Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 204/МА2020/00011

 

Ч.Д-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 145/ШШ2019/00654 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ч.Д нэхэмжлэлтэй, хариуцагч Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах 09/22 тоот тогтоол хүчингүй болгуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал, нэхэмжлэгч Ч.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Болормаа, хариуцагчийн төлөөлөгч М.Г, Э.П нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хөрөнгийн үнэлгээний байгууллагын шинжээч нь зах зээлийн тооцоо судалгаагүй дүгнэлт гаргасан. Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан шинжилгээ хийх журам баримталсан эсэх, ямар аргачлалын дагуу шинжилгээ хийж дүгнэлт гаргасан нь тодорхойгүй, мөн хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу шинжээчийн дүгнэлтийн агуулга, явц тусгагдаагүй, мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан нэмэлт шинжилгээ хийх, 20 дугаар зүйлд заасан дахин шинжилгээ хийхийн аль болохыг тодорхойгүй зэрэг хууль зөрчсөн. Манай газрын хувьд үнэ маш тодорхой болсон байхад бага үнэлсэн. Миний хувьд үнэлгээтэй 3 хоногийн дотор танилцсан. Харин манай эхнэрт танилцуулаагүй. Манай газрыг 28 000 000 төгрөгөөр үнэлээд 22 200 000 төгрөгөөр зарсан. Гэхдээ энэ газрын байршил солигдсон байсан. Энэ талаар хавар шийдвэр гүйцэхгэх газарт мэдэгдэж байсан боловч хүчингүй болсон газар дуудлага худалдаанд оруулж хууль зөрчсөн. Нөгөө талаас миний газар дээр хөрөнгө оруулалт хийж барилга барьж байсан хүн энэ газрыг дуудлага худалдаагаар худалдаж авсан нь нэг хардах шалтгаан болж байна. Мөн үүнтэй холбоотой манай гэр бүлийн гишүүдийн эрх зөрчигдөж байгаа. Уг нь надад ногдох хөрөнгөөр гэсэн хуулийн заалт байдаг юм байна. Миний бие нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлага дээрээ Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Өвөрхангай аймаг, *** сумын *** дугаар баг, *** дугаар байрны *** тоотод байрлах 35 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч гомдол гаргаж байгаа талаараа тодорхой бичээгүй тул энэхүү тайлбараараа тодруулж байна. Иймд хөрөнгийн үнэлгээ болон Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах 09/22 тоот тогтоол хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч М.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 153,  2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 224 дугаартай захирамжаар Ч.Д, Ц.Ү нараас 94.657.155 төгрөгийг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Тус газрын  2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 01/1210, 01/1212 тоот албан бичгээр төлбөр авагч Хаан банк, төлбөр төлөгч Ч.Д, Ц.Ү нарт үнийн  санал авах тухай мэдэгдэл өгөхөд Хаан банкнаас Өвөрхангай аймгийн *** сум *** дугаар баг *** дугаар байрны *** тоотод байрлах 35 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 20 000 000 төгрөг, Өвөрхангай аймгийн *** сум Шинэ төвд байрлалтай 1400 мкв талбайтай газрыг 5 000 000 төгрөг тус тус үнэлэх санал гаргаж, төлбөр төлөгч Ч.Д, Ц.Ү нараас санал ирүүлээгүй. 

Ингээд хөрөнгийн үнэлгээ хийлгэж, “ВЕНДО” ХХК-иас 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр үнэлгээний тайлан авч, мөн өдөр талуудад танилцуулан, мэдэгдэл гардуулж өгсөн.

Гэтэл 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төлбөр төлөгч Ч.Д дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрч хөрөнгөө бие даан худалдан борлуулах 1 сарын хугацаа авах хүсэлт гаргасны дагуу түүнд нэг сарын хугацаа олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Д нэхэмжлэлтэй Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Өвөрхангай аймаг, *** сумын *** дугаар баг, *** дугаар байрны *** тоотод байрлах 35 м.кв талбай бүхий 02 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах 09/22 тоот тогтоол хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Ч.Ды улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Д давж заалдах гомдолдоо: “... Миний бие Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 17-ны өдрийн 145/ШШ2019/00654 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Манай гэр бүлийн өмчлөлийн Өвөрхангай аймгийн *** сумын ***-р баг, ***-р байрны *** тоот хаягт байрлах 35 мкв 2 өрөө орон сууцны үнэлгээг Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын захиалгаар “Вендо” хөрөнгийн үнэлгээний компани үнэлгээ хийхдээ зах зээлийн судалгаа хийхгүй, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан шинжилгээ хийх журмын ямар аргачлалыг ашигласан нь тодорхойгүй, мөн хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу шинжээчийн дүгнэлтийн агуулга, шинжилгээ хийсэн үйл явц тусгагдаагүй, 19, 20 дугаар зүйлүүдэд заасан нэмэлт шинжилгээ, дахин шинжилгээний аль нь болох нь тусгагдаагүй байсанд гомдолтой байна.

2. “Вендо” ХХК-аас 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайлан ирж шийдвэр гүйцэтгэгч танилцуулахад нь би “өмнөх үнэлгээтэй ижилхэн гарсан байна дахин шүүхэд хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргамаар байна гэхэд өмнөх хөрөнгийн үнэлгээ дээр гомдол гараад шүүхийн шийдвэр гарсан болохоор одоо дахин шүүхэд хандаж гомдол гаргах эрхгүй” гэж хэлсэн. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээний талаар мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах хуулийн заалттай гэж тайлбарласан байна. Иймд шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргах эрхгүй гэж хэлсэнд гомдолтой байна.

3. Мөн миний бие шүүхэд гомдол гаргахдаа хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаагаас гадна Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 09 сарын 06-ны өдрийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 09/22 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ. Гэтэл шүүх хурал дээр энэ талаар хэлэлцээгүйд гомдолтой байна. Дээрхи дуудлага худалдаа зохион байгуулах тогтоолд орон сууц болон газрын талаархи мэдээлэлийг хамтад бичсэн байсан. Газартай холбоотой нотлох баримтуудыг хэргийн материалд өгсөн.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 17-ны өдрийн 145/ШШ2019/00654 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Ю давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: “...Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 153 дугаартай захирамж, Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 224 дугаартай захирамжаар тус тус Ч.Д, Ц.Ү нараас 94.657.155 төгрөгийг гаргуулж Хаан банканд олгохоор шийдвэрлэгдсэн. Төлбөр төлөгч Ч.Д, Ц.Ү нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж “Шинжээч томилох тухай” 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 06/05, 06/06, 06/04 дугаар тогтоолоор “Лэндс” ХХК-ийг томилсоныг Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 145/ШШ2018/00845 дугаар шийдвэрээр “Лэндс” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгосон байна.

Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг дахин “Шинжээч томилох тухай” 2019 оны 07 дугаар 01-ний өдрийн 07/23, 07/24 дугаар тогтоолоор “ВЕНДО” ХХК-ийг томилсон байна. Төлбөр төлөгч Ч.Д, Ц.Ү, төлбөр авагч Хаан банк нарт 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 01/1210, 01/1212 дугаар албан бичгээр тус тус “Үнийн санал авах тухай” мэдэгдлийг өгөхөд төлбөр авагч Өвөрхангай аймгийн *** сум *** дугаар баг *** дугаар байрны *** тоотод байрлах 35 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 20 000 000 төгрөг, Өвөрхангай аймгийн *** сум Шинэ төвд байрлалтай 1400 мкв талбайтай газрыг 5 000 000 төгрөг тус тус үнэлэх санал гаргаж, төлбөр төлөгч үнийн саналаа ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу тохиролцоогүй гэж үзсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар хөрөнгийг “ВЕНДО” ХХК-ний үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлээс 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр тайланг хүлээн авч, 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр талуудад үнэлгээг танилцуулж, мэдэгдэл гардуулж өгсөн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар төлбөр төлөгч Ч.Д-д хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай саналаа 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүсэлтээр гаргаж төлбөр төлөгч Ч.Дд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62.2-т зааснаар бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг төлбөр төлөгчид олгосон байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Д нь хариуцагч Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах 09/22 тоот тогтоол хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч шүүх түүнийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзвэл дараах нөхцөл байдлууд тогтоогдож байна. Үүнд:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй.

Нэхэмжлэгч Ч.Д 2019 оны 11 дүгээр сарын 29-нд Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явуулж буй төлбөр төлөгч Ч.Д, Ц.Ү нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг /хавтаст хэргийн 86-87 дугаар хуудас/ шүүх нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар, хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар, нэхэмжлэлийг хариуцагчийн тоогоор хувилж өгнө гэсэн шаардлагыг хангаагүй гэж дүгнээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг өөрчилсөн, шаардлагын хэмжээг ихэсгэсэн, багасгасан тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсны үндсэн дээр ямар, шаардлагыг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргасан талаар шийдвэртээ тодорхой заах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

Хэдийгээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байгаа тохиолдолд хуульд заасан журмыг баримтлах боловч тухайн тохиолдолд залруулж болох боломжтой, тухайлбал хариуцагчийн тоогоор хувилж өгөөгүй бол дахин нэг хувь бичүүлж авах нь хууль зөрчихгүйгээс гадна хэргийн оролцогчид хүндрэл үүсгэхгүй байх нөхцлийг бүрдүүлнэ. Гэтэл Ч.Д нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргахдаа хэнд холбогдуулж ямар шаардлага гаргасан болох нь тодорхой байхад хуульд заасан шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

2. Нэхэмжлэгч Ч.Д хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаагаас гадна Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 09 сарын 06-ны өдрийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 09/22 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар хэлэлцээгүй, шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй боловч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн  118.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана.” гэжээ.

Шүүхийн дүгнэлт нь зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлах бөгөөд нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг тогтоогдсон гэж үзэх, хэрэгт цугларсан баримтаар хангалттай бүрэн тогтоогдсон үйл баримтыг тогтоогдоогүй гэж үзэх нь шийдвэрийн үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж байгаа явдал юм.

3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд Ч.Д, Ц.Ү гэх нэр бүхий хоёр төлбөр төлөгч оролцож байгаа гэх боловч Ц.Ү-г шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулсан тухай баримт хэрэгт авагдаагүй байна. Хэд хэдэн төлбөр төлөгчийн зармыг нь, тухайлбал Ц.Ү-ийн хуульд заасан эрхийг эдлүүлээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бие даан оролцох боломжоор хангаагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  32 дугаар зүйлийн 32.4.-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хэд хэдэн төлбөр авагч, төлбөр төлөгч оролцож байгаа тохиолдолд тэдгээр нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бие даан оролцох эрхтэй.” гэснийг зөрчжээ.  

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн байна. 

Давж заалдах шатны шүүх дээрх алдаа, зөрчлийг зөвтгөж өөрчлөх боломжгүй,  нэхэмжлэгч Ч.Д-ы “...миний бие шүүхэд гомдол гаргахдаа хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаагаас гадна Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 09 сарын 06-ны өдрийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 09/22 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ. Гэтэл шүүх хурал дээр энэ талаар хэлэлцээгүй... Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 17-ны өдрийн 145/ШШ2019/00654 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэсэн гомдлыг хангах үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ч.Д гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг үндэслэн

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны  өдрийн 145/ШШ2019/00654 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Ч.Д давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.