Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 44

 

 

*******ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж,  шүүгч С.Өмирбек, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 153/ШШ2020/00741 дугаар шийдвэртэй, *******ы нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд холбогдох, иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгч хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, тус тушаалаар үндсэн цалингаас суутгасан 2020 оны 5 болон 6 дугаар сарын үндсэн цалингаас суутгасан 20 хувийг нөхөн олгуулах, 2020 оны 01 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд сар бүр олгох ёстой үндсэн цалингийн 25 хувьтай тэнцэх ур чадварын нэмэгдлийг олгохгүй байгаа нягтлан бодогчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дутуу олгосон дээрх ур чадварын нэмэгдлийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд нөхөн олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сахилгын шийтгэл оногдуулсан болон дутуу олгосон ур чадварын нэмэгдлийг олгосон цалин хөлсний зөрүүг нэмж нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* нь шинээр ирээд надтай байгуулсан өмнөх хөдөлмөрийн гэрээг шинэчлэхээр хөдөлмөрийн гэрээний төсөл надад хүргүүлсэн. Тус хөдөлмөрийн гэрээний төсөл нь өмнөх хөдөлмөрийн гэрээний заалтыг дордуулсан байсан бөгөөд төслийн 8.2.2 дахь хэсэг болон зарим заалтууд нь ажил олгогчид давуу байдал олгосон, тодорхой бус байна гэж миний бие үзсэн учир харилцан зөвшилцөж, хөдөлмөрийн гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах зарчмыг баримтлахыг хүссэн боловч энэ боломжийг олголгүйгээр шууд тус гэрээний төсөлд гарын үсэг зурж хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулахыг шаардсан тул би харилцан зөвшилцөхийг санал болгоход хүлээж аваагүйгээс бидний хооронд шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй болно. БСШУЯ-ны сайдын А/692 дугаар тушаалын 2-т зааснаар хавсралтаар баталсан нийтлэг шаардлага, үндсэн чиг үүрэгт нийцүүлэн албан тушаалын тодорхойлолтыг боловсруулан батлаагүй байж шинээр хөдөлмөрийн гэрээг дур мэдэн байгуулах боломжгүй. Ажил олгогчийн зүгээс дээрх хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй явдалд зөвхөн намайг буруутган өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б 31 дүгээр тушаалаар үндсэн цалингийн 20 хувиар 2 сарын хугацаатай бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан. Өөрөөр хэлбэл би захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн бэлтгэсэн хөдөлмөрийн гэрээний төсөлд ямар ч санал хүсэлтээ илэрхийлэлгүйгээр заавал гарын үсэг зурах үүрэгтэй байсан юм байна л даа. Мөн тус сургуулийн захирлын тушаалаар 2020 оны 01 дүгээр сараас эхлэн 05 дугаар сар хүртэл сар бүр үндсэн цалингийн 25 хувиар бодож ур чадварын нэмэгдэл олгох ёстой байхад тус сургуулийн нягтлан бодогч надад бодож олгоогүй юм. Ажил олгогчийн сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэр болон нягтлан бодогчийн ур чадварын нэмэгдэл хөлсийг олгоогүй нь Үндсэн хууль Хөдөлмөрийн тухай болон Иргэний хуулийг илтэд зөрчсөн байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Ховд сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгож, тус тушаалаар 2020 оны 05 болон 06 дугаар сарын цалингаас суутгасан 20 хувийг, ур чадварын нэмэгдлийг нөхөн олгож Нийгмийн эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Миний бие Ховд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/08 дугаар захирамжаар томилогдон ажиллаж байна. Ховд сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага боловсрол хариуцсан сургалтын менежер ******* гаргасан нэхэмжлэлд "... хөдөлмөрийн гэрээг харилцан зөвшилцөж. хөдөлмөрийн гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах зарчмыг баримтлахыг хүссэн боловч энэ боломжийг олголгүйгээр шууд тус гэрээний төсөлд гарын үсэг зурж хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулахыг шаардсан тул би харилцан зөвшилцөхийг санал болгоход хүлээж аваагүйгээс бидний хооронд шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болно.... гэж бичсэн үндэслэлгүй бөгөөд дараах албан бичиг, хүргүүлсэн гэрээний төсөл, санал ирүүлэх хугацаагаар нотлогдож байна. Шинээр байгуулах хөдөлмөрийн гэрээтэй холбоотой Боловсрол, Соёл шинжлэх ухаан, спортын сайдын тушаалыг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр бичиг хэргийн ажилтнаар, хөдөлмөрийн гэрээний төслийг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр бичгээр баримт хүлээлцэх дэвтрээр хүргүүлсэн.

Гэтэл уг хөдөлмөрийн гэрээний төслийг хүлээн авсан тухай гарын үсэг зуралгүй хүлээж авсан. Боловсрол, Соёл шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага, үндсэн чиг үүрэг батлах тухай" А/692 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн үндсэн чиг үүрэг, албан тушаалд тавигдах шаардлагыг баталж мөрдүүлсэн. Энэхүү тушаалын 2 дугаар заалтад ...Хавсралтаар баталсан нийтлэг шаардлага, үндсэн чиг үүрэгт нийцүүлэн албан тушаалын тодорхойлолт боловсруулах, батлах, албан хаагчийг сонгон шалгаруулах, албан тушаалд томилох, хөдөлмөрийн гэрээг байгуулах, гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлах, хэрэгжүүлэх, ажлын үр дүнг үнэлэхэд баримтлан ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, төсвийн шууд захирагч нарт даалгасугай..." гэж үүрэг болгосны дагуу бага, дунд ангийн хоёр сургалтын менежерийн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр баталсан. Бага ангийн сургалтын менежер *******д тантай хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай гэрээний төслийг хүргүүлсэн, мөн сайдын А/692 тушаал, 2 дугаар хавсралтыг хүргүүлсэн. Та танилцсан уу?, таны ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж баталсан. Та хөдөлмөрийн гэрээний төсөлд санал яагаад ирүүлэхгүй байна вэ? гэж асуухад тэрээр би хуучин хөдөлмөрийн гэрээгээр хэвээр ажиллана гэсэн хариулт өгч үл хүндэтгэсэн.

Хөдөлмөрийн гэрээний төсөлд харилцан зөвшилцөж, хөдөлмөрийн гэрээ байгуулах гэтэл өрөөнд орж ирээгүй. ******* миний бие 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 33 дугаар бүхий албан бичгээр хөдөлмөрийн төсөлд саналаа ирүүлэхгүй байгаа болон татгалзаж байгаа үндэслэлээ бичгээр 2020 оны 05 дугаар сарын 05-ны 17:00 цагаас өмнө ирүүлэхийг мэдэгдсэн. Энэхүү албан бичгийн хариуг бичиг хэргийн ажилтан *******д хүлээлгэн өгөхөд бүртгэлийн дэвтэрт авсан тухай гарын үсэг зуралгүй авсан. Дээрх хоёр бичгийн хариуг ирүүлээгүй , удирдлагыг үл тоомсорлосон, төрийн албан хаагчийн хувьд байж боломгүй эс үйлдэхүй, тэр дундаа удирдах албан тушаалтны хувьд ёс зүйн зөрчил гаргаж, ажил хийлгэх боломжгүй болгож байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар харилцан зөвшилцөх саналыг захирал миний бие санал болгосон. Харин ******* гэрээ байгуулах огт дургүй байсан. Бага ангийн сургалтын менежер ******* сар бүр 25 хувийн ур чадварын нэмэгдлийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Өмнөх захирал Д.Манат нь 2019 онд бага ангийн сургалтын менежер *******д ур чадварын нэмэгдлийг 5 сараас эхлэн сар бүр олгох тушаалыг 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нөхөн гаргасан ба 2019 оны санхүүгийн жил дуустал олгосон. Би Манат захирлаас 2020 оны 3 сард энэ ажлыг авсан. Энэ хугацаанд хэрэв ур чадварын нэмэгдэл олгох байсан бол өмнөх захирал олгох байсан байх. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журамд заасны дагуу шалгуур үзүүлэлт батлагдаагүй сар бүр олгох боломжгүй гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 153/ШШ2020/00741 дугаар шийдвэрээр:”

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******д сахилгын шийтгэл ногдуулсан Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны 5 сарын 27-ны өдрийн Б/35 дугаартай тушаалыг хүчингүй болгож, 2020 оны 05 сард ажилтны үндсэн цалингаас суутгасан 186980 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үүнд холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн бичилтийг зохих журмын дагуу хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны 06 сард суутгасан гэх 186980 төгрөг , 2020 оны 1,2,3 саруудад авах ур чадварын нэмэгдэл болох 560940 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 76459 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болох ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүрэг, албан тушаалын цалинд өөрчлөлт орсон тул сургалтын менежертэй хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах зайлшгүй шаардлага үүссэн. Сургалтын менежер ******* нь хууль зөрчиж хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах талаар хугацаатай үүрэг өгсөн боловч өгсөн үүргийг биелүүлэлгүй одоог хүртэл хөдөлмөрийн хууль зөрчигдөж, хөдөлмөрийн гэрээнд тусгаснаас илүү цалин авч байна.

Шүүх нэхэмжлэгч нь ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй, энэ талаар 3 удаа сануулсан нь тогтоогддож байгаа боловч энэ нь сургуулийн үйл ажиллагаанд хэрхэн саад учруулсан талаар нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байгаа нэхэмжлэгчийн хууль зөрчиж буй үйлдлийг өөгшүүлсэн, санхүүгийн зөрчлийг удаан хугацаанд гаргах нөхцлийг бүрдүүлж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Сахилгын шийтгэл оногдуулсны улмаас 2020 оны 6 дугаар сарын үндсэн цалингийн 20 хувийг нөхөн гаргуулаагүй нь анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай үнэн зөв талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч талын гаргасан тайлбар нэхэмжлэлд хариуцагч тал хариу тайлбар мэдүүлэг өгөхдөө үндсэн цалингаас 5, 6 сард хэдэн төгрөг суутгуулсан талаарх баримт ирүүлээгүй тул хангах боломжгүй байна гэж хуулийг буруу тайлбарласан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэр нь хууль ёсны байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, тус тушаалаар үндсэн цалингаас суутгасан 2020 оны 5, 6 дугаар сарын үндсэн цалингаас суутгасан 20 хувийг нөхөн олгуулах, 2020 оны 1, 2, 3 дугаар сарын хугацаанд сар бүр олгох ёстой үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх ур чадварын нэмэгдлийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сахилгын шийтгэл оногдуулсан болон дутуу олгосон ур чадварын нэмэгдлийг олгосон цалин хөлсний зөрүүг нэмж нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь хууль зүйн үндэслэлтэй, ур чадварын нэмэгдэл олгох үндэслэл байхгүй” гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан шаардлага хангаагүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

            Тухайлбал хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн хэргийн 70 дугаар хуудас сонсох ажиллагаатай холбоотой санал, 73-78 дугаар хуудас шинээр байгуулах хөдөлмөрийн гэрээний төсөл, 113 дугаар хуудас ур чадварын нэмэгдэл олгох тухай тушаал зэрэг нотлох                                    баримтууд нь Ховд аймгийн Ховд сумын ерөнхий боловсролын “хуулбар үнэн” дарцтай байгаа нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Хуульд зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх ба хуулбарыг өгсөн үед шүүх шаардлагатай гэж үзвэл жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд” гэдэгт хэргийн оролцогч хамаарахгүй ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар шүүхээс нотлох баримтыг “үнэн зөв эргэлзээгүй” талаас нь үнэлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна.

            Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд талуудын маргааныг шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул маргааны үйл баримт болон хариуцагчийн өмгөөлөгч, нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дүгнэлт өгөөгүй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг байхад хариуцагчийн төлөөлөгч *******аар улсын тэмдэгтийн хураамж төлүүлсэн нь үндэслэлгүй байх тул мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч *******ы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг зохих данснаас гаргаж *******д буцаан олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 153/ШШ2020/00741 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч *******ы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн 100160000941 тоот данснаас буцаан гаргаж *******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.ТУЯА

 

                                       ШҮҮГЧИД                                            С.ӨМИРБЕК

 

                                                                                                    М.НЯМБАЯР