| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/00467/И |
| Дугаар | 155/ШШ2016/00692 |
| Огноо | 2016-06-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 155/ШШ2016/00692
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Галт суманд 1960 онд төрсөн, 56 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ……. дугаар багт оршин суух, ............................. дугаар регистртэй, Х овогт Ц-ын Ц
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2016/00467/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагч Ц.Ц нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Ц шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 4 дүгээр ангиа төгсөөд 1973 оноос эцэг, эхийн хамт Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдэлд мал маллаж эхэлсэн. Тэгээд 1979 оноос тус нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1982 оныг дуустал туслах ажилтнаар ажиллаж байсан. Би өндөр насны тэтгэвэрт орох гэтэл шүүхээр ажиллаж байсан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Намайг ажиллаж байх хугацаанд олгож байсан цалин хөлсний баримтад овог болон нэрийг минь О-ын Ц, Ц, О гэх мэтээр хүмүүсийн дууддаг нэрээр бичсэн байна. Манай аав дархан хүн байсан бөгөөд нутгийнхан маань О дархан гэж дууддаг байсан юм. Тэгээд О ын Ц гэж бичигдсэн байх. Мөн 1980 оны үед манай гэр шатах үед байсан баримт маань устаж алга болсон. Иймд Ц.Ц намайг Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1979 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.Ц нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Ц-ыг 1979 оноос 1982 оны хооронд ажиллаж байх хугацаанд Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдлээс цалин хөлс олгохдоо О ын Ц , О ын Ц , О ын Ойдов гэсэн нэрээр бүртгэж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Иргэн Цэрэн-О овогтой Ц /............................./ регистрийн дугаарт бүртгэлтэй байгаа бөгөөд О овогтой Ц /............................./, О овогтой Ц /............................./, О овогтой Ойдов /............................./ гэх нэрээр давхардсан бүртгэл манай мэдээллийн санд байхгүй болно гэх бичилттэй 1/710 дугаартай тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн эцгийн: эцэг /эх/-ийн нэр Д, нэ-О , эхийн: эцэг /эх/-ийн нэр Цэ, нэр Л нарын гэр бүлд 1960/03/13-нд төрөхөд төрүүлсэн Ц.О ын Ц ыг 1960/04/11-нд Хөвсгөл аймаг Галт сумын 40-рт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа гэх бичилттэй 115/001153 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч Т.Цэгмэдийн ...Цэрэн-О гэдэг л овогтой юм. Ээжийг нь Л гэдэг байсан... буруу зөрүү бичигдсэн байх. Түүнээс О , Ц нэртэй хүмүүс Ц ын талд байгаагүй... гэх мэдүүлэг, гэрч Д.М ы ... аав нь Ц-О гэдэг... О , Ц , Ойдов гэх нэртэй хүмүүс тэр үед байгаагүй. Цэрэн-О ын Ц гэх бичилт нь зөв байгаа юм... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ц.Ц ын 1979 оны 1 дүгээр сараас 1982 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин, хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбаруудыг нотлох баримтад үнэлсэн болно.
Хүсэлт гаргагч Ц.Ц Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1979 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд туслах ажилтнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ц.Ц ын 1979 оны 1 дүгээр сараас 1982 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин, хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Т.Цэгмэдийн ...Ц.Ц нь Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн туслах үйлдвэрт 1979 оны 01 сараас 1982 оныг дуустал хугацаанд тэжээлийн цэгийн туслах ажилтнаар ажиллаж байсан... тасралтгүй ажиллаж байсан... зарим саруудад дутуу бичигдсэн талаар нарийн учрыг нь сайн мэдэхгүй юм. Цалинг бөөнөөр нь бичсэн юм болов уу... Би Идэрийн ундрал нэгдэлд 1973 оноос эхлэн төлчин, малчнаар ажиллаж байсан. Нэгдэл тартал ажиллаж, нэгдэл тараад хувийн малаа малласан. Ц.Ц бид хоёр нэгдэлд хамт ажиллаж байсан юм... гэх мэдүүлэг, гэрч Д.М ы ...Ц.Ц нь Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн туслах үйлдвэрийн тэжээлийн цэгт 1979 оны 01 сараас 1982 оныг дуустал хугацаанд нормчноор ажиллаж байсан. Малын тэжээл бэлтгэх, хужир овъёос холих зэрэг ажил хийж байсан... тасралтгүй ажиллаж байсан... цалинг бол зарим сарыг дараа сард оруулаад биччихнэ... би Идэрийн ундрал нэгдлийн уурын зууханд болон худгийн моторчноор, туслах үйлдвэрийн хөрөө рам дээр тус тус ажиллаж байсан. 1979 оноос 1985 он хүртэл хугацаанд ажилласан. 1985 оноос хойш малын эмчээр нэгдэл тартал ажилласан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээр хугацаанд ажиллаж байсанм байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Ц-ын Ц Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1979 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА