Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 148

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

Улсын яллагч С.Баттамир,  

Хохирогч Б.Одончимэг,

Шүүгдэгч Р.Д /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Санграгч овгийн Рагчаагийн Дашдоржид холбогдох эрүүгийн 1809001010030 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ирүүлснийг хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1967 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Бишрэл трейд” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Монгол росцветмет 18-8 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Санграгч овгийн Р.Д, /РД: ПБ/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Р.Д нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23-1 тоотод оршин суух гэртээ эхнэр Б.Одончимэгтэй маргалдан зодож улмаар зүүн сарвууны 2 дугаар хурууг хаалганд хавчиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Р.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй …” гэв.

Хохирогч Б.Одончимэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 12 дугаар хуудас 03-ны өдөр манай нөхөр гэрээсээ гарсан. 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр манай нөхрийн ажил шинэ жилтэй гээд хувцсаа авах зорилготой ирсэн. Би гэртээ ганцаараа байж байсан цонхоороо харахад манай нөхөр ирж байсан. Би гэрээсээ яваад удсан байсан болохоор айгаад хаалгаа дотроосоо түгжсэн. Тэгээд гэрт орж ирэхдээ хаалганы цоожийг эвдээд орж ирсэн. Тэгээд хувцасны шүүгээнээс хувцсаа авах гэхээр нь “та манай гэрээс гараад олон хоносон байж яагаад манай шүүгээг ухаад байгаа вэ?” гэсэн. “Манай гэрээс гар” гэж хэлсэн. Мөн манай гэр бүлийн өмч болох ганц машиныг дээрэлхээд унаад явсан. Энэ хүн архи уухаараа дандаа хаалга өшиглөж орж ирдэг зантай хүн. Тухайн хэрэг болдог өдөр бас хаалга өшиглөж орж ирээд,  миний хурууг хавчсан.  Шүүгдэгч надад эмчилгээний зардал гэж 900.000 төгрөг өгсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй…” гэв.

Эрүүгийн 1809001010030 дугаартай хэргээс:

   Шүүгдэгч Р.Д нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 10-ны бүтэнсайн өдөр манай ажил баяр болох гээд ажиллаж байсан. Би ажлаа тараад орой 20 цагийн үед гэртээ ирсэн. Тэгэхэд эхнэр “чи хаана хэнтэйгээ зугаалж яваад ирж байгаа юм бэ” гэж надтай маргалдаад хэрүүл үүссэн. Тэгтэл манай охин Оюун-Эрдэнэ ээжтэйгээ нийлж надтай бас хэрүүл хийсэн. Тэгээд эхнэр гаднаас хувцасыг нь авчирж өг гэж хэлсэн. Манай эрэгтэй хүүхэд миний хувцасыг авчирч өгсөн. Тэгээд би хувцасаа аваад гарсан. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр утсаар яриад 24-ний өдөр гэртээ ирсэн тэгээд намайг хашаагаар ортол эхнэр цонхоор хараад хаалгаа түгжсэн. Би хаалганы түгжээгээ татаж онгойлгоод ортол Одончимэг миний нүүр рүү маажсан үснээс зулгаасан. Би үсээ тавиулж гарах гэтэл миний малгайг аваад гаргаж хаясан. Би түүнийг том өрөөндөө оруулаад хаалга хаатал гарыг нь хавчсан тэгээд би гараад явж байтал манай гэр рүү цагдаагийн машин орохоор нь би эргээд орсон. Намайг гарахаас өмнө эхнэр цагдаа дуудсан би түүнийг нь мэдэж байсан. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Эхнэр цагдаад өргөдөл өгсөн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/,

 

 

Хохирогч Б.Одончимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... Би Р.Д гэж хүнтэй 26 жил амьдарч байгаа бөгөөд байнга дарамталж, архи уусан үедээ агсам тавьж, дарамтанд байлгадаг. Өнөөдөр гэртээ байж байсан чинь гаднаас ирж яваа нь цонхоор харагдахаар нь хаалгаа түгжсэн чинь Дашдорж хаалганы цоож татаж эвдэж орж ирээд хувцсаа авна гээд намайг том өрөөнд орж хаалга хаагаад байхаар нь би араас нь орохоор хаалганы бариулаас барьсан чинь том өрөөг дотроос Дашдорж хаалга өшиглөж хаалганд миний гарыг хавчиж хурууны өндөг хэсэг тасарчихаар болсон. Оёдол тавиулсан одоо өдөр болгон боолт хийлгэж байгаа мөн эм ууж байгаа эмчилгээний баримтаа өгнө. Шүүх хуралд оролцоно гомдолтой байна…" гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Гэрч Д.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…намайг бага байхад манай ээжийг их зоддог байсан. Архи уухаараа их ширүүн зантай хүн байгаа юм. 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр биш 12 дугаар сарын 03-ны өдөр болсон асуудал. Манай аав ажилтай гэж хэлээд нэг ирж хоноод зарим өдөр нь гэртээ ирж хонохгүй 2-3 удаа үргэлжилсэн. Тэгээд ажлаас нь очиж асуухаар ажил нь өнөөдөр амарч байгаа гэдэг байсан. Тэгээд манай ээж чи өөр амьдралтай болсон юм уу аль нэг амьдралаа сонго гэхэд аав хувцасаа аваад яваад өгсөн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹612 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Б.Одончимэгийн биед зүүн сарвууны хууларсан шарх, баруун тохойн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” гэжээ. /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

Р.Дийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дүгээр хуудас/, Р.Дийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 32 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 33 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Р.Д нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23-1 тоотод оршин суух гэртээ эхнэр Б.Одончимэгтэй гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн Б.Одончимэгийн зүүн сарвууны 2 дугаар хурууг хаалганд хавчиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Р.Дийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Одончимэгийн мэдүүлэг, гэрч Д.Оюун-Эрдэнийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №612 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Шүүгдэгч нь өөрийн эхнэр Б.Одончимэгийн гарыг хаалганд хавчиж биед нь хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Р.Дийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хохирогч Б.Одончимэг шүүгдэгч Р.Д нарыг гэр бүл болохыг нотлосон гэрлэлтийн бүртгэлийн лавлагаатай байх ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн” гэдэгт хохирогч Б.Одончимэг хамаарах болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцах талаар зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

Шүүх шүүгдэгч Р.Дид ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Р.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.

Шүүх хуралдаанд хохирогч Б.Одончимэг мэдүүлэхдээ “...эмчилгээний зардалд 930.000 төгрөг Р.Доос авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа. 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Р.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                           

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Санграгч овгийн Р.Дийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Дид 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Дид оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Р.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Дид урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН