Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 115/ШШ2024/0019

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Э” ЗГБХНөхөрлөл  (цаашид “Э” гэх),

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газрын хоорондох, санхүүгийн тайлангийн аудитаар татгалзсан дүгнэлт гаргасантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч хуулийн этгээдийг төлөөлж дарга О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г, хариуцагч байгууллагыг төлөөлж дарга С нар шүүх хуралдааны танхимаас, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ууганзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Маргаан үүссэн үйл баримт:

 

1.1. Нэхэмжлэгч Э нь Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан, тус газрын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай “Татгалзсан дүгнэлт”-ийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

1.2. Хариуцагч Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газраас 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 13 дугаартай “Татгалзсан дүгнэлт” гаргаж, нэхэмжлэгч Эд хүргүүлснийг тус хуулийн этгээд эс зөвшөөрч 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 25 тоот албан бичгээр Монгол Улсын Ерөнхий аудиторын үүргийг түр орлон гүйцэтгэгчид гомдол гарган улмаар тухайн гомдлыг нь Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй гэх үндэслэлээр 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хоёр. Хэргийн оролцогчдын тайлбар болон түүний үндэслэл:

 

2.1. Нэхэмжлэгч Эийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тус төвийн даргын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Э ЗГБХНөхөрлөл нь 1999 оноос үйл ажиллагаа явуулж байгаа.

Тус төв нь үйл ажиллагаандаа Эрүүл мэндийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/212 дугаар тушаалаар батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм” болон уг дүрмийн 1.2-т заасан хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэн ажилладаг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага юм.

Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлтийн 16.2-т “Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна”, дээрх үлгэрчилсэн дүрмийн 1.3-т “...өрхийн эрүүл мэндийн төвийн баг нь нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдсан хуулийн этгээд байна” гэсний дагуу 6 хувьцаа эзэмшигчтэйгээр улсын бүртгэлд бүртгүүлсэн хэвийн хэвшлийн хуулийн этгээд юм.

Манай байгууллага дээрх хууль тогтоомжийн дагуу жил бүр Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газар, тус аймгийн Сүмбэр сумын Засаг дарга нартай “Хамтран ажиллах гэрээ”, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ худалдан авах” гэрээг тус тус байгуулж ажилладаг.

  • 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газар, Сүмбэр сумын Засаг дарга, Өрхийн эрүүл мэндийн төвтэй 2023 онд хамтран ажиллах гэрээ”,
  • 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай 10-05/412 дугаартай “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ”,
  • 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ”-г тус тус байгуулан үйл ажиллагаа явуулж байна.

Манай байгууллагын 2023 оны гүйцэтгэлийн гэрээний дагуу хийгдсэн ажлуудыг дүгнэж 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 2023 оны жилийн эцсийн үнэлгээний зөвлөмж гарсан бөгөөд уг үнэлгээгээр гэрээний биелэлтийг 89.7 хувийн гүйцэтгэлтэй, шалгуур үзүүлэлтийг 121.2 оноогоор “Хангалттай”  гэж дүгнэсэн.

      Гэтэл Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 60 тоот албан бичгээр манай байгууллагын 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн дүгнэлтийг хүргүүлэхдээ тус газрын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай “Татгалзсан дүгнэлт”-ийг хавсарган ирүүлсэн.

Тус дүгнэлтээр манай байгууллагыг төсвийн байгууллага, төвийн даргыг төсвийн захирагч гэж үзэж аудит хийлгэхээс татгалзсан, шаардлагатай судалгааг гаргаж ирүүлээгүй, гаргаж өгөхөөс татгалзсан, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авч захиран зарцуулсан боловч Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хуулиудыг огт мөрдөөгүй, зөвхөн нөхөрлөлийн гишүүдийн шийдвэрийн дагуу,  санхүүжилтээр авсан орлогыг үр ашиггүй, арвилан хэмнэлтгүй захиран зарцуулсан,  тендер зарлаагүй шууд гэрээ байгуулан худалдан авалт хийсэн гэх зөрчлүүдийг гаргасан нь Төсвийн тухай, Төрийн хэмнэлтийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Нөхөрлөлийн тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тус Төрийн аудитын газар нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар дүгнэлт гаргасан нь дараах байдлаар тогтоогдож байна.

Өрхийн эрүүл мэндийн төв нь төсвийн байгууллага биш хувийн хэвшлийн байгууллага болох нь Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/212 дугаар тушаалаар батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм”-ийг 1.3 дахь заалтаас тодорхой харагдана. Нэгэнт төсвийн байгууллага биш хувийн хэвшлийн байгууллага учир төвийн даргыг төсвийн захирагч гэж үзэх үндэслэлгүй.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 06 дугаар тогтоолын дагуу тус төв нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай төлбөрийн арга дээр суурилсан худалдан авах ажиллагааны гэрээ хийж, уг гэрээний төлбөрөөр санхүүждэг бөгөөд гэрээний төлбөр нь манай байгууллагад зориулж хуулиар баталсан төсөв биш тул дүгнэлтэд дурдсан хуулиудын дагуу зарцуулах ёстой гэсэн нь үгүйсгэгдэж байна.

Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийн 3.3.2-т “Төвийн удирдлага нь нөхөрлөлийн бүх гишүүдийн хурал байна”, 3.3.3-т “Хурлын шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд гишүүдийн олонхи дэмжиж гаргасан, бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулж шийдвэртэй холбогдон үүсэх хариуцлагыг хамтран хариуцна”, 3.3.8-д “Төвийн удирдлага нь Эмнэлгийн тусламжийн хуулийн 2 дугаар бүлгийн 5 дугаар зүйлийн 4-т заасан гэрээг аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газартай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан тусламж үйлчилгээг худалдан авах гэрээг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулна” 6.1-д “Төв нь төрийн болон орон нутгийн өмчийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу ашиглана” гэснээс үзэхэд төсөвт байгууллага биш бөгөөд санхүүжилтийг зөвхөн нөхөрлөлийн гишүүдийн шийдвэрээр санхүүжүүлсэн гэсэн үндэслэл үгүйсгэгдэж байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тендер зарлаагүй 71,497.8 мянган төгрөгийн гэрээ байгуулан шууд худалдан авалт хийсэн гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд тус төв нь хувийн хэвшлийн байгууллага учир Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4.1 дэх заалтын 4.1.1, 4.1.2, 4.1.3-т хамаарахгүй тул Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн дагуу худалдан авах үйл ажиллагааг гэрээгээр хийж байна.

Байгууллагын 21 ажилчдад 2023 онд 24,749,664 төгрөгийн урамшуулал олгосон болон байгууллагын ажилчдын хүүхдүүдэд бэлэг, шинэ жилийн арга хэмжээнд зарцуулсан 2,683,037 төгрөгийн асуудлын хувьд Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 52 дугаар хуралдааны тэмдэглэлдэх  “Төсвийн тухай хуулийн 46.3.2-т заасны дагуу гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн зарчмаар санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагаас бусад байгууллагын цалингийн сангийн хэмнэлтээс ажилтны ажлын үр дүнг харгалзан үзэж нэг сарын үндсэн цалингийн 100 хүртэл хувиар тооцож урамшуулах нь зүйтэй” гэсэн дагуу манай байгууллага төрийн үйлчилгээний бусад байгууллага гэдэгт орох бөгөөд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага учир Нөхөрлөлийн тухай хуулийн 27 дугаар зүйл, Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийн 3.3.2, 3.3.3 дахь заалтын дагуу олгосон болно.

Санхүүгийн баримтаа өгөөд зохих журмын дагуу шалгуулсан байхад татгалзсан дүгнэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь 2023 оны 11 сарын 15-нд “П” аудитын газартай гэрээ хийж, Говьсүмбэр аймгийн Төрийн аудитын газрын төрийн сан дансанд 1,728,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд “П”  аудитын  менежер Б.Дэлгэрмаад санхүүгийн баримтаа хүлээлгэн өгсөн. Дахин санхүүгийн жил дууссаны дараа 2024 оны 01 сарын 19-нд “П”  аудитын  аудитор Г.Гантуяад дахин санхүүгийн баримтаа хүлээлгэн өгсөн.

 “П” аудит нь 2024 оны 01 сарын 29-ний өдөр манай санхүүгийн баримтыг хүлээлгэн өгсөн боловч манай байгууллагад акт тавина гэснийг хүлээн зөвшөөрөхгүй хуулийн үндэслэлгүй гэхэд дахиад 2024 оны 01 сарын 30-ны өдөр Говьсүмбэр аймгийн Төрийн аудитын газар манай байгууллагын санхүүгийн баримтыг татан авч шалгалт хийчхээд санхүүгийн баримтаа өгөхөөс татгалзсан гэж үзэж татгалзсан дүгнэлт өгч байгаа нь ойлгомжгүй байна. 

            Мөн “Э” өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг төсвийн захирагч гэж үзсэн нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт байгаа төсвийн 19 байгууллага дотор Өрхийн эрүүл мэндийн төв байхгүй байгаагаас харахад төвийн дарга нь төсвийн захирагч биш болох нь тодорхой харагдана.

            Өрхийн эрүүл мэндийн төвүүд 2021 оноос өмнө төсвөөс 1 иргэний санхүүжилтээр төрийн сангаар санхүүждэг, орон нутгийн төрийн сангаар төсөв батлагддаг байсан боловч 2021 оноос “Гүйцэтгэлд суурилсан санхүүжилт”-ын тогтолцоонд орсноороо төсвөөс гадуурх гэсэн ангиллаар санхүүжилт нь батлагдаж, төрийн санд батлагдсан төсөв ирэхгүй болсон бөгөөд ЭМД-тай гэрээ хийж гүйцэтгэлд суурилсан санхүүжилтээр арилжааны банкаар гүйлгээ хийгддэг болсон.  Өрхийн эрүүл мэндийн төвүүд төртэй харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ хийж төрийн өмчийг ашиглаж, тухайн орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага бөгөөд худалдан авах гэрээний дагуу үзүүлсэн үйлчилгээндээ таарсан ажлын хөлсөө авдаг.

Төрийн аудитын газрын 13 дугаар дүгнэлт нь дээрх үндэслэлүүдээр хууль бус болох нь тогтоогдож байх бөгөөд, энэхүү дүгнэлтийг хууль зөрчиж гаргаснаар уг дүгнэлтэд дурдсан зөрчил гэх үйл ажиллагааны төлөө хариуцлага хүлээх, дүгнэлтэд дурдсан зөрчлийн үнийн дүнгээр торгууль, төлбөр төлж алдагдал хүлээх, цаашид мөрдөх ёсгүй хуулийг мөрдөж, хууль бус үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлсэн, төвийн дарга, нягтлан бодогч нар нь Төсвийн тухай болон бусад хуулийн дагуу сахилгын арга хэмжээ авагдах, байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдах зэргээр манай төвийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчиж байна гэжээ.

Манайх улсын бүртгэлийн гэрчилгээндээ зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл гэж явдаг, орон нутгийн өмчийг ашигладаг байгууллага. Манайх хөрөнгө эзэмшихгүйгээр ашиглаж байгаа учраас бид орон нутгийн иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд манай орон нутаг иргэдийнхээ тусламж үйлчилгээг авахын тулд эмнэлгийн байр, орон сууц тоног төхөөрөмж бүх юмаар нь хангах үүргийг орон нутаг өөрөө хариуцаж байгаа.

Эрүүл мэндийн газарт тендерт орох байгууллагуудын нэрс ирдэг. Тэнд өрхийн эрүүл мэндийн төв гэж нэг ч нэр ирдэггүй. Манайхыг төсвөөс гадуурх байгууллага гэж эрүүл мэндийн газрын төсөв санхүү дээр орж ирдэг. Танайх эм, эмнэлгийн хэрэгслийнхээ худалдан авалтыг шууд гэрээгээр аваарай, танайх тендерт орохгүй гэж Эрүүл мэндийн газраас хэлдэг гэв.

 

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Төсвийн тухай хууль дээр манайх төрийн чиг үүрэгт хамаарах ажил үйлчилгээг гүйцэтгэгч гээд бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, тоо хэмжээгээрээ төсвийн өмнө үүрэг хүлээнэ гээд Төсвийн тухай хууль дээрээ заачихсан байгаа юм. Төсвийн тухай хууль дээр төсвийн шууд захирагч нь тодорхой цаг хугацааны балансаар тайлангаа гаргаад төрийн аудитад аудит хийлгэсэн байна гэдэг боловч манайх дээр болохоор төрийн чиг үүрэгт хамаарах ажил гүйцэтгэх гүйцэтгэгч байгууллага тодорхой хугацаатай төрийн аудитад оруулна гэсэн нэг үг, өгүүлбэр ч байхгүй. Төсвийн тухай хууль дээр төсвийн шууд захирагч нарын аудит хийлгүүлэх цаг хугацааг тодорхой заачихсан байгаа. Манайх тоо, чанар, хүрэх үр дүнгээрээ төсвийн өмнө хариуцлага хүлээнэ гээд 4.1.39-д заагаад орхичихсон байгаа. Тэгэхлээр бид нар нэгтгэл шаардлагагүй. Манай дээр тодорхой хугацаанд санхүүгийн тайланд дүгнэлт гаргуул гэсэн заалт огт байхгүй.

Төрийн аудитаас 01 дүгээр сарын 30-ны өдөр баримтаа өгөөд үзэж чадаагүй байхад нь эргүүлээд баримт шалгуулахгүй гэсэн албан тоот өгсөн гэж ярьж байна. Үгүй, бид нар 11 дүгээр сараас хойш баримтаа өгөөд явцын аудит хийлгээд бүтэн 4 сар баримтаа тэнд байлгасан. П аудитын захирал нь танай санхүүгийн тайлан баримтыг үзэж дууслаа, баримтаа хүлээж ав гээд би өөрөө очиж гарын үсэгтэй өөрийнхөө баримтыг хүлээж авсан. Хүлээж авсны маргааш нь танайх энэ актыг хүлээн зөвшөөрөхгүй учраас С дарга танай баримтыг эргэж татна гэж байна танайх баримтаа аваачаад өгчих гэхлээр нь би даргатай ч ярилгүй аудит хэлсэн болохоор очоод баримтаа өгчхөөд даргад ийм учраас баримтаа өгчихлөө гэсэн, дарга үгүй яагаад надад учраа хэлсэнгүй вэ? манай баримтыг боллоо бүтлээ гэж буцааж өгчхөөд буцааж аваад байхдаа яахав. Би ерөөсөө хууль дүрмээ үзнэ гээд, тэгээд л маргаан үүсэж эхэлсэн. Ер нь аудитын хууль дээр манайх дүрэм дээрээ санхүүгийн тайлангийн аудит хийлгэнэ гэж байгаа. Хийлгэхдээ Аудитын тухай хууль дээр аудитаа сонгоно  л гэж байгаа юм. Манайх санхүүгийн тайлангийн аудит хийлгэнэ, жил бүр хийлгэнэ, тэрийгээ өөрсдөө сонгоно. Энэ заалтууд төсвийн байгууллагад хамаарахгүй гээд аудитынхаа хууль дээр тодорхой заачихсан байдаг гэв.

 

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Маргаан бүхий акт буюу 13 дугаартай дүгнэлтийг хууль зүйн хувьд бодит байдал дээр бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэлийн үндэслэл нь 1 дүгээрт Өрхийн эрүүл мэндийн төв бол төсвөөс санхүүждэг төсвийн байгууллага биш хувийн хэвшлийн байгууллага бөгөөд Эрүүл мэндийн тухай хуулийн 16.2 болон Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийн 1.3 дахь заалтуудаас тодорхой харагдана.

2 дугаарт тус төвийн даргыг төсвийн шууд захирагч, төсөвт байгууллагын даргатай адилтган үзэж татгалзсан дүгнэлтийг гаргахдаа үндэслэл болгосон нь буруу, хууль зөрчсөн гэж үзсэн.

3 дугаарт Тус төв Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай төлбөрийн арга дээр суурилсан худалдан авах ажиллагааны гэрээ хийж, уг гэрээний төлбөрөөр санхүүжиж, иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн тухай хууль болон холбогдох хууль, дүрэм журмуудын дагуу үзүүлж байгаа. Энэ зохицуулалтаар болон гүйцэтгэлээр санхүүжиж байгаа хувийн хэвшлийн байгууллагын тухайд Төсвийн хууль болоод Төрийн хэмнэлтийн хууль, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиудыг мөрдөж ажиллах ёстой гэсэнтэй санал нийлэхгүй. Өөрөөр хэлбэл, дээрх гүйцэтгэлийн гэрээний дагуу Эрүүл мэндийн даатгалын сангаас олгогдож байгаа мөнгөн хөрөнгө нь Төсвийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжоор өрхийн эрүүл мэндийн төвд зориулж батлагдсан төсөв биш, энэ төсвийг Одмандах дарга өөрөө шууд захиран зарцуулдаг эрхтэй субъект биш, харин эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн захирагч нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар байдаг. Нэгэнт хууль тогтоомжоор төсвийн шууд захирагчаас хууль тогтоомжийн дагуу гэрээний гүйцэтгэлийг үндэслэн шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг дахиад энэ өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нь төсвийн шууд захирагч гэж үзэж байгаа нь хууль бус гэж үзэж байна.

 4 дүгээрт Орон нутагтай хийх хамтран ажиллах гэрээ, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хийх тусламж үйлчилгээ худалдан авах гэрээнүүд нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 5.4 болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу хийгдэж байгаа нийтийн эрх зүйн гэрээнүүд байгаа. Энэ гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулаад гэрээний гүйцэтгэлээр шилжиж орж ирсэн санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан өмчийн хэлбэрийнхээ хүрээнд тухайн байгууллагын хуулиар эрх олгогдсон этгээд буюу эрх барих субъектийнхээ шийдвэрээр захиран зарцуулж байгаа юм. Гэтэл энийг огт арвилан хэмнэлтгүй, холбогдох этгээдийн шийдвэргүйгээр үр ашиггүй зарцуулсан гэсэн дүгнэлт нь хууль бус юм. Өөрөөр хэлбэл дээр дурдсан гэрээнүүдээр өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны чиглэл, үйл ажиллагааны хүрээ, эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлж байгаа мөнгөн хөрөнгө, түүнийг зарцуулах, тайлагнах, мөнгөн хөрөнгийн хэмжээг тогтоох, гүйцэтгэлийг үнэлэх шалгуур үзүүлэлт гээд бүх зүйлсийг гэрээгээр тохироод энэ гэрээнийхээ дагуу санхүүжүүлэгчийнхээ хувьд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар дүгнээд 89,7 хувь буюу 90 хувийн гүйцэтгэлтэй гарсан, гэрээний нөгөө тал болох санхүүжүүлэгчийн хувьд энэ зарцуулалтад хяналт шалгалт хийгдээд хангалттай гэж үзээд шилжүүлээд явчихсан байгаа.

Нөхөрлөл өнөөдрийн байдлаар улсын бүртгэлд 15 орчим гишүүнтэй бүртгэгдсэн, эдгээр гишүүд бүгдээрээ энэ өрхийн эрүүл мэндийн төвийн ажилчид байгаа. Нийтдээ 20 гаран ажилчинтай. Түүнээс 16 нь үүсгэн байгуулагчаар бүртгэгдээд улсын бүртгэлд бүртгэгдчихсэн байгууллага. Татгалзсан дүгнэлтийн агуулгаас харахаар хувь нийлүүлэгчид гээд өрхийн эрүүл мэндийн төвийг ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хувьцаат компани шиг хэлбэрээр энэ мөнгийг захиран зарцуулчихсан гэдэг нь үндэслэлгүй.

5 дугаарт нь эмнэлгийн хэрэгслийн тендер зарлаагүй, 71 сая төгрөгийн гэрээ байгуулаад шууд худалдан авсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийг зөрчсөн гээд байгаа юм. Гэтэл нэгэнт төрийн тендерийн хуулийн зохицуулалтад өрхийн эрүүл мэндийн төв гэдэг хувийн хэвшлийн байгууллага хамрагддаггүй. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн дагуу эмнэлгийн хэрэгслээ худалдан авч үйл ажиллагаандаа зарцуулаад явж байгаа л зохицуулалт. Тендерийн хуулиар тендер зарлаж худалдан авалт хийх, тендерийн хуулийг мөрдөх үүрэгтэй субъект нь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага огт биш.

Хамгаалуулах гээд байгаа ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол байна гэхээр Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн агуулга бол эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг төрийн өмчийн биш хувийн хэвшлийн байгууллага ард иргэдэд үзүүлэх нь зүйтэй байна гэдэг хуулийн үзэл баримтлал тодорхой харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ гэдэг нь бусад 2 дугаар шатны эмнэлэг, 3 дугаар шатлалын эмнэлгийн үзүүлж байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмчилгээнээс онцлогтой. Өдөр тутам тасралтгүй, тухайн бүс орон нутагт оршин сууж байгаа иргэдэд түргэн шуурхай эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх зорилготой үйлчилгээ. Тийм ч учраас 2 дугаар шатны эмнэлэг, 3 дугаар шатны эмнэлэг бол төрийн өмчийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа бүх өрхийн эмнэлгүүдийг төрийн өмчийн хэлбэрээс нь салгаад хувийн хэвшилд шилжүүлж байгаа энэ зохицуулалттай тендерийн хуулийг баримталж худалдан авалт хий гэдэг зохицуулалт энэ дүгнэлт хоёр шууд зөрчилдөж байгаа юм. Өөрөөр хэлбэл тендерийн хуулийн дагуу худалдан авалт хийнэ гэдэг тухайн төсөвт байгууллага жилийнхээ төсөвт батлагдсан төсвийнхөө зүйл анги, зарцуулалтын дагуу ямар ч төсөвт байгууллага тухайн жилд нь худалдан авалт, хөрөнгө оруулалтын зардлууд тусгагдсан тохиолдолд төсөвт тусгагдсан хэмжээ, нэр төрөл, тоо, чанараар нь бараа бүтээгдэхүүний худалдан авах ажиллагааг төлөвлөж хийдэг.

Гэтэл иргэдэд үзүүлж байгаа эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ хэзээ ч урьдчилж төлөвлөөд, түүнийгээ дараа оныхоо төсөвт суулгуулаад төсвөө батлагдаад хуваарилагдахаар түүндээ нийцүүлээд тендер зарлаж худалдан авалт хийх ямар ч боломжгүй үйл ажиллагаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээ эм, эмнэлгийн хэрэгсэлгүйгээр явах ямар ч боломжгүй. Тендерийн хууль баримтлах ёстой гэдэг нөхцөл байдал үүсэх юм бол эмнэлгийн тусламж үйлчилгээг хууль болон гэрээний үндсэн дээр төрийг төлөөлөн гүйцэтгэж байгаа субъектийн буюу нөхөрлөлийн үйл ажиллагаа тэр чигтээ доголдож зогсоход хүрнэ. Энэ байдал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа хамгийн гол үндэслэл байгаа юм.

Дараачийн дугаарт байгууллагын ажилчдад 2023 онд 24,000,000 төгрөгийн урамшуулал олгосон болон хүүхдүүдийн бэлэг, шинэ жилийн арга хэмжээ гээд ажиллагаа нь Нөхөрлөлийн тухай хууль зөрчсөн, төсөв хэмнэлтгүй захиран зарцуулсан гээд буруутгадаг. Нөхөрлөлийн баг зохион байгуулж, байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа л бол тэнд хүн ажиллана. Хүн ажиллаж байгаа бол хөдөлмөрийн харилцаа үүснэ. Хөдөлмөрийн харилцаатай холбоотой цалин хөлс, урамшуулал нийгмийн асуудлыг шийдэх нь аль ч байгууллагад байдаг асуудал. Урамшуулал, бэлгийн асуудлыг холбогдох хууль тогтоомжийнхоо дагуу зарцуулсан. Дээрх хүн хүчний, ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх зардал гэдэг чинь адилхан эмнэлгийн тусламж үйлчилгээнийхээ нэг хүнд ноогдох тарифаар нь тогтоогоод явчихсан зардалдаа багтаж байгаа ойлголт.

Татгалзсан дүгнэлтэд санхүүгийн хяналт шалгалтаас зайлсхийсэн гээд байгаа. Хяналт шалгалтаас зайлсхийсэн гэсэн байж хяналт шалгалтаа хийгээд дүгнэлт гаргачхаад байгаа нь логикийн хувьд алдаатай байгаа юм. Санхүүгийн хяналт шалгалтаас зайлсхийсэн, хяналт шалгалтад шаардлагатай баримт мэдээлэл гаргаж өгөөгүй гэж үзэж байгаа бол Аудитын тухай хууль болон Зөрчлийн хууль, бусад холбогдох хуулиар тухайн үед нь татгалзсан этгээдэд хүлээлгэх хариуцлага бүх юм нь хуульчлагдсан байгаа. Тэр үед нь арга хэмжээ аваад шийдэх бүрэн боломжтой байсан. Гэтэл огт тийм үйлдэл гаргаагүй. Зохих журмын дагуу хяналт шалгалтад хамрагдсан байхад хяналт шалгалтаа хийчхээд дүгнэлт гаргахдаа хяналт шалгалтаас зайлсхийсэн гээд бичсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Дээрх үндэслэлүүдээр 2023 оны 13 дугаартай татгалзсан дүгнэлт хуульд нийцээгүй. Мөн хавтаст хэрэгт нотлох баримтаар 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 75 дугаартай Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаал авагдсан байдаг. Уг тушаалын хавсралтаар 2023-2024 онд санхүүгийн тайлангийн аудит хийх шалгагдагч байгууллагын тоо, аудит хийх хэлбэрийг хавсралтаар баталсан. Энэ тушаалын босоо багануудыг харвал аудит хийх байгууллага, нэгжийн тоо гэдэг дээр 4 ангилал байгаа.  Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч, төсвийн шууд захирагч, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж гэсэн 4 ангиллаар санхүүгийн тайлангийн аудит хийнэ гээд баталчихсан. 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр, Монгол Улсын Ерөнхий аудиторын үүргийг түр орлон гүйцэтгэгч  Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газраас санхүүгийн тайланд аудит хийх байгууллагуудын жагсаалт, аудитын хэлбэрийг мөн баталсан байдаг. Түүн дээр мөн адил энэ 4 ангилал байгаад байгаа юм. Гэтэл Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйл дээр аудитад хамрагдах шалгагдагч байгууллагуудын тоог заачихсан. Төрийн аудитын тухай хуулийн агуулгыг харахаар энэ дурдаад байгаа төсвийн ерөнхийлөн захирагч, төвлөрүүлэн захирагч, шууд захирагч, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүд аудитад заавал хамрагдах байгууллага.

Харин Төрийн аудитын тухай хууль дээр хууль болон гэрээний үндсэн дээр төрийн чиг үүргийг шилжүүлэн авсан этгээдийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланд аудит хийж болно гэж байгаа. Ерөнхий аудиторын орлогчийн баталсан Говьсүмбэр аймаг дахь байгууллагуудын жагсаалтыг харахаар Говьсүмбэр аймаг “Э” өрхийн эрүүл мэндийн төвийг төсвийн шууд захирагчийнх нь ангилалд оруулчихсан. Хуульд заавал шалгагдах байгууллагын тоонд энэ 4-өөс өөр субъект байхгүй. Гэтэл хууль болон гэрээгээр төрийн чиг үүргийг шилжүүлж авсан этгээд буюу шаардлагатай тохиолдолд тусгайлсан удирдамжаар аудитад хамрагдах зохицуулалттай хувийн хэвшлийн байгууллагыг заавал аудитад хамрагдах ёстой гээд шалгаад явчихсан. Энийгээ ялгаж салгаагүйгээс захиргааны актын хууль зүйн үндэслэл нь буруу болсон.

Дээрх үндэслэлүүд маргаан бүхий акт болох 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай татгалзсан дүгнэлт нь өөрөө хуульд нийцээгүй, холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн байгааг илэрхийлж байгаа. Үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигддөг. Цаашлаад эмнэлгийн тусламж үйлчилгээ доголдох өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлдэг Сүмбэр сумын 10,000 гаруй иргэний эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ авах эрх зөрчигдөх нөхцөл байдалд хүрээд байгаа учраас шүүхэд хандсан.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны үйл ажиллагааны зарчим энд алдагдсан. Өөрөөр хэлбэл захиргааны акт нь зорилгодоо нийцсэн үндэслэлтэй байх, хууль ёсны байх бодит нөхцөл байдалд нийцсэн байх, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэх мэт захиргааны үйл ажиллагааны ерөнхий зарчмуудыг зөрчөөд нэхэмжлэгчийн хуулиар тодорхойлогдсон эрх зүйн байдлыг шууд өөрчлөөд цаашдаа дүгнэлт хүчин төгөлдөр үйлчилж байгаа нөхцөлд энэ байгууллагын хэвийн үйл ажиллагааг шууд алдагдуулах хууль зүйн үр дагавар үүсгэж байгаа. Өөрөөр хэлбэл иргэний хуулиар ч тэр, өөр бусад хууль тогтоомжоор ч төрийн өмчийн хуулийн этгээдийн эрх зүйн байдал тусдаа бөгөөд хувийн хэвшлийн хуулийн этгээдийн эрх зүйн байдал  холбогдох хуулиудаараа ялгаатай хуульчлагдсан. Дээрээс нь хувийн хэвшлийн нөхөрлөлийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу нөхөрлөлийн дарга, төсөвт байгууллагын төсвийн шууд захирагч гэдэг хоёр субъектийн эрх зүйн байдал мөн ялгаатай.

Нэхэмжлэгчийн зүгээс төрийн аудитын байгууллагыг огт аудит хийх ёсгүй гэдэг үндэслэлээр огтоос маргаагүй. Хариуцагч ерөнхий байдлаар хэлээд байна. Төсвөөс санхүүжиж л байгаа бол төсвийн байгууллага гээд байна. Анх Засгийн газрын тогтоолоор “Э” өрхийн эрүүл мэндийн төвийг байгуулаад Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр үйл ажиллагаа явуулаад одоо болтол улсын төсөвт хөрөнгө нь баланст бүртгэлтэй гэдэг нь огт үндэслэлгүй тайлбар.  Иргэний хуульд зааснаар хуулийн этгээд өөрчлөн байгуулагдчихсан. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн тухай хууль 2010 онд шинэчлэгдээд батлагдчихсан. 1999 онд Өрхийн эрүүл мэндийн төвийг Засгийн газрын тогтоолоор байгуулсан байж болно. 2010 онд Эрүүл мэндийн хууль өөрчлөгдөөд, улсын бүртгэлд хуулийн этгээд өмчийн хэлбэр, төрөл нь өөрчлөгдсөн.  Өрхийн эрүүл мэндийн төв орон нутгийн өмчийн объектод буюу эд хөрөнгийг ашиглаж үйл ажиллагаагаа явуулна гэж байгаа. Миний ойлгож байгаагаар “Э” төвийн нэр дээр бүртгэлтэй өмч хөрөнгө байхгүй.

Төрийн аудитын тухай хуулийн нэр томьёо хэсгийн 4.1.4-ийг дурдаад байна. Шалгагдагч этгээд гэдэгт манайх ороогүй гэж маргаагүй. Бид нарын маргаан хууль зүйн хувьд Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйл дээр маргаад байгаа. Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйл дээр санхүүгийн тайлангийн аудит хийх харилцааны суурь харилцаа нь журамд заасан хууль дээдлэх зарчмынхаа хүрээнд 8 дугаар зүйлээс эхэлж энэ нөхцөл байдал яригдах ёстой. 8.1-т төрийн аудитын байгууллага төсвийн тухай хуульд заасны дагуу улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн байгууллага гэж байгаа юм. Төсвийн байгууллагад 8.1-ээр л аудит хийнэ. Тэгвэл 8.2 дээр төрийн аудитын байгууллага төрийн чиг үүргийг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээдийн санхүүгийн тайланд аудит хийж болно гэж байгаа. Өөрөөр хэлбэл “Э” өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүгийн тайланд аудит хийх харилцаа чинь 8.2-оор үүснэ. Тэгэхээр ерөнхий аудитын тушаалаар баталсан хүснэгт чинь цэвэр 8.1-г бариад хийчихсэн байгаа. Гэтэл хууль дээр 8.2 тусдаа.  Аудит хийж байгаагүй, гэнэтхэн хийчихлээ гэж өмгөөлөгчийн хувьд маргаагүй. Аудитыг хамрах хүрээ, аудит хийх шаардлага, хэлбэр бүх юм чинь өөр байна. Гэтэл энийгээ аудитын байгууллага өөрөө шалгалтад хамрагдаж байгаа субъектүүдийнхээ статусыг ялгаж чадахгүй байхаар шалгагдаж байгаа этгээдүүд яах юм бэ?

Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргахад оролцогчийг сонсох, нотлох, нөхцөл байдлыг цуглуулах, нотлох ажиллагаа, нотлох баримт цуглуулах гээд тусгайлсан болоод ерөнхий зохицуулалттай хуулийн хүрээнд энэ актыг гаргахдаа захиргааны акт гаргах хуульд заасан процессыг хангаагүй юм байна гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл “Энх тус дэм” эмнэлгийн 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийх тусгайлсан удирдамж гараагүй юм байна. Удирдамж, төлөвлөгөөг танилцуулах үүргээ биелүүлээгүйгээс захиргааны акт гаргахад оролцогчийн эрхийг хангаагүй зөрчил болжээ гэдэг дүгнэлт гаргаж байна. Маргаан бүхий захиргааны акт буюу татгалзсан дүгнэлтэд дурдаж байгаа зөрчил гэх үйл баримтууд хариуцагч болон төлөөлөгчийнх нь тайлбарууд өөрөө логикийн хувьд зөрөөтэй байна гэж үзлээ. Яагаад гэхээр шүүх хурлын туршид аудитын дүрэм журмаараа хангалттай нотолгоо олж чадаагүй, аудитаас зайлсхийсэн учраас татгалзсан гэдэг тайлбарыг гаргаад байгаа. Тэгэхээр дүгнэлтийн үндэслэл болж байгаа 9 үйл баримтыг үндэслэх гэхээр энэ дээр хангалттай нотолгоогүй бол ийм дүгнэлт гаргахгүй. Ингээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгөөч гэж хүсэж байна гэв.

 

2.4. Хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газраас Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.4, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1-д заасны дагуу аймгийн Эийн 2023 оны санхүүгийн тайланд аудит хийж, дүгнэлт гаргасан.

Нэгдүгээрт: Төрийн аудитын байгууллагаас Э өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийх дараах үндэслэлтэй байна.

Өмчлөлийн хувьд: Э өрхийн эрүүл мэндийн төв нь нөхөрлөлийн хэлбэртэй үүсгэн байгуулагдсан хэдий ч 100 хувь орон нутгийн өмчийг эзэмшдэг, хувийн эзэмшлийн хөрөнгийн оролцоо байхгүй, орон нутгийн өмчийг ашиглалтын гэрээгээр бус орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээгээр эзэмшиж байна.

Тус байгууллагын өмч нь 100 хувь орон нутгийн өмч учраас өмчтэй холбоотой бүхий л мэдээ тайланг шат шатны төсвийн захирагчийн мэдээ тайлан болон улс орон нутгийн хэмжээнд нэгтгэгдэж байна.

Санхүүжилтийн эх үүсвэрийн хувьд: Төсвийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д  “Монгол Улсын нэгдсэн төсөв нь улсын төсөв, орон нутгийн төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвөөс бүрдэнэ” гэж заасан.

Тус өрхийн эрүүл мэндийн төв нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 1 иргэний санхүүжилт болон гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийг авч байгаа нь дээрх хуульд зааснаар Улсын болон орон нутгийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр санхүүжиж байгааг нотолж байгаа бөгөөд мөн орон нутгийн төсвөөс /Сүмбэр сумын төсвөөс/ байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор тогтмол зардлын санхүүжилтийг олгож байгаа, орон нутгийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангаас тухайн байгууллагад шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж байгаа нь Төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан гарсан хууль тогтоомж, журам зааврыг санхүүгийн үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах үүрэгтэй байна.

Санхүүгийн тайлангийн хувьд: Сангийн сайдын 2006 оны 388 дугаар тушаалаар баталсан загвар маягтын дагуу төсөвт байгууллагын санхүүгийн тайлан гаргаж, Сүмбэр сумын Засаг даргын нэгтгэсэн тайланд тайлангаа нэгтгүүлж улмаар аймгийн Засаг дарга буюу орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн тайланд санхүүжилтийн орлого, үйл ажиллагааны зардал болон өмч хөрөнгийг нэгтгэгдэн тайлагнаж байна.

Э өрхийн эрүүл мэндийн төв нь 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд нэг иргэнд ногдох нормативаар тооцсон санхүүжилтийн орлого 691.8 сая, эрүүл мэндийн даатгалын 4 тусламж үйлчилгээний санхүүжилт 138.2 сая /гүйцэтгэлийн санхүүжилт/, сумын ЗДТГ-аас олгосон тогтмол зардлын санхүүжилт 17.3 сая төгрөгийг тус тус тайлагнасан нь Төсвийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасан эх үүсвэрээс санхүүжсэнийг нотолж байна.

Хууль эрх зүйн актын хувьд: Эрүүл мэндийн сайдын 2021.04.15-ны  өдрийн А/212 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “”Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм”-ийн “Дөрөв. Төвийн санхүүжилт ба тайлагналт” хэсэгт тус төвийн санхүүжилт нь “улсын болон орон нутгийн төсөв, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт ...эх үүсвэрээс бүрдэнэ”, “...Төсвийн тухай хууль түүнийг дагаж гарсан тогтоол, тушаал, шийдвэрийн дагуу санхүүжүүлж, хяналт тавина”, “...санхүүгийн үйл ажиллагаанд аудитын дүгнэлт, зөвлөмж гаргуулсан байна” гэж заасан нь аудит хийх үндэслэлтэй байгаа бөгөөд улсын болон орон нутгийн төсвөөс, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжихээр дүрэмдээ баталсан байна.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх “Энэ хуулийн үйлчлэлд дараах хуулийн этгээд, албан тушаалтан, санхүүжилтийн эх үүсвэр хамаарна” 3.1.6 дахь “улсын болон орон нутгийн төсөв” хамаарахаар заасан нь “Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 4.1-д зааснаар тус төвийн санхүүжилтийн эх үүсвэр нь улсын болон орон нутгийн төсвөөс бүрдэхээр байгаа тул санхүүжилтийн эх үүсвэртэйгээ уялдан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Дээрх нөхцөл байдлаас харахад Э нь: Төрийн аудитын тухай хуулийн 4.1.1-т “төрийн санхүү, төсвийн хяналт” гэж төрийн санхүү, төсөв, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, эргэн төлөгдөх нөхцөлөөр ашиглуулах үйл ажиллагаа, хувьчлал, дуудлага худалдаа, техник, эдийн засгийн үндэслэл, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа, зээллэг, гадаад зээл, тусламж, хандив, санхүүгийн дэмжлэг, өрийн баталгаа, үнэт цаас, бүх төрлийн гэрээ, хэлцэл болон бусад аливаа үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, ашиглалт, зарцуулалт, хэрэгжилт, тайлагнал болон нийтийн өмчтэй холбоотой бүх үйл ажиллагаанд төрийн аудит хийхийг, 6 дугаар зүйлд заасан төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн 6.1-т “Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын дагуу төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллага төрийн аудитын байгууллага байна”, 6.3.1-т “шалгагдагч этгээдэд энэ хуулийн 11,12 дугаар  зүйлд заасны дагуу санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийх”, 8 дугаар зүйлийн 8.2-т “Төрийн аудитын байгууллага төрийн чиг үүргийг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээдийн санхүүгийн тайланд аудит хийж болно” гэж заасны дагуу аудитад хамрагдах нь зайлшгүй байна.

Хоёрдугаарт: Аудитын дүгнэлттэй холбоотой дараах тайлбарыг хүргүүлж байна.

Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газар нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023.08-.01-ний өдрийн “Санхүүгийн тайлангийн аудит хийх байгууллагын жагсаалт, аудит хийх хэлбэр батлах тухай” А/75 дугаар тушаалын дагуу Э өрхийн эрүүл мэндийн төвийн 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудитыг хийж гүйцэтгэсэн.

Э өрхийн эрүүл мэндийн төв нь нэхэмжлэлдээ Төрийн аудитын байгууллагад баримтаа өгөөд шалгуулсан байхад татгалзсан дүгнэлт аргасан нь үндэслэлгүй байна гэжээ. Тус байгууллага нь аудитын дүгнэлтээ ойлгоогүй бөгөөд Төрийн аудитын байгууллагаас бус өөрсдийн үйл ажиллагаанаас шалтгаалан аудитын үйл ажиллагаанд саад учруулан аудитыг эцэслэн дуусгах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэснээс татгалзсан дүгнэлт өгсөн. Татгалзсан дүгнэлтийг өгөхдөө тухайн байгууллагын үйл ажиллагааг шалгаагүй гэсэн утга агуулгыг илэрхийлээгүй болно.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2021.06.18-ны  өдрийн А/70 дугаар тушаалаар баталсан Төрийн аудитын байгууллагын “Санхүүгийн тайлангийн аудитын заавар, аргачлал”-ын дагуу аудитын үйл ажиллагаа нь тодорхой үе шатны хүрээнд /төлөвлөх, гүйцэтгэх, тайлагнах, гэх мэт/ явагддаг бөгөөд тус өрхийн эрүүл мэндийн төв нь гүйцэтгэх үе шатанд аудит хийлгэхээс татгалзсан албан бичиг ирүүлсэн нь санхүүгийн тайлангийн тухай гаргах дүгнэлтийн үндэслэл болсон хангалттай, зохистой аудитын нотолгоог олж авахын тулд аудитын нэмэлт горимуудыг гүйцэтгэх боломжгүй цаг хугацааны хязгаарлалтыг үүсгэж, аудитыг дуусгах боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн нь татгалзсан дүгнэлт өгөх үндэслэл болсон. Татгалзсан дүгнэлт гаргах үндэслэлийг Санхүүгийн тайлангийн заавар, аргачлалын гарын авлагын 43 дугаар хуудаст тодорхойлсон.

Аудитын гүйцэтгэлийн үе шатны ажлыг гүйцэтгэх явцад аудитыг гэрээгээр гүйцэтгэсэн Паудит ХХК нь төрийн аудитын байгууллагаар гүйцэтгэсэн ажлаа хянуулсан ба хянах үйл ажиллагаатай холбоотой тус байгууллагын санхүүгийн баримтаас нотлох баримтыг тулган шалгах шаардлага үүссэнээс санхүүгийн баримтыг 2024.01.30-ны өдөр Төрийн аудитын газарт хүлээн авсан.

Гэтэл Э өрхийн эрүүл мэндийн төв нь баримтыг хүлээн авснаас хойш 1 хоногийн дараа 2024.01.31-ний өдрийн 10 дугаартай албан бичгээр манай байгууллага нь төсвийн байгууллага биш, ЗГБХ нөхөрлөлийн байгууллага /хувийн хэвшлийн байгууллага/ тул төрийн аудитын байгууллага нь санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийх эрхгүй, аудит хийлгэхгүй, аудит хийж дүгнэлт гаргавал дээд газарт нь гомдол гаргана, аудитад хүлээлгэн өгсөн баримтуудаа буцаан авах тухай дурдаж аудит хийлгэхээс татгалзсан утга агуулга бүхий тайлбар ирүүлсэн.

Энэ нь тухайн байгууллага аудит хийлгэхээс өөрийн хүсэлтээр татгалзсаныг нотолж байгаа төдийгүй аудитын үе шатны ажлыг үргэлжлүүлэн хийж дуусгах цаг хугацааны хязгаарлалтыг үүсгэж, аудитад шаардлагатай нотлох баримт материалыг олж авах боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон нь татгалзсан дүгнэлт өгөх үндэслэл болсон.

Тухайн байгууллага нь албан бичгээр тайлбар өгсөн гэсэн үндэслэлээр аудитын байгууллагатай хамтран ажиллаагүй, аудиттай холбоотой улсын хэмжээний нэгдсэн судалгааг гаргаж ирүүлээгүй бөгөөд танай байгууллагад албан бичгээр тайлбар өгсөн тул судалгааг гаргаж өгөхөөс татгалзаж байна гэсэн хариуг 2024.02.22-ны өдрийн ярилцлагын тэмдэглэлээр баталгаажуулан өгсөн.

Тухайн шалгагдагч байгууллагаас ирүүлсэн аудит хийлгэхээс татгалзсан албан бичгийг арга зүйн зөвлөмж чиглэл авахаар харьяа дээд байгууллага болох Үндэсний аудитын газрын Санхүү-Нийцлийн аудитыг газарт 2024.02.02-ны өдрийн 22 дугаартай албан бичгээр хүсэлт гаргасан.

Үндэсний аудитын газрын 2024.02.21-ний өдрийн 06/251 тоот албан бичгээр тус хүсэлтийг хянаад Э нь Төрийн аудитын тухай хуулийн үйлчлэлийн хүрээнд аудитад зайлшгүй хамрагдах шаардлагатай байгууллага мөн болох талаар чиглэл ирүүлсэн.

Иймд Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газар нь Төрийн аудитын тухай хуульд засан чиг үүргийн хүрээнд Э өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн тайлангийн аудитыг хийж гүйцэтгэн аудитын дүгнэлтийг гаргасан нь тухайн байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

“Э” өрхийн эрүүл мэндийн төв өмчлөлийнхөө хувьд нөхөрлөлийн хэлбэртэй үүсгэн байгуулагдсан хэдий ч анх үүсгэн байгуулсан шийдвэр нь өөрөө Засгийн газрын тогтоолтой, Азийн хөгжлийн банкны эзэн, Засгийн газар хоорондын зээлийн эх үүсвэрээр байгуулагдсан байгууллага. Тийм учраас өнөөдрийг хүртэл өмч нь төрийн өмчид шилжээгүй 100 хувь төрийн өмчтэйгөө, орон нутгийн өмчтэйгөө, өмчийн 100 хувийн оролцоотойгоо үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас орон нутгийн өмчлөлийнхөө хувьд төсвийн зохигчийн мэдээ, тайланд нэгтгэгдээд явж байгаа гэдэг утгаараа шалгуулах үндэслэлтэй. Мөн санхүүжилтийн эх үүсвэр нь эрүүл мэндийн даатгалын сан, даатгалын сан нь өөрөө улсын төсөв, орон нутгийн төсөв гээд төсвийн тухай хуулиар зохицуулагдчихсан. Энийг улсын төсвийн хуулиараа заагаад өгчихсөн байгаа учраас төсвийн бүрэлдэхүүн хэсэг нь мөн гэдэг үндэслэл байгаа.

Төсвийн тухай хуулийг дагалдаад зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай хууль байгаа. Энэ хуулийн хамрах хүрээ нь улсын болон орон нутгийн төсөв талаасаа санхүүжилтийн эх үүсвэр талаасаа Төсвийн хэмнэлтийн тухай хуульд хамрагдахаар байгаа. Эдгээр нөхцөл байдал хууль эрх зүй, санхүүжилтийн эх үүсвэр, өмчлөлийн хувьд аваад үзвэл Төрийн аудитын тухай хуулийн 4.1.1 болон 6.8 дугаар зүйлүүдэд заасан чиг үүргийнхээ хүрээнд санхүүгийн тайлангийн аудитад хамрагдана.

Тухайн байгууллагын Даатгалын ерөнхий газартай хийсэн үйлчилгээ үзүүлэх гэрээ, Сүмбэр сумын Засаг даргатай хийсэн гэрээн дээрх үзүүлэлтээр манайхыг сайн гээд дүгнэчихсэн байхад аудит муу гэсэн дүгнэлт өгөөд байна гэсэн агуулга нэхэмжлэлийн шаардлагад харагдаад байгаа. Энэ нь тухайн байгууллага, түүний үндсэн чиг үүргийн хүрээнд тодорхой эмнэлгийнхээ стандартын шалгуур үзүүлэлтүүдийг тавиад дүгнэчихсэн гэрээнүүд байгаа. Санхүү талаасаа дүгнэгдээгүй. Санхүү талаасаа зөвхөн Сүмбэр сумын гуравласан гэрээн дээр байсан. Байхдаа тэднийх гэрээгээ дүгнэхдээ тухайн жил дуусаагүй байхад гэрээг 12 сард дүгнэчихсэн. Хугацааны хувьд тухайн жилийн ажлыг өмнөх оны ажлаар дүгнээд явчихсан. Санхүүгийн үйл ажиллагааг мэргэжлийн байгууллага хийнэ гэдгийг төрийн аудитын тухай хууль, үндсэн хуулиараа заагаад өгчихсөн учраас бид аудитыг хийсэн.  

Аливаа байгууллагын үйл ажиллагаа явуулахын тулд мөн оршин тогтнох үндэс нь өөрөө төсөв санхүүгийнхээ сахилга батыг хангаж ажиллаж байж оршин тогтноно. Тэгэхээр дотоод журам гэдэг баримт бичиг тухайн байгууллагад үндсэн барих баримт бичиг байж байгаа. Тэр журам дээрээ бэлэг сэлт өгнө, сугалаа явуулаад янз бүрийн уралдаан тэмцээн зохиогоод эсвэл санхүүжилт мөнгөө зарцуулаад байна гэсэн заалт байхгүй байсан. Энэ нь өөрөө зөрчил гэж харагдаад байгаа тул тэр утгаар зөрчил шүү гэдэг агуулгыг гаргаж өгсөн.

Тендерийн хуулийн үйлчлэх хүрээг харахаар улсын болон орон нутгийн төсөв хамаарна гэсэн. Энэ байгууллагын авч байгаа мөнгө нь өөрөө улсын болон орон нутгийн төсвийн эх үүсвэр байгаа гэдэг агуулгаар нь тендерийн хуульд хамаарна гээд заалтуудыг тавьсан.

Аудит хийж байснаа гэнэт хийгээгүй гэдэг дүгнэлт гаргачихлаа гэсэн асуултыг тавьж байна. Аудитын дүгнэлт дээр огт аудит хийгээгүй гэж яриагүй. Үндэсний аудитын газраас сонгон шалгаруулалтаар ирсэн компанитай гуравласан гэрээ байгуулаад аудитын үйл ажиллагааны процесс эхлээд явж байсан. Аудит өөрөө тодорхой үе шаттай,  заавар журмын дагуу хийгддэг аргачлал журмаараа явдаг. Аудитын гүйцэтгэлийн үе шатны ажлын үед тухайн байгууллага өөрөө аудит хийлгэхээс татгалзаж байна гээд албан бичиг ирүүлсэн учраас баримтад дахиж шалгалт хийхгүйгээр үйл ажиллагаа зогссон нь татгалзах үндэслэлийн нэг нь  болсон. Шалгагдагч байгууллага өөрөө аудитын үйл ажиллагаанд саад учруулаад аудитын дундаас процесс, үйл ажиллагаа дуусаагүй байхад эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад аудит хийлгэхээс татгалзсан.

Татгалзах болсон шалтгаануудаа дүгнэлтэд дурдсан. Татгалзсан дүгнэлт дээр хангалттай зохистой нотлох баталгаанаас гадна материаллаг байдлын түвшин буюу материаллаг байдал нь өргөн тархсан байна уу гэсэн асуудал гарч байгаа. Тэрэнтэйгээ холбоотой тархсан байна гэдэг нь энэ зөрчлүүдийн нийт дүнгээр бид нарт дүн шинжилгээ дээр харагдаж байгаа. Яагаад гэвэл тухайн байгууллагад аудит хийхдээ тухайн байгууллага дээр алдааны түвшинг стандартаараа тогтоодог. Нийтдээ танай санхүүгийн тайланг шалгахад ийм материаллаг алдааны түвшин тогтоолоо. Энэ алдааны түвшнээсээ дээшээ байвал өөрчлөлттэй, өөрчлөлтүүд сөрөг байх юм уу, хязгаарлалттай байх юм уу, татгалзах юм уу гээд материаллаг байдал нь өргөн боловч тархаагүй тархсан гэдгээрээ хязгаарлалттай байгаа. Стандарт нь үндэслэл дээрээ тэр агуулгаараа зайлшгүй бичигдэх шаардлагатай болчхож байгаа юм. Огт шалгалгүйгээр татгалзсан дүгнэлт өгсөн гэсэн асуудал биш. Бид нарт хангалттай баримт нотолгоо нь ирээгүй. Аудитын хуулиар заасан дүгнэлт гарах хугацаа тулсан учраас зайлшгүй стандарт журамдаа заасан дүгнэлтээ хүргүүлэхээс өөр эцсийн шийдэл байгаагүй. Тийм учраас татгалзсан дүгнэлтийг хүргэсэн.

Төлөвлөгөөнөөсөө эхлээд л танилцуулаагүй, эрхийг нь зөрчжээ гээд байгаа дээр санал нийлэхгүй. Төрийн аудитын тухай хуулийн 41.1 дээр  аудитын төрлөө танилцуулна мөн аудит хийх хамрах хүрээ, хугацаа, талуудын эрх үүрэг гээд энэ бүгд танилцуулагдсан. Санхүүгийн тайлангийн аудитын нээлт хийгээд тэр дээр бүх юмнуудаа танилцуулсан. 2 дугаарт энэ нь өөрөө хуульд заагдсан хуульчлагдсан аудит. Жил болгон хийлгэх үүрэгтэй нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиа аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдөө санхүү тайлангаа гаргаад тайлагнаад, тодорхой харьяа газартаа нэгтгүүлээд явах чиг үүрэг нь байж байгаа. Тэгэхээр энэ санхүүгийн тайлан гаргаж, хяналт шалгалтаа хийлгэх нь хуулиар хүлээчихсэн үүргүүд байгаа учраас би шалгуулах гэж байна гэдгээ мэдэхгүй аудитад оролцохгүй. 3 дугаарт хувийн аудитын компанитай гэрээ байгуулаад тэр гэрээн дээр угаасаа талуудын бүх үүрэг хариуцлагыг хэлчихсэн. Тэгэхээр өөрийнхөө шалгах гэж байгаа аргаа шалгагдагч байгууллагынхаа шалгуулах гэж байгаа хүндээ энийг чинь шалгана шүү гэж үзүүлнэ гэдэг нь өөрөө логикийн хувьд боломжгүй асуудал учраас санхүүгийн тайлангийн аудитын төлөвлөгөө чинь өөрөө манай аудитын төлөвлөх үе шатанд байгаа ажлын баримт юм. Тийм учраас эрх ашиг зөрчөөд танилцуулахгүй шууд аудит хийсэн гэсэн асуудал байхгүй, гаргасан дүгнэлтээ үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

2.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн зүгээс Төрийн аудитын газар нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар дүгнэлт гаргасан гэж тайлбарладаг. Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д төрийн санхүү, төсвийн хяналт гэж төрийн санхүү, төсөв, хөрөнгө оруулалт, тусламж, хандив, санхүүгийн дэмжлэг, бүх төрлийн гэрээ хэлцэл болон бусад аливаа үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, ашиглалт, зарцуулалт, хэрэгжилт, тайлагнал болон нийтийн өмчтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг төрийн аудит гэнэ гээд маш тодорхой дурдаад өгчихсөн байгаа. Дээрээс нь Төрийн аудитын тухай хуулийн 4.1.4-т шалгагдагч этгээд буюу аудитад ямар этгээд хамаарах талаар тодорхойлчихсон. Үүнд нь шалгагдагч этгээд гэж төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн чиг үүргийг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд болон хуульд заасны дагуу төрийн аудит хийх аливаа этгээдийг хэлнэ гээд заачихсан. Мөн дээрээс нь төсвийн тухай хуулийн 3.1-т энэ хуулийн төсвийн байгууллага, түүний албан тушаалтан засгийн газрын болон орон нутгийн тусгай сан, төрийн болон орон нутгийн чиг үүрэгт хамаарах ажил үйлчилгээг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг болон хууль тогтоомжийн дагуу төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг хүлээдэг төрийн болон орон нутгийн өмчит эдгээрийн оролцоотой хуулийн этгээд хамаарна гэсэн байгаа. Юугаараа хамаараад байна гэхээр өрхийн эрүүл мэндийн төв өөрөө төрийн чиг үүргийг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлээд байгаа байгууллага биш юм уу?  Дээрээс нь Төсвийн тухай хуулийн 4.1.34, 4.1.39-д төрийн чиг үүрэгт хамаарах ажил үйлчилгээг гүйцэтгэгч гэж төрийн чиг үүрэгт хамаарах ажил үйлчилгээг гэрээний дагуу гүйцэтгэж, тухайн ажил үйлчилгээний чанар, тоо хэмжээ, хүрэх үр дүнгийн талаарх хариуцлагыг бие даан хүлээх этгээдийг хэлнэ гээд заачихсан. Тэгэхээр төсвийн тухай хуульд энэ байгууллага хамаарна гэдгийг эдгээр заалтаас харж болно.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 75 дугаартай тушаалаар төрийн аудитын байгууллагаас 2023-2024 онд санхүүгийн тайлангийн аудит хийх хураангуй жагсаалт, шалгагдагч байгууллагын тоо, аудит хийх хэлбэрийг хавсралтаар баталсан. Харин Ерөнхий аудиторын орлогч Наранчимэгийн баталсан нь хураангуй жагсаалтыг дэлгэрэнгүй байгууллага бүрээр нь  гаргачихсан задгай хэлбэр. Тэгэхээр хураангуй дээр баталчихсан, Говьсүмбэр аймаг дээр нийт 23 байгууллага дотор “Энх тус дэм” өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүгийн үйл ажиллагаанд санал дүгнэлт гаргана гээд 16 дээр нь заачихсан байгаа.

 

Монгол Улсын Ерөнхий аудиторын А66 дугаар тушаалаар батлагдсан санхүүгийн тайланд аудит хийх журам, санхүүгийн тайлангийн аудитын зарчмыг гаргаж өгсөн. Энэ нь олон улсын стандартаараа өөрөө нэр томьёо нь энгийн хүнд ойлгомжгүй байж магадгүй, бид нар дотооддоо баримталдаг. Энэ стандарт, дүрэм журмаа баримтлаад үүний дагуу санхүүгийн тайлангийн аудит хийгээд явж байгаа. стандартын 63 дээр аудитор нь олж авсан аудитын нотолгоонд үндэслэн мөн санхүүгийн тайлан бүхэлдээ материаллаг буруу илэрхийллийг агуулсан эсхүл санал дүгнэлт гаргах хангалттай зохистой аудитын нотолгоо олж авах боломжгүй байсан гэж үзвэл татгалзсан дүгнэлтийг өгнө гээд заачихсан байдаг.

Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйл дээр хуулийн нэр томьёоны тодорхойлолтууд байж байгаа. Энэ дээрээс би төрийн санхүү, төсвийн хяналт гэж юу юм бэ? шалгагдагч этгээд гэж яг хэн юм бэ? гэдгийг хуулиараа томьёолоод өгсөн. 6 дугаар зүйлд төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийг заагаад өгчихсөн. Энийг яагаад би хэлсэн бэ? гэхээр аудит хийх хууль эрх зүйн үндэслэл нь энэ хуулиар тодорхойлсон эрх. 7 дугаар зүйл дээр төрийн аудитын төрөл хэлбэрийг, 8 дугаар зүйл дээр санхүүгийн тайлангийн аудит, гүйцэтгэлийн, нийцлийн гээд 3 хуваасныг тайлбарлаад байна.

Танай байгууллага төсөвт байгууллагын  ангилалд нь хамаарч байна. Тэр байтугай төсвийн шууд захирагчийн ангилалд бид нар хамааруулаад аудит хийгдчихсэн асуудал байж байгаа. Эрүүл мэндийн газар сумын Засаг даргатай байгуулсан гуравласан гэрээн дээрээс харахаар төвийн захирагчийн эдлэх эрхийг хүлээх үүрэгтэй нь заагаад өгчихсөн. Жишээлбэл, Хамтран ажиллах гэрээний 4.1.1 дээр төвийн даргынх нь эрх, үүрэг дээр Эрүүл мэндийн тухай хууль, Төсвийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм журамд заасан эрх үүргийг хүлээж ажиллана. Төсөв санхүүгийн холбогдох хууль, дүрэм журамд заасан журмыг чанд сахиад төрийн санхүү хөрөнгийг оновчтой зарцуулж нийтэд ил тод мэдээлнэ. Батлагдсан төсвийг гэрээний дагуу захиран зарцуулна гээд холбогдох бүх заалтууд байгаа.

Сонсох ажиллагааны тухайд гэвэл аудитын төлөвлөгөөг танилцуулах чинь нэг өөр асуудал. Захиргааны ерөнхий хуулийн сонсох ажиллагаа хийх, төрийн аудитын тухай хуульд тусгагдсан мэдэгдэх, сонсох ажиллагаа яг адилхан. Тухайн этгээдийн эрх, ашиг хөндөгдөх тохиолдолд бид нар сонсох ажиллагааг хийдэг. Бусдаар аудитын төлөвлөгөө батлагдах болгонд аудитын төлөвлөгөөгөө танайд танилцуулна гээд сонсох ажиллагааны мэдэгдэл, тэмдэглэл хийгээд явдаг ажиллагаа биш.

Төрийн аудитын байгууллага нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байгууллагын хувьд гаргаж байгаа үйл ажиллагаа, шийдвэр нэг байх ёстой. Тийм ч учраас улсын хэмжээнд өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаанд хийгдэж байгаа санхүүгийн аудит ганцхан энэ байгууллагын хувьд хийгдээд байгаа асуудал биш. Бүхий л сум, дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд санхүүгийн аудит хийгдээд явж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэдэг хариуцагчийн тайлбараа дэмжиж оролцож байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3. Шүүх хуралдаанаар төрийн аудитын байгууллагын шийдвэртэй холбоотой маргаан хянан хэлэлцэгдсэн ба, шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

4. Хариуцагч Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газар (цаашид “Төрийн аудитын газар” гэх) нь, тус аймгийн хэмжээнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий “Э” ЗГБХ-нөхөрлөл  (цаашид “Э” гэх)-ийн 2023 оны санхүүгийн тайланд аудит хийж, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 13 дугаартай “Татгалзсан дүгнэлт” (хх-ийн 9-12 дах тал)-ийг гаргажээ.

5. Нэхэмжлэгч “Э”-өөс, Төрийн аудитын газрын энэхүү дүгнэлтийг эс зөвшөөрч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг “... манай төв нь төсвийн байгууллага бус хувийн хэвшлийн хуулийн этгээд, ... аудитаа өөрөө сонгох эрхтэй учир төрийн аудитад хамрагдахгүй, ... төвийн дарга нь төсвийн захирагч биш, Төсвийн тухай, Төрийн хэмнэлтийн тухай, Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн гэсэн нь  үндэслэлгүй” гэх агуулгаар,

6. Хариуцагч Төрийн аудитын газар нь, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...өрхийн эрүүл мэндийн төв нь хувийн хэвшлийн байгууллага боловч ”Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм”-д санхүүжилтийн эх үүсвэр нь улсын болон орон нутгийн төсвөөс бүрдэхээр, санхүүгийн үйл ажиллагаандаа аудитын дүгнэлт, зөвлөмж гаргуулсан байна, Төсвийн тухай хууль түүнийг дагаж гарсан тогтоол, тушаал, шийдвэрийн дагуу санхүүжүүлж, хяналт тавина гэх зэргээр заасан нь аудит хийх үндэслэлтэй, ...санхүүжилтийн эх үүсвэртэйгээ уялдан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн үйлчлэлд хамаарна, аудит хийлгэхээс татгалзсан бөгөөд шаардлагатай судалгааг гаргаж ирүүлээгүй“ гэх зэргээр маргана.

 

7. Маргаан бүхий захиргааны акт болох Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай “Татгалзсан дүгнэлт”-д “Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1, 8 дугаар зүйлийн 8.1, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1-д заасны дагуу тус аймгийн Сүмбэр сумын Эийн 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө, өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайлан, тодруулга тайлангуудад аудит хийхээр байсан ч дүгнэлтийн үндэслэл хэсэгт тайлбарласан зүйлсийн мэдэгдэхүйц нөлөөллийн улмаас санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөд хангалттай бөгөөд зохистой нотолгоо олж авах боломжгүй байна. Эийн 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх санхүүгийн тайлан, тодруулга тайлангуудад дүгнэлт өгөхгүй” хэмээн дурдаж,

Улмаар дүгнэлтийн үндэслэл хэсэгтээ:  Байгууллагын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Эрүүл мэндийн газрын дарга, Сүмбэр сумын Засаг даргатай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний биелэлт, гэрээний шалгуур үзүүлэлтийн дагуу 89.7 хувиар дүгнэгдсэн байна. Гэвч тус үнэлгээний зарим үзүүлэлтийг тулгахад 21.1 дэх “Төсвийн тухай хууль болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах” гэсэн үзүүлэлтийн хэрэгжилтэд авбал зохих 5 онооноос 5 оноогоор дүгнэж, төсөв, санхүүгийн үйл ажиллагааг 100% гэж үнэлсэн нь бодит байдлаас  зөрүүтэй байна.

Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасны дагуу удирдлагаас дотоод хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлээгүйгээс тухайн байгууллагын санхүүгийн сахилга бат сул, санхүүгийн үйл ажиллагаанд тавих дотоод хяналтын тогтолцоо алдагдсан, хяналт байхгүй байна. 

Дүгнэлт өгөхөөс татгалзсан үндэслэлүүд:

1.”Э”-ийн 2024.01.31-ний өдрийн 10 дугаар албан бичгээр ирүүлсэн аудит хийлгэхээс татгалзсан тайлбар,

2. Аудит шаардлагатай судалгааг гаргаж ирүүлээгүй, гаргаж өгөхөөс татгалзсан тайлбар,

3. Тус байгууллага нь Төсвийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан Монгол Улсын нэгдсэн төсвийн бүрэлдэхүүн хэсэг болох Эрүүл мэндийн даатгалын сангаас 848,691.3 мянган төгрөгийн санхүүжилт авч захиран зарцуулсан боловч Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хуулиудыг огт мөрдөөгүй, зөвхөн нөхөрлөлийн гишүүдийн шийдвэрийн дагуу санхүүжилтээр авсан орлогыг үр ашиггүй, арвилан хэмнэлтгүй захиран зарцуулсан байна.

4. Тухайн байгууллагын нийт цалингийн зардал 696,592.9 мянган төгрөг бөгөөд нөхөрлөлийн 10 гишүүн нь нийт цалингийн зардлын 51.9 хувь буюу нийт 361,779.1 мянган төгрөгийг цалин болон урамшуулал, ашиг хуваах хэлбэрээр авсан. Нөхөрлөлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт нөхөрлөлийн гишүүд нөхөрлөлийн үүргийг оруулсан хөрөнгийн хэмжээгээр хариуцахаар зохицуулсан байхад нөхөрлөлийн гишүүд оруулсан хөрөнгийн хэмжээг хэтрүүлэн урамшуулал авсан нь Нөхөрлөлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийг зөрчсөн.

5. 2022 онд 144,230.3 мянган төгрөгийн ашигтай ажилласан байхад ашгаас 2023 онд 159,799.7 мянган төгрөгийн урамшуулал ногдол ашиг хуваарилсан нь тайлант 2023 онд 122,629.1 мянган төгрөгийн алдагдалтай ажиллахад нөлөөлсөн байна. Нөхөрлөлийн хуулийн дагуу ашгаа хуваасан гэх боловч алдагдлаа хуваарилаагүй.

6. Тайлант оны нийт цалингийн зардал нь 695,592.1 мянган төгрөг бөгөөд тус зардлын 23.0 хувь буюу 159,799.7 мянган төгрөгийн урамшуулал олгосон.

02 сарын 09: Гүйцэтгэлийн санхүүжилтийн нэмэгдэл 12,325.0

02 сарын 17: Ногдол ашиг 25,150.0

07 сарын 25: Үр дүнгийн урамшуулал 19,840.1

11 сарын 30: Үр дүнгийн урамшуулал 31,435.0

12 сарын 20: Гүйцэтгэлийн санхүүжилтийн нэмэгдэл 46,300.0

12 сарын 28: Засгийн газрын 52 дугаар хурлын тэмдэглэлээр урамшуулал олгосон 24,749.7,

Засгийн газрын  12 дугаар сарын 28-ны өдрийн 52 дугаар хуралдааны тэмдэглэл нь Төсвийн тухай хуулийн 46.3.2-т заасны дагуу гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн зарчмаар санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагаас бусад байгууллагын цалингийн сангийн хэмнэлтээс ажилтны ажлын үр дүнг нь харгалзан үзэж нэг сарын цалингийн 100 хүртэл хувиар тооцож урамшуулах нь зүйтэй гэж үзэж урамшуулал олгох тэмдэглэл гарсан. Гэвч тус байгууллага нь Төсвийн тухай хуулийг мөрдөн ажилладаггүй гэх боловч Засгийн газрын тогтоолын төсөл үндэслэн нөхөрлөлийн гишүүдийн хурлаар хамтын шийдвэр гаргаж, урамшуулалд хавтгайруулан 24,749.7 мянган төгрөгийн урамшуулал давхардуулан олгосон.

Байгууллагын удирдлага, нөхөрлөлийн гишүүд эрх мэдлээ хэтрүүлэн гучин хоёр ажилтанд 31,485.0 мянган төгрөгийн хууль, журамд заагаагүй, эрх зүйн актаар зохицуулагдаагүй, харьцаа хандлагын нэмэгдэл гэсэн нэртэй нэмэгдлийг сар бүр олгосон.

7. Байгууллагын ажилчдын хүүхдүүдэд бэлэг, шинэ жилийн арга хэмжээнд сугалаа явуулж бэлэг өгөх зэргээр нийт 2,683.0 мянган төгрөгийн зардал гаргасан.

8. Зургаан ажилтанд томилолттой байх хугацааны хоолны 125.0 мянган төгрөгийн зардлыг давхардуулан олгосон.

9. Эм, эмнэлгийн хэрэгслийг тендер зарлаагүй 71,497.8 мянган төгрөгийн гэрээ байгуулан шууд худалдан авалт хийсэн.

Эдгээр зөрчлүүд нь Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нөхөрлөлийн тухай хуулийг тус тус зөрчсөн бөгөөд санхүүгийн тайлангийн аудитын толилуулга, нийцсэн бөгөөд зохистой байх гэсэн батламж мэдэгдлүүдийг хангаагүй” гэжээ.  /1-Хавтаст хэргийн 10-12 дахь тал/

 

          8. Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна”, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/212 дугаар тушаалаар батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 1.1-д “Өрхийн эрүүл мэндийн төв нь ... хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх чиг үүрэг бүхий, ..: хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна”, 1.3-т “Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх өрхийн эрүүл мэндийн төвийн баг нь нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдсан хуулийн этгээд байна” хэмээн тус тус заасан болон хэрэгт авагдсан 3221002014 дугаартай “Улсын бүртгэлийн гэрчилгээ”, ЭУ-16/06/04 дугаартай “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл” /хавтаст хэргийн 7-8 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан холбогдох бусад нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Э нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын хэмжээнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх чиг үүрэг бүхий нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдсан хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага мөн байх бөгөөд хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй, харин тус хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага нь төрийн аудитад хамрагдах эсэх улмаар Төсвийн тухай болон Төрийн хэмнэлтийн тухай хуулиудын үйлчлэлд хамаарах этгээд мөн эсэх асуудлаар маргасан болно.

 

9. Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Төрийн аудитын байгууллага Төсвийн тухай хуульд заасны дагуу улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн байгууллага, төсөв захирагчийн жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан, санхүүгийн нэгтгэсэн тайлан, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдийн жилийн санхүүгийн тайланд аудит хийнэ” хэмээн заажээ.

 

10. Эрүүл мэндийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/212 дугаар тушаалаар батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 4.1-д “Төвийн санхүүжилт нь улсын болон орон нутгийн төсөв, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, ...бусад эх үүсвэрээс бүрдэнэ”, 4.2-т “Төвийг Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Төсвийн тухай хууль, түүнийг дагаж гарсан тогтоол, тушаал, шийдвэрийн дагуу санхүүжүүлж, хяналт тавина”, Төсвийн тухай хуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.51-д “эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв” гэж Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу бүрдүүлж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу зарцуулах, тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг.” ойлгохоор, 21 дүгээр зүйлийн 21.1-т “Монгол Улсын нэгдсэн төсөв нь улсын төсөв, орон нутгийн төсөв, … Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвөөс бүрдэнэ” хэмээн тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч өрхийн эрүүл мэндийн төв нь Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар аудитад заавал хамрагдах Монгол Улсын нэгдсэн төсвийн бүрэлдэхүүн Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвөө санхүүжилт авч буй этгээд байх боловч тэрээр төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх чиг үүрэг бүхий хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага болохын хувьд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан “Төрийн аудитын байгууллага төрийн чиг үүргийг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээдийн санхүүгийн тайланд аудит хийж болно" гэх нарийвчилсан зохицуулалтын хүрээнд санхүүгийн тайлангийн аудитад хамрагдаж болох хувийн хэвшлийн хуулийн этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч төрийн аудитын байгууллага нь нэхэмжлэгч Эийн санхүүгийн тайланд улсын нэгдсэн төсвийн бүрэлдэхүүнээс санхүүжиж байгаатай нь холбогдуулан заавал аудит хийх бус, төрийн чиг үүргийг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж буй хуулийн этгээдийнх нь хувьд санхүүгийн тайлангийн аудит хийж болох бөгөөд энэ нь Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Төрийн аудитын байгууллагын бүрэн эрх, … үйл ажиллагааны журмыг зөвхөн энэ хуулиар тогтоох …” гэж заасантай болон Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 4.4-т “Төв нь өөрийн санхүүгийн үйл ажиллагаанд аудитын дүгнэлт, зөвлөмж гаргуулсан байна” гэсэнтэй нийцнэ.

 

11. Харин хариуцагчийн, Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлд аудит хийх үйл ажиллагаа нь:

Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8-д “Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн аудитын тайланд Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн аудитын үр дүнг төсвийн ерөнхийлөн захирагчийн хүрэх үр дүнгийн үзүүлэлттэй харьцуулан тусгана”, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1-д “Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг…”, 21 дүгээр зүйлийн 21.6-д “Эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалтын тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлт гаргана”, Төсвийн тухай хуулийн 16.4-т “Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна: 16.4.5.агентлагийн дарга тус агентлагийн төсвийн;” гэж, улмаар мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1-д “төсвийн шууд захирагч … жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 25-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн санхүүгийн тайланг 02 дугаар сарын 25-ны дотор харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлэх;” талаарх зохицуулалтын хүрээнд хийгдэхээр байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “…Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйл дээр аудитад хамрагдах шалгагдагч байгууллагуудыг заачихсан,  хуулийн агуулгыг харахаар энэ дурдаад байгаа төсвийн ерөнхийлөн захирагч, төвлөрүүлэн захирагч, шууд захирагч, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүд аудитад заавал хамрагдахаар, харин хууль болон гэрээний үндсэн дээр төрийн чиг үүргийг шилжүүлэн авсан этгээдийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланд аудит хийж болно гэж байгаа. Хуульд, заавал шалгагдах байгууллагын тоонд энэ 4-өөс өөр субъект байхгүй. Гэтэл гэрээгээр төрийн чиг үүргийг шилжүүлж авсан этгээд буюу шаардлагатай тохиолдолд тусгайлсан удирдамжаар аудитад хамрагдах зохицуулалттай хувийн хэвшлийн байгууллагыг заавал аудитад хамрагдах ёстой гээд шалгаад явчихсан. Энийгээ ялгаж салгаагүй ... гэх” тайлбарыг үгүйсгэх боломжгүй  байна.

 

12. Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүгийн тайланд төрийн аудит хийхийг хуулиар хориглоогүй байх боловч хариуцагч Төрийн аудитын байгууллага нь тус хуулийн этгээдийг төрийн аудитад заавал хамрагдах төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдтэй түүнчлэн төвийн удирдлагыг төсвийн захирагчтай шууд адилтган үзсэн нь төрийн аудитад баримталбал зохих хууль дээдлэх, шударга ёсыг хангах, бодитой байх зарчимд нийцээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

13. Төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хууль нь … төрийн болон орон нутгийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг … хуулийн этгээдэд хамаарна” гээд, 4 дүгээр зүйлийн 4.1.34-т "төсвийн байгууллага" гэж баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг; 4.1.39-д “төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг гүйцэтгэгч” гэж төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг гэрээний дагуу гүйцэтгэж, тухайн ажил, үйлчилгээний чанар, тоо хэмжээ, хүрэх үр дүнгийн талаарх хариуцлагыг бие даан хүлээх этгээдийг;” ойлгохоор тус тус тодорхойлжээ.

 

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд нэхэмжлэгч Э нь төсвийн байгууллага биш байх боловч хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх чиг үүрэг бүхий хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага (нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдсан хуулийн этгээд) болохын хувьд Төсвийн тухай хуулийн үйлчлэлд хамаарахаар байна.

 

14. Харин Төрийн хэмнэлтийн тухай хуулийн үйлчлэлд хамаарах эсэх асуудлаар дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д ”Энэ хуулийн зорилт нь төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуулийн үйлчлэлд дараах хуулийн этгээд, албан тушаалтан, санхүүжилтийн эх үүсвэр хамаарна: 3.1.6.улсын болон орон нутгийн төсөв; хэмээн заажээ.

“Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм-ийн 4.1-д “Төвийн санхүүжилт нь улсын болон орон нутгийн төсөв, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, аж ахуйн нэгж байгууллага, хамт олон, иргэний хандив, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ” хэмээн заасан байх боловч хэрэгт авагдсан, Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газар, тус аймгийн Сүмбэр сумын Засаг, нэхэмжлэгч Эийн хооронд 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан “Эрүүл мэндийн газар, Сүмбэр сумын Засаг,  Өрхийн эрүүл мэндийн төвтэй 2023 онд хамтран ажиллах гэрээ” болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эийн хооронд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ”-ний холбогдох заалтуудаас үзэхэд нэхэмжлэгч өрхийн эрүүл мэндийн төв нь эрүүл мэндийн даатгалын сангийн төсвөөс болон орон нутгийн төсвөөс санхүүждэг болох нь тогтоогдож байна.

 

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “улсын төсөв” гэж Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газар болон улсын төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг; 4.1.51-д “эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв” гэж Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу бүрдүүлж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу зарцуулах, тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг” ойлгохоор тус тус зааснаас үзэхэд эдгээр төсвүүд нь хэдийгээр Улсын Их Хурлаас баталсан ч  бүрдүүлэлтийн хувьд ялгаатай өөр ойлголтууд байх тул энэ тохиолдолд нэхэмжлэгч өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтийн “эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв”-т хамаарах хэсэг нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй, харин тус төвийн тогтмол зардал гэх мэтийг санхүүжүүлж буй орон нутгийн төсөв нь тус хуулийн үйлчлэлд  хамаарахаар байхад хариуцагчийн зүгээс тухайн байгууллагын үйл ажиллагаа, эрх зүйн байдлын онцлог, хуулийн зохицуулалтын ялгамжтай байдал зэргийг харгалзахгүйгээр, Төсвийн тухай хуулийг дагалдаад зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай хууль байгаа. Энэ хуулийн хамрах хүрээ нь улсын болон орон нутгийн төсөв талаасаа санхүүжилтийн эх үүсвэр талаасаа Төсвийн хэмнэлтийн тухай хуульд хамрагдахаар байгаа” гэх тайлбарыг гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

15. Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Төрийн аудитын байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 6.3.1.шалгагдагч этгээдэд энэ хуулийн 11, 12 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийх;” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “шалгагдагч этгээд" гэж төсвийн байгууллага, тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн чиг үүргийг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд болон хуульд заасны дагуу төрийн аудит хийгдэх аливаа этгээдийг; 4.1.8-д "санхүүгийн тайлангийн аудит" гэж шалгагдагч этгээд санхүүгийн тайлангаа холбогдох хууль тогтоомж, стандарт, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн актын шаардлагад нийцүүлэн үнэн зөв, шударгаар тайлагнасан эсэхэд аудит хийж баталгаажуулахыг; тус тус ойлгохоор заажээ.

 

16. Мөн дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1д “Төрийн аудитын байгууллага чиг үүргээ гүйцэтгэхдээ Аудитын Дээд Байгууллагуудын Олон Улсын байгууллагаас хүлээн зөвшөөрсөн төрийн аудитын олон улсын стандартад нийцүүлэн эрх бүхий этгээдээс баталсан стандартыг баримтална” гэж, Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/66 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан ”Санхүүгийн аудитын зарчим” стандартын 64)-т Аудитор нь дараах гурван төрлийн өөрчлөлттэй санал дүгнэлтийг гаргаж болно: ... татгалзсан санал дүгнэлт – тодорхойгүй байдал болон хамрах хүрээний хязгаарлалтаас шалтгаалж аудитор хангалттай, зохистой аудитын нотолгоог олж авах боломжгүй, энэ нь материаллаг бөгөөд өргөн тархсан үед” гаргана хэмээн тогтоосон байна.

 

17. Хариуцагч Төрийн аудитын газар нь нэхэмжлэгчийн 2023 оны санхүүгийн тайланд аудит хийж баталгаажуулах зорилготойгоор тухайн аудитыг хийсэн байх боловч нэхэмжлэгчээс аудитын гүйцэтгэлийн үе шатанд буюу 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 тоот “…төв нь төсвийн байгууллага биш хувийн хэвшлийн байгууллага учир санхүүгийн үйл ажиллагааны гүйцэтгэлд төрийн аудитын байгууллага аудит хийх хууль зүйн үндэслэлгүй …, санхүүгийн баримтуудаа буцааж авах хүсэлтэй …” гэх агуулга бүхий албан бичгийг хүргүүлснээр хариуцагч Төрийн аудитын газраас маргаан бүхий захиргааны акт болох 13 дугаартай Татгалзсан дүгнэлтийг гаргажээ.

 

18. Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан, … нь тухайн албан хаагчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болох”-оор заасан байх боловч тус дүгнэлтийн “дүгнэлт өгөхөөс татгалзсан үндэслэлүүд” хэсэгт нэхэмжлэгч хуулийн этгээдийг Төсвийн тухай, Нөхөрлөлийн тухай, Төрийн хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийг зөрчсөн хэмээн 7 төрлийн алдаа, зөрчлийн талаар дурдсан байх боловч тус дүгнэлтэд “…Эийн 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх санхүүгийн тайлан, тодруулга тайлангуудад дүгнэлт өгөхгүй” хэмээн дурдсан улмаар тухайн алдаа зөрчлүүдтэй холбогдуулан аудитын тайлангийн салшгүй хэсэг болох албан шаардлага, төлбөрийн акт үйлдээгүй түүнчлэн хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “…татгалзсан дүгнэлтээр зөрчлийг тогтоосон асуудал бус, стандартаар үндэслэл дээрээ зайлшгүй бичих шаардлагатай болчхож байгаа юм. Огт шалгалгүйгээр татгалзсан дүгнэлт өгсөн гэсэн асуудал биш,  Санхүүгийн тайланд бүхэлд нь дүгнэлт өгөхгүй нэгэнт татгалзсан тохиолдолд албан шаардлага, акт гаргах, зөвлөмж өгөх үр дагавар үүсэхгүй, шалгагдагч этгээдээс тайлбар аваад зөрчлүүдийг дахиж шалгаад үндэслэлтэй байвал сөрөг дүгнэлт гарна гэсэн үг” хэмээн дурдаж байгаа зэргээс тус тус дүгнэхэд тухайн татгалзсан дүгнэлтийн улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

    19. Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд хариуцагч төрийн аудитын байгууллагын, нэхэмжлэгч өрхийн мэндийн төвийн санхүүгийн тайланд аудит хийсэн үйл ажиллагаа нь зарим талаар холбогдох хууль, стандартаар тогтоосон журамд нийцээгүй байх боловч тус байгууллагаас, төрийн санхүү, төсвийн хяналтыг хэрэгжүүлэх хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч хуулийн этгээдийн санхүүгийн тайланд аудит хийснийг нь буруутгах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзэв.

 

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 6.3.1 дэх заалт,  8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.1.39 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Эийн гаргасан “Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай “Татгалзсан дүгнэлт”-ийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.СИЙЛЭГМАА