Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 204/МА2020/00010

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 146/ШШ2020/00013 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Э.Ш-н нэхэмжлэлтэй, хариуцагч эрхлэгчийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн б/07 дугаартай сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгуулж, сахилгын шийтгэл оногдуулсны улмаас 9, 10 дугаар сарын цалингийн 20 хувь 262874 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч Ц.О, нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь багшаар ажиллаж байгаа бөгөөд би 2019 оны 08 дугаар сард ээлжийн амралттай байх хугацаанд тус эрхлэгч Ц.О нь надад үндэслэлгүйгээр цалингийн 20 хувиар 3 сарын хугацаатайгаар сахилгын шийтгэл оногдуулсан. Энэхүү тушаалыг миний бие 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр номын санч Ц-ээс хүлээн авсан. Иймд *** сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн б/07 дугаартай сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгож, сахилгын шийтгэл оногдуулсны улмаас 9,10 сарын цалингийн 20 хувь болох 262.874 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч Э.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шудрага, үнэнч байх бусдад туслах зусарч долигнуур занг тэвчдэггүй долигноход дургүй хүн. Олон хүүхдүүд миний шавь, тэдгээр хүүхдүүдийг ажил амьдралынхаа гараанд хүрэхэд тусалсаар ирсэн жишээ нь дуучин Т, Ч, морин хуурч Ц гэх мэт, алтан медаль авч аймагт түрүүлж байсан 10 гаран дуутай үүний учир аймгийн жуух бичиг зэргээр шагнагдаж байсан. Хүүхэд байхаасаа л урлаг соёлын ажлаар явсан хүн 2009 оноос эхлэн улсад 10 жил ажиллаж, эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа их олон ажлыг хийж гүйцэтгэсэн үүнээс товч дурдвал 2010 онд Өвөрхангай аймгийн бүх сумдуудын урлагын их баяр наадмаар алтан медаль хүртэж 2013 онд Зоригтын нэрэмжит аймгийн уралдаанд үндэсний хөгжмийн уралдаанд мөн алтан медаль. Миний ур чадварын хувьд 6-8 хөгжмийг өөрөө тоглох буюу хөгжмийн сургалт явуулах чадварыг эзэмшсэн. Мөн дуулах, бүжиглэх гэх зэрэг чадварыг эзэмшин өнөөдрийг хүртэл явж байна. Одоо шалтгааныг тайлбарлая. 2009 онд тус соёлын төвд орсон өнөөг хүртэл соёлын төвийн эрхлэгчийг найман удаа солисон байдаг. 2013 онд намайг ажлаас гаргах халах асуудлыг О гэдэг хүн тушаал гаргаж байлаа. Энэ үед би маш их сэтгэл санааны дарамтанд орж байсан. Миний хувьд нэхэмжлэл өгч байсан боловч эхнэр нь өргөдлөө буцаагаад аваач гэж гуйсан учраас би тухайн үед өргөдлөө буцааж авч байсан. Одоо манай соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байгаа Ц.О гэдэг хүн намайг цалингийн 20 хувиар шийтгэсэн. Энэ хүн нь 2019 оны 11 дүгээр сард манай Соёлын төвд эрхлэгчээр томилогдож ирсэн, ажилд томилогдсон ирснээсээ эхлэн ажлын байрны дарамт үзүүлж эвгүй зан авир гаргаж эхэлсэн. Надтай эхэлж харьцсан үеийг товчхон хэлье тухайн үед над руу залгаад мэнд ус байхгүй хэзээ ирэх гэж байна гэсэн. Би тухайн үед хүн нас бараад удаагүй байхад над руу залгаад ажлаас гарах өргөдлөө өгөөрэй гэсэн. Би тухайн үед ажил явдалтай байсан болохоор тэндээс гарч байгаад уурласан нь үнэн. Ажлын хувьд би өөрийнхөө хөрөнгөөр өрөөгөө техникээр тохижуулсан. Надад ямар нэг ажил даалгах бол эрхлэгч байж өөрийн биеэр ажлаа хэлдэггүй хамаагүй хүнээр хэлүүлдэг талаар гэрч О шүүх дээр ирээд мэдүүлэг өгсөн. Энэ хүнтэй ажиллахад их хэцүү хамгийн сүүлд бид 2-ыг арчаагүй юмнууд гэж хэлсэн ингэснээр ажлын хамт олны ашиг сонирхол зөрчигдөж эхэлсэн. Ц гээд манай номын санч надад хэлсэн. Манай эрхлэгч надтай зүй бусаар харьцаж байна, би ажлаас гармаар байна гэж хэлсэн. Ажилчдаа зайл гэж олон удаа хэлэхийг сонссон. Ажлын байрны дарамт үзүүлсэн гэдгийг нь хэлэхэд намайг 20 хувьдаж ажлаас халсан. Энэ хүн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Соёлын өвийн 31, 35 дугаар зүйлийг зөрчин Соёлын төвийн урд хойд талын Соёлын өвд бүртгэлтэй 13-р зууны 84 ширхэг чулууг эрх өгөөгүй байхад хууль зөрчин ачуулсан байдаг. Сумын иргэдийн төлөөлөгчдийн тогтоол нь 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гарсан энэ бол хууль зөрчиж байгаа нэг хэлбэр юм. Үүнийг би хэлэхэд намайг ажлаас халсан Баяр наадам, урлагын их баяр, ямар нэгэн арга хэмжээ дээр өөрийн хувийн техникээр ажлаа хийж байсан урьд орой нь маргааш арга хэмжээ болно гэж хэлсэн. Тодорхой цаг хэлээгүй урд орой нь үйлчлэгч Ц-с маргааш арга хэмжээтэй гэж ярихийг сонссон. Би юмаа авах гээд айлд очоод ирэх хооронд намайг үйл ажиллагаа хоцроосон гээд ажлаас хална гэж байсан. Ажил олгогч удирдлагаас өгсөн шаардлагыг биелүүлдэггүй гэх шалтгаан болон Засаг дарга нараас төлбөр шаардсан гэдэг тэр хүмүүс надад тоног төхөөрөмжөө ачиж ирэхдээ өөрийнхөө машинаар авчирсан гэж шатахууны мөнгө л өгдөг. 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ахмадын баярт бэлдэж байхад ажлаа зохицуулж хэлээгүй байна гээд өөрөө өрөөнд орж ирээд уурлаад намайг ажлаас хална гэж хэлсэн. Би тэгэхээр нь эрхлэгчийн өрөөнд нь ороод уурлаад түлхүүрээ ав гээд шидсэн, намайг түлхүүр шидэхэд гар нь оногдсон гэж би дараа нь мэдсэн. Намайг цагдаад хэлсэн, намайг доромжилсон би бүтэн жилийн турш дарамтанд байсан. Ц.О нь хууль зүйн ёсны шаардлагыг хүлээж авдаггүй, ажилчдаа сэтгэл санааны хүнд дарамтанд оруулдаг. Намайг ажлын байраа орхиж явснаас болоод ажил дээр ямар нэгэн хохирол учраагүй, амралтын өдөр хүртэл би явагддаг арга хэмжээг зохицуулдаг. Манай ажил онцлогтой дандаа үдэш оройгоор илүү цаг сунган ажилладаг. Тиймээс өдөртөө гарч орох юм байдаг. Би ажлаа сайн хийж байсан. 05 дугаар сард чулууг ачсан. Хөгжмийн багшаар ажиллаж байсан намайг ноцтой зөрчил гаргасан гэх шалтгаанаар ажлаас халсан юм. Иймээс халсан шийдвэрийг хүчингүй болгуулж, 2 сарын цалингийн 20 хувь 262 874 төгрөг нэхэмжилнэ гэв.

Хариуцагч Ц.О шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад орж тэнцэн хуулийн дагуу 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эрхлэгчээр томилогдон ажиллаж байна. Тус Соёлын төвийн хөгжлийн багш Э.Ш нь ёс зүйн зөрчил удаа дараа гаргаж, миний биед гэмтэл учруулсан, Энэтхэгийн соёлын өдрүүдийн үйл ажиллагааг 2 цагаар тасалдуулж хариуцлага алдсан үндэслэлээр сахилгын шийтгэлийг оногдуулж үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан болно. Сахилгын шийтгэл оногдуулсан тухай тайлбарыг бичгээр хүргүүлж байна. Үүнд: Ажилд орсон 3 дахь өдрөөс эхлэн хөгжмийн багш Э.Ш нь үндэсний болон аймаг сумын дэд хөтөлбөрийн тайлан хийхээс татгалзан цаасаар ажил хийдэггүй хэмээн үг сөрж хэрүүл үүсгэж эхэлсэн. Улмаар үүрэг даалгавар шаардлагыг үл тоомсорлон эсэргүүцэж хэл амаар доромжлон байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад байнга саад учруулсаар ирсэн. Тухайлбал: Санхүүчдийн баяраар утсаар доромжилсон, 5 дугаар сарын 20-ны өдөр Ерөнхий боловсролын Гүнзгий сургуулийн үйл ажиллагааг зохион байгууллахад саад учруулснаас болж шаардлага тавихад хүлээж авахгүй түлхүүр шидэж маргаан үүсгэн биед гэмтэл учруулан энэ нь зөрчлийн хэрэг үүсгэгдэн арга хэмжээ авагдсан /цагдаагийн дүгнэлтийг хавсаргав/. Энэтхэг, Монголын соёлын хамтарсан үйл ажиллагааны нээлтийг 2 цагаар хожимдуулж, ажлын хариуцлага алдсан. Гадаад дотоодын жуулчид, аймгийн орлогч дарга Б болон албаны хүмүүсийн дэргэд хэл амаар доромжилж ёс зүйгүй үйлдэл гаргасан. Амаар удаа дараа сануулсаар байхад өөртөө дүгнэлт хийж ёс зүйгүй үйлдлээ засч ажиллахын оронд улам эсэргүүцэл илэрхийлж БСШУ-ны сайд Б.Б, Өвөрхангай аймийн боловсрол соёл урлагийн газрын дарга Ж.П-д, Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөл тус тус нэг утга бүхий гомдол хүргүүлж шийдвэрийн хариу хүргүүлсээр байхад дахин Өвөрхангай аймгийн төрийн албаны зөвлөл болон сум дундын цагдаагийн хэлтэст 3 удаа, сум дундын шүүхэд өргөдөл, гомдол гаргаж байгаа нь аймаг сум, байгууллага удирдлагын нэр хүндийг гутаан доромжилж буй ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна. Мөн өргөдөлд 2009 оноос эхлэн тасралтгүй ажилласан гэдэг нь ташаа мэдээлэл болно. Учир нь 2009-2015 он хүртэл тус соёлын төвд ажиллаж байгаад мэргэжлийн боловсролгүй. Хүний диплом хуурамчаар үзүүлж байсан нь нотлогдож өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. 2017 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс тус ажилд түр хугацаагаар томилогдон ажиллаж байгаа болно. Түүний шүүхэд гаргасан амралттай байх хугацаанд сахилгын шийтгэл оногдуулсан гэдэг нь тухайн албан хаагч 7 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн амралтын тушаал гаргаагүй байхад ажлаа таслаад явсан. Амралтын тушаал гаргах гээд нийгмийн даатгалын дэвтрээ авчирч өг гэж утсаар ярихад дэвтэр байхгүй гээд өгөөгүй. Тиймээс тушаал гаргаагүй 8 дугаар сарын 5-ны өдөр хүртэл хүлээсэн. Сахилгын шийтгэлийн тушаалыг 8 дугаар сарын 5-ны өдөр гаргасан боловч 9 сарын цалингаас суутгалыг хийсэн болно. Иймд эрхлэгч миний оногдуулсан сахилгын шийтгэл үндэслэлтэйг нотолж нэхэмжилсэн 262 200 төгрөгийг төлөх боломжгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна... гэжээ.

Хариуцагч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Ш-ийг цалингийн 20 хувьдсан талаараа үндэслэлтэй юм ярина. Миний бие төрийн албаны шалгалтанд орж 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр тэнцэж 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс томилогдон ажиллаж байна. Тус Соёлын төвийн ажилтан Э.Ш нь сахилгын зөрчил удаа дараа гаргаж миний биед гэмтэл, бэртэл учруулж ажлын хариуцлага алдсан. Иймээс дээрх үндэслэлээр цалингийн 20 хувьдсан. Сахилгын шийтгэл оногдуулсан тайлбарыг хэлэхэд хэл амаар доромжилсон, жилийн эцсийн тайлангаа гаргадаггүй. Үйл ажиллагаа болох гэхээр утсаа авдаггүй учраас үйлчлэгчээр хэлүүлдэг байсан. Аймгийн засаг дарга нар ирээд хүлээгээд байхад Э.Ш нь ажилдаа ирэхгүй үйл ажиллагааг хоцроосон. Намайг цагтаа үйл ажиллагаа чинь эхэлсэнгүй гээд Засаг дарга боловсролын газрын хүмүүс загнасан. Миний утсыг Э.Ш нь авдаггүй чи яагаад утсаа авахгүй байгаа юм бэ гэхээр намайг хэл амаар доромжилсон юм. Цагаасаа хоцорч эхэлсэн ч үйл ажиллагаанаас болоод би загнуулж байсан. 05 дугаар сарын 20-ны өдрийн үйл ажиллагаанаас болж маргалдсан. Энэтхэг, Монголын соёлын хамтарсан үйл ажиллагаа эхлэх гэтэл Э.Ш нь цагтаа ирээгүй. Ажлаа хийхгүй албан байгууллага руу янз бүрийн гомдол гаргаад бичиг өгдөг. Цагдаа, боловсролын байгууллага, Төрийн албаны зөвлөл гээд гомдол гаргадаг. Төрийн албаны ёс зүйн дүрэм, дотоод журам зөрчсөн, үйл ажиллагааг 2 цаг хойшлуулсан зэрэг шалтгаанаар сахилгын шийтгэл оногдуулсан. Тухайн үед энэ хүн ажилдаа ирдэггүй байсан зэргийг үндэслэн 3 сарын хугацаагаар цалингийн 20 хувиар хасах сахилгын шийтгэл оногдуулсан. Нийгмийн даатгалын дэвтрээ аваад ир гэхэд надад нийгмийн даатгалын дэвтэр байхгүй би Архангайд явж байна гээд ирээгүй. 8 дугаар сарын 05-ны өдөр байгууллага нэгдсэн журмаар амралтаа авна ирж тушаалаа ав гэсэн чинь ирж авахгүй байсан. Тэгээд 9 дүгээр сарын цалингаас хасагдаж орсон. Хамт ажиллах хугацаанд байнга хэрүүлтэй байдаг. Миний хувьд журмаараа томилогдож ажилдаа орсон гэв.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Шийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Өвөрхангай аймгийн *** сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн б/07 дугаартай сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгохоор, Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.5-д зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сумын Соёлын төвөөс нэхэмжлэгчийн үндсэн цалингийн 2 сарын 20 хувь болох 262 874 /хоёр зуун жаран хоёр мянга найман зуун далан дөрвөн / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж тушаасан 8536 /найман мянган таван зуун гучин зургаан/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 8536 //найман мянган таван зуун гучин зургаан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Ш-т олгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.О давж заалдах гомдолдоо: Миний бие тус байгууллагад ажиллаж байсан хөгжмийн багш Э.Ш-д 2019 оны 08 сарын 05-ны өдрийн Б/07 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Э.Ш нь энэ тушаалыг эс зөвшөөрч Хархорин сум дахь Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Хархорин сум дахь Сум дундын шүүх 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 00013 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Э.Ш нь удирдах албан тушаалтантай зүй бусаар харьцаж өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй эсэргүүцдэг. Ажил үүргээ цаг хугацаанд нь биелүүлэхгүй, төрийн албан хаагчийн ёс зүй, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам зөрчин ажлын цагаар ажлын байран дээрээ байдаггүй гэсэн үндэслэлээр сахилгын арга хэмжээ авсан. Би энэ гаргасан шийдвэрээ үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хариуцагчаас Э.Ш-д хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмыг зөрчсөн гэж байгаа боловч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэл түүнийг нотлох талаарх холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөн Б/07 дугаартай тушаалын үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзсэн байна.

Гэтэл Э.Ш нь удирдах ажилтныхаа үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, эсэргүүцэж байгууллагын дотоод журамдаа захирагдахгүй зөрчил гаргадаг болохыг энэ хэрэгт нотлох баримтаар өгсөн. Үүнд: Ш нь тус байгууллагад тасралтгүй 10 жил ажилласан гэх боловч 2015 онд шалгалтаар өөр хүний мэргэжлийн диплом хуурамчаар нэрийг сольж ашигласан нь баримтаар нотлогдож өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байсан. Үүний баримт болох Соёл Урлагийн Их Сургуулиас ирсэн дүгнэлт болон тухайн үеийн эрхлэгчийн тушаалыг баримт болгон өгсөн болно. 2017 онд түр тушаалтайгаар хөгжмийн багшаар ажилд орсон, одоогоор үндсэн ажилтан болоогүй байдаг. Мөн тушаалын хуулбарыг хавсаргаж өгсөн. Үүрэг даалгавар шаардлагыг үл тоомсорлон эсэргүүцэж хэл амаар доромжлон байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад байнга саад учруулсаар ирсэн. Тухайлбал: 05 дугаар сарын 20-ны өдөр Ерөнхий боловсролын Гүнзгий сургуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад саад учруулснаас болж шаардлага тавихад хүлээж авахгүй түлхүүр шидэж маргаан үүсгэн миний биед гэмтэл учруулан энэ нь зөрчлийн хэрэг үүсгэгдэн арга хэмжээ авагдсан. Прокурорын дүгнэлтээр Зөрчлийн хэрэг болох нь тогтоогдсон дүгнэлтийг хавсаргаж өгсөн.

Бүгд Найрамдах Энэтхэг улс, Монгол улсын соёлын хамтарсан үйл ажиллагааны нээлтийг 2 цагаар хожимдуулж, гадаад дотоодын жуулчид, аймгийн орлогч дарга Б болон албаны хүмүүсийн дэргэд хэл амаар доромжилж ёс зүйгүй үйлдэл гаргасан. Энэ үйл ажиллагаа бол 2 улсын найрамдалт харилцааны хүрээнд хийгдэж буй улсын хэмжээний томоохон үйл ажиллагаа болно. Энэ талаар надтай хамт тухайн үеийн үйл ажиллагааг зохион байгуулсан нярав ажилтай Ж.Ц-г гэрчээр асууснаар /хх-д авагдсан/ нотлогдож байгаа.

 Дээрх үйлдлүүд нь Байгууллагын дотоод журам, Хөдөлмөрийн гэрээг зөрчсөн үндэслэл болно хэмээн үзэж Хөдөлмөрийн гэрээ, Байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолтуудыг гаргаж өгсөн. Хөдөлмөрийн гэрээний 6.2 дугаар зүйлд төрийн албан хаагчийн ёс зүйн хэмжээг зөрчсөн тохиолдолд албан тушаалын цалинг тодорхой хувиар хасч хариуцлага хүлээлгэх, ноцтой гэж үзвэл дараагийн шатны арга хэмжээг авч шийдвэрлэх гэж заасан байна. Ажлын байрны тодорхойлолтод Төрийн албан хаагчийн ёс зүйг сахих, тэмдэглэлт өдөр болон бусад арга хэмжээг багаар явуулах гэж зорилт 1-д заасан байна. Байгууллагын дотоод журмын 9.2.1 дүгээр зүйлд Үйлчлүүлэгчтэй зөв боловсон харьцах харьцаанд зөрчил дутагдал гаргаж, үйлчлүүлэгчдийг чирэгдүүлсэн нь тогтоогдсоныг өөртөө дүгнэлт хийж ажилдаа ахиц өөрчлөлт гаргахгүй байх, 9.2.3 дугаар зүйлд Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үүрэг даалгавар биелүүлээгүй гэсэн заалтуудыг зөрчсөн зэрэг үйлдлүүдийг сахилгын шийтгэлд тооцохоор заасан байдаг.

Дээрх баримтуудаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогдоогдож байгаа гэж үзэж байна. Анхан шатны шүүх хариуцагч байгууллагын гаргаж өгсөн бодит байдалд нийцсэн сахилгын зөрчлийн баримтуудыг үнэлж дүгнэхгүй орхиж хэтэрхий нэг талыг барьж шударга хүний дүр эсгэж байгаа нь нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргасныг эс зөвшөөрч байна. Э. Ш нь анхан шатны шүүх хурлын үеэр ч мөн адил удирдлагыг гүтгэсэн худал тайлбар мэдээллүүдийг өгч байсан нь шүүхийн шийдвэрт тэмдэглэгдсэн байна. Үүнийг ч мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 146/ШШ2020/00013 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

          Анхан шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.   

         Нэхэмжлэгч Э.Ш нь хариуцагч Өвөрхангай аймгийн *** сумын Соёлын төвд холбогдуулан Өвөрхангай аймгийн *** сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 6/07 дугаартай сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгуулж, сахилгын шийтгэл оногдуулсаны улмаас 9, 10 сарын цалингийн 20 хувь болох 262874 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.   

          Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.О “... Хөдөлмөрийн гэрээний 6.2 дугаар зүйлд төрийн албан хаагчийн ёс зүйн хэмжээг зөрчсөн тохиолдолд албан тушаалын цалинг тодорхой хувиар хасч хариуцлага хүлээлгэх, ноцтой гэж үзвэл дараагийн шатны арга хэмжээг авч шийдвэрлэх гэж заасан байна. Ажлын байрны тодорхойлолтод Төрийн албан хаагчийн ёс зүйг сахих, тэмдэглэлт өдөр болон бусад арга хэмжээг багаар явуулах гэж зорилт 1-д заасан байна. Байгууллагын дотоод журмын 9.2.1 дүгээр зүйлд үйлчлүүлэгчтэй зөв боловсон харьцах харьцаанд зөрчил дутагдал гаргаж, үйлчлүүлэгчдийг чирэгдүүлсэн нь тогтоогдсоныг өөртөө дүгнэлт хийж ажилдаа ахиц өөрчлөлт гаргахгүй байх, 9.2.3 дугаар зүйлд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үүрэг даалгавар биелүүлээгүй гэсэн заалтуудыг зөрчсөн зэрэг үйлдлүүдийг сахилгын шийтгэлд тооцохоор заасан байдаг. Дээрх баримтуудаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдож байгаа гэж үзэж байна....” гэсэн гомдол гаргасан байна.

          Хариуцагч өөрөө нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Э.Ш байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн гэх үйлдлүүдийг хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй, зөрчил гаргасан гэх зарим үйлдэлүүд нь тухайлбал шаардлага тавихад хүлээж авахгүй түлхүүр шидэж маргаан үүсгэн миний биед гэмтэл учруулсан энэ нь зөрчлийн хэрэг үүсгэгдэн арга хэмжээ авагдсан нь сахилгын шийтгэл оногдуулсан тушаалын үндэслэлд хамаарахгүй байна.  2017 онд түр тушаалтайгаар хөгжмийн багшаар ажилд орсон, одоогоор үндсэн ажилтан болоогүй гэж тайлбарлаж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно. Э.Ш-ийг төрийн албан хаагчийн ёс зүй зөрчсөн гэж байгаа боловч Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн аль зүйл заалтыг зөрчсөн нь тодорхойгүй, хэзээ, хэдэн цагийн ажил тасалсан нь баримтаар /цагийн бүртгэл, цалин олгосон байдал гэх мэт/ нотлогдохгүй байна.

          Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

          Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс үгүйсгэх үндэслэлгүй байх тул хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.О-н давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

         Хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 8536 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

         Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг  удирдлага болгон

   ТОГТООХ  нь:

           1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 146/ШШ2020/00013 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.О-н давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

           2. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.О-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 8536 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.