Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/521

 

 

С.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сумъяа,

хохирогч Т.О, түүний өмгөөлөгч Г.Билэгдэмбэрэл,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/149 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Т.Оийн өмгөөлөгч Г.Билэгдэмбэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор С.Бд холбогдох 2210015550921 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Сын Б, 1987 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух, /РД:-/;

урьд Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            С.Б нь 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн үед - тоот хашааны гадна хохирогч Т.Оийг “гэрт ирж хэрүүл хийгээд явсан байна” гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь “баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн тохойд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай уруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: С.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Сын Бг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б овогт Сын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, шүүгдэгч С.Бг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргээс гарахыг хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бгээс 231.100 төгрөгийг гаргуулан хохирогч Т.От олгож, хохирогч Т.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

            Хохирогч Т.Оийн өмгөөлөгч Г.Билэгдэмбэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын 5 дугаар талд хохирол хор уршгийн тухай хэсгийн 2 дугаар хэсэгт: “...Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хөндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. ...” гэж тэмдэглэсэн атал холбогдогч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ялын доод хэмжээг ногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг хангахгүй байна. Хохирогч Т.О нь 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай байнгын асаргаа сувилгаанд байдаг бөгөөд тус гэмт хэргийн улмаас бие махбодь, сэтгэл санааны хувьд тогтворгүй болж 4 удаа хагалгаанд орж биеийн байдал хүндэрсэн атал С.Б нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэмшиж нэг удаа уучлалт гуйгаагүй, учирсан хохирлоо арилгаагүй зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, өөрийн амьжиргааны түвшин, гэр бүлийн нөхцөл байдлыг тогтоох баримтыг өгөөгүй атал хуулийн санкцын хамгийн доод хэмжээг ноогдуулсан нь үндэслэлгүй юм. Мөн С.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйгаагүй, учирсан хохирлын сайн дураар төлөөгүй, гэмт үйлдэлдээ гэмшээгүй атал ялын хамгийн доод хэмжээг өгсөнд хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул ял шийтгэлийн хэмжээг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 380 цагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Т.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би тухайн үед С.Бд “чи намайг цохиж болохгүй шүү” гэж хэлэхэд тэр “чамаас би айхгүй” гэж хэлээд намайг цохиж унагасан. 35 настай, бүдүүн залуу намайг цохих үед би ухаан алдаж унасан. Тэгсэн гэрч Г цаанаас гүйж ирээд “хүн аллаа” гэж хэлээд салгах үед С.Бг намайг өшиглөж байсан гэдэг. Би өөрөө нэн ядуу амьдралтай хүн. Тухайн хэрэг гарсан өдрөөс хойш яаралтай тусламжийн 200.000 гаруй төгрөг авснаас өөр мөнгө аваагүй. Эмнэлгээс намайг тархи, гэдэсний зураг авхуул гэсэн. Гэвч надад өнөөдрийг хүртэл ийм зураг авхуулж эмчилгээ хийлгэх боломж байгаагүй. Би өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Прокурор М.Сумъяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Шүүхээс түүнд ял оногдуулахдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу оногдуулсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай  байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч С.Б нь 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн үед - тоот хашааны гадна хохирогч Т.Оийг “гэрт ирж хэрүүл хийгээд явсан байна” гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь “баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн тохойд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай уруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Т.Оийн “...Б гэх Нарантуяагийн нөхөр манай хашааны хаалгыг маш хүчтэй нүдээд байхаар нь гараад очтол “чи манай гэр оронд ороод яагаад хүүхэд айлгаад бужигнуулаад байгаа юм” гэж хэлсэн. Би “танайд ороогүй” гээд учир байдлаа хэлтэл Б “би хэнээс ч айхгүй, чи яагаад өвчнөөрөө түрүү бариад байгаа юм” гээд над руу дайраад байсан. Гэнэт намайг цохих шиг болсон. Би ухаан алдаад газар унасан. Тэгтэл манай бага хүүхэд гарч ирж хараад манай том хүүд “ээж газар унасан байна” гэж хэлсэн. ...Тухайн үед миний бие нилэнхүүдээ хөндүүр болж, баруун хацар овойж хавдсан. Тэр цагаас хойш миний бие их муу байгаа. Хэвлий хөндий, нуруу нугас өвдөж байна. Тархи таллаж өвдөж, байнга огиулж, өдөр болгон өвчин намдаах эм ууж, өвчин намдаах тариа хийлгэж байна. Би үе мөчний хэрэх өвчний улмаас 2004 онд хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдаж, группт гарсан. Би маш олон жил эм уусан учраас ходоодны шарх, зүрхний нарийн судасны бөглөрөл, астма гэх өвчтэй. Өмнө нь миний үе мөчөөр өвддөг, хааяа даралт ихэсдэг байсан. Бд цохиулснаас хойш нуруу нугас болон хэвлий хөндийгөөр толгой маш их өвдөж байна. Намайг цохисонд гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Энэ бүх гэмтлийг Б намайг гэртээ байхад ирж зодоход үүссэн. Намайг гэрээс дуудаж ирээд үг хэлэхийн зуургүй цохих шиг болсон. Би ухаан алдаад газар унасан. Намайг хэрхэн яаж зодсоныг би мэдэхгүй. Одоогоор миний биед ямар нэгэн зовиур байхгүй байна. Миний бие гайгүй байгаа. Би эм, тариа авсан болон эмнэлэгт үзүүлсэн мөнгөө нэхэмжилж байна. Мөн би “И” эмнэлэгт үзүүлэх гэсэн чинь мөнгөний бололцоо байхгүй байсан. Тухайн эмнэлэгт нийтдээ 559.000 төгрөгөөр эмнэлэгт заавал үзүүлэх шаардлагатай гэж эмч хэлсэн. Тухайн эмнэлэгт үзүүлэх хүсэлтэй байна. ...” /хх 18-20/,

гэрч Ц.Гийн “...Би гэртээ ... байж байтал гадаа гудманд эрэгтэй, эмэгтэй хүн орилоод байсан. Тэгээд юу болоод байгаа юм бол гэж бодоод гартал манай гудманд байдаг О гэх эмэгтэйг нэг залуу газар унасан өшиглөж байсан. Тэгэхээр нь би “хүүе, энэ чинь юу болж байна аа, эмэгтэй хүнийг зодоод байна шүү дээ” гэж хэлэхэд хэн ч хөдлөхгүй байсан. Тэгэхээр нь өөрөө очоод тухайн залууд хандан “чи болиоч ээ, эмэгтэй хүн зодож болохгүй шүү дээ” гэж хэлэхэд “өө уучлаарай эгчээ” гээд гэр рүүгээ тэр залуу яваад өгсөн. Энэ үед О газар хэвтэж байсан. Би тэр хавиар байгаа хүмүүст эмнэлэг болон цагдаа дуудъя гэж хэлэхэд нэг эрэгтэй хүүхэд эмнэлэг дуудсан гэж хэлсэн. Удалгүй байж байтал нөгөө залуу тод цэнхэр өнгийн портер машинтай бид нарын хажуугаар шүргэн алдаад маш хурдтай өнгөрсөн. Би бодохдоо энэ залуу маш их уурласан гэж бодсон. Намайг гэрээсээ гараад харахад Оийг тухайн залуу өшиглөж байсан. О газар хэвтсэн байсан. Нэрийг нь Б гэдэг. .../хх 22/,

гэрч Г.Агийн “...2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ... гарч байтал нэг хүн муухай орилоод байсан. Би юу болоод байгаа юм бол гээд цонхоороо хартал нэг эмэгтэй хүн дээшээ хараад хэвтсэн байдалтай “хүн аллаа” гээд орилоод байсан. Хажууд нь байсан залуу “та босооч ээ” гэж хэлэхэд “босохгүй” гээд орилоод, “энэ залуу намайг түлхээд унагаачихлаа, чи намайг зодсон” гээд байсан. Сайн хартал манай гудамжны Б гэх залуу байсан. Тэгээд би гэртээ буцаад орсон. Намайг харахад О гэх эмэгтэй газар дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. ...” /хх 25/,

шинжээч Т.Чын “...Т.Оийн биед учирсан шинэ гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин хуучин гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. .../хх 37/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Т.Оийн биед баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн тохойнд цус хуралт бүхий шинэ гэмтлүүд, зүүн шуу, зүүн шилбэнд хуучин цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн тохойнд цус хуралт гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Харин зүүн шуу, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл нь хуучин гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн 8893 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 33-34/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч С.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Бгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Мөн Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтээр “... эсхүл хүндрүүлж ...” гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн. Үүнтэй холбоотойгоор шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг давж заалдах шатны шүүхээс хүндрүүлэх эрх хэмжээ олгогдоогүй тул хохирогч Т.Оийн өмгөөлөгч Г.Билэгдэмбэрэлийн “ял хүндрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хохирогч, шүүгдэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хохирлыг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх бөгөөд хохирогч Т.О нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Т.Оийн өмгөөлөгч Г.Билэгдэмбэрэлийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 9-ний өдрийн 2023/ШЦТ/149 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Т.Оийн өмгөөлөгч Г.Билэгдэмбэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ