Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2016/00721

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тариалан суманд байрлах, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Тариалан сумын ........... багт оршин суух, .................... дугаар регистртэй, О  овогт Ч-ын Б холбогдох

Үндсэн зээл 26.000.000 төгрөг, зээлийн хүү 845.000 төгрөг, алданги 23.500.000 төгрөг, нийт 50.345.000 /тавин сая гурван зуун дөчин таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 155/2016/00708/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ч.Б  2013 оны 10 сарын 11-ний өдөр Сум хөгжүүлэх сангаас 6.000.000 төгрөг, 2013 оны 12 сарын 23-ны өдөр 15.000.000 төгрөг, 2014 оны 03 сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг, бүгд 26.000.000 төгрөгийг Шилмэл сүрэг төслийн дагуу фермерийн аж ахуй барих зориулалтаар гэрээ хийж авсан. Уг зээлийг Монгол улсын Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу орон нутгийн төсөвт хуваарилагдаж ирсэн Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөс зээл олгох комиссоор хэлэлцүүлж, зээлийг олгосон. Энэхүү зээл нь төсвийн хөрөнгө тул төсвийн хууль болон бусад холбогдох журам зааврын дагуу зохицуулагдаж явдаг. Иргэн Ч.Б  нь үндсэн зээл болон зээлийн хүүгээ төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй өнөөг хүргэсэн, зээлийн хүүгээ болон үндсэн зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардсан. Иймд иргэн Ч.Б ас үндсэн зээл 26.000.000 төгрөг, зээлийн хүү 845.000 төгрөг, алданги 23.500.000 төгрөг, нийт 50.345.000 /тавин сая гурван зуун дөчин таван мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Б  шүүхэд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн иргэн Ч  овогтой Б  миний бие Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 10 сарын 11-ний өдөр 6.000.000 төгрөг, 2013 оны 12 сарын 23-ны өдөр 15.000.000 төгрөг, 2014 оны 03 сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг, бүгд 26.000.000 төгрөгийг Шилмэл сүрэг үхрийн фермерийн аж ахуй барих зориулалтаар авсан нь үнэн болно. Авсан санхүүжилтээр төсвийн зориулалтын дагуу барилгын үйл ажиллагааг бүрэн барьж дууссан. Үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа хэдий ч энэ хямралын үед борлуулалт муу болж, зээлийн үндсэн төлөлт 26.000.000 төгрөг, түүний хүү 845.000 төгрөгийг тус тус төлөөгүйг зөвшөөрч байна. Цаашид энэхүү 26.845.000 төгрөгийг төлж барагдуулна. Харин алданги болох 23.500.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй болно гэжээ.

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан тайлбартаа: Тус сумын Сэлэнгэ багийн иргэн Ч.Б ас үндсэн зээл 26.000.000 төгрөг, зээлийн хүү 845.000 төгрөг, бүгд 26.845.000 төгрөгийг гаргуулахыг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч Ч.Б д холбогдуулан үндсэн зээл 26.000.000 төгрөг, зээлийн хүү 845.000 төгрөг, алданги 23.500.000 төгрөг, нийт 50.845.000 /тавин сая найман зуун дөчин таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 23.500.000 /хорин гурван сая таван зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэхээс татгалзан, хариуцагч Ч.Б  үндсэн зээл 26.000.000 төгрөг, зээлийн хүү 845.000 төгрөг, нийт 26.845.000 /хорин зургаан сая найман зуун дөчин таван мянга/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч Ч.Б ас 26.845.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 292.175 төгрөгийн тал хувь 146.087 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй үндсэн зээл 26.000.000 төгрөг, зээлийн хүү 845.000 төгрөг, алданги 23.500.000 төгрөг, нийт 50.345.000 /тавин сая гурван зуун дөчин таван мянга/ төгрөгийг Ч.Б ас гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн зохигч 26.845.000 /хорин зургаан сая найман зуун дөчин таван мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Ч.Б ас улсын тэмдэгтийн хураамж 146.087 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА