Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 318/ШШ2025/00025

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

            Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

            Нэхэмжлэгч: Б.Б,

            Хариуцагч: Д.М-д холбогдох,

         975,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн шалгаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

         Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Т дэлгүүрийг ажиллуулдаг. Үйлчлүүлэгч Д.М 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,175,000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг авч төлбөр 200,000 төгрөг өгч үлдэгдэл төлбөр 975,000 төгрөгийг дараа төлөхөөр авч явсан. Д.М-ээс төлбөрөө удаа дараа нэхсэн боловч өгөхгүй байгаа тул Иргэний хэргийг шүүхээр шийдүүлэх хүсэлтэй байна. Өнгөрсөн хугацаанд миний зүгээс ёс журмын дагуу олон мессеж бичиж өр төлбөрөө барагдуулахыг сануулж байсан” гэжээ.

      Хариуцагч Д.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Д овогтой М миний бие нь Т дэлгүүрийг ажиллуулж байсан Б 1,750,000 төгрөгийн бараа авсан үнэн гэхдээ иргэн Д.М миний бие бага багаар төлж барагдуулж байсан гэтэл нөхөр Рэнцэндашийн бие муудаад 4 сараас хойш өдийг хүртэл эмнэлгээр яваад тэтгэврийн зээлээ 24 сараар авчихсан тул иргэн Батаагийн зээлийг төлж барагдуулж чадахгүй байгаа. Миний бие нь 5 хүүхэд, нөхөртэйгөө нэг сумын байранд түр оршин суудаг. Надад өөрийн гэсэн гэр орон, хашаа байшин байхгүй тэтгэврийн мөнгөөрөө амьдардаг. Иргэн Б.Б-гийн нэхэмжилсэн 975,000 төгрөгийг өөрийнхөө амьдралын боломжоор 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна...” гэжээ.

      Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Б овогтой Б миний бие Д.М-ээс 975,000 төгрөг нэхэмжилж гомдол гаргасан болно. Д.М нь 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөрт багтаан 975,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар надтай харилцан тохиролцсныг зөвшөөрсөн нь үнэн болногэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

         Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Д.М-д холбогдуулан 975,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.М нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 975,000 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Хариуцагч нь дээрх үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  27,950 төгрөгөөс 13,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 13,975 төгрөгийг, хариуцагч Д.М-ээс 13,975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Д.М нь 975,000 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  27,950 төгрөгөөс 13,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 13,975 төгрөгийг, хариуцагч Д.М-ээс13,975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                          П.БОЛОР