Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 157/ШШ/2025/00019

 

            2025         01          27                                     157/ШШ2025/00019

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Х аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Х аймгийн Б сумын Б багт оршин суух, Б овогт Ц-ийн А  “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, хүсэлт гаргагч Ц.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Ц.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1989 онд Х аймгийн Б суманд хонь, ямаа маллаж байсан. Энэ хугацаанд ажиллаж байсныг нотлох ажилд орсон тушаал байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь архиваас гарахгүй байна. Иймд миний 1989-1990 он хүртлэх хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

2.Хүсэлт гаргагч Ц.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 1984 онд 8 дугаар ангиа төгсөөд 1984 оны 6 дугаар сард Б сумын “М” нэгдэлд илгээлтээр малчин болж байсан. 1985-1988 оны хооронд цэргийн алба хаасан ба 1988 оны 6 дугаар сард халагдаж ирээд 8 сараас үргэлжлүүлэн М нэгдэлдээ ажиллаж эхэлсэн. Тэгээд 1990 оныг дуустал тасралтгүй ажилласан. Шүүхэд тодорхойлолт гаргасан Б.Ж, С.Б нар нь нэгдэлд цуг мал маллан ажиллаж байсан. Тиймээс 1989-1990 оныг дуустал Б сумын “М” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү.” гэв.

 

3.Хүсэлт гаргагчаас:

-Х аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 08/51 дугаартай тодорхойлолт /хх-ийн 2 дугаар тал/

-Х аймгийн Б сумын М нэгдлийн даргын 1984 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 88 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал /хх-ийн 3 дугаар тал/,

-Х аймгийн Б сумын М нэгдлийн даргын 1988 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 91 дугаартай “Хэсгүүдэд малчин томилох тухай” тушаал /хх-ийн 4 дүгээр тал/,

-Х аймгийн Б сумын М нэгдлийн даргын 1989 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 56 дугаартай “Хадлангийн ажилчид томилох тухай” тушаал /хх-ийн 5 дугаар тал/,

-Х аймгийн Нийгмийн даатгалын газрын зөвлөмжийн хуудас /хх-ийн 6 дугаар тал/

-Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт /хх-ийн 7 дугаар тал/

-Ц.Ат 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 8 дугаар хуудас/,

-Б овогт Ц-ийн А иргэний үнэмлэхний лавлагаа        /хх-ийн 10 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг хүсэлтэд хавсарган ирүүлсэн байна.

Шүүхээс: С.Б, Б.Ж нараас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 26, 28 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд авагдсан байна.  

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

2.Хүсэлт гаргагч Б овогт Ц-ийн А нь 1989-1990 он хүртэл Х аймгийн Б сумын “М” нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэх үндэслэлээр “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох”-оор шүүхэд хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар:

3.1. Ц.А нь 1984 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс илгээлтээр мал аж ахуйд гарч  Х аймгийн Б сумын “М” нэгдлийн Б бригадад малчинаар ажиллаж эхэлсэн,

3.2. Цэргийн албанаас халагдаж ирээд 1988 оны 07 дугаар сарын 01-нээс МАА-н 1 дүгээр хэсэгт малчинаар ажилласан,  

3.3. Хадлангийн ахлах тогоочоор 1989 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн түр хугацаагаар томилогдон ажилласан,

3.4. 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчинаар ажилласан гэх үйл баримтууд тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагч Ц.А нь 1984 онд 8 дугаар ангиа төгсөж, Х аймгийн Б сумын  “М” нэгдлийн Б бригадад илгээлтээр мал аж ахуйд гарч 1984 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн малчинаар ажиллаж эхэлсэн ба 1985-1988 онд цэргийн алба хааж, 1988 оны 6 дугаар сард халагдан ирж, 1988  оны 7 дугаар сарын 01-нээс эхлэн 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тасралтгүй малчинаар ажиллажээ.

 

Түүний ажилласан байдал нь хэрэгт авагдсан Х аймгийн Б сумын  “М” нэгдлийн даргын 1984 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 88 дугаартай “Ажилд томилох тухай тушаал”, 1988 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 91 дугаартай “Хэсгүүдэд малчин томилох тухай” тушаал, 1989 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 56 дугаартай “Хадлангийн ажилчид томилох тухай” тушаал болон түүнд 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр олгосон “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн нүүр хэсэг, ажилд томилогдсон тухай тэмдэглэл, 1989, 1990 онд ажилласан хоног, авсан цалин хөлсийн талаарх бичилт, гэрч С.Б, Б.Ж нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн 6 дугаар талд Х аймгийн Нийгмийн даатгалын газрын тэтгэврийн байцаагч А.Б-ийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Зөвлөмжийн хуудас” авагдсан байх ба “Зөрчилтэй баримт бичгийн нэр” хэсэгт 1989 онд малчин байсныг тогтоолгох, 1989 онд малчин байсан ажилд томилсон тушаал байгаад гарсан тушаал архиваас гараагүй болно гэж зөвлөсний дагуу хүсэлт гаргагч Ц.А нь 1989-1990 оныг дуустал ажиллаж байсныг толгоолгохыг хүсчээ.

 

4.Иймд хүсэлт гаргагч  Б овогт Ц-ийн Аыг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Х аймгийн Б сумын “М нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэв.

           

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Ц-ийн А  /СГ0000/-ыг 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Х аймгийн Б сумын “М” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагч Ц.Ааас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.

        3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг тайлбарласугай.

         4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.БОЛОР-ЭРДЭНЭ