Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2016/00717

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагчХөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 1956 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дүгээр багийн ...... тоотод оршин суух, .................дугаар регистртэй, Ш  овогт А-ын А

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 155/2016/00460/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагч А.А  нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч А.А  шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 4 дүгээр анги төгсөөд сургуулиас гарч Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад эцэг, эхийн маллаж байсан хонин суурьт туслах малчнаар 1970 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ажиллаж эхэлсэн. Тэгээд цэргийн албанд 1974 оны 05 сарын 14-ний өдөр татагдаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тус нэгдэлд ажиллаж байсан хугацааг тогтоолгох шаардлагатай болсон. Би Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын Архиваас ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний бичилттэй 70 дугаар данснаас лавлагаа гаргуулж авахад 1974 оны 10 сар хүртэл цалин хөлс бичигдсэн байсан. Миний нэр дээр байсан малыг өөр хүнд шилжүүлж өгөөгүй, эцэг, эх маань маллаж байгаад цалин хөлс нь миний нэр дээр гарсан юм болов уу гэж бодож байна. Тухайн үеийн удирдлагын буруутай үйл ажиллагаанаас болсон. 1974 оны 05 сарын 14-ний өдрөөс хойш хугацаанд би цэргийн албаа хааж байсан үе юм. Би шүүхэд 1974 оны 10 сарыг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан боловч 1970 оны 09 сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд туслах малчнаар ажиллаж байсан жилээ тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа багасгаж байна. Дээрх хугацаанд ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн юм. Иймд намайг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1970 оны 09 сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд туслах малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

А.А  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн шаардлага гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй.

Хүсэлт гаргагч А.А  шүүх хуралдаанд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1970 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд туслах малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа багасгасан бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

А.А  нь 1974 оны 5 дугаар сарын 14-ний өдөр цэргийн албанд татагдаж 0195 дугаар ангид алба хаагаад 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдөр халагдсан болох нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2008 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 02/2004 дугаартай лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Цэргийн хэлтсээс 1973 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр олгосон цэргийн батлах зэрэг баримтуудаар нотлогдлоо.

Хүсэлт гаргагч А.А  Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1970 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд туслах малчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн А.А ийн 1970 оны 9 дүгээр сараас 1974 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Ц.П-гийн ...А-н А  нь 1970 оноос 1974 оныг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд малчин байсан. Аав, ээжийнхээ туслах малчнаар ажиллаж байсан юм... 4-р анги төгсөөд л эцэг, эхийн хамт мал малласан. 1970 оны 8, 9 сараас эхлэн ажилласан. 18 насанд хүрээд цэрэгт явдаг байсан... А.А  нь тасралтгүй ажиллаж байсан... Би Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1959 оноос 1981 он хүртэл малчин, хэсгийн ахлагч, хэвлэл түгээгч, тоо бүртгэгч, бригадын дарга, 1981 оноос 2004 он хүртэл тус сумын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн дарга, Засаг даргын тамгын газрын дарга зэрэг ажил хийж байсан... Нэгдлийн 1 дүгээр бригадад аав, ээжтэй нь болон А тэй хамт ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч С-ийн  ...А.А  нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 4-р анги төгссөн цагаас эхлэн цэрэгт явах хүртлээ туслах малчнаар ажиллаж байсан. 1970 оны 9 дүгээр сараас цэрэгт явах хүртлээ ажиллаж байсан. Цэргээс халагдаж ирээд аймгийн төв рүү шилжсэн учир түүнээс хойш хаана ажиллаж байсан талаар мэдэхгүй... тасралтгүй ажиллаж байсан... Аав Аюурзана, ээж Гүнсэн нарын хажууд туслах малчнаар ажиллаж байгаад цэрэгт явсан юм... Би Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1960 оноос нэгдэл тарах хүртэл хугацаанд хоньчин, саальчнаар тасралтгүй 30 жил ажилласан гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

А.А ийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Тус аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул А.А д холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/224 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш  овогт А-ын А  Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1970 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд туслах малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА