Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2016/00144

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Л.Ж-ийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 155/2015/01432/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Ж- шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Х- аймгийн Ц сумын Э нэгдэлд 1982 оны 1 дүгээр сарын 01-нд нэгдлийн малчнаар элсэн орсон юм. Түүнээс хойш нэгдлийн малчнаар тус нэгдэлд 1990 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал тасралтгүй нэгдэл тартал нь ажиллаж ирсэн юм. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, хагас бичигдсэн, зарим тамга тэмдэг нь дарагдаагүй зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Иймд Л.Ж- миний бие Ц сумын Э нэгдэлд 1982 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нэгдлийн малчнаар тасралтгүй ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Манай ах Л.Ж- Х- аймгийн Ц сумын Э нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Л.Ж- нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Л.Ж- Х- аймгийн Ц сумын Э нэгдэлд 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь түүний хүсэлт, Х- аймгийн Ц- сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Л овогтой Ж-ийн цалин, хөдөлмөр хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Л.Б-ы ...Л.Ж- Х- аймгийн Ц сумын Э нэгдлийн 4 дүгээр бригадад 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал хоньчноор ажиллаж байсан. Энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Би тус нэгдэлд 1968 оноос 1990 оныг дуустал малчин, тракторын жолоочоор ажиллаж байсан гэх мэдүүлэг, гэрч С.Ц-ийн ...Л.Ж- Х- аймгийн Ц сумын Э нэгдлийн 4 дүгээр бригадад 1982 оноос 1990 оныг дуустал хоньчноор ажиллаж байсан. Энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Л.Ж-ийн Хөвсгөл аймгийн Ц сумын Э нэгдэлд 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Харин хүсэлт гаргагчийн Х- аймгийн Ц сумын Э нэгдэлд 1982 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Л.Ж-ийн Х аймгийн Ц сумын Э нэгдэлд 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Х- аймгийн Ц- сумын Э нэгдэлд 1982 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Л.Ж-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ДАВААХҮҮ