Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2023/ДШМ/538

 

           

                                                                                            

 

        2023           5              23                                        2023/ДШМ/538

Б.Тт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Батгэрэл,

цагаатгагдсан этгээд Б.Т, түүний өмгөөлөгч Д.Дашдорж,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/222 дугаар шийтгэх, цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Отгонбаярын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгч Э.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлоор Б.Тт холбогдох 2208007210473 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

**************** овгийн Б.Т, 1*** оны ** дүгээр сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “******” ХХК-д цахилгааны зураг төслийн инженер ажилтай, ам бүл *, эмэг эх, эх, дүү нарын хамт ******** аймгийн ******** сумын * дүгээр баг, ********, ***** гудамжны ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, **** байрны ** тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:**0000000/;

Б.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний орой Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Депогоос хойш явдаг автобусны буудлын орчим хохирогч М.Яийг “хүн автомашинаар мөргөсөн” гэх шалтгаанаар нүүр рүү нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамрын нуруу, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208007210473 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж, шүүгдэгч Б.Т нь үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдсаны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, учирсан хохирлоо төрөөс нэхэмжлэх бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дөчин тавдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болохыг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Яийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг зааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.

Прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Цагаатгах тогтоолыг 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч танилцаад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т зааснаар илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Хэдийгээр шүүгдэгч нь “...би хохирогчийг 4 удаа цохисон гэдгээ санахгүй байна. Заамдаж угзарч байснаа санаж байна. ...Миний эхнэрийг мөргөсөн учир ууртай, зарим зүйлийг санахгүй байгаа. ...Тэгээд цочиж сандарсан үедээ машины араас очоод хаалгыг онгойлгоод санаатайгаар хүний биед халдсан” гэж мэдүүлж байгаа боловч зарим мэдүүлэг нь түүний санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэх байдлыг үгүйсгэж байна. Тухайлбал, түүний мэдүүлэгт байх “Тэгээд цочиж сандарсан үедээ машины араас очоод хаалгыг онгойлгоод санаатайгаар хүний биед халдсан”, “...түргэн дуудуулах зорилгоор очиж заамдаж халдсан” зэрэг нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэх нөхцлийг үгүйсгэж байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө” гэснийг шүүх зөрчиж цагаатгах тогтоолыг уншин сонсгосноос хойш 55 хоногийн дараа прокурорт ирүүлсэн байна. Хохирогч М.Яийн “...Гэтэл хажуугаас нэг эрэгтэй хүн машины хаалгыг онгойлгож миний цамцнаас зуурч, улмаар миний хамар руу цохисон”, гэрч Г.Аийн “...хамт явж байсан эрэгтэй нь гүйж ирээд жолооч талын хаалгыг татаж онгойлгон манай найз М.Яийн нүүр хэсэг рүү нь 2 удаа гараараа цохисон” гэх мэдүүлгээр шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнийг нотолж байна. Хохирогч М.Я нь өөрийн унаж явсан тээврийн хэрэгслээр шүүгдэгчийн хамтран амьдрагч Б.Мөнхзулыг санаандгүй байдлаар мөргөж унагаасан үйлдэлд шүүгдэгчийн санаа сэтгэл цочрон давчидсан гэж үзэх боломжгүй юм. Мөн шүүгдэгч нь зүрхний хэм алдагдал өвчтэй, гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай байдал нь түүний санаа сэтгэл цочрон давчидсан гэх нөхцөл байдлыг нотлохгүй буюу зүрхний өвчтэй хүн гэмт хэрэг үйлдэж болно гэсэн ердийн ойлголтыг төрүүлж буй мэтээр шүүх дүгнэсэн гэж үзэхээр байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “Дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” гэсэн үндэслэлийн тухайд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцогдоно” гэж хуульчлагдсан бөгөөд шүүгдэгч Б.Тийн хувьд хамтран амьдрагчийг нь тээврийн хэрэгслээр мөргөсөн хүн дээр очиж хаалгыг нь онгойлгон заамдаж авч цохиж байгаа үйлдэл нь санаатай гэмт хэргийн шинжийг үйлдлээрээ нотолсон хэлбэр юм. Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй. Тухайн хэргийн хохирогчийн зүгээс өдөөн хатгасан болон ёс бус авирласантай холбоотойгоор хүний сэтгэцийн ердийн байдал алдагдан, ухамсарт үйл ажиллагаа саарч, өөрийгөө хянах болон үйлдлээ зөв үнэлэх нөхцөл байдал хязгаарлагдсан тохиолдлыг санаа сэтгэл гэнэт хүчтэй цочрон давчдах гэж үзэх бөгөөд хэргийн тухайд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх санаа зорилго, түүнийгээ үйлдлээрээ гүйцэтгэсэн нөхцөл байдалд шүүх бодитой дүгнэлт хийгээгүй гэж дүгнэж байна. Тухайлбал, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “бичлэгийн 00:18 секундэд мөргөсөн, 00:22 секундэд хамт явж байсан эрэгтэй мөргөсөн тээврийн хэрэгслийн араас явсан ба 00:32 секундэд унасан хүн дээр буцаж ирж байгаа дүрс бичлэгтэй” гэж тэмдэглэгдсэн ба дээрх цаг хугацааны хамаарлаас үзэхэд хэргийн үйл баримт богино хугацаанд өрнөсөн байдлаар харагдаж байх боловч тээврийн хэрэгсэл дээр очоод цохиж байгаа, буцаад мөргүүлсэн хүн дээр очиж байгаа зэрэг үйлдлээс дүгнэхэд санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэх боломжгүй юм. Санаа сэтгэл хүчтэй цочирсон үед тухайн хүн өөрийн үйлдлийн аюулын бодит шинжийг ухамсарлах болон түүнийг удирдах чадвар нь ихэд буурсан боловч сэтгэхүйн байдал бүрэн алдагдаагүй байдаг. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хэдийгээр энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн хүчин зүйлд хохирогч М.Яийн тээврийн хэрэгслээр бусдыг мөргөсөн зүй бус үйлдэл байгаа ч энэ нь доромжлох, дарлах, гутаах байдлаараа шүүгдэгч Б.Тийг хүчтэй цочроосон, сэтгэцийн тэнцвэрт байдлыг нь илтэд алдагдуулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байгаа тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 222 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичлээ” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Э.Батжаргал давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх эрүүгийн 2208007210473 дугаартай Б.Тт холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа болно. Анхан шатны шүүх гэмт хэргийн шинжгүй гэж үзэх үндэслэлээ Б.Тийн санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэж үздэг бөгөөд үндэслэлгүй, хууль зөрчсөн шийдвэр болсон. Тодруулбал, хэрэгт авагдсан нотлох баримтаар буюу гэрч Г.Аийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, камерын бичлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр Б.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогддог. Түүнчлэн Б.Т өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн болох нь дээрх нотлох баримтуудаар болон шүүгдэгчийн өөрийн мэдүүлгээр нотлогддог. Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдгийн үндсэн шинж нь “... ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдахыг” хэлдэг бөгөөд шүүх буруу дүгнэлт хийсэн. Мөн хэргийг хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлсэн байдаг бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлалаар дүгнэгдсэн байхад зөрж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Иймд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/222 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор С.Батгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Т тус шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбаргүй” гэв.  

Цагаатгагдсан этгээд Б.Тийн өмгөөлөгч Д.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэж байна. Учир нь, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Б.Т нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан үедээ хохирогч М.Яийн биед халдсан нь тогтоогдсон. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон боловч шүүхээс миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэсэн учир анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжин оролцож байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн гомдолд тус тус заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтанд тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эсхүл өөрчлөх бөгөөд энэ нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ юм.

Өөрөөр хэлбэл, давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэх явцад дээр дурдсан алдаа, зөрчил илэрсэн тохиолдолд үүнийг зөвтгүүлэх, эсхүл арилгуулах үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах болон хүчингүй болгох үндэслэл үүсдэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэхээр,

мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж үзэхээр тус тус хуульчилжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна.” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх Б.Тийг цагаатгах шийдвэрээ “шийтгэх тогтоол” хэлбэртэйгээр гаргаж, мөн тогтоолд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга “Д.Цэвэлмаа” гэж тэмдэглэсэн атлаа Б.Тийн өмгөөлөгч Д.Дашдоржид “шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр” гэж тэмдэглэсэн цагаатгах тогтоол гардуулсан нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан ноцтой зөрчилд,

мөн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208007210473 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан нь мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлд тус тус хамаарч байна.

Дээр дурдсан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул шийтгэх, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурор Д.Отгонбаярын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгч Э.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авсныг дурдаж байна.

Б.Тийг цагаатгаж шийдвэрлэсэн шийтгэх, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/222 дугаар шийтгэх, цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэх хүртэл шүүгдэгч Б.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                 ШҮҮГЧ                                                              Л.ДАРЬСҮРЭН

 

                     ШҮҮГЧ                                                              Т.ӨСӨХБАЯР