүгдэгч Г.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.
Шүүгдэгч Д.Оы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Оыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Дийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шударга ёсны зарчимд нийцжээ.
Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хохирол учруулсныг гарцаагүй байдал гэх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Оы “...Бид хоёр шатан дээр таарч миний баруун гарын шуун дээрээс гараараа бариад намайг доошоо шат руу ... чирсэн. Тэгээд би гараа авах гээд “миний гарыг тавиач ээ” гэж маш олон удаа хэлж, гараа татсан боловч Г.Д миний гарыг тавихгүй байсан. Тэгсэн ч миний гарыг тавихгүй хумсаа шигтгээд улам чанга атгасан. Миний гар бадайрч, хөхөрч, мэдээгүй болсон байсан. Миний баруун гарын бугалга шуу хөндүүрлэж байсан. ...”, гэрч Б.Згийн “...Д болон тухайн эмэгтэй 10 давхрын шатан дээр уулзаж байгаа харагдсан. Тухайн үед намайг харахад Д тухайн эмэгтэйг гараас нь татаад шат руу буулгаж байгаа харагдсан. Тэгээд Д тухайн эмэгтэйг цахилгаан шатанд суулгах гээд байгаа боловч нөгөө эмэгтэй нь эсэргүүцэж байгаа харагдсан. Тэгээд нэлээн дуу чимээ гараад байсан. ...Миний харснаар тухайн эмэгтэй Дийн цээжин тус газарт нь ганц хоёр удаа цохиж байгаа харагдсан Харин Д тухайн эмэгтэйн гараас нь татаж гаргах гээд байгаа харагдсан. ...” гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч Г.Д нь хохирогч Д.Отай шатан дээр таарсан бөгөөд түүнийг цахилгаан шат руу оруулахаар гараас татаж, хүч хэрэглэсэн үйлдэл хийсний дараа Д.О нь Г.Дийн цээжин тус газар нь 1-2 удаа цохисон нь тогтоогдож байх тул Г.Дийн үйлдлийг гарцаагүй байдалд хохирол учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хохирогч Д.Оы үйлдэл дуусаагүй, үргэлжилсэн, аюул тулгарсан нөхцөл байдал тогтоогдоогүй байх бөгөөд шүүгдэгч Г.Д нь сэтгэл санааны гэнэтийн цочирдол, балмагдалд орсон гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэсэнтэй нийцэн бөгөөд хохирогч, шүүгдэгч Г.Дийн өмгөөлөгч О.Санчирбалын “Г.Дт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох” талаар гаргасан давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч, шүүгдэгч Г.Дийн өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 6-ны өдрийн 2023/ШЦТ/236 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч, шүүгдэгч Г.Дийн өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ