Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 131

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч С.Оюунжаргал,   

Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ч.Наранцэцэг /1007/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Могой нүд овгийн Э.Б холбогдох эрүүгийн 1703000010154 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зөгийчин мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг Шаамар сум "Бүтээл сан" ХХК-нд зөгийчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү, дүүгийн хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум 2-р баг, Оюут 2-р хороолол 3 дугаар байр 34 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо Шинэ хотхон 10-р байрны 60 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Могой нүд овгийн Э.Б, /РД: ФД/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 6 дугаар сарын 16-ны шөнө 05 цаг 41 минутын орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Засгийн газрын ордоны баруун хойд уулзварын замд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан "Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчин 1.98 хувийн согтолттой үедээ Төрийн банкны эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 72-44 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 5.7-д заасан "Нэмэгдэл гэрэл дохио нь зөвхөн сум заасан чигийн хөдөлгөөнийг зохицуулна. Зүүн гар тийш чиг заасан сум бүхий гэрэл дохио нь зүүн гар тийш болон буцаж эргэх хөдөлгөөнийг зохицуулна. Нэмэгдэл гэрэл дохио асаж байвал сум заасан чигт хөдөлгөөнийг зөвшөөрөх бөгөөд асаагүй (гэрлэн дохионы зохицуулгатай үед) бол уг чигт хөдөлгөөнийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөний улмаас А.Алтанчимэгийн эзэмшлийн А.Марал-Эрдэний жолоодож явсан “Тоёота Приус” маркийн 63-28 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч М.Төгөлдөрийн эрүүл мэндэд хүндэвтэр, жолооч А.Марал-Эрдэний эрүүл мэндэд хөнгөн, Тоёота приус маркийн 63-28 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.128.000 төгрөгийн шууд, 4.571.000 төгрөгийн нийт, “Тоёота Приус” маркийн 72-44 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 7.625.000 төгрөгийн шууд, нийт 8.951.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгнө. 2017 оны 6 дугаар сарын 15 өдөр орой ажлын газрын хүмүүстэйгээ туул голын эрэг орсон. Тэгээд голын эргээс яваад  шөнө 01 цагийн үед бааранд орсон. Тэгээд баарнаас гараад машинаа бариулах гэж дуудлагын жолооч дуудсан боловч үнэ хөлсөн дээр тохироогүй. Би өөрийгөө согтууруулах ундааны зүйл бага хэрэглэсэн зүгээр гэж бодоод машинаа барьж явж байгаад Залуучууд зочид буудлын тэр хавьд байрлах гэрлэн дохионы гэрлийг андуурч хараад машинтай мөргөлдсөн…” гэв.

Эрүүгийн 1703000010154 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Э.Б нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 6 дугаар сарын 16-ны өглөө үүрээр 5 цаг 30 минутын үед би “Вий клаб” гэдэг баарнаас гараад Азжаргалын эзэмшлийн 72-44 УНХ улсын дугаартай “Тоёота Приус 20” маркийн автомашиныг жолоодож яваад караоке орох гэж байгаад Засгийн газрын ордны баруун хойд уулзварт зүүн гар тийш эргэх нэмэлт гэрлээр чигээрээ уулзвар нэвтэрч эсрэг урсгалаас зүүн гар тийш эргэж байсан 63-28 УНЦ улсын дугаартай “Тоёота Приус 20” маркийн автомашинтай мөргөлдсөн. Тэгээд би нэг сэрсэн чинь гэмтлийн эмнэлэг дээр ирсэн байсан. Эмнэлэгт ухаан орсон. Цагдаа нар ирээд намайг драгор үлээлгэхэд 1.98 хувийн согтолттой байсан. Машины эзэнтэй бид хамт бааранд сууж байгаад Азжаргал түрүүлээд караоке руу такси бариад явсан. Намайг араас машин аваад ирээрэй гэж хэлсэн. Би дуудлагын жолооч дуудаж машиныг нь бариулж явуулах гэж байсан ба дуудлагын жолооч хүрч ирээд илүү мөнгө нэхээд байхаар нь би жолоодоод явсан. Тэр өдөр би хамт ажилладаг Жавзандулам, Азжаргал, Алтанчимэг, Гантулга нартай туул голын эрэг дээр пиво уусан. Машиндаа 2 зорчигчтой явж байсан. Жавзандулам, Гантулга хоёр миний машинд сууж явсан. Гэмтэл учраагүй толгой нь доргисон гэж гэж байсан. Би 72-44 дугаартай Тоёота приус машины эзэн Азжаргалд 7.500.000 төгрөг төлсөн. 63-28 улсын дугаартай Приус тоёота 20 маркийн автомашины эзэн Алтанчимэгт 4.571.000 төгрөгийг төлсөн мөн уг машиныг жолоодож явсан А.Марал-Эрдэнэд 865.313 төгрөг, хохирогч Төгөлдөрт 707.000 төгрөг төлсөн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 155-156 дугаар хуудас/,

      Хохирогч М.Төгөлдөр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "…2017 оны 6 дугаар сарын 15-ны орой найз Марал-Эрдэний хамт халтуур хийгээд явж байсан. Ингээд өглөө 5 цаг өнгөрч байхад 11 дүгээр хорооллоос Тэнгис кинотеатр руу нэг хүн аваад нөгөө хүнээ буулгаад Тэнгисээс эргээд явж байхдаа Засгийн газрын ордоны баруун хойд уулзвараар баруун гар тийш эргэж байхад машины зүүн урд хэсэг рүү нэг машин мөргөөд, би нэг хэсэг ухаан алдчихсан амьсгал авч болохгүй байсан ба Марал-Эрдэнэ намайг машинаас гаргаад газарт хэвтүүлсэн ба ухаан санаа орж гараад байсан. Манай талын гэрэл бол зүүн гар тийш эргэх ногоон секц ассан байсан. Нөгөө жолооч улаан гэрлээр орсон байх. Зам тээврийн осол хэргээс болж хөдөлж болохгүй байсан ба хэвлий хэсгээр хөндүүр байсан, элэгний урагдалтай байна гэсэн. Тархинд хаван үүссэн гэмтэлд 5 хоног хэвтэн эмчлүүлсэн …" гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

 

     Иргэний нэхэмжлэгч А.Алтанчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "…Би осол хэрэг гарсан тухай 2017 оны 6 дугаар сарын 16-ны өглөө мэдсэн, машины эвдрэлд үнэлгээ хийлгэсэн үнэлгээгээр 5.381.000 төгрөгийн хохирол учирсан, машин ачуулахад 50.000 төгрөгөөр ачуулсан мөн өмгөөлөгчийн хөлс 650.000 төгрөг, автомашины үнэлгээ хийлгэсэн 180.000 төгрөгийг гаргуулж авмаар байна. Манай дүү уг автомашинаар манай хүүхдүүдийг зөөдөг байсан ба хүүхдүүдээ хүргэж авах гээд их мөнгө төгрөг орж байна. Надад уг осол гарсанаас болж баримтгүй зардал их гарсан. Нийт 6.261.000 төгрөг нэхэмжилмээр байна…" гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/,

 

                Гэрч А.Марал-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "…2017 оны 6 дугаар сарын 16-ны өглөө таньдаг дүү Төгөлдөрийн хамт таксинд явж байгаад 11-р хорооллоос нэг хүн аваад Тэнгис кинотеатрын хажууд буулгачихаад эргээд Байгалийн түүхийн музейн уулзвараар баруунаас хойшоо зөвшөөрсөн гэрэл дохио асах үед нэвтрээд ортол баруун талаас нэг цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн машин орж ирж мөргөсөн. Нөгөө машины жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба осол хэрэг гарсаны дараа машинаасаа бууж ирээд "зүгээрээ би төлчихнө" гээд хашгираад байсан…" гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-74 дүгээр хуудас/,

 

                Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч О.Азжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр манай найз Жавзандуламын төрсөн өдөр гээд Фермерүүд зах дээр Жавзандуламтай хамт ажилладаг хүмүүс голын эрэг дээр дуудаад байна гээд би өөрийн 72-44 УНХ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашинтай Жавзандулам, Нарангэрэл, Гүнжням, Бат-Эрдэнэ нарын хамт голын эрэг дээр очсон. Бид нар Жавзандуламын төрсөн өдрийг тэмдэглэж пиво ууж байгаад хот орсон. “Ви клаб” гэдэг баар руу дуудлагын жолоочоор хүргүүлсэн. Тэгээд бид нар архи пиво ууж сууж байгаад тэндээсээ гараад караоке бааранд орий гээд би Чимгээтэй хамт түрүүлж гараад такси бариад явсан араас Жавзандулам, Бат-Эрдэнэ, Гантулга нар ирэх байсан. Чимгээ бид хоёр түрүүлээд явж байтал араас миний машинтай осол гаргачихлаа гэхээр нь яваад очсон чинь Бат-Эрдэнэ миний машиныг барьж яваад Төрийн ордны баруун хойд уулзвар дээр машинтай мөргөлдсөн байсан. Би уг автомашиныг лизингээр 2016 онд худалдан авч байсан. Дуудлагын жолооч Бат-Эрдэнэд машины түлхүүр өгчихсөн байсан. Би Бат-Эрдэнэд машин барих зөвшөөрөл өгөөгүй. үнэлгээгээр 8.951.000 төгрөгний хохирол учирсан байсан. Бат-Эрдэнэ надад 7.000.000 төгрөг, Жавзандулам 4.000.000 төгрөг өгч намайг хохиролгүй болгосон. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

 

Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа “...”Тоёота приус” маркийн 72-44 УНХ дугаартай автомашин, мотоцикл жолоодож Эрдэнэ-Очир овогтой Бат-Эрдэнийг ЗЦГ-ын жижүүрийн драйгер багаж үлээлгэн шалгахад 1.98% гарч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдов...” /хх-ийн 2 дугаар хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-11 дүгээр хуудас/,

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд:

“...Э.Б Р-271” гэсэн бичигтэй 1 ширхэг Сиди-г эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ. /хх-ийн 43 дугаар хуудас/,  

 

 Ослын талаархи бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл:

 "...бичлэгээр 05:41:07 секундэд ертөнцийн
зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй цагаан өнгийн Тоёота Приус-20 маркийн
автомашин нь уулзварыг нэвтрэх үйлдэл хийхдээ хориглосон улаан гэрэл, зүүн гар
тийш эргэх нэмэлт ногоон гэрэл ассан байхад уулзварыг нэвтэрч орсноор
баруунаас зүүн хойш чиглэлтэй явж байсан ногоон өнгийн Тоёото Приус-20
маркийн автомашинтай мөргөлдсөн…" гэжээ /хх-ийн 41 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹8048 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...

  1. А.Марал-Эрдэнийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй…” гэжээ. /хх-ийн 89 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹876 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...

  1. М.Төгөлдөрийн биед хэвлийн урд ханын зөөлөн эдийн няцрал, элэгний баруун дэлбэнгийн эдийн няцрал, баруун өвдөгний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх хэвлийн урд ханын зөөлөн эдийн няцрал, элэгний 8-р дэлбэнгийн язралт, элэгний баруун дэлбэнгийн /5 ба 8-р сегмент/ эд дэх цусан хураа, эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Гэмтлийн эмчийн болон шинжээч эмчийн тавьсан оношууд хоорондоо ялгаагүй болно…” гэжээ /хх-ийн 100 дугаар хуудас/, 

 

      Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹1093 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. 2017.06.27-ны өдрийн 8046, 2017.08.11-ний 876 дугаартай нэмэлт дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна.
  2. М.Төгөлдөрийн биед хэвлийн урд ханын зөөлөн эдийн няцрал, элэгний 8-р дэлбэнгийн язрал, элэгний баруун дэлбэнгийн /5 ба 8-р сегмент/ эд дэх цусан хураа, эдийн няцрал, баруун өвдөгний зулгаралт гэмтэл учирсан байна.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна…” гэжээ /хх-ийн 104 дүгээр хуудас/,   

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Авто техникийн шинжээчийн ¹3701 дугаартай дүгнэлт /хх-ийн 107-118 дугаар хуудас/,

 

“Вендо” автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан №13913: “...Тоёота Приус маркийн 72-44 УНХ улсын дугаартяй тээврийн хэрэгсэлд 7.625.000 төгрөгийн шууд, 8.951.000 төгрөгний нийт хохирол…" гэрэл зургийн үзүүлэлт...” /хх-ийн 121-123 дугаар хуудас/,

 

“Бэст эстимэйт” автомашины эвдрэл, хохирлын үнэлгээ №201707050110: “...3.128.000 төгрөгийн шууд, 4.571.000 төгрөгийн нийт хохирол" гэрэл зургийн үзүүлэлт....” /хх-ийн 136 дугаар хуудас/,

 

Мөрдөгчийн магадлагаа: “..."Тоёота Приус маркийн 72-44 УНХ улсын дугаартай автомашины жолооч Эрдэнэ-Очирын Бат-Эрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 5.7. Нэмэгдэл гэрэл дохио нь зөвхөн сум заасан чигийн хөдөлгөөнийг зохицуулна. Зүүн гар тийш чиг заасан сум бүхий гэрэл дохио нь зүүн гар тийш болон буцаж эргэх хөдөлгөөнийг зохицуулна. Нэмэгдэл гэрэл дохио асаж байвал сум заасан чигт хөдөлгөөнийг зөвшөөрөх бөгөөд асаагүй (гэрлэн дохионы зохицуулгатай үед) бол уг чигт хөдөлгөөнийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тоёота Приус маркийн 63-28 УНЦ улсын дугаартай автомашины жолооч Алтанцэцэгийн Марал-Эрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэжээ /хх-ийн 141-142 дугаар хуудас/,

 

2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 04 цаг 30 минутаас 05 цаг 15 минутын хооронд Засгийн газрын ордны баруун хойд уулзварын гэрлэн дохионы ажилласан горим /хх-ийн 30-31 дүгээр хуудас/

 

Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 33/, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 36-37/, ШШҮХ-ийн №8046, 8049 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 59, 76/, гэрч Ц.Гантөмөрийн мэдүүлэг /хх-ийн 79-80/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 158/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 159/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 160/, гэрчилгээний хуулбар /хх-ийн 162/, М.Төгөлдөрийн эмчилгээний баримт /хх-ийн 51-54/, А.Марал-Эрдэнийн эмчилгээний баримт /хх-ийн 69-72/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн үүрээр 05 цаг 41 минутын орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Засгийн газрын ордоны баруун хойд уулзварын замд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан "Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчин 1.98 хувийн согтолттой үедээ Төрийн банкны эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 72-44 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 5.7-д заасан "Нэмэгдэл гэрэл дохио нь зөвхөн сум заасан чигийн хөдөлгөөнийг зохицуулна. Зүүн гар тийш чиг заасан сум бүхий гэрэл дохио нь зүүн гар тийш болон буцаж эргэх хөдөлгөөнийг зохицуулна. Нэмэгдэл гэрэл дохио асаж байвал сум заасан чигт хөдөлгөөнийг зөвшөөрөх бөгөөд асаагүй (гэрлэн дохионы зохицуулгатай үед) бол уг чигт хөдөлгөөнийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөний улмаас А.Алтанцэцэгийн эзэмшлийн А.Марал-Эрдэний жолоодож явсан “Тоёота Приус” маркийн 63-28 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч М.Төгөлдөрийн эрүүл мэндэд хүндэвтэр, жолооч А.Марал-Эрдэний эрүүл мэндэд хөнгөн, “Тоуота Приус” маркийн 63-28 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.128.000 төгрөгийн шууд, 4.571.000 төгрөгийн нийт, “Тоёота Приус” маркийн 72-44 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 7.625.000 төгрөгийн шууд, нийт 8.951.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-шүүгдэгч Э.Бат-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч М.Төгөлдөрийн мэдүүлэг,

- иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч О.Азжаргал,

-иргэний нэхэмжлэгч А.Алтанчимэгийн мэдүүлэг,

- гэрч А.Марал-Эрдэнийн мэдүүлэг,

- жолоочийн согтуурал шалгасан магадлагаа,

-2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 04 цаг 30 минутаас 05 цаг 15 минутын хооронд Засгийн газрын ордны баруун хойд уулзварын гэрлэн дохионы ажилласан горим,

- зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

- эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол,

- ослын талаархи бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

- ШШҮХ-ийн 8048, 876, 1093 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд,

- ШШҮХ-ийн Авто техникийн шинжээчийн ¹3701 дугаартай дүгнэлт,

- “Вендо” автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан №13913,

- “Бэст эстимэйт” автомашины эвдрэл, хохирлын үнэлгээ №201707050110,

- Мөрдөгчийн магадлагаа зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

          Иймд шүүх шүүгдэгч Э.Бат-Эрдэнийг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол, тээврийн хэрэгсэлд 10.753.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргаж шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Дээрх гэмт хэрэг гарахад жолооч Э.Б нь согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцсон, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний талаарх холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар зөв дадал хэвшээгүй байдал нөлөөлсөн гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Э.Бд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт нэхэмжилсэн баримтын дагуу хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэн үзлээ.

 

Хохирогч М.Төгөлдөрөөс гэм хорын хохиролд шүүгдэгчээс 2.346.275  төгрөгийг нэхэмжилснээс үзлэг, эмчилгээ, эм тарианы зардал нь 707.000 төгрөг байх бөгөөд үлдсэн 1.639.275 төгрөгийн нэхэмжлэл нь баримтгүй, бодит бус, ирээдүйд үзлэг, эмчилгээ хийлгэх зардлыг шүүх шүүгдэгчээс урьдчилан гаргуулах боломжгүй юм.

 

Учир нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж заасан ба хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон цаашид эмчлүүлэхээр ирээдүйд гарах төлбөр нь хохирогчоос бодитоор гарсан зардал биш тул энэ талаарх нэхэмжлэлийг шүүх хангах боломжгүй байна.

 

Хохирогч М.Төгөлдөрөөс цаашид гаргуулах 1.639.275 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж энэ талаархи нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээв.

 

 Шүүгдэгчийн зүгээс хохирогч М.Төгөлдөрийн баримтаар гаргаж өгсөн 707.000 төгрөг, хохирогч А.Марал-Эрдэнэд 865.313 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Азжаргалд 7.500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Алтанчимэгт 4.801.000 төгрөг тус тус төлсөн байна. /хх-ийн 188-190 дүгээр хуудас/,

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Бэс “хохирогч Төгөлдөрт цаашид гарах хохирлыг төлнө” гэсэн ба урьд  хохирогчоос гаргасан баримтын хүрээнд гэм хорын хохирлын тодорхой хэсгийг нөхөн төлсөн зэргээс үзэхэд шүүгдэгчийг хохирогчид учруулсан гэм хорын хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн ба гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Ийнхүү шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан нийгэмд биеэ зөв авч дадал хэвшүүлэх зорилгоор зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                                                                                                     

1. Авто тээврийн хэрэгслийн жолооч Могой нүд овгийн Э.Бнийг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.Бат-Эрдэнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

   3. Шүүгдэгч Э.Бат-Эрдэнийг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Э.Бд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  тухай хуулийн  186 дугаар зүйлийн  186.1 дэхь хэсэгт зааснаар түүний  оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн  шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бат-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

  8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснааршүүгдэгч Э.Б шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг анхааруулсугай.

 

   9. Хохирогч М.Төгөлдөрийн 1.639.275 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            10. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

             11. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Бд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН