Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2016/00697

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дүгээр багийн ...... тоотод оршин суух Б  овогт Ч-ийн Б /...................../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч 155/2016/0574/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Ч.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааМиний бие Ч.Б  Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 2015 оны 06-р сарын 30-ны Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын Б/38 тоот тушаалаар 2015 оны 07-р сарын 01-ний өдөр ажил олгогч тал болох Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Д-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулан үйлчлэгчээр ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ чанд сайн биелүүлж ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэт 2016 оны 03-р сарын 07-ны өдөр Мэргэжлийн хяналтын газрын дарга болох Д.Лхагвасүрэн нь намайг ажлаас чөлөөлөх тухай Б/16 тоот тушаал гаргасан бөгөөд уг тушаал нь Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бий болоогүй байхад гаргасан юм. Энэ нь Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Л-ийн  Б/16 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан 7 үндэслэлээс алийг нь ч дурдаагүй байгаагаар нотлогдож байгаа юм.

Иймээс ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар шүүхэд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн МХГазарт үйлчлэгч гэсэн орон тоо байхгүй бөгөөд 2015 оны 03 сард иргэн Ч.Б ыг үйлчлэгчээр ажилд авсан байсан. Аймгийн МХГазар нь аймгийн ЗДТГазрын 4 өрөөг түрээслэн үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд түрээсийн байрныхаа цэвэрлэгээг аймгийн ЗДТГазрын үйлчлэгч нь түрээсэлсэн цагаас хариуцан үйлчилгээ хийж ирсэн. Үйлчлэгч Ч.Б ыг ажлаас чөлөөлөх болсон шалтгаан нь МХЕГазрын 2015.04.24-ний өдрийн 208 тоот тушаалаар аймгийн МХГазрын бүтэц орон тоог шинэчлэн батлахдаа үйлчлэгчийн орон тоо батлагдаагүй бөгөөд өмнөх 2014 оны 313 тоот тушаалаар баталсан бүтэц орон тоонд ч үйлчлэгчийн орон тоо батлагдаагүй. Монгол улсын 2016 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХурлын 2015.12.03-ны өдрийн 108 дугаар тогтоолоор батлагдсан арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгосон МХЕГазрын 2016.03.02-ны өдрийн 1/523 тоот албан бичиг ирж, албан бичгээр өгсөн албан үүргийн 1 дэх хэсэгт төсвөөр батлагдсан орон тоог хэтрүүлэхгүй байх, ...тушаалаар батлагдсан орон тооноос илүү ажиллаж байгаа орон тооны асуудлыг зохицуулан цаашид илүү түр гэсэн орон тооны асуудал үүсгэхгүй байх зарчмыг баримтлах гэсэн үүрэг өгөгдсөний дагуу илүү орон тоо бий болгон ажиллуулсан үйлчлэгч Ч.Б , нярав архивын ажилтан Б.О , лаборант Л.Б , Б.Ба, Д.О , төрийн албаны шалгалт өгөөгүй улсын байцаагч Б.Да, Б.Бая зэрэг ажилтнуудыг ажлаас чөлөөлсөн. Дараа нь МХЕГазрын даргын 2016.03.14-ний өдрийн 3/645 тоот албан бичгээр ...тушаалуудыг зөрчиж илүү орон тоон дээр авч ажиллуулж байгаа ажилтнуудыг ажлаас чөлөөлж....2016 оны 03 сарын 18-ны дотор албан бичгээр хариу ирүүлэхийг үүрэг болгож байна гэсний дагуу илүү орон тоон дээр ажиллаж байгаа болон төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй ажилтнуудыг ажлаас чөлөөлсөн болно. Үйлчлэгч Б ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй. Учир нь бүтэц орон тооноос орон тоо хасагдаагүй, орон тоо цөөрүүлээгүй юм. Харин илүү орон тоо гарган ажилд авсан байсан тул МХЕГазрын 1/523 тоот албан бичгээр МХЕГазраас илүү орон тоо бий болгон ажиллуулсан ажилтнуудыг чөлөөлөхийг шаардсаны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 хэсэгт зааснаар илүү орон тоо бий болгосон алдаагаа засах шаардлагаар ажил олгогчийн санаачилгаар буюу хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсэгт зааснаар Б ыг ажлаас чөлөөлсөн болон. Одоо манайд үйлчлэгч гэсэн орон тоо байхгүй бөгөөд Ч.Б ыг ажиллуулах ажлын байр байхгүй тул түүний хүсэлтийг хангах боломжгүй байна. Илүү орон тоо гарган ажиллуулсны улмаас 2016 онд манай байгууллага нийгмийн даатгалд шимтгэлээ төлөөгүй, 2016 оны 4 сард 6.5 сая төгрөг төлөөд, одоогийн байдлаар 7.8 сая төгрөгийн өртэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг багасгаж, гэнэт халагдсаны тэтгэмж гаргуулах нэхэмжлэл шүүх хуралдаан дээр гаргаж байна. Манайх Ч.Б ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй тул тэтгэмж олгох боломжгүй юм. Манай байгууллагад үйлчлэгч гэсэн орон тоо албан ёсоор батлагдаагүй бөгөөд 2015 оны 03 сард бид нар дотооддоо ярилцаж байгаа цалингийн фондонд боломжтой байна гэж үзэж үйлчлэгч авч ажиллуулсан. Тухайн үед төсөв санхүү харьцангүй гайгүй байсан тул болж байсан бөгөөд сүүлийн жилүүдэд төсөв санхүүгийн байдал хүндэрч цаашид үйлчлэгчийг ажиллуулах ямар ч боломжгүй болсон. Б  гуайг ажиллаж байхад манай өрөө тасалгаа цэвэрхэн сайхан байсан. Гэвч илүү орон тоо гарган ажиллуулсны улмаас 2016 онд манай байгууллага нийгмийн даатгалд шимтгэлээ төлөөгүй, 2016 оны 4 сард 6.5 сая төгрөг төлөөд, одоогийн байдлаар 7.8 сая төгрөгийн өртэй байна. Мөн МХЕГазрын 2015.04.24-ний өдрийн 208 тоот тушаалаар аймгийн МХГазрын бүтэц орон тоог шинэчлэн батлахдаа үйлчлэгчийн орон тоо батлагдаагүй бөгөөд өмнөх 2014 оны 313 тоот тушаалаар баталсан бүтэц орон тоонд ч үйлчлэгчийн орон тоо батлагдаагүй. Монгол улсын 2016 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХурлын 2015.12.03-ны өдрийн 108 дугаар тогтоолоор батлагдсан арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгосон МХЕГазрын 2016.03.02-ны өдрийн 1/523 тоот албан бичиг ирж, албан бичгээр өгсөн албан үүргийн 1 дэх хэсэгт төсвөөр батлагдсан орон тоог хэтрүүлэхгүй байх, ...тушаалаар батлагдсан орон тооноос илүү ажиллаж байгаа орон тооны асуудлыг зохицуулан цаашид илүү түр гэсэн орон тооны асуудал үүсгэхгүй байх зарчмыг баримтлах гэсэн үүрэг өгөгдсөний дагуу илүү орон тоо бий болгон ажиллуулсан үйлчлэгч, нярав, архивын ажилтан, лаборант зэрэг ажилтнуудыг ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ

Нэхэмжлэгч Ч.Б  нь хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд Ч.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа урьд ажиллаж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаатай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн ажлаас халагдсаны тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгөөр тооцож гурван сарын тэтгэмж буюу 576.000 /таван зуун далан зургаан мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Ажил олгогч нь Ч.Б ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй тул тэтгэмж олгох боломжгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/38 дугаартай Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын үйлчлэгчээр Чимэддорж овогтой Б ыг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай гэх тушаал, 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/16 дугаартай Ажилтныг ажлаас чөлөөлөх тухай".үйлчлэгч Чимэддоржийн Б ыг 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсугай... гэх тушаалуудын үнэлж үзэхэд ажилтан, ажил олгогч хоёрын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч Ч.Б ы Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох ажлаас халагдсаны тэтгэмж 576.000 /таван зуун далан зургаан мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.Учир нь:

Ажилтанг ажил олгогч буюу Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/16 дугаартай Ажилтныг ажлаас чөлөөлөх тухайтушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.4-д заасан заалтыг үндэслэн үйлчлэгчийн ажлаас халсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Б  нь шүүх хуралдаанд ажил олгогч нь надад урьдчилан мэдэгдэлгүйгээр намайг ажлаас чөлөөлсөн тул тэтгэмж олгох ёстой гэж тайлбарлаж байх боловч энэ нь ажил олгогчоос тэтгэмж гаргуулах үндэслэл болохгүй.

Өөрөө хэлбэл Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор хуульд заасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд Ч.Б ы ажлаас халагдсаны тэтгэмж 576.000 /таван зуун далан зургаан мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэлээ.

Зохигчоос ирүүлсэн дараахь нотлох баримтуудыг үнэлээгүй болно. Үүнд:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн 2015 оны 07 дугаар сарын 01-ны өдөр Аймгийн Мэргэжлийн хяналтын газартай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хуулбар,

Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 313 дугаартай тушаалын хуулбар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 313 дугаартай тушаалын хавсралтуудын хуулбар, Монгол Улсын Их Хурлын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 108 дугаартай тогтоолын хуулбар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1/523 дугаартай албан бичгийн хуулбар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 3/645 дугаартай албан бичгийн хуулбар, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1/106 дугаартай албан бичгийн хуулбар, Аймгийн мэргэжлийн хяналтын газрын илүү орон тоон дээр ажиллаж байсан албан хаагчдыг ажлаас чөлөөлсөн судалгааны хуулбар, Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2016 оны 04 дүгээр сарын тайлангийн хуулбар зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхээр нь өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар өгнө гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байх тул үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар Ч.Б ы нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох ажлаас халагдсаны тэтгэмж 576.000 /таван зуун далан зургаан мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Б  нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ