Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2016/00707

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн У сумын ...... дүгээр багт оршин суух Ц  овогт Л-ийн Н /.................../-ийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч155/2016/0534/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Д  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Н  шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1962 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 8 жилийн сургуулийг төгссөн ба эвлэлийн илгээлтээр хөдөө гарч 1978 оны 7 сарын 04-нөөс 1991 оны 10 сарын 28-ны өдрийг дуустал Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд саальчнаар ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл 1978 оны 7 сарын 01-нээс 1985 оны 12 сарын 31-нийг дуустал цалин хөлсний лавлагаа архиваас олдоогүй тул ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 1958 онд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 10, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... дүгээр баг ......дугаар гудамжны ....... тоотод оршин суух Х овогт Р-ийн Д  /................../ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч нь бруцеллёз өвчинтэй хөл гар нь өвдөөд шүүх хуралдаанд ирж чадаагүй би төлөөлөгчөөр оролцож байгаа юм. Л.Н  нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд саальчнаар ажиллаж байсан гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Л.Н  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Л.Н  нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлээс 1981 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Л-ийн Н нэрээр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтэр-ийн нотариатаар батлуулсан хуулбар, Хөвсгөл аймгийн дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 245 дугаартай шийдвэрийн хуулбар, Баярын бичиг-үүдийн хуулбарууд, гэрч Ө.Ц ийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: Л.Н  Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1978 оноос 1991 оныг дуустал саальчнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг, гэрч Г.Чын 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: ...Намайг 1976-1991 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад үхэрчнээр ажиллаж байхад Л.Н  тус бригадад 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдөр саальчнаар орж 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрэл зураг зэрэг бичгийн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин хүсэлт гаргагчийн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд тус тус ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч онцгой байдлын ахмад Ж.Н-ийн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нэгдсэн конторын санхүү тасгийн өрөө 1984.12.25-ны өдөр шатаж 610.000 төгрөгийн хохирол учирсан галын хэрэг гал гарсан тухай 141/28 дугаар нотломж үйлдэж цагдаагийн газар шилжүүлсэн болохыг тодорхойлов. гэх тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 10/274 дугаартай Тус аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул Л.Н д холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна. гэх тодорхойлолтууд тус тус хэрэгт авагдсан байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц  овогт Л-ийн Н /.................../-ийн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд тус тус хугацаанд ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Л.Н ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                         Г.ДАВААХҮҮ