| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00517/И |
| Дугаар | 155/ШШ2016/00693 |
| Огноо | 2016-06-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 155/ШШ2016/00693
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: 1962 онд төрсөн, эрэгтэй, Хөвсгөл аймгийн ....... сумын ........ багт оршин суух, Ш овогт Б-ын Э /..................../-ийн хүсэлттэй
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хөвсгөл аймгийн Их-уул сумын ............ багт оршин суух О овогт Г-ийн У /......................./
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Б.Э Хөвсгөл аймгийн Их-Уул суманд худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 7 дугаар сарын 27-ноос 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал морин тэрэгчнээр мөн манаачаар тус тус ажилласан.
Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл орсон гарсан тушаал байхгүй, материал нь шатаж устсаны улмаас ажиллаж байсан хугацаа тооцогдохгүйд хүрээд байна.
Иймд миний 1985 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хүсэлт гаргагч Б.Э нь миний нөхөр ба даралт харвсаны улмаас байнгын асаргаанд байдаг тул би өмнөөс нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Нөхөр Э нь Их-Уул сумын сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985-1989 онд тасралтгүй морин тэрэгчнээр ажиллаж байсан юм. Одоо группт орох гэтэл ажиллаж байсан жилээ сэргээн тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандсан юм.
Иймд Б.Э ийг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 7 дугаар сарын 27-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал морин тэрэгчнээр ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч Б.Э нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 7 дугаар сарын 27-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал морин тэрэгчнээр ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 3/276 дугаартай архивын лавлагаа, цалингийн тодорхойлолт, 70 дугаар дансны хуулбарууд,
Хөвсгөл аймгийн ХБАнгиас 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дахь бичилтүүд, 1987 оны 6 дугаар сарын 29-ний өдөр нээж олгосон 698952 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэлийн хуулбар,
Гэрч Д.Н-ын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: ....Б.Э нь намайг Их-Уул умын худалдаа бэлтгэлийн ангид ажилд орж байхад худалдаа бэлтгэлийн ангид морин тэрэгчин, манаач зэрэг ажил хийдэг байсан. 1990-ээд оны үед Худалдаа бэлтгэлийн анги тарах хүртэл ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,
Гэрч О.Б ы 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: ....Б.Э нь намайг 1986 онд Их-Уул суманд ажиллахаар очиход Их-Уул сумын Худалдаа бэлтгэлийн ангид морин тэрэгчин, ачигч зэрэг ажлуудыг хийдэг байсан. 1990 оны үед нэгдэл тарж байсан юм. Тэр хүртэл ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 10-ний өдрийн 10/269 дугаартай ....тус аймгийн Их-Уул сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын тушаал манай архивт байхгүй тул Б.Э д холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна.... гэх тодорхойлолт хэрэгт авагджээ.
Хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш овогт Б-ын Э /..................../-ийг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 7 дугаар сарын 27-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал морин тэрэгчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Э ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар 㺺 д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ