Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2016/00694

 

М  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах, ХААН банкны Хөвсгөл салбарын хүсэлттэй

Хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.П , Ч.Л  нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 155/2016/00513/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ганчимэг нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ХААН банкны Хөвсгөл салбарын захирал Д.Цэцгээ шүүхэд гаргасан хүсэлтдээЗээлдэгч Баттулга овогтой П  нь 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр малчны зээлийн гэрээ байгуулан ХААН банкны Түнэл тооцооны төвөөс малчны зээл 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, зээл хүүг 2 хувааж төлөх нөхцөлтэй авсан. Зээлдэгч зээлээ хуваарийн дагуу төлөөгүй өнөөдрийн байдлаар хугацаа хэтрээд 166 хонож байна. 2016 оны 5 дугаар сарын 02-ны байдлаар зээлийн үлдэгдэл 2.649.043 төгрөг, зээлийн хүү 461.912 төгрөг, нийт 3.110.955 төгрөгний үлдэгдэлтэй байна. Б.П  нь зээл авах үедээ Түнэл сумын 1 дүгээр багт малчин байсан, одоо хаана байгаа нь тодорхойгүй, олдохгүй байгаа. Б.П  нь гэр бүлийн хүн Ч.Л тай Улаанбаатар хот руу ажил хийхээр явсан сурагтай. Иймд Б-ын  П , Ч-ын  Л  нарыг эрэн сурвалжилж өгнө үү. Ойр дотны хүмүүсийн холбоо барих утас, хаяг: Эхнэр Ч.Л ын төрсөн эгч Ч.Н  нь Түнэл сумын 1 дүгээр багт амьдардаг. Утас: .................... Б.П гийн хүргэн ах С-ын Э , төрсөн эгч Б.Б  нар Түнэл сумын .......... дүгээр багт малчин, утас .................гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1979 онд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ХААН банкны Хөвсгөл салбарын Тооцооны төв хариуцсан менежер ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 25 дугаар байрны 01 тоотод оршин суух, РЭ79112861 дугаар регистртэй, М  овогт Ц-ын Г  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.П , Ч.Л  нар нь ХААН банкны Хөвсгөл салбараас зээл аваад эргэн төлөлт хийж байсан боловч 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй юм. Зээл төлж дуусах хамгийн сүүлийн хугацаа 2015 оны 11 дүгээр сард дууссан бөгөөд зээлийн төлөлтийг хийлгүй 209 хоног өнгөрсөн. Б.П , Ч.Л  нартай хааяа утсаар холбогдож ярихад зээлээ төлнө гэдэг, амьдарч байгаа хаягаа хэлдэггүй, ихэнх тохиолдолд утас нь холбогдох боломжгүй байдаг. Зээлдэгч нар өөрсдөө байхгүй учраас барьцаа хөрөнгөөс төлбөрийг гаргуулах боломжгүй байгаа юм. Б.П , Ч.Л  нар Улаанбаатар хотод ажил хийхээр явж, хүүхдүүдээ Ч.Л ын төрсөн эгч З гэх айлд үлдээсэн сураг гарсан. Ч.Л тай холбогдох утас .................., Б.П тай холбогдох утас ......................... гэсэн дугаарууд байдаг боловч холбогдох боломжгүй гэсэн хариу өгдөг. Одоо хаана байгаа нь тодорхойгүй учир Б-ын  П , Ч-ын  Л  нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

ХААН банкны Хөвсгөл салбар нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.П , Ч.Л  нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй.

Шүүх хүсэлтийн шаардлагын хангаж шийдвэрлэв.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.П , Ч.Л  нар ХААН банкны Хөвсгөл салбарын Түнэл тооцооны төвөөс 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан, малчны зээл 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан болох нь ХААН банкны 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн барьцаат зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, барьцаат хөрөнгийн жагсаалт, зээл хүсэгчийн анкет, ХААН банкны зарлагын мэдүүлэг зэрэг баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Б.П , Ч.Л  нарын оршин суугаа хаяг тодорхойгүй, шилжилт хөдөлгөөн хийсэн талаар бүртгэл хийгдээгүй болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн байнга оршин суудаг хаяг: Хөвсгөл ........... баг, Зуны гол... гэх бичилттэй Б.П , Ч.Л  нарын байнга оршин суух хаягийн 115/001239, 115/001238 дугаартай тодорхойлолтууд, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Тус сумын 1 дүгээр багийн иргэн Б.П  /................../, Ч.Л  /........................./ нь 2015 оны 11 дүгээр сараас хойш сум, үндсэн багтаа оршин суугаагүй нь үнэн гэх бичилттэй 115, 116 дугаартай тодорхойлолтууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Б.П , Ч.Л  нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн хуулбар, малчны зээл хүсэгчийн өргөдлийн хуулбар зэрэг баримтууд нотариатчаар гэрчлэгдээгүй, бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтад үнэлээгүй болно.

Жич: Б.П гийн талаарх мэдээлэл. Гэрийн хаягХөвсгөл аймгийн ............. сумын ............... баг, .............. оршин сууж байсан, эрэгтэй, ургийн овог Х , яс үндэс халх, .................. дугаар регистртэй, холбогдох утас .................., түүний хүргэн ах С-ын Э , төрсөн эгч Б.Б  нар Хөвсгөл аймгийн ......... сумын .............. дүгээр багт малчин, холбогдох утас ..................

Ч.Л ын талаарх мэдээлэл. Гэрийн хаягХөвсгөл аймгийн ......... сумын ............ баг, ............... оршин сууж байсан, эмэгтэй, ургийн овог Х , яс үндэс халх, ......................... дугаар регистртэй, холбогдох утас ........................., түүний төрсөн эгч Ч.Н  Хөвсгөл аймгийн Түнэл сумын ........ дүгээр багт амьдардаг, холбогдох утас ..................., төрсөн эгч З нар болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Х  овогт Б-ын  П , Х  овогт Ч-ын  Л  нарыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Х  овогт Б-ын  П , Х  овогт Ч-ын  Л  нарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА