| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лидагийн Одбаатар |
| Хэргийн индекс | 159/2024/0003/З |
| Дугаар | 159/ШШ2024/0065 |
| Огноо | 2024-10-07 |
| Маргааны төрөл | Бусад, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 159/ШШ2024/0065
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 159/2024/0003/3
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч *******
Гуравдагч этгээд: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 113 дугаар тогтоол, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/104 дүгээр захирамж, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 35-29-01/041/01 дүгээр дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, гуравдагч этгээд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 113 дугаартай тогтоолоор Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.3.3-т заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Барилга худалдах тухай” 128 дугаартай тогтоолыг хүчингүй болгожээ.
Нэхэмжлэгч ******* Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Барилга худалдах тухай” 128 дугаартай тогтоолоор дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн Алтанбулаг сумын төвд байрлалтай халаалтын төвийн барилгын дуудлага худалдаанд оролцон ялагч болж 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 тоот Худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан авч үйл ажиллагаа явуулж байсан.
Гэтэл Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 113 дугаартай тогтоолооор Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 128 дугаар тогтоолыг хүчингүй болгосныг Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01/94 тоот албан бичгийг танилцуулснаар мэдлээ гэж 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч ******* шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Нэхэмжлэгч ******* миний бие Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128 дугаар тогтоолоор дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн. Алтанбулаг сумын төвд байгаа 1970 онд ашиглалтанд орсон, ашиглалтын хугацаа дуусаж, чанар байдлаа алдаж тоногдсон, халаалтын төвийн хуучин барилгын дуудлага худалдаанд оролцон ялагч болж 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 тоот Худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан авч үйл ажиллагаа явуулж байсан билээ.
Улмаар миний бие өөрийн нэр дээр “Алтанбилэг” ХХК-ийг байгуулж, дулаан үйлдвэрлэх, түгээх тусгай зөвшөөрөл авч 2017 он хүртэл Алтанбулаг сумын дулаан хангамжийг хариуцан ажиллаж байгаад 2017 онд “Сэлэнгэ энерго” ХХК-нд шилжүүлж, уг компани манай халаалтын төвийн барилга, тоног төхөөрөмжийг ашиглан Алтанбулаг сумын дулаан хангамжийг хариуцан ажиллаж байна. Бидний зүгээс сумын Засаг даргатай харилцан тохиролцож 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11 тоот “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулан 204 мкв уурын зуухны барилга, 464 мкв блокон хашаа, 4798 мкв газар эзэмших эрхийг Алтанбулаг суманд буцаан шилжүүлсэн бөгөөд уг гэрээний дагуу манай компани зөвхөн тоног төхөөрөмжийг төлбөртэй шилжүүлсэн ба уурын зуухны барилга, хашаа, газар эзэмших эрхийг үнэ төлбөргүй Орон нутгийн өмчид шилжүүлсэн. Уг уурын зуухыг одоо “Буга Өндөр“ ХХК хариуцан Алтанбулаг сумын дулаанаар ханган ажиллаж байгаа билээ. Ингээд үлдсэн 2000 мкв газар болон 300 мкв хуучин барилга нь миний өмчлөл эзэмшилд бүртгэлтэй үлдсэн билээ. Миний бие уг газарт хувийн сууц барьж амьдарч байгаа билээ.
Гэтэл Алтанбулаг сумын иргэн *******, ******* нар нь дээрх дуудлага худалдааг хууль бус явуулсан, хувьчлалд нөлөөлсөн, хөлдөөж хохироосон гэж 10 гаран жил гомдол гаргаж удаа дараа шүүх цагдаагаар заргалдаж байгаа бөгөөд прокурор, шүүхийн удаа дараа шийдвэр гарч эдгээр иргэдийг хохироосон зүйл байхгүй болохыг тогтоож байсан билээ. Гэтэл 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Алтанбулаг сумын Засаг даргын тамгийн газраас дуудаж уг өдрийн 01/94 тоот албан бичгийг танилцуулж, Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128 дугаар тогтоолыг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 112 дугаар тогтоолоор хүчингүй болгосон. Уг тогтоолтой холбоотой аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар 26-ны өдрийн 01/200 тоот албан бичиг гарсан талаар мэдэгдэж, эзэмшил газар болон, үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн өгөх талаар мэдэгдсэн. Миний бие Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 113 дугаар тогтоолын талаар мэдээгүй бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд очиж асуухад уг тогтоолыг хуулбар үнэн тэмдэг дарж, гардуулан өгсөн билээ. Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 113 дугаар тогтоолоор Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 128 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байна.
Дээрх 2023 оны 128 дугаар тогтоолыг гаргахдаа иргэн надад огт мэдэгдээгүй бөгөөд Захиргааны еренхий хуульд заасан нотлох барамт цуглуулах, нөхцөл байдлыг тогтоох, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг сонсох ажиллагаа явуулах, захиргааны актыг мэдэгдэх зэрэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээр уг актыг иргэн миний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, газар эзэмших эрхийг ноцтой зөрчсөн байна. Миний бие уг эд хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаанд оролцон ялж, худалдан авсан бөгөөд хэн нэгний эрхийг зөрчсөн, хууль зөрчсөн ямар ч үйлдэл хийгээгүй байхад иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоол гаргаж хувийн өмчийг хураан авах гэж байгаа нь үндэслэлгүй, хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс 2006 оны 128 дугаар тогтоолыг сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзэж хүчингүй болгосон ойлгомжгүй хэнд сөрөг нөлөөлөл үзүүлсэн нь тодорхойгүй байна. Дээрх хувьчлал болон уурын зуухны үйл ажиллагаа нь ямар нэгэн байдлаар иргэн *******, ******* нарын эрхийг зөрчиж, сөрөг нөлөөлөл үзүүлсэн, нийтийн эрх ашгийг ямар байдлаар зөрчсөн болох нь тодорхойгүй бөгөөд өнөөдрийг хүртэл уурын зуух хэвийн ажиллаж, сумын төвийг дулаанаар хангасаар байгаа билээ.
Уг маргаан бүхий актын улмаас иргэн миний хувийн өмчийг хураан авч, орон нутгийн өмч болгох үр дагавар үүсч, өмчлөгчийн эрх ноцтой зөрчигдөж байгаа тул уг эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 113 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 01/232 тоот албан бичгээр халаалтын төвийн газрын асуудлаар сонсох ажиллагаа хийх мэдэгдлийг ирүүлсэн бөгөөд уг мэдэгдэлд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч *******гийн гаргасан Улсын байцаагчийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 35-29-01/041/01 дүгээр дүгнэлтийг хавсарган ирүүлсэн байна. Уг дүгнэлтэд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу хяналт төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн тухай дурдаад
1.Тус сумын Засаг даргын 2002 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №43 дугаартай “Газар эзэмшүүлж, ашиглуулах туахй” захирамжийн зориулалтаар 20 жилийн хугацаатай олгосон байна.
2.Сумын Засаг даргын 2007 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 72 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар халаалтын төвийн эзэмшлийн 64 айлын сууцны зүүн хэсэгт байрлах уурын зуухны барилга, байгууламжийн 0.7 га газрын эзэмших эрхийг тус сумын 1 дүгээр багийн иргэн д уурын зуухны барилга байгууламжийн газрын зориулалтаар 20 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
3.Тус газрыг иргэн *******ы хүсэлтийг үндэслэн сумын Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/162 дугаар захирамжаар 4304009725 нэгж талбарын дугаартай 4798 мкв болон 4304009723 нэгж талбарын дугаартай 2000 мкв болгон хоёр хуваасан байна.
4.2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1662 бүртгэлийн дугаартай газар эзэмшүүлэх гэрээгээр иргэн *******аас Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газарт түүнийг төлөөлж дарга гэрээ байгуулан 4304009725 нэгж талбарын дугаартай 4798 мкв газрын эрх шилжүүлэх хүсэлтийг үндэслэн сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/237 тоот захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлсэн байна. Хяналт шалгалт хийх явцад дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:
1.Алтанбулаг сумын Засаг даргын 2002 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №43 дугаартай “Газар эзэмшүүлж, ашиглуулах тухай” захирамжийн сумын халаалтын төвд 2 га газрыг дулааны шугам сүлжээний барилга байгууламжид ашиглах зориулалтаар 20 жилийн хугацаатай олгосон байна. Энэ нь Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйл, 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтыг зөрчсөн байна.
2.Сумын Засаг даргын 2007 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 72 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар Халаалтын төвийн эзэмшлийн 64 айлын сууцны зүүн хэсэгт байрлах уурын зуухны барилга, байгууламжийн 0.7 га газрын эзэмших эрхийг тус сумын 1 дүгээр багийн иргэн д уурын зуухны барилга байгууламжийн газрын зориулалтаар 20 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Газар эзэмшүүлэх болон эрх шилжүүлэх 2 асуудлыг нэгтгэн нэг захирамж гаргасан нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 38 дугаар зүйлийн 38.3, 38.4 дэх заалтуудыг зөрчсөн байна.
3. 2002 оны 43 дугаартай захирамжаар гарсан шийдвэр дээр халаалтын төвийн 2 га газар гэж, 2007 оны 72 дугаартай захирамжаар гарсан шийдвэрт 0.7 га гэж тэмдэглэсэн байгаа нь 2002 оны 43 дугаартай захирамжийг хүчингүй болгосон, мөн 1.3 га газрын эзэмшигч, ашиглагч тодорхойгүй байна. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалтыг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 27 дугаар зүйлийн 27.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтуудыг зөрчсөн байна.
Дүгнэлтийн дүгнэх нь хэсгийн 1 дэх заалтад иргэний миний дуудлага худалдаагаар худалдан авч эзэмшиж байгаа халаалтын төвийн газар эзэмших эрхийг баталгаажуулсан Алтанбулаг сумын Засаг даргын 2002 оны 43, 2007 оны 72 дугаар захирамжууд нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна гэж дурдсан боловч яг ямар заалтыг зөрчсөн болох талаар тухайлан дурдаагүй, нэг талыг барьсан хууль тогтоомжийг зөрчиж иргэний миний газар эзэмших эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж байна. Энэхүү асуудлаар иргэн *******, ******* нар нь дуудлага худалдааг хууль бус явуулсан, хувьчлалд нөлөөлсөн, хөлдөөж хохироосон гэж 10 гаран жил гомдол гаргаж удаа дараа шүүх цагдаагаар заргалдаж байгаа бөгөөд прокурор, шүүхийн удаа дараа шийдвэр гарч эдгээр иргэдийг хохироосон зүйл байхгүй болохыг тогтоож байсан билээ. Дээрх хяналт шалгалт гэгчийг хийхдээ газар эзэмшигч надад огт мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан нотлох баримт цуглуулах, нөхцөл байдлыг тогтоох, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг сонсох ажиллагаа явуулах, захиргааны актыг мэдэгдэх зэрэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээр уг актыг гаргаж иргэн миний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, газар эзэмших эрхийг ноцтой зөрчсөн байна.
Уг дүгнэлтийн дүгнэх хэсгийн 2 дахь заалтад сумын Засаг дарга нь газар эзэмших, ашиглах эрхийн талаарх иргэд, аж ахуйн нэгж, байгууллага хооронд үссэн маргааныг шийдвэрлэх эрхээ тухай бүр хэрэгжүүлээгүй гэсэн нь мөн үндэслэлгүй бөгөөд дээрх газартай ямар ч иргэд, аж ахуйн нэгжийн хооронд үүссэн маргаан байхгүй байхад хэрхэн ийнхүү дүгнэж байгаа нь тодорхойгүй иргэн миний газар эзэмших эрх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Миний бие уг эд хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаанд оролцон ялж, худалдан авсан бөгөд хэн нэгний эрхийг зөрчсөн, хууль зөрчсөн ямар ч үйлдэл хийгээгүй байхад ийнхүү дүгнэлт гаргасан нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж Захиргааны ерөнхий хууль болон Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 35-29-01/041/01 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна.
Мөн Алтанбулаг сумын Засаг даргаас 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/104 дугаартай захирамж хүчингүй болгох тухай захирамж гаргасныг 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр танилцуулсан бөгөөд уг захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.23, 66 дугаар зүйлийн 66.3 дугаар хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дүгээр хэсэг, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 01/701 дүгээр албан бичгийг тус тус үндэслэн Алтанбулаг сумын Засаг даргын 2002 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 43 дугаар захирамжийн “Б” заалтын “Тус сумын халаалтын төвд сумын төвийн 2 га газрыг дулааны шугам сүлжээний барилга байгууламжид ашиглах зориулалтаар 20 жилийн хугацаатай 2007 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 72 дугаартай захирамжийн “Нэг” заалтын “Тус сумын халаалтын төвийн эзэмшлийн 64 айлын сууцны зүүн хэсэгт байрлах уурын зуухны барилга байгууламжийн 0.7 га газрын эзэмших эрхийг тус сумын 1 дүгээр багийн иргэн д уурын зуухны барилга байгууламжийн газрын зориулалтаар 20 жилийн хугацаатай” гэснийг тус тус хүчингүй болгосон байна.
Дээрх захирамж нь огт үндэслэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийг үндэслэсэн байх бөгөөд яагаад энэхүү захирамжийг сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзэж байгаа хэнд сөрөг нөлөөлөл үзүүлсэн болох нь тодорхойгүй, иргэн миний хувьд дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгө газар эзэмших эрхийг баталгаажуулсан эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байхад хуулийн 48 дугаар зүйлийг үндэслэсэн нь хууль зөрчсөн иргэн миний газар эзэмших эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр болсон байна. Сэлэнгэ аймгийн прокурор, Газрын алба, Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Алтанбулаг сумын Засаг дарга зэрэг албан тушаалтнууд нь илтэд иргэн миний эсрэг үгсэн хуйвалдсан мэтээр энэхүү газартай холбоотой удаа дараа ийм үндэслэлгүй шийдвэр гаргаж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж уг газартай ямар ч хамааралгүй *******, ******* гэх хүмүүст илэрхий үйлчилж, давуу байдал тогтоон тэдний гаргасан гэх ямар ч үндэслэлгүй гомдлоор тэдний үгээр ажиллаж байгаад иргэн миний бие туйлаас гомдолтой байна.
Миний бие дээрх захирамжийг эс зөвшөөрч Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандан 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гомдол гаргасан боловч мөн л өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй тул Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/104 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Өмнө миний шүүхэд хандан хүчингүй болгуулахаар маргаж буй Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 113 дугаар тогтоол, одоо хүчингүй болгуулахаар маргаж буй Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 35-29-01/041/01 дүгээр дүгнэлт, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/104 дүгээр захирамжууд нь нэг л асуудлаар буюу иргэн миний дуудлага худалдаагаар худалдан авч эзэмшиж, хувийн сууц барьж амьдарч байгаа газар, өмчилж байгаа үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлаар гарсан шийдвэрүүд учир нэг ажиллагаагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэнтэй холбоотой Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч *******, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга нарыг хариуцагчаар татан оролцуулж өгнө үү. Иймд хууль зөрчиж үндэслэлгүй гарсан, иргэн миний газар эзэмших эрх, өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 35-29-01/041/01 дүгээр дүгнэлт, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/104 дүгээр захирамжуудыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг уншин танилцуулж, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх явцад буюу 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргаас А/104 дугаар “Захирамж хүчингүй болгох” тухай захирамж гаргаж тус захирамжаар Алтанбулаг сумын Засаг даргын 2002 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 43 дугаар захирамжийн “Б” заалтын “Тус сумын халаалтын төвд сумын төвийн 2 га газрыг дулааны шугам сүлжээний барилга байгууламжид ашиглах зориулалтаар 20 жилийн хугацаатай”, 2007 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 72 дугаар захирамжийн “Нэг” заалтын “Тус сумын халаалтын төвийн эзэмшлийн 64 айлын сууцны зүүн хэсэгт байрлах уурын зуухны барилга байгууламжийн 0.7 га газрыг эзэмших эрхийг тус сумын 1 дүгээр багийн иргэн *******д уурын зуухны барилга байгууламжийн газрын зориулалтаар 20 жилийн хугацаа” гэснийг тус тус хүчингүй болгосон байна. Тус захирамж мөн адил нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчиж байна гэж үзэж байгаа бөгөөд, тус захирамжийг үндэслэж дээрх объект болон газрыг орон нутгийн өмчид хүлээлгэж өг гэдэг мэдэгдлүүдийг удаа дараа ирүүлсэн учраас үүнийг эс зөвшөөрч, хүчингүй болгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээр Засаг даргын 104 дүгээр захирамжид дурдаад байгаа захирамжууд Газрын тухай хууль, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байна гэсэн агуулгатай дүгнэлт гаргаж, дүгнэлтийг сүүлд сумын Засаг даргын захирамж гарах явцад мэдэгдсэн. Тус Засаг даргын захирамжийг гаргахдаа болон улсын байцаагч дүгнэлт гаргахдаа хяналт шалгалт хийсэн гэх боловч хяналт шалгалт хийсэн удирдамжийнхаа талаар нэхэмжлэгчид буюу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа этгээдэд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэх, сонсох ажиллагаа огт явуулаагүй, нөхцөл байдлыг тогтоогоогүй, захиргааны акт гаргахад шаардлагатай нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох, зэрэг Захиргааны ерөнхий хуульд заасан үүргүүдийг биелүүлээгүйгээс тус захиргааны актууд хууль бус гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны үйл ажиллагааны ерөнхий зарчмуудыг зөрчсөн актууд болсон гэж үзэж байна. Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 113 дугаар тогтоолыг гаргахдаа Захиргааны хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.3.3 дахь заалтуудыг үндэслэж гаргасан байдаг. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйл нь энэ тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалт огт биш бөгөөд эрх зүйн зөрчилгүй захиргааны актыг цуцлах талаар зохицуулсан зохицуулалт байхад хуулийн зохицуулалтыг хариуцагч Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал буруу тайлбарлаж хэрэглэж, үндэслэлгүйгээр тус актыг гаргасан. Өөрөөр хэлбэл ******* гэдэг хүний хувьд дурдаад байгаа 128 дугаар тогтоол нь эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байхад эрх зүйн зөрчилгүй захиргааны актыг цуцална гэж 49 дүгээр зүйлийн 49.1, 49.3.3-ыг барьж захиргааны актыг гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуульд нийцээгүй байна. Гэтэл дараа нь Алтанбулаг сумын Засаг дарга захирамж гаргахдаа Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-ийг үндэслэсэн байна. Иргэнд газар олгохтой холбоотой газар олгосон шийдвэр хууль тогтоомж зөрчсөн эсэх тухай асуудлыг хуульчилсан Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд газар олгохтой холбоотой гарсан шийдвэр хуульд нийцээгүй, шүүхийн шийдвэрээр хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд хүчингүй болгох зохицуулалт нь байсаар байтал Алтанбулаг сумын Засаг дарга гол суурь харилцаагаа зохицуулж байгаа Газрын тухай хуулийн зохицуулалтыг огт баримтлахгүйгээр шууд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг баримтлаад захиргааны актыг гаргасан нь хууль бус болсон гэж үзэж байна. 2006 оны “Барилга худалдах тухай” 128 дугаар тогтоол нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд “Орон нутгийн өмчийг хувьчлах арга, хэлбэр, журмыг энэ хуулийн зургаадугаар бүлэгт заасныг удирдлага болгон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” гэж хуульчилж иргэдийн Төлөөлөгчийн Хурлын эрх хэмжээг олгосон. Гэтэл маргаан бүхий актад дурдаад байгаа нотлох баримт болох Сэлэнгэ аймгийн Засаг даргын 701 дүгээр албан бичиг нь тухайн үед “Барилга худалдах тухай” 128 дугаар тогтоолыг гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар Төрийн өмчийн хороотой зөвшилцөж санал аваагүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчиж байна гэсэн агуулгатай байдаг. Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалт нь зөвхөн дуудлага худалдаа явуулах журмыг хуульчилсан зохицуулалт байдаг. Тус зүйлд орон нутгийн өмчийг хувьчлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөж, санал авч байж хувьчилна гэсэн ямар ч зохицуулалт байхгүй.
Нөгөөтэйгүүр 39.1-д заасан зохицуулалтыг тухайн үед хангаагүй, зөрчсөн байна гэх үйл баримт нь ямар нэгэн байдлаар захиргааны хэргийн шүүхээр эсхүл өөр эрх бүхий шүүхээр, хууль хяналтын байгууллагаар тогтоогдоогүй. Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүргүүлсэн албан бичиг нь зүгээр албан бичиг л байна. Өөрөөр хэлбэл, 39.1-д заасныг зөрчсөн байна гэж тухайн үеийн Төрийн өмчийн хороо буюу одоогийн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас санал аваагүй хууль бус байна гэдэг агуулга яваад байгаа болохоос биш тус асуудлыг эцэслэж шийдсэн ямар нэгэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлд төрийн болон орон нутгийн өмчийг хувьчлахдаа дуудлага худалдаагаар, сонгон шалгаруулалтаар зэрэг хэлбэрүүдийг нь хуульчилсан. “Барилга худалдах тухай” 128 дугаар тогтоолоор Алтанбулаг сумын халаалтын төвийн барилгыг газартай нь хамт дуудлага худалдаагаар хувьчилна гэж зөвхөн хэлбэрийг нь тогтоосон. Тус тогтоолд үндэслэж бие даасан захиргааны үйл ажиллагаа буюу дуудлага худалдаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар бүлэгт заасан журмын дагуу явагдсан. Уг дуудлага худалдаанд нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан журмын дагуу оролцож, дэнчин, татвар хураамж зэргийг төлж, дуудлага худалдаандаа үнийн саналаа илэрхийлж оролцоод дуудлага худалдааны яллагчаар шалгарсан.
Дуудлага худалдааг эрхлэн хөтөлж байгаа этгээдээс дуудлага худалдааны ялагч боллоо гэдгийг баталгаажуулсны үндсэн дээр 2007 оны дуудлага худалдааны яллагчтай хийх “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх, газар эзэмших эрх *******д хууль ёсоор шилжсэнээр өнөөдрийг хүртэл 17 жил болсон байна. Гэтэл шууд 128 дугаар тогтоолоо хүчингүй болгож, түүнийг үндэслээд тус газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шууд орон нутгийн өмчид хурааж авна гэдэг байдлаар хандаж байгаа нь ямар нэгэн шүүх, хууль хяналтын байгууллагын шийдвэргүйгээр захиргааны байгууллага дур зоргоороо хувийн өмчийг хууль бусаар хурааж, дайчилж авч байгаа хэлбэрийн агуулгыг илэрхийлж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Нэхэмжлэгчийн тухайд хууль ёсоор дуудлага худалдаанд оролцож, холбогдох хууль тогтоомжийн дагуу өмчлөх эрх, газар эзэмших эрхээ шилжүүлэн авч үйл ажиллагаа явуулж байх явцад буюу 2021 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулсан. 2017 онд нэхэмжлэгч нь “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-т Алтанбулаг сумыг дулаанаар хангах тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг шилжүүлж өгсөн. Ийнхүү шилжүүлж өгөхдөө уурын зуухны зориулалттай барилга, тоног төхөөрөмж, газрынх нь хамт “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-т үнэ төлбөргүй шилжүүлж өгсөн. 2021 он хүртэл 4 жилийн хугацаанд нэхэмжлэгчийн эзэмшлийн тоног төхөөрөмж, барилгыг “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ ашиглаад сумын дулаан хангамжийг хариуцаж байгаад 2021 онд тоног төхөөрөмж, барилга байгууламжийг албан ёсоор үнэ төлбөргүйгээр хууль ёсны дагуу өмчлөх эрхээ буцаан шилжүүлж авсан. Үүнийгээ нийгмийн хариуцлага, сумын халаалтын үйл ажиллагааны онцлогийг харгалзаад буцаагаад шилжүүлж өгсөн.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Алтанбулаг сумын уурын зуухны шинэ барилга баригдаад ашиглалтад орох дөхсөн байна. Тус нөхцөл байдлыг яагаад яриад байна гэхээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар холбогдох тооцоо судалгаатай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэхээр хуульчлан зохицуулсан байдаг. Холбогдох тооцоо судалгаа баримтыг нь цуглуулаагүй асуудлыг хурлаар хэлэлцдэггүй, хурлаар хэлэлцэх асуудлыг төлөөлөгч нар 7 хоногийн өмнө холбогдох тооцоо судалгааных нь хамт тарааж, урьдчилж мэдэгдээд хэлэлцэх асуудлын дараалалд оруулж байгаад хэлэлцдэг байхад тус журмыг баримтлалгүйгээр 04 дүгээр сарын 12-ны өдрийн хурлаар хэлэлцэж 113 дугаар тогтоолыг гаргахдаа бодит байдлаас огт өөр нөхцөл байдлыг танилцуулж, 2 удаа санал хураалт явагдаж, эхний санал хураалт дээр нь саналын тоо тэнцэж, горимын санал гаргаж, уг санал хураалтаа хүчингүй болгож, дахиж санал хураалтаар 113 дугаар тогтоолыг баталсан байдаг. С.Чойсүрэн гэдэг хурлын төлөөлөгч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын халаалтын төв ямар байдалтай, ямар үйл ажиллагаа явагдаад, одоо яг газар дээрээ ямар байгаа вэ гэдгийг өөрөөр тайлбарлаад төлөөлөгчдөд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын уурын зуух байхгүй болсон, уурын зуухгүй, бараг халаалтгүй байгаа юм шиг агуулгаар ойлгуулж асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Энэ нь Захиргааны ерөнхий хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар хэлэлцэх асуудлыг урьдчилан судалж, холбогдох тооцоо судалгаа, баримтыг бүрдүүлсний эцэст асуудлыг шийднэ гэх урьдчилсан нөхцөл бүрдээгүй байхад иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоол гаргасан нь бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй тогтоол болсон. Өмгөөлөгч миний зүгээс орон нутгийн өмчөөс хувьчлагдаж байгаа эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авсан дуудлага худалдааны гэрээнээс гадна дуудлага худалдааны материалыг гаргуулъя гэх хүсэлт гаргасан боловч хариуцагч нарын зүгээс дуудлага худалдааны материал манайд байхгүй гэдэг хариу ирүүлсэн. Гэхдээ дуудлага худалдааны ялагчтай байгуулсан гэрээ нь хэрэгт авагдсан учраас тухайн үед дүрмийн дагуу дуудлага худалдаа явагдаж ******* яллагчаар шалгарсан гэдэгтэй талууд маргахгүй байгаа учраас тус баримт шаардлагагүй гэж үзсэн. Нэхэмжлэгчийн өмчлөх эрх, газар эзэмших эрхийг ноцтой зөрчиж байгаа захиргааны актууд нэр дурдагдаж буй 3 захиргааны актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 128 дугаар тогтоол нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчиж гарсан нь тогтоогдсон тул тус тогтоолыг хүчингүй болгож хариу ирүүлэх талаар аймгийн Прокурорын газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон хурлын даргад хандан 2019, 2020, 2023 онуудад нийт 3 удаа албан бичиг хүргүүлсэн байна. Үүнээс 2019 оны 03 дугаар сарын 26-ны 1/280 тоот албан бичгүүд нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хандан ирүүлсэн бөгөөд тухай бүрд нь албан бичгээр хариу өгсөн байна. Харин 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1/124 тоот албан бичиг нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандан ирүүлсэн бөгөөд ээлжит хуралдаанд танилцуулан хэлэлцүүлж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 128 дугаар тогтоолыг хүчингүй болгосон.
Иргэн *******ы нэхэмжлэлд 113 тогтоолын талаар өөрт нь мэдэгдээгүй талаар дурджээ. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэхүү асуудлыг хэлэлцүүлэхдээ аймгийн Прокурорын газрын албан бичгийн дагуу хэлэлцсан, мөн 2006 оны 128 дугаар тогтоол гарах үедээ иргэн *******тай ямар нэг ашиг сонирхлын хамааралгүй гарсан учир мэдэгдэх шаардлага байгаагүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлд 128 дугаар тогтоолыг сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзэж хүчингүй болгосон нь ойлгомжгүй, хэнд сөрөг нөлөө үзүүлсэн нь тодорхойгүй байна гэжээ. Гэтэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 113 тогтоолын хуулийн үндэслэл хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.1 дэх хэсэг, 49.3.3 дахь заалтуудыг үндэслэсэн бөгөөд 49 дүгээр зүйл нь эерэг нөлөөлөл бүхий захиргааны актын зохицуулалтын талаарх заалт юм.
Гуравдагч этгээд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Алтанбулаг сумын халаалтын төвийн барилга, газрын маргаан 2011 оноос эхлэн өнөөдрийг хүртэл маргаан дагуулж холбогдох газруудад иргэдээс гомдол гаргаж шалгуулж эцсийн бүлэгтээ Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудал өмчийн эзэн өмчөө ав гэсэн шийдвэрүүд удаа дараа гарсан билээ. Халаалтын төвийн үйл ажиллагаатай холбоотой түүхчилсэн үйл явдлыг товч дурьдвал
1.Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас иргэд, төр төсвийн байгууллагын ажиллах таатай нөхцлийг бүрдүүлж, үйл ажиллагааны гэрээ байгуулан ажиллах талаар Санхүү эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга , Үйлдвэрлэл дэд бүтэц байгаль орчны бодлого зохицуулалтын хэлтсийн дарга нарын гарын үсэг, тамга тэмдэгтэй 2005 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 3/83 дугаартай албан бичгийг сумдын Засаг дарга нарт илгээсэн байсан. Энэ бичгийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга 2006 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 219 дугаартай албан бичгийг Сэлэнгэ аймгийн орон нутгийн өмчийн газарт ... тус сумын уурын зуухны барилгыг хувьчилж өгнө үү гэсэн албан бичгийг явуулснаас үүдэж Алтанбулаг сумын халаалтын төвийн барилга хууль бусаар иргэнд хувьчилагдах эх үүсвэрийг тавьсан байдаг.
2. 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Алтанбулаг сумын Засаг дарга 111 дугаартай захирамжийг гаргаж өмчийн эд хөрөнгийн тооллогыг нүд үзэж, чанартай явуулахыг тооллогын комисст даалгасан байдаг боловч үүнээс өмнө буюу тооллого явагдахаас өмнө 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газраас “Үндсэн хөрөнгө ашиглалтаас хасах” тухай баримтыг *******ы эхнэр Ц.Саранцэцэг өөрийн гараар бичсэн баримт үйлдэж барилгыг хууль бусаар акталсан нь тогтоогдсон байдаг. 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Барилга худалдах тухай” 128 дугаар тогтоолоор Халаалтын төвийн хуучин барилгыг дуудлага худалдаагаар худалдахыг зөвшөөрч 2 сая төгрөгөөр иргэн *******д худалдсан байдаг. Гэтэл уг аклагдсан гэх халаалтын төв нь өнөөдрийг болтол ажиллаж байгаа бөгөөд сумын иргэд болон төр төсвийн байгууллагууд халаалтын төвөө сумынхаа мэдэлд авах нь нэн тэргүүний зорилт болж тавигдсан, тавигдаж байгаа болно. Тиймээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2004 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 32 дугаар тогтоолыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон. Учир нь уг халаалтын төв байгуулагдсан үеэсээ өнөөдрийг хүртэл зохих журмаараа ажил үүргээ явуулж байгаа учраас энэ тогтоолыг зайлшгүй хүчингүй болгох үндэслэл бий болсон юм. Энэ тогтоолыг эс зөвшөөрч иргэн ******* Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 51 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэсэн үндэслэлээр 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 235 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэ талаар дээд шатны шүүхэд дахин гомдол гаргаагүй болно. Өмчийн эзэн болсон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128 дугаар тогтоолыг хуль бусаар гаргасан талаар холбогдох баримтыг судлан нягталж үзэж хариу өгөх талаар албан бичиг хүргүүлсэн. Үүний дагуу Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 113 дугаар тогтоолыг гаргаж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай гэж шийдвэрлэсэн байна. 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128 дугаар тогтоолыг хүчингүй болгосон Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 113 дугаар тогтоолыг өөрийнхөө эрх ашгийг хөндсөн талаар тус шүүхэд ******* нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.
Энэ тогтоолоор иргэн ******* хууль ёсны эрх ашгийг хөндсөн хохироосон асуудал байхгүй болно. Мөн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болно. Ер нь ******* нь Халаалтын төвийг хууль бусаар хувьчилан авсан нэрийдлээр халаалтын төвийн үйл ажиллагааг стандартын дагуу халаадаггүй, иргэдийн болон төр төсвийн байгууллагын халаалтаар муу хангаж эрүүл мэнд нь сөрөг нөлөөлөл үзүүлэх, эрүүл таатай орчинд амьдрах, ажил хөдөлмөр эрхлэх эрх ашигт нь сөрөг нөлөөлөл үзүүлж байсан учраас сумаас “Бугат Өндөр” ХХК болон Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГазарт ээлжлэн ажиллуулж байгаа юм. Халаалтын төвийн үйл ажиллагаа муу ажиллаж иргэдийн болон төр төсвийн байгууллагыг хохироож байгаа талаар холбогдох байгууллагуудад удаа дараалан гомдол гаргаж тухай бүр асуудлыг цаг алдалдуулгүй шийдвэрлүүлж байсан. Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор ... Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ... 3 дахь хэсэгт хуульчилсан байхад Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь 2004 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Халаалтын төвийн үйл ажиллагааг татан буулгах тухай 32 дугаартай тогтоолыг хууль зөрчсөн болох нь тогтоогдсон шийдвэр гаргасан.
3. Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 78 дугаартай дүгнэлтээр ... Халаалтын төвийн барилга тоногдсон, тулгуур багана байхгүй, дээвэр нурсан гэх мэт үндэслэлгүй хуурмаг зүйл бичиж хууль бусаар акталсан баримт гарч ирсэн талаар дурьдсан байдаг.
4. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд иргэдээс ирүүлсэн халаалтын төвтэй холбоотой өргөдөл гомдолд Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2013 оноос 2020 онуудад гаргасан олон шаардлага, дүгнэлтүүдээр халаалтын төвийн үйл ажиллагаа хэвийн бус доголдолтой явагдаж байгаа талаар дүгнэсэн байдаг. Иймд *******ы Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 113 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Тус сумын иргэн *******, ******* нараас тус сумын халаалтын төвийн үйл ажиллагаа газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр ирүүлсэн өргөдөл гомдол ирсээр байсан тул 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01/113 дугаар албан бичгээр Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах талаар нэхэмжлэл гаргасан. Халаалтын төвийн газар болон барилга нь салах боломжгүй тул ийнхүү нэхэмжлэл гаргасан болно. 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 642 дугаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар тодорхой шалтгааны улмаас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 01/701 дугаар албан бичгийг ирүүлсэн бөгөөд тус албан бичигт Алтанбулаг сумын иргэн *******, *******, Д.Мөнхжаргал нараас тус сумын халаалтын төвийн газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр ирүүлсэн өргөдөлд холбогдох асуудлаар 01/500 дугаартай албан тоотоор өргөдөлд дурдагдсан газрын асуудал эцэслэн шийдвэрлэж, хариуг өгөх тухай үүрэг чиглэлийг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл газрын асуудлыг шийдвэрлээгүй байна. Алтанбулаг сумын иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдолд дурдагдсан тус сумын халаалтын төвийн газрын асуудлаар аймгийн прокурорын газрын даргын 2024 оны “Захирамж хүчингүй болгох тухай” 1/471 албан тоот, аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын улсын байцаагчийн 2024 оны Газрын тухай 35-29-01/041/01 дүгнэлтээр иргэн *******д газар эзэмшүүлэхдээ Алтанбулаг сумын Засаг даргын 2002 оны 43 дугаартай захирамжаар гарсан шийдвэр дээр халаалтын төвийн 2га газар гэж, 2007 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 72 дугаартай захирамжаар гарсан шийдвэрт 0,7 га гэж тэмдэглэсэн нь 2002 оны 43 дугаартай захирамжийг хүчингүй болгосон, мөн 1,3 га газрын эзэмшигч, ашиглагч нь тодорхойгүй байна.
Мөн 2007 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 72 дугаартай захирамжаар халаалтын төвийн эзэмшлийн 64 айлын орон сууцны зүүн хэсэгт байрлах уурын зуухны барилга байгууламжийн 0,7 га газрын эзэмших эрхийг тус сумын иргэн *******д уурын зуухны барилга, байгууламжийн зориулалтаар 20 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 38 дугаар зүйлийн 38.3, 38.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн байх тул Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.5, 59.1.23-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заасныг үндэслэн сумын Засаг даргын 2002 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 43 дугаартай захирамж, 2007 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 72 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор ирүүлнэ үү. Удаа дараа үүрэг чиглэл, зөвлөмж өгсөөр байхад дахин давтан ажлын алдаа гаргаж хариуцлагагүй хандсан хийж хэрэгжүүлсэн ажлын дүнг заасан хугацаанд ирүүлээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцохыг үүгээр мэдэгдье гэх албан бичгийг ирүүлсэн. Энэхүү албан бичгээр дээд шатны Засаг дарга үүрэг өгсөн учир Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6 заасан зарчмуудыг хэрэгжүүлж мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 26 дугаар зүйлийн 26.1 гэснийг тус тус үндэслэн болгон “сонсох ажиллагаа” явуулж 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/104 дугаартай захирамжаар сумын Засаг даргын 2002 оны 43 дугаартай захирамжийн Б заалтын “Тус сумын халаалтын төвд сумын төвийн 2 га газрыг дулааны шугам сүлжээний барилга байгууламжид ашиглах зориулалтаар 20 жилийн хугацаатай”, 2007 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 72 дугаартай захирамжийн “Нэг” заалтын “Тус сумын халаалтын төвийн эзэмшлийн 0.7 га газрыг тус сумын 1 дүгээр багийн иргэн д уурын зуухны барилга байгууламжийн газрын зориулалтаар 20 жилийн хугацаатай” гэснийг тус тус хүчингүй болгох шийдвэр гаргасан болно.” гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч ******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... Уг дүгнэлтийг Алтанбулаг сумын газрын даамал дээр байдаг халаалтын төвийн болон иргэн *******ы нэгж талбарын хувийн хэрэг, Засаг даргын Тамгын газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын архивын материалуудыг шүүж татан үзэж судлан гаргасан болно. Алтанбулаг сумын Засаг даргын 2002 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 43 дугаартай захирамж нь “Газар эзэмшүүлж, ашиглуулах” тухай гэсэн тэргүүтэй олгосон байна. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйл “сумын Засаг даргын бүрэн эрх” 59.11.6, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 гэж тус тус заасан байдаг тус сумын Засаг даргын 2002 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 43 дугаартай захирамжаар Халаалтын төвд 2 га газрыг эзэмшүүлж, ашиглуулах гэж захирамж гаргаад хувийн хэрэг үүсгэн гэрээ гэрчилгээжүүлээгүй байна. 2007 оны 72 дугаар захирамж нь 2002 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 43 дугаартай захирамжийг хүчингүй болгоогүй иргэний хүсэлтийг үндэслэн 2007 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 72 дугаартай захирамжаар *******д уурын зуухны барилга байгууламжийн газрын зориулалтаар 0.7 га газрыг 20 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлсэн хэнээс *******д шилжүүлэн эзэмшүүлсэн, үлдсэн 1.3 га газрыг хэнд шилжүүлж хэний нэр дээр олгогдсон нь тодорхойгүй хувийн хэрэггүй байна. 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128 дугаартай тогтоол нь Захиргааны хэргийн шүүхэд шийдвэрлэх шатанд байгаа тул эцсийн шийдвэр гарахад газар нь хуулийн дагуу шийдвэрлэгдэнэ.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 113 дугаартай тогтоолоор Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.3.3-т заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Барилга худалдах тухай” 128 дугаартай тогтоолыг хүчингүй болгожээ.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөлгчдийн Хурлын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 113 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа 1/ Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 35-29-01/041/01 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах, 2/ Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/104 дүгээр “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах шаардлагыг тус тус гаргажээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмаар хэрэгт цуглуулсан нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэргийг үнэлээд нэхэмжлэлийг шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэг. Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 113 дугаар тогтоолын маргааны үйл баримтын талаар
Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Барилга худалдах тухай” 128 дугаартай тогтоолоор Алтанбулаг сумын төвд байршилтай 1970 онд ашиглалтанд орсон одоо ашиглалтгүй байгаа халаалтын төвийн хуучин барилгыг дуудлага худалдаагаар худалдахыг зөвшөөрч, дуудлага худалдааны доод үнийг 2.0 сая төгрөгөөр тогтоожээ.
Уг дуудлага худалдаанд иргэн ******* оролцож дуудлага худалдааны ялагчаар тодорч 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийснээр “Алтанбилэг” ХХК дулаан үйлдвэрлэх, түгээх тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 113 дугаартай тогтоол гаргахдаа нэхэмжлэгч *******д мэдэгдээгүй, гаргасан шийдвэрээ хүргүүлээгүй тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа дурдсан бөгөөд нэхэмжлэгч уг шийдвэрийн талаар 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр уг тогтоолын хуулбарыг гардан авч 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгуулах тухай” 1/280 дугаартай албан бичиг, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Тогтоол хүчингүй болгуулах тухай” албан бичиг, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Шийдвэр хүчингүй болгуулах тухай” албан бичгээр Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар прокурор нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 128 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар удаа дараа хүргүүлсэн байна.
Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ээлжит 15 дугаар хуралдааны хэлэлцэх асуудлын 11-д Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас ирүүлсэн “Тогтоол хүчингүй болгох тухай” асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байна.
Тус хуралдаанаар Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128 дугаартай “Барилга худалдах тухай” тогтоолыг олонхийн саналаар хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.
Хоёр. Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 113 дугаар тогтоолын хууль хэрэглээний талаар
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Төрийн өмчийн хороо нь дараах бүрэн эрхтэй” 11.4-т “Засгийн газрын баталсан жагсаалтын дагуу эд хөрөнгийг хувьчлах ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийг тайлагнах” 32 дугаар зүйлийн 32.1-д “Төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн энэ хуульд заасан арга хэлбэр, нөхцөлийн дагуу хувийн өмчид шилжүүлэхийг төрийн өмч хувьчлах гэнэ” 39 дүгээр зүйлийн 39.1-д “дуудлагын худалдаа явуулах зар, мэдээг Төрийн өмчийн хороо энэхүү ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө мэдээлнэ”, 77 дугаар зүйлийн 77.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна”, 77 дугаар зүйлийн 77.2.3-т “орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах, хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөнө” гэж заажээ.
Дээрх хуульд зааснаар Төрийн өмчийн хороонд төрийн өмчийг хувьчлах, хувийн өмчид шилжүүлэх, дуудлага худалдаа явуулах бүрэн эрхийг хуулиар олгожээ. Мөн Аймаг, нийслэл, сум, дүүрэг нь орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөхөөр хуульд зохицуулсан байхад Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2006 оны “Барилга худалдах тухай” 128 дугаар тогтоолыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөөгүй, дуудлага худалдаа явуулсан баримт байхгүй, Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байрлах Төрийн өмчийн халаалтын төвийг хувьчлах, дуудлага худалдаагаар бусдад худалдах, хувийн өмчид шилжүүлэх бүрэн эрх хуулиар олгогдоогүй[1] зэрэг дээрх хуулийн заалтуудыг ноцтой зөрчжээ[2].
Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд Сэлэнгэ аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал өөрт олгогдоогүй бүрэн эрх эдэлж, Төрийн өмчийн хороотой зөвшилцөлгүйгээр 2006 онд “Барилга худалдах тухай” 128 дугаартай тогтоол гаргасан нь орон нутгийн төрийн өмчийг хувьчлахтай холбоотой харилцааг илүү нарийвчлан зохицуулсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эрх зүйн зөрчилтэй /хууль зөрчсөн/ захиргааны акт гэж дүгнэхээр байна.
Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран түүнийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн цуцалж болно” уг зохицуулалтад эерэг, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт хамаарна, 49.3-т “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг түүнд гомдол гаргах боломжгүй болсон хэдий ч дараах тохиолдолд цуцалж болно”, 49.3.5-д “нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, эсхүл түүнийг зайлуулахын тулд” гэж заажээ.
Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2006 оны “Барилга худалдах тухай” 128 дугаар тогтоол нь нэхэмжлэгч *******д дуудлага худалдаанд орох, хувьчлан авах эрх олгосон эерэг үйлчлэлтэй захиргааны акт байх боловч эрх зүйн зөрчилтэй захиргааны актын хувьд эерэг, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актын аль аль нь хамаарч байна.
Өөрөөр хэлбэл Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 128 дугаартай эрх зүйн зөрчилтэй захиргааны акт хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд түүнийг хүчингүй болгуулахаар Сэлэнгэ аймгийн прокурорын газар болон иргэн *******, ******* нараас нийтийн эрх ашгийн өмнөөс удаа дараа албан бичиг, өргөдөл гомдол гаргаж хүчингүй болгуулахаар хандсаныг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хүлээн авч хэлэлцэх асуудлын дараалалд оруулан хэлэлцэж хүчингүй болгосныг буруутгах боломжгүй юм. Учир нь:
Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 128 дугаар тогтоолын дагуу худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн өмчлөлдөө шилжүүлсэн нэхэмжлэгч *******ы “Алтанбилэг” ХХК нь Алтанбулаг сумын иргэд, аж ахуйн нэгжүүдэд дулаан үйлдвэрлэх, түгээх ажиллагааг маш хангалтгүй явуулж ирсэн, халаалтын төвийн үйл ажиллагааг стандартын дагуу халаадаггүй, иргэд болон төр, төсвийн байгуулагуудыг муу халааснаас хүний эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлсэн талаар тус сумын иргэдээс Мэргэжлийн хяналтын болон Прокурорын байгууллагад удаа дараа гомдол хүсэлт ирж байсан талаар холбогдох байгууллагуудын албан бичигт дурдагдсан бөгөөд гуравдагч этгээд буюу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ******* шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдааны явцад энэ талаар тодорхой тайлбарлажээ.
“Алтанбилэг” ХХК-ийн халаалтын төвийн хууль бус хувьчлал, үйл ажиллагааны доголдлын улмаас тус сумын иргэд, аж ахуйн нэгж байгууллагын Монгол улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрх удаан хугацаанд хөндөгдсөөр ирсэн бөгөөд Алтанбулаг сумын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэхээр байна.
Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.5 дах заалтын тухайд эрх зүйт төрд нэг этгээдийн ашиг сонирхол онц шаардлагатай тохиолдолд нийтийн ашиг сонирхолд байр сууриа тавьж өгөх гэсэн ойлголт бөгөөд Алтанбулаг сумын иргэдийн нийтийн ашиг сонирхол гэдэгт нийт дундын, чухал ач холбогдол бүхий халаалтын төвийг ойлгохоос гадна тухайн суманд ажиллаж амьдарч байгаа иргэдийн амь нас, эрүүл мэнд хамаарч байх тул нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлсэн, эерэг нөлөөлөл бүхий, эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хүчингүй болгосныг буруутгах боломжгүй юм.
Гурав. Газрын улсын байцаагчийн 35-29-01/041/01 дугаартай дүгнэлтийн талаар
Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын даргын баталсан 35-29-01/041/03 дугаартай төлөвлөгөөт бус шалгалт хийх тухай удирдамжийн дагуу Алтанбулаг сумын “Халаалтын төв”-ийн газар олголт, эзэмшлийн байдалд тус газрын хяналтын улсын байцаагч ******* хяналт шалгалт хийж дүгнэлт гаргажээ. Тус дүгнэлтэд:
1. Алтанбулаг сумын Засаг даргын 2002 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 43 дугаартай “Газар эзэмшүүлж, ашиглуулах тухай” захирамжаар тус сумын халаалтын төвд 2 га газрыг 20 жилийн хугацаатай олгосон нь Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйл, 27 дугаар зүйлийн 27.3-т заасныг зөрчсөн,
2. 2007 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 72 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар иргэн *******д 0.7 га газрыг 20 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 38 дугаар зүйлийн 38.3, 38.4-д заасныг зөрчсөн,
3. 2002 оны 43 дугаартай захирамжаар гарсан шийдвэр дээр 2 га газар гэж, 2007 оны 72 дугаартай захирамжаар гарсан шийдвэрт 0.7 га гэж тэмдэглэсэн нь 2002 оны 43 дугаартай захирамжийг хүчингүй болгосон болон 1.3 га газрын эзэмшигч ашиглагч тодорхойгүй байгаа нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 27 дугаар зүйлийн 27.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтуудыг зөрчсөн гэж дүгнэжээ.
Хариуцагч ******* дээрх хяналт шалгалтыг хэний гомдлоор, хэрхэн явуулсан нь тодорхойгүй, Газрын тухай хуулийг хэрхэн зөрчсөн талаар дүгнэлтдээ огт дурдаагүй байна.
Тухайлбал Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлд газар ашиглуулахтай холбоотой харилцааг зохицуулсан байх бөгөөд тухайн халаалтын төв дээр үйл ажиллагаа явуулж байгаа “Алтанбилэг” ХХК нь 44 дүгээр зүйлийн аль зүйл заалтыг зөрчсөн талаар дурдаагүй, 27 дугаар зүйлийн 27.3-т нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна гэж заасан бөгөөд “Алтанбилэг” ХХК нь нэгж талбарын гэрчилгээтэй эсэх талаар хяналт шалгалт хийсэн эсэх нь тодорхойгүй, хэрэгт цугларсан нотлох баримтаар тус компани халаалтын төвийн байрлалд 2000 мкв эзэмших эрхтэйг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдсан байна.
Мөн 72 дугаартай захирамжийг гаргахдаа 21 дүгээр зүйлийн 21.4-т заасныг зөрчсөн гэх боловч уг заалтад “Сумын Засаг дарга газрын харилцааны талаарх дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэх сумын Засаг даргын бүрэн эрхтэй холбоотой заалтыг дүгнэлтдээ үндэслэл болгосон нь ойлгомжгүй, 33.1.1-д “... төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх шийдвэрийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасныг зөрчсөн гэх боловч уг үндэслэлээр нэхэмжлэгч ******* болон “Алтанбилэг” ХХК-ийг буруутгах боломжгүй бөгөөд хариуцагчийн зүгээс дээрх хуулийн заалтыг зөрчсөн талаарх баримтыг хяналт шалгалт хийх явцдаа нотлох баримтаар хавсаргаагүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч талаас гаргаж өгсөн хяналт шалгалт хийсэн тухай баримтад тухайн захирамжийг гаргахдаа газар зохион байгууллалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэх төлөвлөгөөний дагуу захирамж гаргаж газар эзэмшүүлсэн эсэх талаар нотлох баримтгүй байх тул хуулийн уг заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн дүгнэлтийн 3 дахь үндэслэлдээ 2002 оны 43 дугаартай захирамж болон түүний дараа 2007 онд гарсан 72 дугаартай тухайн газартай холбоотой захирамжуудыг гаргахдаа өмнөх захирамжаа хүчингүй болгоогүй сүүлд гарсан захирамжаар үлдсэн 1.3 га газрын эзэмшигч ашиглагч тодорхойгүй гэх үндэслэлээр Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 27 дугаар зүйлийн 27.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтуудыг зөрчсөн гэж дүгнэсэн бөгөөд дээрх хуулийн зохицуулалт нь газрын улсын байцаагчийн дурдсан үндэслэлд хамаарахгүй байна.
Дүгнэлтийн дүгнэх хэсэгт Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.5-д заасан бүрэн эрхээ сумын Засаг дарга хэрэгжүүлж ажиллаагүй байна гэж дүгнэсэн бөгөөд тухайн “Алтанбилэг” ХХК-ийн газар эзэмшихтэй холбоотой иргэд, аж ахуйн нэгжийн хооронд ямар нэг маргаан үүсээгүй бөгөөд энэ талаар холбогдох нотлох баримт хариуцагчийн шалгалтын матералд авагдаагүй байхгүй байна.
Дээрх бүхнээс дүгнэж үзэхэд хариуцагч газрын хяналтын улсын байцаагч нь хяналт шалгалтыг хангалтгүй хийсэн, дүгнэлт гаргахдаа гаргасан зөрчлийн талаар дурдаагүй, баримталсан хуулийн заалт үндэслэл муутай байх тул хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Дөрөв. Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны А/104 дүгээр “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийн талаар
Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/104 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.23, 66 дугаар зүйлийн 66.3, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг үндэслэн Алтанбулаг сумын Засаг даргын 2002 оны 43 дугаартай “Газар эзэмшүүлж, ашиглуулах тухай” захирамж, 2007 оны 72 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжуудыг тус тус хүчингүй болгожээ.
Алтанбулаг сумын Засаг дарыгн 2002 оны 43 дугаартай захирамжаар тус сумын халаалтын төвд /хувьчлагдаагүй байх үе/ 2 га газрыг дулааны шугам сүлжээний барилга байгууламжид ашиглах зориулалтаар 20 жилийн хугацаатай, 2007 оны 72 дугаартай захирамжаар 0.7 га газрыг сумын халаалтын төвийн /хувьчлагдсан байх үе/ уурын зуухны барилга байгууламжийн зориулалтаар 20 жилийн хугацаатай иргэн *******д эзэмшүүлжээ.
Алтанбулаг сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/162 дугаартай “Эзэмшил газрыг хэд хэдэн нэгж талбарт хуваан эзэмшүүлэх тухай” захирамжаар дээрх халаалтын төвийн 0.7 га газрыг хоёр хэсэг нэгж талбарт хувааж иргэн *******д 2000 мкв газар, халаалтын төвд 4798 мкв болгон өөөрчилжээ. Уг захирамжаар 2007 оны 72 дугаартай захирамжийн *******д холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.
Алтанбулаг сумын Засаг даргын 2021 оны А/162 дугаартай захирамжаар 2007 оны 72 дугаартай захирамжийн *******д холбогдох хэсгийг хүчингүй болгосон атлаа 2024 оны А/104 дугаартай захирамжаар дахин хүчингүй болгосон нь ойлгомжгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно”, 37.5-д “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно” гэж заасан.
Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно” гэж заасан бөгөөд Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны А/104 дугаартай захирамжаар хүчингүй болгосон Алтанбулаг сумын Засаг даргын 2002 оны 43 дугаартай захирамж нь Алтанбулаг сумын халаалтын төвд 2 га газар эзэмших эрх олгосон захирамж болон 2007 оны 72 дугаартай захирамж нь иргэн *******д 0.7 га газар эзэмших эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны актууд байна.
Тэгэхээр дээрх хүчингүй болсон захирамжууд нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт биш хүн, хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгосон эерэг нөлөөл бүхий захиргааны акт байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар эерэг нөлөөл бүхий захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болохоор хуульд заажээ.
Өөрөөр хэлбэл сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт нь ихэвчлэн тухайн захиргааны акт чиглэсэн хүн, хуулийн этгээдийн хувьд эрхийг нь хязгаарласан, хориглосон, шинжтэй[3] байдаг бол эерэг нөлөөлөл бүхий захиргааны актын хувьд тухайн захиргааны акт чиглэсэн хүн, хуулийн этгээдэд эрх олгосон шинжтэй[4] байдаг байна.
Иймд Алтанбулаг сумын Засаг даргын А/104 дугаартай захирамжаар хүчингүй болгосон 2002 оны 43 дугаартай захирамж болон 2007 оны 72 дугаартай захирамжууд нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт биш эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт бөгөөд түүнийг хүчингүй болгох хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад Алтанбулаг сумын Засаг дарга сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзэж хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 48.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 35-29-01/041/01 дугаартай дүгнэлт, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/104 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.3.3, 49.3.5, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 39 дүгээр зүйлийн 39.1, 77 дугаар зүйлийн 77.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ы Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 113 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч ******* нараас тус бүр 17,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР
[1] Дээрх хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өмчлөгч байх боломтжой
[2] Архивын ерөнхий газрын үндэсний төв архивын 2024 оны 02/459 тоот албан бичиг, түүнд хавсаргасан Төрийн өмчийн хорооны 2014 оны 4/3071 тоот албан бичиг
[3] Жишээ нь газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон
[4] Жишээ нь газар эзэмших эрх олгосон