| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/00520/И |
| Дугаар | 155/ШШ2016/00701 |
| Огноо | 2016-06-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 155/ШШ2016/00701
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн аймгийн ........... сумын ....... дүгээр багт оршин суух, эрэгтэй, ........................ дугаар регистртэй, Г овогт Жын Л
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 155/2016/00520/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Л шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ж.Л миний бие нь 1978 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс ТСангийн аж ахуйд трактор комбайнчаар, 1980 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаат цэргийн алба хааж ирсэн. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухайн үеийн трактор комбайнчаар ажиллаж байсан үеийн орсон, гарсан тушаал огт байхгүй, хөдөлмөрийн дэвтэр үрэгдүүлсэн, цалингийн цэс түүвэр дутуу байгаа юм. Иймд Ч.Л миний Хөвсгөл аймгийн ТСангийн аж ахуйд 1978 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд трактор комбайнчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Тсуманд 1965 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сүүний мэргэжилтэн мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Т сумын ......... багт оршин суух, ......................... дугаар регисртэй, Г овогт Б-ийн О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Л нь миний нөхөр юм. Тэрээр Хөвсгөл аймгийн Тариалангийн Сангийн аж ахуйд 17 настай байхдаа трактор комбайнчийн туслахаар ажилд ороод удалгүй өөрөө трактор комбайнаа барьж ажиллаж байгаад 1980 оны 6 дугаар сард цэрэгт явсан. Тэгээд 1983 онд халагдаж ирээд Тариалангийн Сангийн аж ахуйд үргэлжлүүлэн трактор комбайнчаар ажилд орсон. Ж.Л өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл түүний хөдөлмөрийн дэвтэр болон ажилд орсон, гарсан тушаал нь олдохгүй байгаа учир шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Сангийн аж ахуйн склад шатаад бичиг баримт нь устсан гэдэг юм. Иймд Ж.Л ын Хөвсгөл аймгийн Тариалангийн Сангийн аж ахуйд 1978 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд трактор, комбайнчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ж.Л нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагын хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Ж.Л Хөвсгөл аймгийн Тариалангийн Сангийн аж ахуйд 1978 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд трактор, комбайнчаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Тсумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ж.Л ын 1978 оны 1 дүгээр сараас 1980 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, 1978 онд ТСангийн аж ахуйд сургалтанд сууж байхдаа хамт олонтойгоо авахуулсан гэрэл зураг, Тариалангийн Сангийн аж ахуйн даргын 1979 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Атар газар эзэмшсэний 20 жилийн ойн баярыг тохиолдуулан Тушаах нь: ...3. Механикжуулагчид, малчид, хариуцлагатан, мэргэжилтэн нэр бүхий 156 хүмүүсийг 1-р хавсралтаар шагнасугай... гэх бичилттэй Шагнах тухай 110 дугаар тушаалын хуулбар, ...23. Ж.Л . эрхэлж байгаа жил комбайнч, олгох шагнал 54, олгосон бараа нэрээр: 3 метр торго гэх бичилттэй 110 дугаар тушаалын хавсралтын хуулбар, 1980 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1. Нэр бүхий 209 хүнд ээлжийн амралтыг хавсралтаар олгосугай... 3. Хавсралтаар амрагсадын амралтын мөнгийг бодож олгохыг санхүүд зөвшөөрсүгэй гэх бичилттэй Ээлжийн амралт олгох тухай 67 дугаартай тушаалын хуулбар,...5-р бригад. 165. Ж.Л , комбайнч, үндсэн амралт 15 хоног, албан тушаалын нэмэгдэл 11, удаан жилийн нэмэгдэл 2 , бүгд хоног 28, эхлэх хугацаа I/YI гэх бичилттэй 67 дугаартай тушаалын хавсралтын хуулбар, гэрч И.М-ын ...Би Хөвсгөл аймгийн Тариалангийн Сангийн аж ахуйд 1979 оны 08 сарын 01-нд ажилд ороход Ж.Л тус газарт ажиллаж байсан. Трактор комбайнч хийдэг байсан юм. Газар хагалах, тариа тарих, хураах гэх мэт бүх л төрлийн газар тариалангийн ажил хийдэг байсан. Ажиллаж байгаад 1980 онд цэрэгт татагдан явсан. Би 1981 оны 6 сард Мөрөн суманд шилжиж ирсэн... 1979 оны 8 сараас өмнө болон 1981 оны 6 сараас хойш ажиллаж байсан талаар мэдэхгүй... тасралтгүй ажиллаж байсан...бид тус САА-н 5-р тасагт хамт ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Т.Г-ын ...Ж.Л нь Хөвсгөл аймгийн Тариалангийн Сангийн аж ахуйд 1978 оны 01 сараас эхлэн трактор комбайнчаар 1980 оны 6 сарын цэрэг татлага хүртэл ажиллаж байсан. Бид САА-д хамт ажиллаж байсан юм. Тэгээд Ж.Л цэрэгт явсан. Би өөрөө 1981 оны 6 сард цэрэгт явсан. 1984 онд халагдаж ирээд шууд Мөрөн суманд амьдарсан... тасралтгүй ажиллаж байсан. Тракторын жолоочоор үр тариан дээр тариа тарих, ногооны тэжээлд ногоо хураах, тариа хураах, газар хагалах, тариа тарих бэлтгэл хийх зэрэг ажил хийдэг байсан. Өвлийн улиралдаа техникийн засвар хийх, мод бэлтгэх ажил хийдэг байлаа... би Тариалангийн Сангийн аж ахуйд 1977 оноос 1981 оны 6 сар хүртэл туслах ажилтнаар ажиллаж байсан. Ж.Л бид нар нэг бригадад ажиллаж байсан... гэх мэдүүлэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Ж.Л ын ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Тус аймгийн ТСангийн аж ахуйн даргын 1978-1983 оны даргын тушаал шүүж үзэхэд Ж.Л ыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/266 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байх тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г овогт Жын Л Хөвсгөл аймгийн Тариалангийн Сангийн аж ахуйд 1978 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд трактор, комбайнчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА