Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2016/00719

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд онлайнаар нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Булган сумын ...... дугаар багт оршин суух, Б  овогт Ц-ийн Ц /................../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... дугаар багийн ..... дүгээр гудамжны ....... тоотод оршин суух Х  овогт Ц-ийн Ц /.............../ -д холбогдох

17.010.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч Ц.Ц , хариуцагч Ц.Цэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ц  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Цэ нь 2013 оны 07 сарын 15-ны өдөр надаас 10 тооны даага тус бүрийг нь 900.000 төгрөгт тооцон нийт 9.000.000 төгрөгийн төлбөр төлөхөөр тохиролцсон. Төлбөрийг 2013 оны 12 сарын 15-ны өмнө төлж барагдуулахаар тохиролцож төлбөр барагдуулах хэлцэл байгуулж нотариатчаар гэрчлүүлсэн. Гэрээнд заасан хугацаанд 10 тооны даагыг хүлээлгэж өгөхөөр очиход 1 тооны даага нь олдохгүй байсан учир 9 тооны даагыг өгөхөөр болж хүлээлгэж өгсөн. Төлбөр төлөх хугацааг гэрээнд 2013 оны 12 сарын 15-нд сүүлчийн хоногоор зааж үүнээс хойш төлбөрөө төлөөгүй тохиолдолд сарын 5 хувийн хүү бодож тооцоо хийх талаар гэрээнд зааж талууд харилцан тохиролцсон. Ц.Цэ нь төлбөрийн талаар төлөхөөс зайлсхийж гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхгүй байх тул түүнээс 9 тооны дааганы үнэ болох 8.100.000 төгрөг, гэрээнд заасны дагуу 2013 оны 12 сарын 15-аас 2015 оны 11 сарын 06-ны өдөр хүртэл 22 сарын хугацаа хэтэрч 5 хувиар хүү бодогдон хүүнд 8.910.000 төгрөг болж байгаа тул нийт 17.010.000 төгрөгийг Ц.Цэаас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч Ц.Ц  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Цэ надаас 10 даага авахаар тохирсон бөгөөд 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 9 тооны даагыг нэг бүрийн үнийг 900.000 төгрөгөөр тохирч, нийт 8.100.000 төгрөгийг надад өгөхөөр тохиролцож байсан. Би гэрээнд заасны дагуу 5 хувийн хүү бодож зээлийн хүүнд нийдт 8.910.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Цэ надаас даага авах үед би өөрийн биеэр байж өөрийн найз болон дүүгийнхээ адуунаас барьж өгч байсан. Би хүчээр 9 даага өгөөгүй. Түүнчлэн бид хоёрын дунд хамгийн шилмэл даага өгнө гэж ярьж тохирсон зүйл байхгүй. Ц.Цэ нь 2015 оны зун надад 2.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн учир энэ мөнгийг хасаад нийт 15.010.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Цэ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2013 оны 7 сарын 15-нд 9 тооны /эр 6, эм 3/ даага авсан нь үнэн болно. Төлбөрийн талаар Ц.Ц ид 2015 оны 8 сард 2 сая төгрөг өгсөн. Бусад нэхэмжилсэн мөнгөний оронд 5 тооны унагалах гүү, 4 тооны тугаллах үнээг өгье. Өмнө нь авсан 2 сая төгрөг хүү нь болог. Өвөл хаврын улирал ямар ч болоо билээ. Сар шинэ гарч цаг наашлахаар 3-4 сард 5 унагалах гүүг 4-5 сард тугаллах 4 үнээг өгье гэж бодож байна. Нэхэмжлэгчтэй утсаар ярьж тохирсон гэжээ.

Хариуцагч Ц.Цэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх Ц.Ц оос 10 тооны даага авахаар тохирсон бөгөөд даага авах үеэр Ц.Ц  өөрөө байхгүй, хятад руу хилээр гараад явчихсан байсан. Анх 10 тооны эр даага авахаар тохирсон байсан боловч 3 охин даага, 6 эр даага, нийт 9 тооны даагыг авсан. Би 9 тооны дааганы үнэ 8.100.000 төгрөгийг өгөхийг зөвшөөрч байна. 2015 оны 07 дугаар сард 2.000.000 төгрөгийг Ц.Ц ид шилжүүлж өгсөн бөгөөд энэ мөнгийг зээлийн хүүд тооцуулна. Үүнээс өөрөөр нэмж зээлийн хүү төлж чадахгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ц  нь хариуцагч Ц.Цэад холбогдуулан үүргийн гүйцэтгэлд 17.010.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 15.010.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.Ц  хариуцагч Ц.Цэаас 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан Төлбөр барагдуулах хэлцэл-ийн дагуу 9 тооны дааганы үнэ 8.100.000 төгрөг, хүү 6.910.000 төгрөг, нийт 15.010.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ц.Цэ нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж 9 тооны дааганы үнэ 8.100.000 төгрөгийг төлнө. 2015 оны 8 сард Ц.Ц ид өгсөн 2.000.000 төгрөг хүү нь болог, үлдсэн хүүний төлбөрт 6.910.000 төгрөг нэхэмжилж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбар гаргаж мэтгэлцжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Талуудын хооронд 201оны 0дугаар сарын 15-ны өдөр 1 тооны даагыг 900.000 төгрөгөөр тохирч 9 тооны даагыг зээлээр худалдах, худалдан авах Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан гэрээ байгуулагдаж, худалдагч нь 9 тооны даагыг хүлээлгэн өгсөн болох нь Төлбөр барагдуулах хэлцэл /хх-ийн 6 дугаар тал/, зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд дээрх үйл баримтад маргахгүй байна.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Худалдагч Ц.Ц  нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 9 тооны даагыг худалдан авагчид шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдсон тул худалдан авагч буюу Ц.Цэ нь 9 тооны дааганы үнэ 8.100.000 төгрөгийг төлөх үүрэгтэй ба хариуцагч нь энэ талаар маргаагүй болно.

Харин хариуцагч нь хүү төлөх боломжгүй, 2015 оны 08 дугаар сард Ц.Ц ид 2.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн ба үүнээс өөрөөр хүү төлөхгүй гэж маргаж байх ба хариуцагч энэ талаараа нотлож чадаагүй, хавтаст хэрэгт авагдсан баримтаар энэ нь тогтоогдохгүй байна.

Хуульд зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ба талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцэл-ээр 2013 оны 10 сарын 15-ны өдрөөс 2013 оны 12 сарын 15-ны хооронд үнийг төлж барагдуулах, 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш төлбөр төлөгдөөгүй тохиолдолд 1 сарын 5 хувийн хүү бодогдох нөхцөлтэйгээр талууд гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн шаардлага хангаж байх тул хариуцагч Ц.Цэаас 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 6.910.000 төгрөгийг хариуцагчаас шаардах үндэслэлтэй байна.

Хариуцагч Ц.Цэ нь би даагануудыг Ц ийн адуунаас шилж авах байсан боловч Ц  өөрөө байхгүй хил гараад явчихсан, өөр айлын адуунаас ямар нэгэн сонголт хийлгүйгээр хурдан удмын биш, махны чиглэлийн, 10 эр даага авах байсан боловч 3 охин, 6 эр даага авсан гэж маргаж байгаа боловч хариуцагчаас нэхэмжлэгчид албан бичгээр болон бусад хэлбэрээр хандаж байсан баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч нь энэ хуулийн 254.1-д заасан эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй ба хариуцагч нь дээрх хуульд заасан хугацаанд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх тухай шаардлага гаргаагүй байна.

Иймд хариуцагч Ц.Цэаас 9 тооны дааганы үнэ 8.100.000 төгрөг, хүү 6.910.000 төгрөг, нийт 15.010.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ц ид олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243.000 /хоёр зуун дөчин гурван мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цэаас 15.010.000 /арван таван сая арван мянга/ төгрөгийн тэмдэгтийн хураамж 233.000 /хоёр зуун гучин гурван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.2.3, 263.2.4, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Цэаас 15.010.000 /арван таван сая арван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ц ид олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243.0000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цэаас 233.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц ид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыгИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН