| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/00692/И |
| Дугаар | 155/ШШ2016/00720 |
| Огноо | 2016-06-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 155/ШШ2016/00720
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тариалан суманд байрлах, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Тариалан сумын ....... багт оршин суух, ..................... дугаар регистртэй, У овогт Ц.Бхолбогдох
Үндсэн зээл 20.000.000 төгрөг, зээлийн хүү 450.000 төгрөг, алданги 36.810.000 төгрөг, нийт 57.260.000 /тавин долоон сая хоёр зуун жаран мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 155/2016/00692/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Б 2013 оны 05 сарын 08-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас 20.000.000 төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай, шахмал түлш хийх зориулалтаар гэрээ хийж авсан. Уг зээлийг Монгол улсын Засгийн газрын 2011 оны 134 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу орон нутгийн төсөвт хуваарилагдаж ирсэн Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөс зээл олгох комиссоор хэлэлцүүлж, зээлийг олгосон. Энэхүү зээл нь төсвийн хөрөнгө тул Төсвийн хууль болон бусад холбогдох журам зааврын дагуу зохицуулагдаж явдаг. Иргэн Ц.Б нь эхний жил хүүгээ төлж байснаа 2014 оны сүүлээс сарын хүүгээ төлөлгүй өнөөг хүргэсэн. Зээлийн хүүгээ болон үндсэн зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардсан.
Иймд иргэн Ц.Б аас үндсэн зээл 20.000.000 төгрөг, зээлийн хүү 450.000 төгрөг, алданги 36.810.000 төгрөг, нийт 57.260.000 /тавин долоон сая хоёр зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Б би 2013 оны 05 сарын 08-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас 20.000.000 /хорин сая/ төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай шахмал түлш хийх зориулалтаар гэрээ хийж авсан. 2014 оны сүүлээс сарын хүүгээ төлөлгүй өнөөг хүргэсэн. Зээлийн хүү болон үндсэн зээлийг төлөөгүй. Иймд үндсэн зээл 20.000.000 төгрөг, зээлийн сарын хүү 450.000 төгрөг барагдуулахыг зөвшөөрч байна. Алданги 36.810.000 төгрөгийг зөвшөөрөхгүй, төлөхгүй гэжээ.
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан тайлбартаа: Тус сумын Мандал багийн иргэн Ц.Б аас үндсэн зээл 20.000.000 /хорин сая/ төгрөг, зээлийн хүү 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг, бүгд 20.450.000 /хорин сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч Ц.Б д холбогдуулан үндсэн зээл 20.000.000 төгрөг, зээлийн хүү 450.000 төгрөг, алданги 36.810.000 төгрөг, нийт 57.260.000 /тавин долоон сая хоёр зуун жаран мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 36.810.000 /гучин зургаан сая найман зуун арван мянга/ төгрөгийг нэхэмжлэхээс татгалзан, хариуцагч Ц.Б үндсэн зээл 20.000.000 төгрөг, зээлийн хүү 450.000 төгрөг, нийт 20.450.000 /хорин сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг төлөхийг зөвшөөрч зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч Ц.Б аас 20.450.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 260.200 төгрөгийн тал хувь 130.100 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй үндсэн зээл 20.000.000 төгрөг, зээлийн хүү 450.000 төгрөг, алданги 36.810.000 төгрөг, нийт 57.260.000 /тавин долоон сая хоёр зуун жаран мянга/ төгрөг Ц.Б аас гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн зохигч 20.450.000 /хорин сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Ц.Б аас улсын тэмдэгтийн хураамж 130.100 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА