| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2025/00042/И |
| Дугаар | 318/ШШ2025/00040 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 318/ШШ2025/00040
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: “С ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.Г,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, нотариатын зардал нийт 2,013,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянаад, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн шалгаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х.Г, П.М нар нь 2023.03.06-ны өдөр ЗГ/******* тоот зээлийн гэрээ байгуулан 24 сарын хугацаатай 3,5% хүүтэй 7,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн барьцаанд 2009 онд үйлдвэрлэгдсэн 2018.08.05-ны өдөр Монгол улсад орж ирсэн ZVW301001705 арлын дугаартай, ****УВС улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Toyota Prius XW30 маркийн автомашин барьцаалсан. 2024.10.06-ны өдрөөс хойш зээл төлөлтөө бүрэн хийгээгүй тул зээлийн гэрээний үүрэг биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг 99922049 дугаарын утсаар холбогдож болон цахим хаягаар мэдэгдсэн боловч үүргээ үл биелүүлж байгууллагад хохирол учруулсан. Иймд Х.Г, П.М нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2025 оны 01 дугаар сарын 07-ний өдрийн байдлаар үндсэн зээл 1,796,611.64 /нэг сая долоон зуун ерэн зургаан мянга зургаан зуун арван нэгэн төгрөг жаран дөрвөн мөнгө/ төгрөг, хүүгийн төлбөр 186,136.36 /нэг зуун наян зургаан мянга нэг зуун гучин зургаан төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 9,252 /есөн мянга хоёр зуун тавин хоёр/ төгрөг, нотариатын хураамж 21,000 /хорин нэгэн мянга/ төгрөг нийт 2,013,000 /хоёр сая арван гурван мянга/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулж “С” ББСБ-ыг хохиролгүй болгох, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Х.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Би 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр уг үнийн дүнгээс 1,112,228 төгрөг төлсөн нь үнэн болно. Одоо үлдэгдэл 900,772 төгрөгийг сар сард нь цаг хугацаанд нь төлнө” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан тайлбартаа: “Манай байгууллагаас Х.Г-д холбогдох зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэл гаргасан. Х.Г-ын тайлбартай танилцлаа. Хэтэрсэн төлбөрөө төлж, үлдэх төлбөрийг хуваарийн дагуу 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэл төлж дуусгахыг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П нь хариуцагч Х.Г-д холбогдуулан 2,013,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Г нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,013,000 төгрөгийн 1,112,228 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн тухай баримтыг шүүхэд ирүүлсэн ба үлдэх 900,772 төгрөгийг хуваарийн дагуу буюу 2025 оны 3 дугаар сарын 06-ны хүртэл төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нь дээрх үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,158 төгрөгөөс 23,579 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 23,579 төгрөгийг, хариуцагч Х.Г-саас 23,579 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Х.Г нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 900,772 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,158 төгрөгөөс 23,579 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 23,579 төгрөгийг, хариуцагч Х.Г-аас 23,579 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР