Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 157/ШШ2025/00016

 

   2025          01           20                                      157/ШШ2025/00016

  

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, “Х” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Б сум, 2 дугаар баг 00 дугаар байрны 29 тоотод оршин суух, С-ын Ид холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 24,511,616.28 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын       30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад   

                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Х ХК-ийн Тусгай активын газрын захирал Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С-ын И нь 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус банктай 1470088342 дугаартай зээлийн гэрээ байгуулж 33,500,000.00 (Гучин гурван сая таван зуун мянга) төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 15 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь зээлдэгч С.Иийн Х дахь 5005639531 тоот харилцах дансанд 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 33,500,000.00 төгрөгийг шилжүүлэн зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлэнд 11,166,666.60 төгрөг, зээлийн хүүд 3,462,092.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,633.07 төгрөг төлсөн.

С-ын И нь 1470088342 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон талуудын хооронд байгуулагдсан 1470088342 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Хугацаа хэтэрсэн хоног: 197, Зээлийн үлдэгдэл: 22,333,333.40 төгрөг, хүү: 2,109,204.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 69,078.46 төгрөг.

Хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 24,511,616.28 төгрөг гаргуулж өгнө үү..” гэжээ.      

   

Хариуцагч С.И шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...зээл авч хуваарийн дагуу төлж байгаад 2023 оны 11 сард ажлаасаа гарч хөдөө хувийн уурхайд ажиллаж байсан бөгөөд 2024 оны 4 сараас ажиллаж байсан уурхай цалингаа өгч чадахгүй байсны улмаас зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн. 2024 оны 12 сараас Б Уулын баяжуулах үйлдвэрт ажилд орсон. Одооноос зээлээ найдвартай төлж барагдуулна...Цалин маань 10-ны өдөр буудаг учраас 1,500,000 төгрөгөөр төлнө.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х” ХК нь хариуцагч С.Ид холбогдуулан 24,511,616.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч С.И нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...2024 оны 12 сараас Б Уулын баяжуулах үйлдвэрт ажилд орсон. Одооноос зээлээ найдвартай төлж барагдуулна...Цалин маань 10-ны өдөр буудаг учраас 1,500,000 төгрөгөөр төлнө.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч С.Иийн нэхэмжлэлийн шаардлага болох 24,511,616.28 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Х” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,510 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 280,510 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч С.Иээс улсын тэмдэгтийн хураамжид 140,255 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 140,255 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Ид холбогдох зээлийн гэрээний үүрэг 24,511,616.28 (хорин дөрвөн сая таван зуун арван нэгэн мянга зургаан зуун арван зургаан төгрөг, хорин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,510 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч С.Иээс улсын тэмдэгтийн хураамж 140,255 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамж 140,255 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч С.И нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

   ШҮҮГЧ                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ