Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/24

 

Б.*******д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд

          Прокурор                                                                                             Н.*******

          Шүүгдэгч                                                                                             Б.*******

          Хохирогчийн өмгөөлөгч                                                                   Б.*******

          Хохирогч                                                                                             С.*******

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                                             Д.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/18 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.******* болон түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлоор Б.*******д холбогдох 2224000930102 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* ******* , ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт ******* аймгийн сумын багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ИЖ регистрийн дугаартай, овогт *******,

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 19 цагийн үед ******* аймгийн сумын ******* багийн нутаг гэх газарт согтуугаар “Honda Fit” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгийн б-д “Жолооч хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүргийг хүлээнэ” гэж, мөн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсгийн а-д “Жолоочид ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох хориглоно” гэж, мөн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна...” гэж, мөн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.11-т “Энэ дүрмийн 25.3, 25.5, 26.3-д зааснаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслээр ...хөвөөгөөр ...явахыг хориглоно” гэж, мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийг хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг тус тус зөрчсөний улмаас түүний жолоодож явсан “Honda Fit” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдож зорчигч Д. амь насыг хохироосон, зорчигч С.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

Шүүгдэгч овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Б.*******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 7 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс тоолж, Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 61 дугаартай шүүгдэгч Б.*******ын хувьд ногдох хөрөнгөөс ******* аймгийн сумын багийн Чандманийн 17-1714 тоот хашаанд байрлах 130 мерт куб талбайтай хувийн сууц, гаржийн зориулалтай улсын бүртгэлийн Y- гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******ын нэхэмжилсэн 12,851,911 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 3,940,038 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 8,911,873 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч Б.******* төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.*******ын эмчилгээний зардал болон бусад зардал 8,500,000 төгрөг гаргуулах, цаашид гарах эмчилгээний зардал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******ын 3 хүүхдийн тэжээгчээ алдсан тэтгэмж тогтоолгох, хавтаст хэрэгт баримтаар гаргаж өгөөгүй бусад зардал 10,000,000 төгрөг гаргуулах, цаашид гарах зардал, сэтгэл санааны хохирол 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.*******д холбогдуулан нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******, түүний өмгөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.******* болон түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг 4 дүгээр талд “...амь хохирогч Д. хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн 3 хүүхдийн тэжээгчээ алдсан тэтгэмж тогтоолгох ...нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж ...нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв” гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүхээс ямар үндэслэлээр хүүхдийн тэжээгчээ алдсан тэтгэмж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж байгаа нь тодорхойгүй, Иргэний хуулийн 508, 509 дүгээр зүйлд зааснаар олгогдох ёстой байсан гэмт хор учруулсны төлбөрийг авах эрхийг хуульчилсан байхад гаргалгүй шийдвэрлэсэн.

Мөн шүүхийн шийтгэх тогтоолын 10 дугаар талд “...хохирол төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар 7 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзлээ” гэж дүгнэсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль тогтоомжид заасан шударга ёс, тэгж байдлын зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна.

Тухайлбал Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлэхэд учруулсан хохирол, хор уршгийг шинж чанарыг харгалзан үзэж хэрэглэхээр байна. Гэтэл энэ хэрэгт жирэмсэн эмэгтэй хүний амь нас, хэвлийдээ эрүүл саруул бойжиж байсан ураг, өнчирч үлдсэн 3 бага насны хүүхдэд учирсан хор уршгийг хэрхэн арилсан гэж үзэж шүүх ялыг хөнгөрүүлж байгаа нь ойлгомжгүй. Мөн шийтгэх тогтоолд учирсан хор уршгийг яагаад харгалзан үзэлгүйгээр ялыг хөнгөрүүлж байгаа нь үндэслэлгүй бөгөөд улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрүүгийн хариуцлагын хуралдаанд гаргасан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлэх боломжгүй талаарх дүгнэлт, тайлбарыг хэрхэн няцаасан талаар шийтгэх тогтоолд дүгнээгүй байна. Иймд ...шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү.

... Гэм буруу дээр гэмшиж байсан уу үгүй юу гэдэг нь анхан шатны шүүх хуралдаан оролцож байсан нөхцөл байдлын хүрээнд дээр илэрхий байсан.  Амьд явбал Алтан аяганаас ус уудаг гэдэг үг байдаг. Чи хэдий өнөөдөр ял эдэлж байгаа боловч эрүүл саруул амьд байна. Чи ял эдлээд гарч ирэх ч амьдрах бүрэн боломж байна. Нас барсан хүний хор уршгийг яаж тооцох гээд байгаа юм бэ гэдэг зүйлийн талаар ярьж байна. Нас барсан жирэмсэн эх, хүн болоод мэндлэх боломжтой байсан ураг. Чиний ар гэрийг бодох бодохгүй асуудал үүн дээр яригдахгүй. Мөн би хохирогчийн өмгөөлөгч учраас шүүгдэгчийн ар гэрийг бодох нь миний гэрээгээр хүлээсэн үүргийн хувьд байхгүй. Тэтгэмжийн асуудлыг шүүхээс хэлэлцэхгүй орхисон нь шүүхээс Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг шүүх өөрөө үгүйсгээд байгаа юм. Өнөөдөр улсын яллагчийн байр суурь өөрчлөгдөж орж ирсэн байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр  Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй гэсэн байр суурьтайгаар тэмдэглэлд тусаж байсан бол улсын яллагч шүүхийн эрх хэмжээний асуудал шүүх зөв шийдсэн гэж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд үүнд дээр хатуу байр суурьтай байна.  Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т хохирол төлсөн  бол энэ зүйл заалтыг бүрэн хангах боломжтой. Гэтэл шүүх хүүхдүүдийн тэтгэмжийг асуудлыг хасаж, оршуулгын зардлыг тогтоосон.  Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасан байгаа учруулсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзаарай гэсэн байхад  шүүх авч үзэлгүйгээр ингэж   ингэж шийдэж болох юм уу, хор уршиг хэн дээр үйлчлээд хэн дээр үйлчилдэггүй юм бэ, эсвэл  аваар гарах бүрт хор уршиг тооцохгүйгээр явах уу, үүн дээр давж заалдах шатны шүүх нэг чиглэл өгч хүний эрхийг хангах нь зүйтэй болов уу гэж энэ гомдлыг гаргасан.

...Намайг Д.******* гэдэг. Миний амь хохирогчийн төрсөн ах байна. Миний дүүгийн хэвлийд 3 сартай ураг эрүүл саруул бойжиж байсан. ******* аймгийн сумын сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа тул үнэн зөвөөр шийдэж өгөөч. Гэм бурууд нь тохирсон хариуцлагыг хүлээлгэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Намайг Б.******* гэдэг. Би ******* аймгийн ******* сумын харьяат. ******* аймгийн сумд оршин суудаг. Би 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр С.******* найзынхаа гуйлтаар ******* сум руу явж өгсөн. Эхнэрийг нь нас барсанд уучлалт гуйж байна. Хохирогчийн өмгөөлөгч нь хохирлыг тухайн үед барагдуулаагүй гэж байна. Би тухайн болон манай гэрийнхэн байнга иргэж очиж байсан. Төлбөр мөнгө өгье гэхэд наадхыг чинь авахгүй шийддэг газраар шийдүүлнэ гэж хэлээд Д.******* гуай төлбөр төлүүлээгүй. Шүүх хуралдаанаас гарсан төлбөрийг тухайн үед нь төлсөн. Энэ хүмүүсээс уучлалт гуйж байна. Намайг гэм буруугаа хүлээж гэмшихгүй байна гэж байна. Би тэр хүний гуйлтаар явсан ч гэсэн. Сэтгэл санаагаар хохирч байгааг бодож үзэхгүйгээр өмгөөлөгч нэг талыг барьж байгаад гомдолтой байна гэжээ.

Хохирогч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сайхан ханийгаа алдчихлаа.  Хэцүү байна. ******* аймгийн сумын сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа тул үнэн зөвөөр шийдэж өгөөч гэжээ.

Прокурор Н.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...Нэгдүгээрт тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбоотой асуудлаар гомдол гаргасан юм байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан дээр энэ асуудлаар хэлэлцэх боломжгүй, баримт хангалтгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй байдлаар үлдээх боломжтой. Нэхэмжлэх эрхтэй байдлаар анхан шатны шүүх оролцогчийн эрхийг зөрчсөн хохирлыг бодитой тогтоогоогүй гэх үндэслэл хамаарахгүй байна гэж үзэж байна. Мөн энэ гэмт хэргийн хор уршигт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй байна гэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх эсэх асуудлыг шүүхэд үүрэг болгосон биш шүүгчийн эрх хэмжээний хүрээнд хянан шийдвэрлэгдэх заалт байгаа юм.  Энэ хэрэгт оногдуулах ялын доод хэмжээ 2 жил байгаа юм. Гэтэл шүүх 2-ны 1 буюу 1 жилийн хугацаагаар ял оногдуулах боломж байсан боловч учруулсан хохирлын хор уршгийн шинж байдал,нөхцөл байдлыг харгалзан хорих ялынхаа доод хэмжээг 3 жил тогтоож сонгож оногдуулсан байгаа нь илт хор уршгийн байдалд нь дүгнэлт хийлгүйгээр үндэслэлгүйгээр хөнгөн ял оногдуулсан байна гэдэгт хамаарахгүй байна гэж харж байна. Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй байдлаар үйлдэгддэг. Мөн түүнчлэн энэ хүний хувийн байдлыг шүүх харгалзан үзсэн байна. Хэдийгээр хор уршиг төлөгдөөгүй байгаа ч гэсэн дээрх хохирол хор уршгийг  иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн байгаа учир хохирогч нарын хуулиар олгосон эрхийг хязгаарлаагүй байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэжээ.      

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар давж заалдах шатны шүүх Б.*******д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхийг  хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь  хянаж үзлээ.

1. Хэргийн үйл баримтын талаар

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 19 цагийн үед ******* аймгийн сумын ******* багийн нутаг гэх газарт согтуугаар “Honda Fit” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам тээврийн осол гаргаж, зорчигч Д. амь насыг хохироож, зорчигч С.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулжээ.

Энэ үйл баримт нь хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******ын “...2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 22 цагийн орчимд манай ойролцоо байдаг хамаатны 2 залуу манайд ирээд ******* осолд орсон таныг яаралтай сумын төв рүү орж ир гэж хэлүүллээ гэсэн тухайн үед манай утас унтарчихсан байсан. Тэгээд би эхнэр хүүхдүүдийнхээ хамт шөнө 02 цаг өнгөрч байхад сумын төв рүү орж ирсэн. Намайг ирэхэд манай ээжийн ухаан санаа нь орж гарсан тухайн ослын улмаас манай дүү Баасанжаргал нас барсан болохыг мэдсэн. Талийгаач, нөхөр С.*******, жолооч Б.******* нарын хамт 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн өглөө хүүхдүүдээ цэцэрлэгт өгчхөөд ******* сум руу явсан байсан. Талийгаачийн нөхөр С.******* өөрийн найз Намсрайжав гэх залуу руу 17 цаг өнгөрч байхад ******* сумаас сум руу гарч байна, манай хүүхдүүдийг цэцэрлэгээс нь аваад хадам ээжийнд хүргээд өгөөрэй гэж ярьсан байсан. Талийгаач ямар нэгэн архаг суурь өвчингүй байсан бөгөөд 3 сартай жирэмсэн байсан. Талийгаачийн оршуулгын зардал болон буян номын ажилд баримттайгаар 12,661,770 төгрөгийг зарцуулсан учраас одоо *******аас нэхэмжилнэ. Харин баримтгүйгээр 10,000,000 төгрөг зарцуулсан. Талийгаач Баасанжаргал 2-5 насны гурван хүүхэдтэй байсан бөгөөд нас барах үедээ жирэмсэн байсан. Тиймээс эдгээр хүүхдүүдийнх нь тэжээгчээ алдсаны тэтгэмж болон хүүхдүүдийн сэтгэл санааны хохирол нийт 30,000,000 төгрөг баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч С.*******ын “...2022 оны 9 дүгээр сарын 20-ны өглөө 10 цаг өнгөрч байхад эхнэр Баасанжаргал, найз ******* нарын хамт пит маркийн автомашинтай сумаас ******* сумын чиглэлд явсан. ******* сумаас буцаж гарахдаа дэлгүүрээс 2.4 литрийн хэмжээтэй пиво, хиам, ундаа зэрэг хүнсний бараа авсан. ******* сумын төвөөс хойшоо засмал замын хооронд зогсож байгаад нөгөө пивоо ******* бид хоёр хувааж уугаад хөдөлсөн. Би Тэлмэн сумын төв өнгөрөөд явж байгаад унтчихсан байсан. Нэг мэдэхэд л би эмнэлэгт хүргэгдээд ирчихсэн байсан. Тээврийн хэрэгслийг Б.******* жолоодож явсан. Би арын суудал дээр сууж явсан, харин талийгаач Баасанжаргал жолоочийн хажуу талын суудалд сууж байсан. ...талийгаач эхнэр маань жирэмсэн байсан болохоор пиво уугаагүй. ******* сумаас Тэлмэн сум орж ирэх хүртэл 80-90 километр цагийн хурдтай явж байсан. Тэлмэн сум өнгөрөөд би унтчихсан байсан болохоор тухайн осолд орсон газар хүртэл хэдэн километр цагийн хурдтай явж байсан болохыг мэдэхгүй байна. *******, бид хоёр хамгаалах бүс бүслээгүй. Анх ******* сумаас хөдлөхдөө би эхнэрт хамгаалах бүсийг нь хойноос авч зүүлгэсэн, харин замд зогсох үед хамгаалах бүсээ тайлсан эсэхийг нь бол мэдэхгүй байна. Бид нарыг ******* сумаас Тэлмэн сум ортол хугацаанд замд ямар нэгэн цас бороо орох ч юм уу шуурах гээд элдэв асуудал үүсээгүй цаг агаар хэвийн байсан. ...Эмчилгээний болон бусад зардал нийт 8,500,000 төгрөгийг Б.*******аас нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг,

Гэрч О. “...2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 18 цаг өнгөрч байхад би сумын ******* багийн нутаг Мэргэн давааны ойролцоо байдаг аавындаа оччихоод буцаад мотоциклтой засмал зам руу орох гээд явж байхад миний хажуугаар Пит маркийн цагаан өнгөтэй автомашин засмал замаар явж өнгөрсөн. Засмал зам руу ороод явж байтал миний мотоциклийн бензин тасалдаад зогсоод мотоциклдоо савтай бензинээсээ нэмж хийчхээд мотоциклоо асаагаад сумын төв рүү хөдлөөд явж байтал миний хажуугаар өнгөрсөн Пит маркийн автомашин засмал эсрэг урсгалд ороод дээшээ хараад онхолдчихсон байсан. Би автомашин онхолдсон талаар цагдаагийн хэлтсийн жижүүрт мэдэгдэхээр засмал замаас бууж уул руу сүлжээ хайж байгаад сүлжээ ормогц цагдаагийн хэлтсийн жижүүр болон нэгдсэн эмнэлгийн 103 дугаарт дуудлага өгсөн. Ягаан цамцтай эмэгтэй машинаасаа шидэгдсэн бололтой засмал замын хойд талын шороон дээр дээшээ харсан ухаангүй хэвтэж байсан. Харин хоёр залуу машинаасаа гарч ирсэн бололтой машиныхаа хажууд духны хэсгээрээ толгойгоо нийлүүлчихсэн сууж байсан. 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 19 цагийн орчимд байх цаг хараагүй, тухайн осол ******* аймгийн сумын ******* багийн нутаг ар булаг гэх газар болсон. ...Хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүн байсан бөгөөд эмнэлэг ирж үзээд эмэгтэйг нас барсан байна гэж байсан...” гэсэн мэдүүлэг

Гэрч Б. “...Хонда пит маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн тээврийн хэрэгслийг Р.Пүрэвжав гэгчээс худалдаж аваад тээврийн хэрэгслээ нэр дээрээ шилжүүлж авах талаар хэлэхэд би өмнө авсан хүнээсээ шилжүүлж авч амжаагүй байгаа. Удахгүй шилжүүлж өгнө гэж байсан. Би тухайн хүнээс тээврийн хэрэгсэл худалдаж авсан мөнгөө бүрэн төлж барагдуулсан. 2022 оны 9 дүгээр сарын 20-нд ******* сум руу манай найз банкнаас зээл хөөцөлдөнө, намайг яваад өгөөч гээд гуйгаад байна та машинаа өгчих гэж 9 дүгээр сарын 19-ний өдөр утсаар яриад маргааш өглөө нь 08 цаг өнгөрч байхад ирээд манайхаас аваад явсан...” гэсэн мэдүүлэг,

******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 000000073 дугаартай: “...Амь хохирогч Д. биед гэмтэл учирсан байна. Зам тээврийн осолд орох үед үүссэн байх боломжтой гавал тархины битүү гэмтэл, тархины цус харвалт, эдийн няцрал, дотуур цус алдалт 100 мл, элэгний язрал, олон хавирганы хугарал, сээр бүсэлхийн нугалмын хугарал, нугас дарагдал, зүүн бугалганд хугарал, зүүн чамархайн хэгзлэгдсэн шарх, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн шилбэ, шагайны дээд хэсэг, зүүн тавхай, баруун шилбэ, баруун өвдөг, зүүн сарвуу, баруун шуу, баруун ташааны гадна хэсэг, бөөрний түвшинд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Үхэлд хүргэхээс бусад гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсэн гэмтлүүд учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Гавал тархины битүү гэмтэл, тархины цус харвалт, эдийн няцрал, дотуур цус алдалт 100 мл, элэгний язрал, олон хавирганы хугарал, сээр бүсэлхийн нугалмын хугарал, нугас дарагдал гэмтлүүд нь үхэлд хүргэхэд нөлөөлсөн байна. Цаг хугацааны хувьд 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр бүх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсэн байх боломжтой гэмтлүүд байна. Д. задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч Д.Баасанжаргал нь гавал тархины битүү гэмтэл, тархины цус харвалт, эдийн няцрал, дотуур цус алдалт 100 мл, элэгний язрал, олон хавирганы хугарал, сээр бүсэлхийн нугалмын хугарал, нугас дарагдал гэмтлийн улмаас нас баржээ. Амь хохирогч Д.Баасанжаргал нь 9-12 долоо хоногтой хэвийн өсөлт бойжилттой жирэмсэн байжээ...” гэсэн дүгнэлт ,

******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 000000543 дугаартай: “...С.*******ын биед гэмтэл учирсан байна. Зам тээврийн осолд орох үед үүсгэгдсэн байх боломжтой дагзны ясны төв хэсгийн шугаман цууралт, хамрын таславчийн муруйлт, зүүн талын чамархайн дэлбэнд тархины эдийн няцрал, 2 өвдөг, баруун шилбэ, баруун бөөрний доод хэсэг, баруун мөрний гадна хэсэг, зүүн бугалга, баруун сарвууны ар хэсгийн төвгөр хэсгүүдэд сорви гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь цаашид ерөнхий *******ийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. С.*******ын биед учирсан дагзны ясны төв хэсгийн шугаман цууралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд ба нийлээд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 127-128/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-10/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, цогцос хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйл болон хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр  тус тус тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.******* нь зам тээврийн осол гаргах үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болох нь “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 4637 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Б.******* ИЖ гэж хаягласан цусанд 0.7 промилли спирт илэрсэн. Цусан дахь 0.7 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, хохирогч С.*******ын “...******* сумаас буцаж гарахдаа дэлгүүрээс 2.4 литрийн хэмжээтэй пиво, хиам, ундаа зэрэг хүнсний бараа авсан. ******* сумын төвөөс хойшоо засмал замын хооронд зогсож байгаад нөгөө пивоо ******* бид хоёр хувааж уугаад хөдөлсөн...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг үгүйсгээгүй, давхар нотолсон шинжтэй байна. 

  1. Нотлох баримтын талаар,

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, уг нотлох баримтууд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнээс гадна эргэлзээгүй, хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хэргийг эцэслэн шийдвэрлэхэд бүхэлдээ хангалттай байна.

Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, харин давхар нотолж байгаа болохыг дурдах нь зүйтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй болжээ.

3. Анхан шатны шүүхийн хууль хэрэглэсэн байдал, давж заалдах гомдлын талаар,

 Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 19 цагийн үед ******* аймгийн сумын ******* багийн нутаг гэх газарт согтуугаар “Honda Fit” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам тээврийн осол гаргаж, зорчигч Д. амь насыг хохироож, зорчигч С.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчилж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанарыг харгалзан түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, болгоомжгүй гэмт хэргийн улмаас хохирогчид хор уршиг учруулсан, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хуульд зааснаас хөнгөн ял оногдуулсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан хохирогч талын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Харин Монгол улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар иргэн “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.

Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байх ёстой.

Бусдын амь насанд учруулсан гэм хорд ямар хохирлыг тооцох, түүнийг хэрхэн арилгах талаар Иргэний хуулийн 508 дугаар зүйлд тодорхой зохицуулсан байна.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зардал болон гэм хор учруулсны төлбөрийг гэм буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд гэм хор учруулсны төлбөрт ямар зардал хамаарах түүнийг тооцох журам зэргийг мөн зүйлийн 508.2, 508.3, 508.4 дэх хэсгүүдэд дэлгэрэнгүй заажээ.

Эндээс харахад хохирогч нас барснаас учирсан гэм хорыг Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасан зардал болон төлбөрийн хүрээнд гэм буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүгдэгчээс тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг нэхэмжилснийг шүүх гаргуулах боломжтой байсан байна.

 Амь хохирогч нь ажил ******* эрхэлж цалин хөлс авч, орлого олж байсан талаар хэрэгт баримт байхгүй байх ба Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсгийг төсөөтэй хэрэглэж, *******ийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгнөөс  тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг тооцох боломжтой байна.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт заасны дагуу одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа *******ийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгнөөс хохирогчийн насанд хүрээгүй 3 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж 380.000 төгрөгийг хасвал зөрүү 170.000 төгрөг болж байна. Үүнийг 3 хүүхдэд тэнцүү хуваавал нэг хүүхдэд 56.666 төгрөг ногдож байна.

Тиймээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 56.666 төгрөгийг хохирогчийн насанд хүрээгүй хүүхэд тус бүрт сар бүр шүүгдэгчээс гаргуулж олгож байхаар шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иймд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3, 508.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******аас гэм хор учруулсны төлбөрийг сар бүр гаргуулж, хүүхэд тус бүрийг тэжээн тэтгүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын “3 хүүхдийн тэжээгчээ алдсан тэтгэмж тогтоолгох“  бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. ******* аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/18 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 8 дахь заалтын “...амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******ын 3 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох шаардлагыг хэлэлцэхгүй орхисон” хэсгийг “Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3, 508.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******аас сар бүр 170.000 төгрөг гаргуулж, охин П., хүү П.,  П. нарыг тус бүр 56.666  төгрөгөөр арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл тэжээн тэтгүүлсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтын хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.АРИУНБАЯР