| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Одонтуяа |
| Хэргийн индекс | 109/2024/0023/З |
| Дугаар | 109/ШШ2024/0028 |
| Огноо | 2024-10-15 |
| Маргааны төрөл | Бусад, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 109/ШШ2024/0028
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Архангай аймгийн А нам
Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороо
Гуравдагч этгээд: Ш.Н, Ө.Б, Д.Д нарын хоорондох “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 06 тогтоолын хавсралтын Ш.Н, Ө.Б нарт холбогдох хэсгийг, 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаар тогтоолын Д.Д-ийг нэр дэвшигчээр бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э (цахим), хариуцагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны дарга О.Ж, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч В.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Архангай аймгийн А намаас Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 06 тогтоолын хавсралтын Ш.Н, Ө.Б нарт холбогдох хэсгийг, 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаар тогтоолын Д.Д-ийг нэр дэвшигчээр бүртгэсэн хэсгийг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар шүүхэд маргажээ.
2. Нэхэмжлэгч Архангай аймгийн А нам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаар тогтоол, мөн сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 11-ны өдрийн 6 дугаар тогтоолыг тус тус үндэслэн М намаас Эрдэнэбулган сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэсэн байна. Гэтэл тус сонгуулийн хороо нь нэр дэвшигч Ш.Н, Ө.Б, Д.Д нарыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 31.2 дугаар зүйлийн 31.2.3 дахь хэсгийг зөрчиж хууль бусаар нэр дэвшигчээр бүртгэсэн гэж үзэж байна. Тодруулбал, М намаас нэр дэвшигч Ш.Н нь М хувьцаат компанийн Архангай аймаг дахь салбарын дарга, Ө.Б нь М төрийн өмчит ХХК-ийн Архангай аймаг дахь газрын дарга, Д.Д нь Э төрийн өмчит хувьцаат компанийн Архангай аймаг дахь салбарын даргын албан тушаал хашдаг бөгөөд ажлаас чөлөөлөх тухай тушаалаа сонгуулийн хороонд ирүүлээгүй. Дээрх албан тушаалууд нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28.4 дүгээр зүйлд заасан албан тушаалд хамаарч байна. Гэтэл Архангай аймгийн Эрдэнэбулган сумын сонгуулийн хороо нь хуулийн 31.2 дугаар зүйлд заасан баримт бичгийг дутуу ирүүлсэн байтал дээрх нэр дэвшигч нарыг бүртгэсэн нь хууль зөрчсөн үйлдэл юм. Иймд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаар тогтоолын Д.Д-ийг нэр дэвшигчээр бүртгэсэн хэсэг, Эрдэнэбулган сумын сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолын хавсралтын Ш.Н, Ө.Б нарыг нэр дэвшигчээр бүртгэсэн хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаар тогтоолоор нэр дэвшигчийг бүртгэсэн. Мөн сумын сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 6 дугаар тогтоолын хавсралтаар Ш.Н, Ө.Б нарын нэр дэвшигчийг бүртгэсэн байдаг. Гэтэл тус нэр дэвшигчид нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28.4.3-д заасан албан тушаалыг хашдаг бөгөөд 8 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн баримтуудыг сонгуулийн хооронд хүргүүлээгүй. Ингээд сонгуулийн хооронд баримт бичиг дутуу хүргүүлсэн, мөн давхар ажиллаад явж байгаа тус нэр дэвшигчдийг бүртгэсэн тогтоол нь хууль бус гэж үзэж байна. Иймд дээрх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.
4. Хариуцагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороо шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-д төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүд ээлжит сонгуулийн жилийн 8 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байхаар заасан. Харин Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд М намаас нэр дэвшигч Ш.Н нь М хувьцаат компанийн Архангай аймаг дахь салбарын дарга Ө.Б нь М төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Архангай аймаг дахь газрын дарга, Д.Д нь Э-ий Архангай аймаг дахь салбарын даргын албан тушаал хашдаг бөгөөд эдгээр албан тушаалууд нь дээрх хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-д заасан хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирлын албан тушаалд хамаарахгүй тул өөрийн эрхлэн гүйцэтгэж буй албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх хуулийн зохицуулалтад хамаарахгүй гэж үзсэн. Мөн Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар нь хуулийн этгээдийн эрхгүй байна гэж заасан байна. Нэр дэвшигч Ө.Б, Ш.Н нар нь уг албан тушаалыг хашиж байх хугацаандаа буюу 2020 онд орон нутгийн сонгуульд оролцож иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа. Иймд А Намаас гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй бөгөөд сумын сонгуулийн хорооны 2024 оны 06, 10 дугаар тогтоол нь хуулийн хүрээнд гарсан гэж үзэж байна гэжээ.
5. Хариуцагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сумын сонгуулийн хорооноос 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 6 тоот тогтоол, 9 дүгээр сарын 16-ны өдөр 10 дугаар тогтоолыг гаргасан. Тогтоолыг гаргахдаа 3 нэр дэвшигчийн хувьд сумын сонгуулийн хорооноос нягтлан шалгаж үзсэн. Яагаад үзсэн гэхээр энэ 3 хүнийг албан тушаал хашдагийг нь мэдэж байгаа. Тэгээд хуулийн дагуу чөлөөлөгдөх ёстой юу гэдгийг үзсэн. Гэтэл эдгээр хүмүүс манай салбарын ажиллаж байгаа газар бол хуулийн этгээдийн эрхгүй салбар төлөөлөгчийн газар учраас бид нарыг ажлаас чөлөөлөх шаардлагагүй. Хоёрдугаарт нь өөрийнхөө компанийнхаа удирдлагаас нэг талаар тодруулсан. Энийг Сонгуулийн ерөнхий хороогоор албан тоотоор бичиг явуулаад бид нарт тодорхой хариу хэлсэн. Ингэхдээ чөлөөлөгдөхгүйгээр нэр дэвшиж болно гэсэн хариу ирсэн гэж хэлсний дагуу энэ компани салбар компани учраас 8 дугаар сарын 1-ний өмнө чөлөөлөх шаардлагагүй. Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д компанийн салбар төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна гэж заасны дагуу сумын сонгуулийн хороо бүртгэсэн. Өмнө нь Ө.Б, Ш.Н нь 2020 оны сонгуульд нэр дэвшиж төлөөлөгчөөр сонгогдож байсан. Энэ үед бас энэ албан тушаалыг хашиж байсан. Д.Д-ийн хувьд 2024 оны 1 дүгээр сард томилогдсон. Яг энэ албан тушаалыг 2020 онд 2016 онд хашиж байсан хүн мөн аймгийн төлөөлөгчөөр сонгогдож байсан учраас тухайн үед янз бүрийн гомдол санал гараагүй. Үнэхээр 8 дугаар сарын 1-ний өдрөөс чөлөөлөгдөх ёстой байсан бол эдгээр хүмүүс бүгд чөлөөлөгдөх ёстой байсан. Тэгэхээр энэ бол хуулийн этгээдийн эрхгүй төлөөлөгчийн газар учраас Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 дахь заалтад хамаарахгүй гэж үзэж тогтоол гаргасан байгаа гэв.
6. Гуравдагч этгээд Ө.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Аймгийн А намаас гаргасан нэхэмжлэл нь хуулийн шаардлага хангахгүй байна. Хуульд салбар компанийн захирал орон нутгийн сонгуульд нэр дэвшихгүй гэж байдаггүй гэжээ.
7. Гуравдагч этгээд Д.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаартай тогтоолын Д.Д намайг нэр дэвшигчээр бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Учир нь Д.Д миний бие Э төрийн өмчит хувьцаат компанийн Архангай аймаг дахь салбарын даргаар 2023 оны 12 сард томилогдон, хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг. Миний ажиллаж байгаа байгууллагын салбар нь хуулийн этгээдийн эрхгүй, төсөв захирдаггүй. Миний эрхэлж байгаа ажил нь Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т заасан албан тушаалд хамаардаггүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
8. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Н-ийн тухайд Архангай аймгийн Ш газрын даргаар ажилладаг. Нэхэмжлэгч байгууллагын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг гуравдагч этгээдүүд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг 3 төлөөлөгч бол гурвуулаа хангаж байгаа. Энэ 3 төлөөлөгчийг нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах хуульд заасан үндэслэл байхгүй байгаа тохиолдолд нэр дэвшигчийг бүртгэх үүргийнхээ дагуу бүртгэсэн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон. Ш газар бол салбар нэгж байгаа. Хуулийн этгээдийн эрхгүй ийм байгууллага. Яагаад тэгж үзэж байгаа вэ гэхээр хариуцагч тал тайлбарлачихлаа л даа. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу бүртгэсэн. Холбогдох дээд байгууллагуудаас тодруулга хүссэн гэж хэллээ. Энэ дагуу хариу ч гэсэн ирсэн гэлээ. Энэ баримтууд хэрэгт авагдчихсан байдаг. Тэгэхээр Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 дахь хэсэгт “хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн” гэж заасан. Тэгэхээр хуулийн этгээдийн дарга захиралд тухайн асуудал хамаарч байгаа. Гэтэл Иргэний хуульд зааснаараа салбар төлөөлөгчийн газар нь хуулийн этгээдийн эрхгүй байна гээд маш тодорхой заагаад өгчихсөн. Ө.Б нь Архангай аймгийн М компанийн Архангай аймаг дахь салбарын гэрчилгээ гэж байгаа. Энэ салбарын гэрчилгээ нь хэрэгт авагдсан байдаг. Гэрчилгээ дээрээ маш тодорхой бичигдсэн байна. Салбар нь хуулийн этгээдийн эрхгүй, эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу үйл ажиллагаа явуулна гэсэн байна. Ө.Б-гийн бас М компанийн Архангай аймгийн газрын дарга Ө.Б-тэй байгуулсан гэрээ авагдсан байдаг. Мөн энэ дээр тодорхой заасан байгаа. Э төрийн өмчит компанийн Архангайн салбар гэж байгаа. Энэ салбарын гэрчилгээ нь мөн хэрэгт авагдсан байдаг. 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Д.Д-ийг захирлаар сонгож улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээ авагдсан. Мөн гэрчилгээ дээр хуулийн этгээдийн эрхийг эдлэхгүй ээ, эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу үйл ажиллагаа явуулна гэсэн ийм баримтуудаар ямар ч хуулийн этгээдийн эрх эдлэхгүй гэдэг нь тогтоогдож байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
1. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:
1.1. А нам нь 2000 оны 12 дугаар сарын 6-ны өдөр үүсгэн байгуулагдаж, улс төрийн намын үйл ажиллагаа эрхлэх үндсэн чиглэл бүхий улсын бүртгэлд бүртгэгдсэн хуулийн этгээд байна.
1.2. А намын дарга 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/36 дугаар тушаалаар П.М-г Архангай аймгийн А намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. (Хавтаст хэргийн 5, 12 дахь тал)
1.3. Архангай аймгийн А намаас тус аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 06, 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаар тогтоолд холбогдуулан Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороонд өргөдөл гаргажээ.
1.4 Улмаар Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооноос өргөдлийн хариуг 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 08 дугаар албан бичгээр маргаан бүхий 06, 10 дугаар тогтоолыг хүргүүлсэн байна. (Хавтаст хэргийн 6-9 дэх тал)
1.5. Улмаар дээрх тогтоолтой холбогдуулан Архангай аймгийн А намаас 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 35 дугаар албан бичгээр аймгийн Сонгуулийн хороонд гомдол гаргаж, тус хорооноос мөн өдрийн 38 дугаар албан бичгээр гомдол гаргах хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр гомдлыг хүлээн авах боломжгүй тухай хариу хүргүүлжээ. (Хавтаст хэргийн 113-118 дахь тал)
1.6. Ийнхүү Архангай аймгийн А намаас 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй, ...”, 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт зааснаар тус шүүхийн харьяалан шийдвэрлэвэл зохих маргаан бөгөөд мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.1 дэх хэсэгт заасан тусгай журмаар хянан шийдвэрлэхээр заасан маргаанд хамаарч байна.
1.7. Түүнчлэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4. дэх хэсэг Сонгууль зохион байгуулах төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний албан тушаалтан, нэр дэвшигч, сонгуульд оролцогч нам, эвсэл, бусад байгууллага, түүний албан тушаалтан сонгууль зохион байгуулах, түүнд оролцохдоо дараах зарчмыг баримтална: 7.4.1.-д “хууль дээдлэх”, 7.4.2.-т “ил тод байдлыг хангах”, 7.4.3.-т “шударга ёсыг сахих”, 25 дугаар зүйлийн 25.1. дэх хэсэгт “Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх намын салбар байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ.”, 29 дүгээр зүйлийн 29.1. дэх хэсэгт “Нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ тухайн орон нутгийн Хурлын сонгуулийн тойрог тус бүрд ногдсон мандатын тооноос илүүгүй хүнийг нэр дэвшүүлнэ.”, 29.3. дахь хэсэгт “Намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн намын аймаг, сум, нийслэл, дүүргийн байгууллага хуралдаанаараа хэлэлцэж, нууцаар санал хурааж, олонхын саналаар шийдвэрлэнэ.”, 81 дүгээр зүйлийн 81.3. дахь хэсэгт “Сонгуулийн хорооны шийдвэрт холбогдох маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ.”, 81.4. дэх хэсэгт “Сонгуулийн хороодын шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах ...” гэж тус тус зааснаар сонгуульд оролцох эрх хөндөгдсөн асуудлаар намын аймаг, сум, нийслэл, дүүргийн байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
1.8. Иймд Архангай аймгийн А намаас Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.
2. Уг хэргийн маргааны үйл баримтыг дурдахад:
2.1. Монгол Улсын Их хурлын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэхээр товлон зарлаж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байхаар тогтоож, энэ тогтоолыг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заажээ.
2.2. Архангай аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 01 дүгээр тогтоолын хавсралтаар Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг баталж, даргаар О.Ж-г томилжээ. (Хавтаст хэргийн 49-50 дахь тал)
2.3. Эрдэнэбулган сумын М намын хорооноос 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 18 дугаар албан бичгээр Эрдэнэбулган сумын 2024 оны орон нутгийн сонгуульд тус намаас нэр дэвших 29 иргэний материалыг хүргүүлсний дотор иргэн Д.Д, Ш.Н, Ө.Б нар хамаарч байна. (Хавтаст хэргийн 51-53 дахь тал)
2.4. Дээрх материалын дагуу тус аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороо 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолоор Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд М намын 23 нэр дэвшигчийг бүртгэсний хавсралт 10-т Ш.Н, 21-т Ө.Б-, 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаар тогтоолоор нэр дэвшигч Д.Д ... нарыг нэр дэвшигчээр бүртгэжээ. (Хавтаст хэргийн 94-98 дахь тал)
2.5. Гуравдагч этгээд Ө.Б-гийн тухайд, М төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн Б/278 дугаар тушаалаар тус компанийн Архангай аймгийн газрын даргаар томилогдсон ба гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээний хүрээнд, удирдлагын зорилтыг эцсийн үр дүнд чиглүүлэх эдийн засаг бизнесийн үр ашиг нэмэгдүүлэх менежментийн бодлого явуулж, дунд шатны төлөвлөгөө боловсруулан, хэрэгжилтийг хангах, газрын хэмжээнд удирдлага, зохион байгуулалт, орон тоо, бүтэц, хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хийхэд санал боловсруулах, байгууллагын санхүү үндсэн хөрөнгө, хөрөнгө оруулалт, нөөцийн бүрдүүлэлтэд хяналт тавих, техник, технологийн ашиглалт үйлчилгээ, аюулгүй ажиллагааг шуурхай, шууд удирдлагаар хангах, чиг үүрэгт хамаарах асуудлаар удирдлага болон шууд харьяалан удирдуулах ажилтнуудыг мэдээллээр хангах, байгууллага, аж ахуйн нэгжтэй харилцах зорилт бүхий албан тушаалыг эрхэлдэг байх бөгөөд ажил олгогч “М” ХХК-ийн гүйцэтгэх захиралтай Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг этгээд байна. (Хавтаст хэргийн 152-168)
2.6. “М” ХХК-ийн Архангай аймаг дахь салбарын даргаар Ө.Б-г томилсныг 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр бүртгэсэн байх бөгөөд тус салбар нь хуулийн этгээдийн эрхийг эдлэхгүй, эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу үйл ажиллагаа явуулах талаар ******** дугаартай салбарын гэрчилгээнд тэмдэглэжээ. (Хавтаст хэргийн 150-152)
2.7. Гуравдагч этгээд Д.Д-ийн тухайд, Э төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/361 дүгээр тушаалаар Д.Д-ийг Архангай салбарын даргаар 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн туршилтын 3 хүртэлх сарын хугацаатайгаар, 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар 2024 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн үндсэн ажилтнаар ажиллуулжээ. “Э” ТӨХК-ийн Архангай салбарын захирал нь “Э” ТӨХК-ийн гүйцэтгэх захиралтай Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг байна. (Хавтаст хэргийн 136-147 дахь тал)
2.8. Гуравдагч этгээд Д.Д-ийг “Э” ТӨХК-ийн Архангай салбарын захирлаар томилсныг 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр бүртгэсэн байх бөгөөд тус салбар нь хуулийн этгээдийн эрхийг эдлэхгүй, эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу үйл ажиллагаа явуулах талаар *********** дугаартай салбарын гэрчилгээнд тэмдэглэжээ. (Хавтаст хэргийн 134-135)
2.9. Гуравдагч этгээд Ш.Н- нь “М” ХК-ийн Архангай салбарын захирлаар ажилладаг байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс гуравдагч этгээдээр татаж, нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэргийн материалтай танилцуулсан боловч шүүхэд тайлбар, холбогдох баримтыг ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд өмгөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох талаар шүүхэд /утсаар/ мэдэгдсэн болно.
2.10. Мөн шүүх хуралдааны явцад хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гуравдагч этгээд Ш.Н-той холбоотой тайлбар, нотлох баримтыг гаргуулах шаардлагагүй, шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж тайлбар, санал гаргасан болохыг тэмдэглэв.
2.11. Гуравдагч этгээд Д.Д нь Э төрийн өмчит хувьцаат компанийн Архангай салбарын захирлаар, гуравдагч этгээд Ө.Б- нь “М” ХХК-ийн Архангай аймаг дахь салбарын даргаар, гуравдагч этгээд Ш.Б нь “М” ХК-ийн Архангай салбарын захирлаар ажилладаг бөгөөд дээрх үйл баримттай хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас маргаагүй.
2.12. Нэхэмжлэгчээс дээрх албан тушаалууд нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т заасан албан тушаалд хамаарна гэж, хариуцагч, гуравдагч этгээд нараас дээрх салбарууд нь хуулийн этгээдийн эрхгүй тул мөн хуулийн 28.4.3-т заасан албан тушаалд хамаарахгүй, энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооноос ирсэн хариу байдаг гэж маргажээ.
2.13. Тодруулбал, Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 3/719 дүгээр албан бичигт “ ... орон нутгийн Ш салбарын дарга нар нь хуулийн этгээдийн дарга, дэд дарга гэх албан тушаалд хамаарахгүй тул өөрийн эрхлэн гүйцэтгэж буй албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх хуулийн зохицуулалтад хамаарахгүй болно ...” гэх, Сонгуулийн ерөнхий хорооны ажлын албаны 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 3-2/378 дугаар албан бичгээр “ ... Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 3-т зааснаар төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн ээлжит сонгуулийн жилийн 8 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх шаардлага тавигдана. Иймд тухайн байгууллага нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан хуулийн этгээд бол дээр дурдсан нэр дэвшигчид тавигдах шаардлагад хамаарна” гэх хариу хүргүүлжээ. (Хавтаст хэргийн 65, 169 дэх тал)
3. Хууль зүйн үндэслэлийн талаар:
3.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйл. 1/. “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаар уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” гэж, Арван зургаадугаар зүйлийн 9/-д “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...”, 10/-т “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй ...” хэмээн иргэний сонгох, сонгогдох, нам, олон нийтийн байгууллага байгуулах, эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаажуулжээ.
3.2. 2020 оны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийг 3.1.2.-т "нэр дэвшигч" гэж 18 нас хүрсэн, энэ хуульд заасан журмын дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг”, 28 дугаар зүйлийн 28.4. дэх хэсэг Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна: 28.4.3.-т “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн” гэж заасан.
3.3. Хуулийн дээрх зохицуулалтын агуулгаас үзэхэд, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч нь төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүнээр ажиллаж буй тохиолдолд өөрийн эрхэлж буй ажил, албан тушаалаасаа ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө чөлөөлөгдөх шаардлага тавигджээ.
3.4. Хуулийн дээрх хэм хэмжээ нь тухайн албан тушаал нэгдүгээрт төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байх, хоёрдугаарт нэр дэвшигч нь дээрх өмчийн хэлбэр бүхий хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн байх гэсэн нөхцөлийг шаарджээ.
3.5. Маргаан бүхий уг хэргийн тухайд, гуравдагч этгээд Ш.Н, Ө.Б, Д.Д нар нь хуулийн дээрх шаардлагад хамаарах ажил, албан тушаал эрхлээгүй буюу хуулиар чөлөөлөгдөхөөр заасан ажил, албан тушаалыг эрхлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
3.6.Тодруулбал, дээрх хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т заасан шалгуур нь төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүнд хамааралтай.
3.7. Хуулийн дээрх зохицуулалт, нэр томьёоны тодорхойлолтыг тухайн хуульд тухайлан заагаагүй байх тул Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийг 11.4. дэх хэсэгт зааснаар Иргэний хууль, Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн зохицуулалтыг /нөхөн/ зохицуулж хэрэглэхээр байна.
3.8. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1. дэх хэсэгт “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ.”, 26 дугаар зүйлийн 26.1. дэх хэсэгт “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно.”, 29 дүгээр зүйлийн 29.1. дэх хэсэгт “Хууль болон үүсгэн байгуулах баримт бичигт заасан бол хуулийн этгээд өөрийн салбар, төлөөлөгчийн газраа тогтоосон журмын дагуу байгуулж болно.”, 29.6. дахь хэсэгт “Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна.”, 34 дүгээр зүйлийн 34.1. дэх хэсэгт “Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээдийг компани гэнэ.”, 34.2. дахь хэсэгт “Компанийн эрх зүйн байдлыг хуулиар тогтооно.” гэж;
3.9. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. дэх хэсэгт “Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ.”, 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсэгт “Компанийн салбар нь компанийн оршин байгаа газраас өөр газар байрладаг нэгж бөгөөд компанийн үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь, түүнчлэн төлөөлөгчийн газрын үүргийг гүйцэтгэж болно.”, 7.7. дахь хэсэгт “Компанийн салбар, төлөөлөгчийн газар нь хуулийн этгээдийн эрхийг эдлэхгүй бөгөөд түүнийг байгуулсан компаниас баталсан журмын дагуу үйл ажиллагаагаа эрхлэн явуулна.”, 7.8. дахь хэсэгт “Компанийн салбар, төлөөлөгчийн газрын эд хөрөнгийг түүнийг байгуулсан компанийн балансад тусгана.”, 7.9. дэх хэсэгт “Компанийн салбар, төлөөлөгчийн газар нь үйл ажиллагаагаа түүнийг байгуулсан компанийн нэрийн өмнөөс явуулна.”, 7.10. дахь хэсэгт “Компани нь өөрийн салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаанаас үүсэх үр дагаврыг хариуцна.”, 7.11. дэх хэсэгт “Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдлагыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ томилох бөгөөд тэдгээр нь компаниас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулна.”, 12 дугаар зүйлийн 12.5. дахь хэсэг Төр, түүний байгууллага нь дараах тохиолдолд компанийн үүсгэн байгуулагч болон түүний хувьцаа эзэмшигч байж болно: 12.5.1.-т “төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг хувьчилснаар шинээр бий болсон компанийн”, 12.5.2.-т “төрийн өмчит үйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт оруулан өөрчлөн байгуулах замаар үүссэн төрийн өмчит компанийн”, ....” гэж;
3.10. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өмчийн эрх, төрийн өмчийн эд хөрөнгийн талаар хууль тогтоох, гүйцэтгэх байгууллагын бүрэн эрх, төрийн өмчтэй хуулийн этгээд, түүний албан тушаалтны эрх хэмжээ, төрийн өмчийн талаархи бодлогыг хэрэгжүүлэх байгууллагын үйл ажиллагааны зарчим, журмыг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” 2 дугаар зүйлийн 1-д “Энэ хууль нь Үндсэн хууль, Иргэний хуульд тодорхойлсон төрийн болон орон нутгийн өмчийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад үйлчилнэ.”, 13 дугаар зүйлд “Төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаараа байгуулсан хуулийн этгээдийг төрийн өмчит хуулийн этгээд гэнэ. Төрийн өмчит хуулийн этгээдийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь дор дурдсанаар ангилна: ...” гэж тус тус заасан байна.
3.11. Хуулийн дээрх зохицуулалтын агуулгаас үзэхэд төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд салбар буюу орон нутаг дахь салбар, нэгж нь хуулийн этгээдийн эрх эдлэхгүй бөгөөд тэдгээр салбар, нэгжийн удирдлага нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4. дэх хэсгийн 28.4.3-т заасан албан тушаалд хамаарахгүй.
3.12. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдийн салбар (төлөөлөгчийн газар г.м)-ын удирдах албан тушаалтан нь зөвхөн тухайн салбарын үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар хангах, чиглүүлэх, зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй ба тухайн салбарыг харьяалах (дээд) хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөл, ийм зөвлөл байхгүй бол гүйцэтгэх удирдлагатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, тухайлан заасан гүйцэтгэх чиг үүрэг, эрх хэмжээний дагуу үйл ажиллагаа явуулахаар байна.
3.13. Маргаан бүхий энэ тохиолдолд, гуравдагч этгээд Д.Д нь Э төрийн өмчит хувьцаат компанийн Архангай салбарын захирлаар, гуравдагч этгээд Ө.Б- нь М ХХК-ийн Архангай аймаг дахь салбарын даргаар, гуравдагч этгээд Ш.Б нь нь “М” ХК-ийн Архангай салбарын захирлаар ажилладаг бөгөөд эдгээр салбар нэгж нь бие даасан хуулийн этгээдийн эрхгүй, өөрийн нэрийн өмнөөс бие даан үйл ажиллагаа явуулдаггүй, харин үйл ажиллагаагаа түүнийг байгуулсан компанийн нэрийн өмнөөс явуулж, компанитай байгуулсан гэрээний дагуу эрх, үүрэг хүлээж, цалинжиж ажилладаг байна.
3.14. Дээрх нөхцөлөөс үзэхэд, гуравдагч этгээд Ш.Н, Ө.Б, Д.Д нарын эрхэлж буй ажил, албан тушаал нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4. дэх хэсгийн 28.4.3-т заасан албан тушаалд хамаарахгүй байх тул маргаан бүхий Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 06 тогтоолын хавсралтын Ш.Н, Ө.Б нарт холбогдох хэсгийг, 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаар тогтоолын Д.Д-ийг нэр дэвшигчээр бүртгэсэн хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй тогтоогдсонгүй.
3.15. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсгийн 4.2.1., 4.2.5-д зааснаар маргаан бүхий Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороо нь 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолын хавсралтын Ш.Н-, Ө.Б-, 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаар тогтоолын Д.Д-ийг нэр дэвшигчээр тус тус бүртгэсэн нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2., 106.3. дахь хэсгийн 106.3.14 дэх заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсгийн 28.4.3, 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Архангай аймгийн А намаас тус аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 06 тогтоолын хавсралтын Ш.Н, Ө.Б нарт холбогдох хэсгийг, 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаар тогтоолын Д.Д-ийг нэр дэвшигчээр бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА