Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2023/ДШМ/540

 

 

М.Аад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Өлзийжаргал /томилолт/,

шүүгдэгч М.Аа, түүний өмгөөлөгч Б.Баттулга,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/203 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Аын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2210025560020 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Мын Аа, 1987 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цахлайн 7 дугаар гудамжны 6 тоотод оршин суух бүртгэлтэй боловч - тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Шүүгдэгч М.Аа нь 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Тий ам гэх газраас 57.5 кг Сибирь хушны үр идээг зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэн, - улсын дугаартай “Nissan advan” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, улсад 10.631.750 төгрөгийн хохирол учруулсан буюу байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: М.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Ууд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Б овогт Мын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Мын Аыг 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч М.Аыг өөрийн оршин суух Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаагаар хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аа нь зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний төвийн хөргүүртэй чингэлэгт хадгалж байгаа 107.5 кг Сибирь хушны үр, идээг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Ааас 53.158.750 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот тогтоолоор Экологийн цагдаагийн албанд битүүмжлэгдсэн шүүгдэгч М.Аын эзэмшлийн - улсын дугаартай “Nissan Advan” маркийн тээврийн хэрэгслийг хурааж хохирол нөхөн төлүүлэхэд зарцуулж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч М.Аа гаргасан давж заалдах гомдолдоо: “...Гэр бүлийн хэрэгцээнд самар түүсэн. Хууль бус зүйл хийж байгаагаа мэдээгүй. Би олон хүүхэд тэжээдэг. Эхнэр маань ажилгүй, гэртээ хүүхдүүдээ хардаг. Амьдралын боломж тааруу. Надад оногдуулсан 2 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял нь миний жолоочийн ажил хийж байгаатай нийцэхгүй, ажил хөдөлмөр хийх боломжгүй болгож байна. Мөн 53.158.750 төгрөгийн торгууль болох их хэмжээний мөнгийг төлөх боломжгүй. Гэр бүл, үр хүүхдүүдийн минь ирээдүйд асар их санхүүгийн дарамт болно. Мөн - улсын дугаартай тээврийн хэрэгсэл маань хүүхдүүдийг минь сургуульд зөөдөг ганц ганц машин юм. Сургууль гэрээс минь 5 км зайтай, ганц байдаг сургууль юм. Иймээс ганц хөл дүүжилдэг хуучин машинаа өрхийн хэрэглээнд хэрэглэмээр байна. ...” гэжээ.

Шүүгдэгч М.Аын өмгөөлөгч Б.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Миний үйлчлүүлэгч “хууль зүйн мэдлэггүйн улмаас уг гэмт хэрэгт холбогдсон” гэж тайлбарладаг. Хуулиар самрыг ховор ургамал эсэх эсхүл ямар хэмжээгээр, хэзээ түүх талаар зохицуулаагүй. Уг хэрэг болохоос 5 хоногийн өмнө Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/282 дугаар журам батлагдсан. Уг журамд 9 дүгээр сарын 02-ны өдрөөс дараа оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд самар түүх ба нэг удаа түүхдээ 50 кг-аас хэтэрч болохгүй гэж заасан нь олон нийтэд чиглэсэн захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл, сайдын баталсан журмыг хүчин төгөлдөр болсон эсэхийг иргэд мэдэхгүйгээр самар түүж, бэлтгэснээс болж гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэлийн асуудал яригдаж байна. Иймд энэ талаар шүүх бүрэлдэхүүн дүгнэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Өлзийжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос шүүгдэгч М.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч М.Аа нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд нэгээс таван жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах хуулийн зохицуулалттай. Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Ааас 53.158.750 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах тухай гарсан шийтгэх тогтоол нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон. Харин түүнд оногдуулсан 2 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялд өөрчлөлт оруулах эсэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал тул энэ талаар прокурорын зүгээс тусгайлан гаргах саналгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...“ гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Аа нь 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Тий ам гэх газраас 57.5 кг Сибирь хушны үр идээг зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэн, - улсын дугаартай “Nissan advan” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, улсад 10.631.750 төгрөгийн хохирол учруулсан буюу байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

иргэний нэхэмжлэгч М.Чийн “...Богд хан уул нь Дархан цаазат газар нутагт хамаардаг учир ямар нэг хуш модны самар бэлтгэх гэсэн ойлголт байхгүй. Тиймээс “Ойн дагалт ашиглах эрхийн бичиг” олгохгүй. Аялал жуулчлал, явган аяллаас бусад байдлаар ойд ямар нэг үйл ажиллагаа явуулах нь хуулиараа хориглосон байдаг. Тус бүс нутгаас зохих зөвшөөрөлгүйгээр Сибирь хушны үр буюу самар бэлтгэсэн гэх хэрэгт экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоосон үнэлгээг гэм буруутай этгээдүүдээс Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасны дагуу 5 дахин нэмэгдүүлсэн үнийн дүнг гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон үед нэхэмжлэх болно. ...” /хх 28/,

гэрч Е.Зын “...Миний нөхөр М.Аа нь тэр өдөр самар түүснийг нь мэдэж байгаа. Манайх олон хүүхэдтэй, “хүүхдүүддээ жоохон самар түүгээд ирье” гээд явсан хүн дараа нь цагдаад баригдсан гэж хэлсэн. ...” /хх 118/,

шинжээч Г.Бгийн “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн - тушаалын хавсралтад Хуш модны үр, идээ буюу самар нь ховор ургамлын гэсэн ангилалд орсон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан. Иймд 1 кг Сибирь хушны үрийн нөхөн төлбөр нь 98,900x5=494,500 төгрөг болно. Нийт Сибирь хушны үр идээний нөхөн төлбөр нь 494,500x107,5=53,158,750 төгрөг болж байна. ...” /хх 121-122/,

М.Аын яллагдагчаар өгсөн “...2022 оны 8 дугаар сарын 27-ны өглөө үүрээр Богд хан уулын Тий ам гэх газраас самар түүхээр өөрийн эзэмшлийн - улсын дугаартай “Ниссан эдван” маркийн тээврийн хэрэгслээр явсан. ...Би ганцаараа дээшээ гараад боргоцой түүгээд, тэнд самар түүж байсан хүмүүсийн самрын машинд цайруулаад, хогтой нь нарийн шигшилгүйгээр авч явсан гурван шуудайнд хийгээд, тэдгээр хүмүүстэй хамт машинд ачаад уулнаас буулгаад ирсэн. Машин дээр ирсэн чинь Ж.Б унтаж байхаар нь сэрээгээд машиндаа түүж цайруулсан самраа ачаад Улаанбаатар хот руу явж байгаад Төв аймгаас хот руу ордог хяналтын пост дээр саатуулагдсан. ...” /хх 105-106/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн экологийн шинжилгээний газрын “...Шинжилгээнд ирүүлсэн дээж нь Сибирь Хуш Pinus sibirica Du Tour-ны үр /самар/ байна. Самар /үр/ нь Сибирь Хуш-Сибирь Хуш-Pinus sibirica Du Tour-ны үржлийн эрхтэн юм. Сибирь Хуш- Pinus sibirica Du Tour /үр болон самар/ нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь Хуш-Pinus sibirica Du Tour үр /самар/-ны түүж бэлтгэсэн хугацааг тогтоох боломжгүй. Сибирь Хуш-Pinus sibirica Du Tour нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр урагдаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал-газарзүйн тойрогт тархдаг. Таримал эсвэл байгалийн зэрлэг ургамлын аль болохыг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирсэн үрийн дундаж чийг нь 31.7 хувь байх тул нойтон байна. Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын шаардлага хангасан газар хадгалаагүй тохиолдолд жинд өөрчлөлт орох боломжтой. Сибирь Хуш-Pinus sibirica Du Tour модны самрын 1кг нойтон жингийн экологи-эдийн засгийн үнэлгээ нь 98.900 төгрөг байна. ...” гэсэн 2981 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 43-45/,

гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа /хх 5/, самарт үзлэг хийж жинлэсэн тухай тэмдэглэл /хх 17-18/, “Хос Итгэл Төгс” ХХК-ийн 01/55 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 54-60/, М.Аын жолооны үнэмлэхийн хуулбар /хх 61/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх 110-112/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч М.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч М.Ааас хураасан самар нь Сибирь Хуш /Pinus sibirica Du Tour/ үр болон самар болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох самрыг түүж бэлтгэх, хадгалах нь Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулах талаар Эрүүгийн хуульд тусгасан төдийгүй байгаль орчны эсрэг гэмт хэрэг, түүний нийгмийн хор аюул их байдгийг харгалзан байгаль орчинд учруулсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ гаргаж, гэм буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэх талаар Байгаль орчныг хамгаалах тухай хууль нь энэхүү харилцааг зохицуулсан илүү нарийвчилсан зохицуулалттай,

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “/ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж хуульчилж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн тушаалаар баталсан ''Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам''-ын хавсралтын хүснэгтэд зааснаар тухайн газраас нөөцийг ашиглах дээд хэмжээг “Ахуйн зориулалтаар /1 удаа/, Хуш модны самар 50 кг” гэж, мөн журмын хавсралтын 5.7-д “Иргэн, ойн нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллага нь тогтоосон хэмжээнээс хэтрүүлж түүсэн нь тогтоогдвол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.” гэж тус тус заасан байхад анхан шатны шүүхээс хэргийн газраас хураан авсан 107.5 кг самарт бүхэлд нь нөхөн төлбөр тогтоож 53.158.750 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй байх тул ойн санд учруулсан хохирол төлбөрт шүүгдэгчээс гаргуулах төлбөрийн хэмжээг зөвтгөх нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл, 2022 оны ''Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам''-ын хавсралтад зааснаар Хуш модны самрыг 50 кг-ийг ахуйн зориулалтаар нэг удаа нөөцөлж, ашиглахыг зөвшөөрсөн тул гэмт хэрэгт тооцохгүй бөгөөд шүүгдэгч М.Аын түүж бэлтгэсэн 107.5 кг Хуш модны самраас 50 кг зөвшөөрөгдсөн хэмжээг хасаж, үлдсэн 57.5 кг самраас нийт Сибирь хушны үр идээний нөхөн төлбөрийн хэмжээг 57.5х494.500=28.433.750 төгрөгөөр тогтоож байна.

Түүнчлэн, шүүгдэгч М.Аа нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлэн 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчлөх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасантай нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заажээ.

Нөгөөтэйгүүр, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ гэж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүнд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулахыг хэлнэ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч М.Ааас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар түүний эзэмшлийн Nissan Advan маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж, хохирол нөхөн төлүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч М.Аын гаргасан давж заалдах гомдлоос “торгууль болох их хэмжээний мөнгийг төлөх боломжгүй” гэсэн хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/203 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Мын Аыг 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Мын Аыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй. ...” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Ааас 53.158.750 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Ааас 28.433.750 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Аын гаргасан давж заалдах гомдлоо “торгууль болох их хэмжээний мөнгийг төлөх боломжгүй” гэсэн хэсгийг хүлээн авсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ