| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2024/00284/И |
| Дугаар | 157/ШШ2025/00011 |
| Огноо | 2025-01-14 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 157/ШШ2025/00011
2025 01 14 157/ШШ2025/00011
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Х аймгийн Б сумын 2 дугаар баг 00 дугаар байрны 30 тоотод оршин суух, З овогт У-н.Б-ийн “Өв хүлээн авах хугацааг сунгуулах тухай” хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч У.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч У.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие нь У-ийн Б-ийн төрсөн дүү бөгөөд бид эцэг эхээс гурвуулаа. /Ах У-ийн Б, ах У-н Б/
Миний төрсөн ах У.Б нь 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр өвчний улмаас нас барсан. Талийгаач ах маань эхнэр, хүүхэдгүй бөгөөд ам бүл ганцаараа Х аймгийн Б сумын 2 дугаар баг, 46-р байрны 30 тоотод амьдардаг байсан. Талийгаач ахын өмчлөлийн байр, хувьцаа хэнд ч өвлөгдөөгүй юм. Би группт байдаг бөгөөд эрүүл мэндийн шалтгааны улмаас өв нээлгэх хүсэлтийг 1 жилийн дотор нотариатад гаргаж чадаагүйн улмаас ахынхаа өв залгамжлагч болж чадаагүй. Нотариатчид хандахад шүүхээр шийдүүлээд өвлөх эрхээ сэргээлгээд, хугацаа сунгуулаад ир гэсэн.
Бидний аав 2008 онд, ээж 1998 онд нас барсан. Одоо амьд байгаа нь ах У.Б, бид 2 юм. Миний ах У.Б нь Х аймаг Б сумын 2 дугаар багт байрлах Ү1804000960 дугаартай 00 дугаар байр 30 тоот, 32,41м2 талбайтай орон сууц, өвөөр хүлээн авахаас татгалзсан тул би эхнэр хүүхдийнхээ хамт ахыгаа нас барснаас хойш буюу 2022 оны 10 дугаар сарын 15-аас 46 дугаар байрны 30 тоотыг эзэмшин, түүнд амьдарч байна. Уг байр нь хэнд ч өвлөгдөөгүй бөгөөд би уг байранд амьдраад 2 жил гаран болж байна. Иймд Иргэний хуульд зааснаар өв хүлээн авах хугацааг сунгаж өгнө үү.” гэжээ.
2.Хүсэлт гаргагч У.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нотариат ороод Б сумын 2 дугаар баг, 00-р байрны 30 тоот байрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлэх гэтэл өв нээх хугацаа өнгөрсөн байна, шүүхэд ханд гэсэн юм. Би эрүүл мэндийн шалтгаантай учраас өв нээх хугацааг хожимдуулсан байна.
Бид эхээс гурвуулаа. Нас барсан ах маань миний дунд ах бөгөөд нэрийг нь У.Б гэдэг. 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр өвчний учир нас барсан. Тэрээр 2009 онд шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд түүнээс хойш 00 дугаар байрны 30 тоот гэртээ ганцаараа амьдарч байгаад нас барсан. Эхнэр нь Нандинцэцэг гэж хүн байсан ба 3 жил л хамт амьдарсан байх, дундаасаа хүүхэд төрүүлээгүй, ахаас минь салаад өөр хүнтэй суугаад явж байсан.
Бидний ээж 1998 онд, аав маань 2008 онд нас барсан. Одоо том ах У.Б бид 2 л амьд байгаа ба ах маань уг 46 дугаар байрны 30 тоот орон сууцыг намайг өвлөж авахыг зөвшөөрсөн юм.
Би 2015 онд уушгины силикоз гэх мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилж эхэлснээс хойш байнгын эмчийн хяналтад байдаг. Явахаар л бөглөчих гээд байдаг өвчин байгаа юм. Анх 2015 онд энэ өвчнөөр 40%-ийн групп тогтоолгож байсан, одоо 65 хувийн группт байдаг. Аав маань уушгины өвчнөөр нас барсан, ах бид 3 гурвуулаа уушгины силикоз өвчтэй. Ах У.Б маань энэ өвчнөөр нас барсан юм...” гэв.
3.Хүсэлт гаргагчаас:
-З овогт У-н.Б-ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 2 дугаар хуудас/
-З овогт Ухнаагийн Бат-Эрдэнийн нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-ийн 3 дугаар тал/
-46 дугаар байрны 30 тоот байрны 0114821 дугаартай орон сууц хувьчлах гэрчилгээ /хх-ийн 4 дүгээр тал/
-Өв хүлээн авахаас татгалзах хүсэлт /хх-ийн 5 дугаар хуудас/
-З овогт У-ийн Б-ийн нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-ийн 6 дугаар тал/
-Төрөл садангийн лавлагаа /хх-ийн 7 дугаар тал/
-Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа /хх-ийн 8 дугаар тал/
-У.Б-ийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 9 дүгээр тал/
-Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт /хх-ийн 10 дугаар хуудас/
-Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх-ийн 11-12 дугаар хуудас/
-У.Бийн Х аймгийн Б сумын Холбоо багийн Засаг даргын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 13 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг хүсэлтэд хавсарган гаргасан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хүсэлт бүхий нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
2.Хүсэлт гаргагч З овогт У-н Б нь “өвлүүлэгч У.Б-ийн Y1804000960 дугаар бүхий Х аймгийн Б сумын 2 дугаар баг Холбоо 00 дугаар байрны 30 тоотод байршилтай 32,41 мкв, 1өрөө орон сууцыг өвлөж авах хүсэлт гаргах хугацааг сунгуулах тухай” хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.” гэж заасан.
3.Тэрээр өв хүлээн авах хугацаа сунгах үндэслэлээ: “...Би 2015 онд уушгины силикоз гэх мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилж эхэлснээс хойш байнгын эмчийн хяналтад байдаг. Явахаар л бөглөчих гээд байдаг өвчин байгаа юм. Анх 2015 онд энэ өвчнөөр 40%-ийн групп тогтоолгож байсан, одоо 65 хувийн группт байдаг...” гэж тайлбарлав.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар:
4.1.Хүсэлт гаргагч У.Бийн төрсөн ах У.Б нь Х аймгийн Б сумын 2 дугаар баг Холбоо 46 дугаар байрны 30 тоотод байршилтай 32,41 мкв, 1 өрөө орон сууцны өмчлөгч байсан бөгөөд тэрээр 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр нас барсан гэх,
4.2.Гэрлэлт дуусгавар болсоны бүртгэлийн лавлагаагаар ЕТ77021820 регистрийн дугаартай, Хүрэл овогт Ба-ийн Н-ээс шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсаныг 2009 оны 8 дугаар сарын 31-ний өдөр бүртгэсэн гэх,
4.3.Төрөл садангийн лавлагаагаар СЩ75101412 регистрийн дугаартай З овогт У-н.Б-ийн ах нь СЩ73082918 регистрийн дугаартай З овогт УУ-н Б гэх,
4.4.З овогт У-н Б нь ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Х аймгийн Б сумын Холбоо 2 дугаар багийн 00 дугаар байрны 30 тоотод оршин суудаг гэх,
4.5.У-н Б нь мэргэжлийн өвчний жагсаалтын 1-3 заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 65 хувиар 12 сараар, 2022 оны 11 дүгээр сарын 19-нөөс 2023 оны 11 дүгээр сарын 19, 2023 оны 11 дүгээр сарын 19-нөөс 2024 оны 11 дүгээр сарын 19, 2024 оны 11 дүгээр сарын 19-нөөс 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл сунгалт хийж байсан гэх,
4.6.Өвлөгч З овогт У-ийн Б /СЩ0007/ нь өөрт оногдох хэсгийн өвлөх эрхээ төрсөн дүү У.Бид өвлүүлэхийг зөвшөөрч, өв хүлээн авахаас татгалзсан гэх үйл баримтууд тогтоогдов.
5.Өвлүүлэгч У.Б нь 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр нас барсан бөгөөд Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт зааснаар энэ өдрөөс өв нээгдсэн байна.
Мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт “Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.” гэж, 528.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.” гэж, ...528.4 дэх хэсэгт “Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно...” гэж тус тус хуульчлан заажээ.
Хүсэлт гаргагч З овогт У-н Б нь З овогт У-ийн Б /СЩ73082918/ төрсөн дүү болох нь хэргийн 7 дугаар талд авагдсан “Төрөл садангийн лавлагаа”-гаар, З овогт Ухнаагийн Бат-Өлзий /СЩ000/ нь хүсэлт гаргагч У.Бийн төрсөн ах болох нь хэргийн 5 дугаар талд авагдсан “Өв хүлээн авахаас татгалзах хүсэлт”-ээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Өвлүүлэгч У.Б нь 2009 онд шүүхийн шийдвэрээр эхнэр Б.Н-ээс гэрлэлтээ цуцлуулсан болох нь хэргийн 8 дугаар талд авагдсан “Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа”-гаар нотлогдож байх бөгөөд тэрээр 2009 оноос эхлэн ганцаараа амьдарч байгаад нас барсан буюу өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч байхгүй, түүнчлэн бусад өвлөгч болох түүний төрсөн ах У.Б, төрсөн дүү У.Б нар нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргаагүй байх тул уг өвийг хүлээн аваагүй гэж үзэхээр байна.
6.Хүсэлт гаргагч У.Б нь өв хүлээн авах хугацаа сунгуулах үндэслэлээ “...Би 2015 онд уушгины силикоз гэх мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилж эхэлснээс хойш байнгын эмчийн хяналтад байдаг. Явахаар л бөглөчих гээд байдаг өвчин байгаа юм. Анх 2015 онд энэ өвчнөөр 40%-ийн групп тогтоолгож байсан, одоо 65 хувийн группт байдаг...” гэж тайлбарласан бөгөөд энэ нь Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2022 оны 11 дүгээр сарын 17, 2023 оны 9 дүгээр сарын 03, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын шийдвэрүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. /хэргийн 11 дүгээр тал, 12 дугаар хуудасны нүүр болон ар тал/
7.Иймд хүсэлт гаргагч З овогт У-н.Б-ийн төрсөн ах З овогт УУ-н Б /СЩ73082918/-ийн өмчлөлийн Х аймгийн Б сумын 2 дугаар баг Холбоо 00 дугаар байрны 30 тоотод байршилтай 32,41 мкв, 1өрөө орон сууцны өв хүлээн авах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хожимдуулсан гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хангаж, өв хүлээн авах хугацааг сунгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
8.Өвлүүлэгч У.Б-ийн төрсөн ах З овогт У-ийн Б нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5 дахь хэсэгт зааснаар өв хүлээн авахаас татгалзах хүсэлтээ Х аймгийн Б сумын тойргийн нотариатчид гаргасныг дурдах нь зүйтэй.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч З овогт У-н.Б-ийн төрсөн ах, өвлүүлэгч З овогт УУ-н Б /СЩ000/-ийн өмчлөлийн Х аймгийн Б сумын 2 дугаар баг, Холбоо 00 дугаар байрны 30 тоотод байршилтай 32,41 мкв, 1өрөө орон сууцны өв хүлээн авах хугацааг сунгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагч У.Боос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ