| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 160/2018/0029/Э |
| Дугаар | 16 |
| Огноо | 2018-01-10 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Одхүү даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөлгөөнөөр хөтлүүлж
Улсын яллагч Н.Цогтбаяр
Шүүгдэгч А.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Эрдэнэцогт нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.О т холбогдох 1712002660003 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч :А. О
Үйлдсэн хэргийн талаар: / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
Яллагдагч А.О нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт баг, Хурцын даваа гэх газарт 32-57 УНД улсын дугаартай Хюндай Портер маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино". 7.17 дахь хэсэгт заасан "Бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй" гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн Ё.Б ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Ё.Б ын өгсөн: ...Би 2017 оны 11 сарын 24-ний өдөр өөрийн хүүхэд Отгонбаяр, нутгийн дүү Мөнхтуяа нарын хамт Улаанбаатар хотоос Архангай аймгийн Батцэнгэл сум руу хүүгийнхээ машинтай гарсан. Өдөр 13 цагийн үед Өлзийт сумын Бодонт баг Хурцын давааны наад ёроолд явж байх үед замд нэг Портер маркийн автомашин элсэнд суучихсан байсан. Тухайн үед цасан шуургатай байсан болохоор манай хүүхэд Отгонбаяр уг портерийг жолоочтой нь хамт түлхэж гаргахаар машинаасаа гарсан. Би машинаасаа буугаад уг портер автомашин дээр очиж түрэлцэхээр очсон. Уг портерийг Отгонбаяр, жолоочийн эхнэр Мөнхтуяа гурав түлхэж байсан. Би дундуур нь ороод нөгөө гуравтай цуг түрэлцэж байтал портер гэнэт хойшоо ухраад намайг дайрсан. Би автомашинд дайруулаад ухаан алдсан. Өлзийт сумын эмнэлэг дээр очоод толгойдоо баахан оёдол тавиулсан. Тэгээд маргааш нь Улаанбаатар хот руу явж гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Миний толгойны хуйх хоёр тийшээ нэлээн ярагдсан, 9, 10 дугаар хавирга хугарсан, эгэмний өмнөх хугарал сэдэрсэн, зүүн хөлийн савхан яс хугарсан гэмтэлтэй байна гэж эмч хэлсэн... надад гомдол байхгүй. Би эмчилгээгээ хийлгээд эрүүл болчихсон...гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуу/
Гэрч Ж.Отгонбаярын өгсөн: ... Би 2017 оны 11 сарын 24-ний өглөө 07 цагийн үед Архангай аймгийн Батцэнгэл сумаас өөрийн идшээ авах гэж төрсөн ээж Ё.Б болон нэрийг нь мэдэхгүй манай ээжийн танил 40 орчим насны нэг эгчийг аваад өөрийн автомашинтайгаа Улаанбаатар хотоос гараад Батцэнгэл сумын Улаанчулуу баг руу явж байтал замд 32-57 УНД улсын дугаартай хөх өнгийн портер автомашин элсэнд суусан байсан. Очиход портер автомашинд нэг жирэмсэн хүүхэн нөхрийн хамт явж байсан. Тухайн үед цасаар шуурч байсан болохоор бид гурав тэр машиныг элснээс гаргаж өгөхөөр машинаасаа бууцгаасан. Би портерийн жолоочид хандан машиныг чинь хойш нь түрэх үү гэж асуухад тэр жолооч надад хандан хойшоо миний машин гарахгүй байхаа хө, урагш нь түрье гэж хэлээд жолооч нь өөрөө автомашиныхаа жолооны хүрдэн дээр сууж автомашинаа асаагаад, урагш чигтэй 2-3 удаа зүтгүүлсэн. Зүтгүүлэх үед ээж, би, бид хоёртой явсан эгч, жолоочийн эхнэр бид дөрөв машины араас нь түлхэж өгч байсан. Гэтэл портерийн жолооч гэнэт ухардаг араандаа хийгээд хойшоогоо машинтайгаа ухарсан. Ухрах үед би баруун тийшээ бултсан. Мөн портерийн жолоочийн эхнэр нь бас зүүн тийшээ бултсан. Гэтэл ээж болон ээжийн танил эгч хоёрыг нөгөө автомашин чинь хойгуураа мөргөсөн. Мөргөхөд ээжийн танил эгч газар унаад газрын уруу руу өнхөрөөд машинаас холдчихсон. Гэтэл миний ээж Бадамгарав нь машины доор орсон. Тэнд байсан хүмүүс бүгд хүн аллаа гэж орилсон. Портерын жолооч ухрах үйлдлээ зогсоогоогүй болохоор би гүйж очоод автомашины хаалгыг нь өшиглөсөн. Тэгээд портерын жолооч зогссон. Би ээжийг машин доороос татаж гаргаж ирэхэд толгой нь хоёр талын арьс нь нэлдээ хуулраад унжчихсан байсан. Би арьсыг нь эргэж толгой руу нь наагаад подволкоор нь толгойг нь боогоод машиндаа суулгаад эмнэлэг рүү хүргэж өгсөн. Би тэр портерийн жолоочийг танихгүй. Цасан шуурганаар жирэмсэн эхнэртэйгээ хамт машин нь элсэнд суусан байсан болохоор туслах гэж очсон. Бид хоёр өмнө нь хэрэлдэж муудалцсан асуудал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуу/.
Гэрч М.Мөнхтуяагийн өгсөн: ...Би 2017 оны 11 сарын 21-ний өдөр Улаанбаатар хот орсон. 2017 оны 11 сарын 23-нд манай охин Фэйсбук дээр Архангай аймгийн Батцэнгэл сум руу хүн авч явна гэсэн зараар утсаар яриад манай нутгийн Бадамгарав эгч хүүхэдтэйгээ сум руу явах гэж байгааг мэдсэн. 2017 оны 11 сарын 24-ний өглөө Бадамгарав эгтэй болон хүүхэдтэй нь Улаанбаатар хотоос гарсан. Өдөр 13 цагийн үед Өлзийт сумын Хурц гэх давааны ёроолд портер машин элсэнд суусан байхтай тааралдсан. Уг машинд нэг жирэмсэн хүүхэн, нөхөртэйгээ явж байхаар нь бид хэд туслахаар машинаасаа бууцгаасан. Би Бадамгарав эгч болон хүүхэд нь нөгөө жирэмсэн хүүхэн бид дөрөв уг машины араас нь түрж өгч байтал уг портер машин урагшаа зүтгэж байснаа гэнэт хойшоо хурдтай ухарсан. Бадамгарав эгчийн хүүхэд болон нөгөө жирэмсэн эмэгтэй машины хоёр талаар бултсан. Би машины бөгсөнд дайруулаад газрын уруу өнхөрсөн. Бадамгарав эгч машины доогуур орчихсон. Бадамгарав эгчийн хүүхэд уг машины хаалгыг нь цохиж зогсоосон. Бадамгарав эгчийг хүүхэд нь машин доороос татаж гаргаад бид нар эмнэлэгт хүргэж өгсөн. Бадамгарав эгчийн толгойны арьс нь хоёр хэсэг газар нэлээн том хуу татагдаад хойшоогоо унжчихсан байсан. Уг портер машины жолооч архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Уг портер машинд мөргүүлсний улмаас миний биед гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/.
Гэрч П.Дулмаагийн өгсөн: ...2017 оны 11 сарын 23-ны орой өөрийн нөхөр О-ийн хамт өөрийн 32-57 УНД улсын дугаартай портер маркийн автомашинаар сумын төв орж ирсэн. Тэгээд хоноод 2017 оны 11 сарын 24-ний өдөр 13 цагийн үед хөдөө гэрлүүгээ явсан. Тэр үед цасаар шуурч байсан. Гэтэл Хурцын давааны ёроолд манай машин элсэнд суучихсан бид хоёр машинаа гаргах гээд чадаагүй. Удалгүй араас нэг суудлын автомашин ирсэн тэр автомашины жолооч бууж ирээд манай машиныг хамжиж түлхсэн боловч машин элснээс гарч чадаагүй Бид нар яриад холхиулаад гарах гээд үзье гэж хэлээд манай нөхөр машинд суусан. Би 2 эгч, нөгөө жолооч ахын хамт дөрвүүлээ машины хойноос нь урагш нь түлхэж байсан. Гэтэл манай нөхөр машинаа хойш нь ухраахад нь би машины хойд талаас хажуу тийшээ болсон, нөгөө жижиг тэрэгний жолооч ах миний эсрэг тал руу машины хойноос бултсан, манай нөхрийн ухарч байгаа машин доор нэг хөгшин эгч нь доогуур нь орчихсон. Би нөгөө эгчийг хаана байгааг нь олж харж чадаагүй. Тухайн үед цасан шуургатай байсан болохоор ойр орчмын зүйл сайн харагдахгүй байсан. Тэр үед би гүйгээд машиныхаа цонх руу зогс гэж цохьсон. Манай нөхөр тухайн үед согтууруулах ундаа хэрэглээгүй байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 20-21 хуу/,
А.О ийн яллагдагчаар өгсөн: ... миний үйлдэл тохирч байна. Би дээрх гэмт хэргийг үйлдсэндээ гэмшиж байна...Би хохирогчийн эмчилгээний зардал гэж нийт 3.700.000 төгрөг өгч барагдуулсан байгаа...гэх мэдүүлэг/хх-ийн 55 хуу/
Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 103 дугаартай дүгнэлт
1. Жолооч А.О нь осол болох үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй байна. Ослын схем зураг дээр ямар нэгэн ул мөр илрээгүй.
2. Жолооч А.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн Монгол Упсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д Бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт. аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын туспамжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчсөн.
3. Жолооч Л.О нь “В" ангиллын 702421 дугаарын үнэмлэх хүчинтэй байна. /Жолоочийн лавлагааг хавсаргав./
4. Осол гарахад замын гадарга, байгалийн нөхцөл байдал нөлөөлөөгүй.
5. Зам тээврийн осол нь жолооч А.О ийн буруутай үйлдлийн улмаас гарсан гэж үзэв.
6. Жолооч А Орхончимэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д Бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчсөн гэх дүгнэлт /хх-ийн 26 хуу/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ахлах шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 14997 дугаартай дүгнэлт
1. Ё.Б ын биед зүүн талын тахилзуур ясны хугарал. цээжний 5-р хавирганы хугарал, дух, чамархай, зулай чамархайг хамарсан хууларсан шарх зэрэг гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. 4 Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 32 хуу/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтэнд А.О ийн цусанд спиртийн алкоголь илрээгүй гэх дүгнэлт /хх-ийн 47 хуу/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-6 хуу/
Ослын үзүүлсэн схем зураг /хх-ийн 8 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 62 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 58-59 хуу/
Архангай аймгийн Өлзийт сумын багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 63 хуу/
Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусгаж хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 66-67 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.О т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч А.О нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт баг, Хурцын даваа гэх газарт 32-57 УНД улсын дугаартай Хюндай Портер маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино". 7.17 дахь хэсэгт заасан "Бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй" гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн Ё.Б ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 дахь хэсэгт заасан "Бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй" гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан болох Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 103 дугаар дүгнэлтээр тогтоогджээ.
Тухайн үед 32-57 УНД улсын дугаартай, Хьюндай Портер маркийн автомашиныг А.О нь жолоодож явсан болох нь хэрэгт авагдсан хохирогч Ё.Б , гэрч Ж.Отгонбаяр, М.Мөнхтуяа нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч А.О нь энэ талаар маргаагүй байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэж заасан байх тул А.О ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу жолооч мөн гэж үзлээ.
А.О нь 32-57 УНД улсын дугаартай Хьюндай Портер маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино". 7.17 дахь хэсэгт заасан "Бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй" гэсэн заалтуудыг зөрчиж 32-57 УНД улсын дугаартай Хьюндай Портер маркийн автомашиныг жолоодож байхдаа Ё.Б ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Аймгийн Прокурорын газраас А.О ийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд А.О ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч А.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц- овгийн А-ийн О ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч А.О ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу А.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч А.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасны дагуу А.О т хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч А.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.О т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ