Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2016/00708

 

      Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дүгээр багийн ....... тоотод байрлах Баянцагаан хязгаарлагдмал хариуцлагатай компаний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ....... сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох,

Зээлээр худалдан авсан бараа, материалын үнэ 8.535.000 /найман сая таван зуун гучин таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч 155/2016/0542/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Баянцагаан хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөвсгөл аймгийн Р сумын ЕБСургууль нь 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр сургуулийн дотуур байраа засварлана гэж манай компаниас барилгын материал зээлээр худалдан авах тухай гэрээ хийж 9.594.000 төгрөгийн бараа материал гэрээ хийж авсан юм. Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлбөрийг 2015 оны 09 сарын 15-нд төлж дуусгахаар тохирсон боловч төлбөрийг төлөөгүй ба 2016 оны 01 сард 1.059.000 төгрөг төлсөн. Зээлээр авсан бараа материалын үнээ төлөхгүй багаг жил болж байгаа тул Р сумын ЕБСургуулиас гэрээний дагуу зээлээр авсан бараа материалын үнэ 8.535.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Р сумын Ерөнхий боловсролын сургууль шүүхэд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг Баянцагаан ХХК-аас сургуулийн А-75 дотуур байрыг засварлахаар авсан барилгын материалын үнэ 8.535.000 төгрөгийг хохиролгүй болгоно. Гэхдээ дараах байдлаар хувааж төлье. 2.474.000 төгрөгийг 2016 оны 07 сарын 01-ний дотор, үлдсэн 6.061.000 төгрөгийг 08 сарын 31-ний дотор төлж дуусгахаар холбогдох хүмүүстэйгээ уулзаж ярилцаж тохиролцсон болно гэжээ.

Нэхэмжлэгч Баянцагаан хязгаарлагдмал хариуцлагатай компаний захирал Д.Цэвэлмаа шүүхэд гаргасан тайлбартаа: Тайлбарт заасан хугацаанд төлбөрийг өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Баянцагаан хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Хөвсгөл аймгийн Р сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох, зээлээр худалдан авсан бараа, материалын үнэ 8.535.000 /найман сая таван зуун гучин таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Хөвсгөл аймгийн Р сумын Ерөнхий боловсролын сургууль нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 8.535.000 /найман сая таван зуун гучин таван мянга/ төгрөгөөс 2.474.000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний дотор, үлдсэн 6.061.000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 31-ний дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн ба хариуцагчийн энэхүү саналыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Баянцагаан хязгаарлагдмал хариуцлагатай компани нэхэмжлэлийн шаардлага 8.535.000 /найман сая таван зуун гучин таван мянга/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 151.500 /нэг зуун тавин нэгэн мянга таван зуу/ төгрөгийн тавин хувь болох 75.750 /далан таван мянга долоон зуун тавь/ төгрөгийг хариуцагч Хөвсгөл аймгийн Р сумын сургуулиас, улсын орлогоос 75.750 /далан таван мянга долоон зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Баянцагаан хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Баянцагаан хязгаарлагдмал хариуцлагатай компаний нэхэмжлэлтэй, хариуцагч Хөвсгөл аймгийн Р сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох, зээлээр худалдан авсан бараа, материалын үнэ 8.535.000 /найман сая таван зуун гучин таван мянга/ төгрөгөөс 2.474.000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний дотор, үлдсэн 6.061.000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 31-ний дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Баянцагаан хязгаарлагдмал хариуцлагатай компаний 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Голомт банкны 4901000149 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 151.500 /нэг зуун тавин нэгэн мянга таван зуу/ төгрөгийн тавин хувь болох 75.750 /далан таван мянга долоон зуун тавь/ төгрөгийг хариуцагч Хөвсгөл аймгийн Р сумын сургуулиас, улсын орлогоос 75.750 /далан таван мянга долоон зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Баянцагаан хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ