Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 21

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөлгөөнөөр хөтлүүлж

Улсын яллагч: М.Батзаяа 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал

Шүүгдэгч Н.Д  нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овгийн Н-ын Д  д холбогдох  201703000103 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Н. Д   

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Н.Д  нь 2017 оны 02 дугаар сарын 21-22-ны хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Арслан цохионы ,,, тоотод байх Ж. Б гийн гэрт хууль бусаар нэвтэрч 32 инчийн хар өнгийн ЛСД зурагтыг хулгайлж 250.000 төгрөгийн хохирол учруулсан, 

2017 оны 08 сарын 23-наас 30-ны хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сум 7 дугаар баг ОАЖН-ийн ,,,,тоотод байх  Ж.Э-гийн гэрт хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 18 кг хонины мах, индүү 1 ширхэг, эрэгтэй хүний өвлийн күртек 1 ширхэг, газын плитк 1 ширхэг  зэрэг эд зүйлсийг хулгайлж 369.400 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгүүдэд холбогджээ.  

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүгдэгч Н.Д  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би энэ хэргийг үйлдэх үедээ согтуу байсан. Хохирогч нарт учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Цаашдаа архи уухгүй ээжийгээ асарч хамгаалж, ээжтэйгээ сайхан амьдрахын хүсч байна. Өөр хэлэх зүйл байхгүй гэв

 

Мөрдөн байцаалтын үед:

 

Хохирогч Ж. Б гийн өгсөн: ...Манайх Архангай аймгийн Их тамир сумын Бугат багт оршин суудаг юм. Манай нэг гэр аймгийн төвд буюу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,, дүгээр баг ,,тоотод оршин байдаг манай төвд байх гэр эзгүй байдаг юмаа. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 21-ны өдөр манай төвд байх гэрт хулгай орж зурагт алга болсон байна гэж сонсож дуулаад аймгийн төвд ирээд гэртээ орж эд зүйлсээ бүртгэж үзэхэд манай гэрт байсан 32 инчийн хар өнгийн ЛСД зурагт алга болсон байсан. Тэгээд цагдаагаас дуудахаар нь очиж уулзаж мэдүүлэг өгсөн. Манай гэрээс тухайн үед хар өнгийн ЛСД зурагт л алга болсон байсан би тухайн үед гэртээ ирээд үзэхэд манай хашаанд байсан пад тракторын 2 ширхэг дугуй, портер машины нэг ширхэг дугуй алга болсон байна гэж бодож байсан боловч уг дугуйнууд хашаан дотор байшингийн ард байсан байна лээ манайхаас өөр зүйл алдагдаагүй би хулгайд алдсан зурагтаа олж авсан. Миний хулгайд алдсан зурагт хар өнгийн ЛСД дэлгэцтэй хуучин хэрэглэж байсан WEIYI гэх нэртэй зурагт байсан. Би хулгайд алдсан зурагтаа 300.000 төгрөгөөр үнэлж байна. Миний зурагт нэг их хуучраагүй зурагт байсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй би хулгайд алдсан зурагтаа бүрэн бүтэн олж авсан байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 42-43 хуу/

Гэрч Д.Янжинлхамын өгсөн: ...2017 оны 02 сарын 22-ны өдөр намайг гэртээ байхад Т гэх зүс таних залуу зурагт зарах гэж байна гээд манай гэрт ирсэн. Тэгэхээр нь ямар учиртай зураг юм бэ гэхэд хамт орж ирсэн залуу нь манай зураг байгаа юм гэсэн. Би ээжтэйгээ хамт амьдардаг, том машины жолооч хийдэг, одоо дугуй засварын газар ажилладаг гэж ярьж байсан. 32 инчийн хар өнгөтэй ЛСД зурагт байсан. Би тэр зурагтыг 35.000 төгрөгөөр худалдаж авсан. Түвшөө гэх залуу манай хашаагаар ирж машин янзалж байсан юм. Тэгээд л танина. Анх манайд ирэхдээ энэ ах миний машинаар таксидаж байгаа юм. Зураг зарна гэхээр нь би тань дээр аваад ирлээ гэж байсан. Утасны дугаарыг нь мэдэхгүй. Надад хэлэхдээ Өгийнуур сумын Бирэнгийн уурхайн ойролцоо хөдөө мал малладаг гэж байсан. Машиных нь дугаарыг мэдэхгүй. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би хулгайн зурагт гэж тухайн үед мэдсэн бол авахгүй байх байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 49-50 хуу/

Гэрч Г.Түвшинжаргалын өгсөн: ...2017 оны 02 сарын 22-ны өдөр аймгийн төвд таксинд явах гээд ороод ирчихсэн явж байсан чинь Арслан цохионы тэр хавьд байхад нэг хүн гар өргөөд суусан юм. Тэр хүн нэг зүйл орны даавуугаар ороосон байсан. Тэгээд миний машинд суугаад ах нь архи авах гэсэн юм чи энэ зурагтыг авах уу? гэсэн. Тэгэхээр нь би авахгүй надад мөнгө байхгүй гэсэн чинь энэ манай зурагт байгаа юм. Би энийг зарж архи уух гэсэн юм чи зараад өг гэхээр нь би нэг зүс таних эгч дээр аваачиж үзүүлсэн чинь тэр эгч янз бүрийн хулгайн юм биш биз дээ гэж асуугаад 35.000 төгрөгөөр авсан. Тэгээд би тэр зурагтаа заруулсан хүнд мөнгийг нь өгсөн чинь надад 15.000 төгрөг унааны хөлс гэж өгсөн. Тэгээд тэр хүн аймгийн төвд буугаад би тэр орой сум руугаа буцаад явсан. Би өмнө нэг ч харж байгаагүй. Намайг зурагт зараад өгөөч гэхээр нь л зарж өгсөн юм. Би өмнө нь тэр айлын нөхрөөр нь машинаа нэг удаа янзлуулж байсан юм. Тэгээд зүс таньдаг болохоор очсон юм. Хар өнгөтэй ЛСД зурагт л байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/

Насанд хүрээгүй гэрч С.Одончимэгийн өгсөн: ... Намайг 2017 оын 02 дугаар сарын 21-ний өдөр 11 цаг өнгөрч байхад ус авах гээд явж байсан чинь нэг хүн Бурхан шар гэх айлын үүдэнд зогсож байсан. Тэгээд би цаашаа явахдаа хараад байсан чинь хашаанд нь ороод байшингийн үүдэнд нь зогсож байснаа хаалга үүдийг нь онгойлгох гээд байгаа бололтой татаж үзэж байснаа хөлөөрөө өшиглөөд дотор нь орчих шиг болсон. Тэгээд би усаа аваад гэртээ ороод ээжид болсон явдлын талаар хэлсэн. Доржсүрэн нь манай энэ хавиар архи дарс уугаад л хааяа явж байдаг хүн. Тэр айлын хүмүүсийг хот руу явсан байх гэж ээж ярьж байсан хэрэг болох үед гэрт нь хүн байгаагүй байх. Хажуу айлд нь хүн байсан үгүйг би мэдэхгүй байна. Тэр үед цэнхэр өмдтэй, дээгүүрээ хар өнгийн гадуур хувцастай байсан байх би сайн санахгүй байна. Намайг харахад ганцаараа явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 46 хуу/

Гэрч Ц.Ганзулын өгсөн: ...2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймаг Эрдэнэбулган сум Арслан цохионы гудамны үзүүрт байдаг дэлгүүр орчихоод буцаад харих гээд явж байсан чинь Дожий ах нэг хар өнгөтэй хавтгай дэлгэцтэй зурагт шар өнгийн бүтээлгэнд ороочихсон үүрээд явж байсан юм. Өмнө нь харж байсан. Манай энэ хавиар архи дарс уугаад л яваад байдаг юм. Хааяа энэ хавиар явсан хүмүүсээс мөнгө төгрөг гуйгаад л байж харагддаг. Миний бодлоор Дожий ах Бурхан шар гэх айлаас зурагт хулгайлсан байх. Бурхан шар гэх айлын үүдэнд зогсож байсан. Өглөө манай энэ хавийн дэлгүүрүүдийн үүдээр согтуу явж байсан. Тэр айлын хүмүүсийг хот руу явсан гэж хүмүүс ярьж байсан хэрэг болох үед гэрт нь хүн байгаагүй байх. Хажуу айлд нь хүн байсан үгүйг би мэдэхгүй байна. Хөх өнгийн жинсэн өмдтэй, бор өнгийн гуталтай, хөх өнгийн гадуур хувцастай дотор талаараа улаан өнгийн цамцтай явж байсан санагдаж байна. Доржсүрэн гэх хүн өмнө нь манай тэр хавиар хулгай хийж байсан талаар мэдэхгүй. Манай энэ хавиар янз бүрийн юм хийгээд л архи уугаад яваад байдаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 хуу/

Гэрч С.Ганцэцэгийн өгсөн: ...Манай охин Одончимэг надад хэлэхдээ 2017 оын 02 дугаар сарын 21-ний өдөр 11 цаг өнгөрч байхад ус авах гээд явж байсан чинь нэг хүн Бурхан шар гэх айлын үүдэнд зогсож байсан. Тэгээд манай охин цаашаа явахдаа хараад байсан чинь хашаанд нь ороод байшингийн үүдэнд нь зогсож байснаа хаалга үүдийг нь онгойлгох гээд байгаа бололтой татаж үзэж байснаа хөлөөрөө өшиглөөд дотор нь орчих шиг болсон гэж надад хэлсэн. Тэгээд манай охин усаа аваад гэртээ орж ирээд болсон явдлын талаар надад хэлсэн. Тэгээд орой 17 цагийн үед манай гэрт манай арын гудамны Г гэх залуу орж ирээд Д ах сая гудманд нэг хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагт бүтээлгэнд ороогоод явж байна гэж хэлж байсан. Д нь манай энэ хавиар архи дарс уугаад л хааяа явж байдаг хүн. Манай энэ хавийн хүмүүс бүгдээрээ таньдаг байх. Тэр айлын хүмүүсийг хот руу явсан гэж хүмүүс ярьж байсан хэрэг болох үед гэрт нь хүн байгаагүй байх. Хажуу айлд нь хүн байсан үгүйг би мэдэхгүй байна. Тэр үед цэнхэр өмдтэй, дээгүүрээ хар өнгийн гадуур хувцастай байсан байх би сайн санахгүй байна. Намайг тэр хавиар явж байгаад харахад ганцаараа явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 хуу/

Н.Д гийн яллагдагчаар өгсөн: ....Би урьд өмнө сэжигтэнээр өгсөн мэдүүлэг дээрээ болсон асуудлын талаар ярьсан. Би Арслан цохионд ганцаараа архи ууж яваад айлын хашаа руу ороод хүн байхгүй болохоор нь цонхыг нь хагалж байшин руу ороод зурагт хулгайлж буцаж гарах үедээ үүдийг нь жийж онгойлгоод гарч яваад хулгайлсан зурагтаа хүнд зарсан нь үнэн өөр нэмж ярих зүйл байхгүй. Би Ж. Б гийн байшингаас хулгайлсан зурагтаа цагдаа нарт хураалгасан Ж. Б  хохиролгүй болсон. Гэмт хэрэг үйлдэх үедээ цонхыг нь хагалсан тэр цонхоо янзалж өгсөн. Би хийсэн хэрэгтэй гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуу/

Хохирогч Ж.Э-ийн өгсөн: ...2017 оны 08 сарын 23-ны өглөө 09 цагийн үед нөхөр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот руу хүүхдээ эмнэлэгт үзүүлэх гээд яваад 2017 оны 08 сарын 30-ны шөнө 00 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн баруун талын цонхыг цохиж хагалсан байсан. Тэгээд гэртээ ороод үзтэл баруун талын өрөөний шүүгээний хажууд орхисон хувцаснууд эмх замбараагүй болсон байсан. Том өрөөндөө орж иртэл хөлдөөгчинд байсан эд зүйлс газраар хөглөрсөн, шалан дээгүүр цус туссан, байшингийн эд зүйлс эмх замбараагүй байсан. Тэгээд эд зүйлээ бүртгэж үзтэл гал тогооны шүүгээнд байсан дунд гарын мөнгөн аяга, зэс аяга, хөргөгчинд байсан бүтэн хонины мах, индүү, нөхөр Баатархүүгийн өвлийн күртик, газын плитк зэрэг байхгүй байсан. Сэжиглэж байгаа хүн байгаа. Цагаан даваанд гэр нь байдаг, манай энэ хавиар яваад байдаг Доржсүрэн буюу Дожий гэх хүнийг сэжиглэж байна. Дунд гарын мөнгөн аяга хажуудаа Алтанцэцэгт дурсгав гэсэн бичигтэй, ёроол нь цулгай, хөргөгчинд байсан бүтэн хонины тарган мах, ягаан өнгийн индүү, хар хөх өнгийн өвлийн күртик, хар, ногоонтой, хөх хайрцагтай газын плитк өөр содон гэхээр зүйл байхгүй. Дунд гарын мөнгөн аягаа 120.00 төгрөгөөр, хонины махаа 80.000 төгрөгөөр, индүүгээ 47.000 төгрөгөөр, газын плиткийг 35.000 төгрөгөөр үнэлнэ. Одоогоос 7-8-н жилийн өмнөөс Доржсүрэнг танина. Манай нөхөр Б-ийн төрсөн дүү нь бөгөөд Д нь байнга архи уудаг хулгай хийгээд цагдаад байнга шалгагддаг. Манайхыг эзэнгүй байгаа гэдгийг мэдэж байгаа болохоор нь сэжиглэж байна. Ээжээс нь ямар нэгэн зүйл авмааргүй байна. Харин өөрөөс нь авах зүйл байхгүй болохоор нэхэмжлээд байхгүй. Төлбөр мөнгө авахгүй. Доржсүрэнд өөрт гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэх хэрэгтэй. Дбайнга архи ууж хулгай хийж, ээж, ах дүү нараа зовоож байгаа тул хорих хэрэгтэй байх гэж бодож байна. Гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 79-82 хуу/

Гэрч О.Найманчулууны өгсөн: ...Би 2017 оны 08 сарын сүүлээр 15 цагийн үед гэртээ байж байтал гаднаас манай найз Д согтуу мотоцикльтой хүнтэй хамт орж ирсэн. Гадуур хүмүүстэй архи ууж байгаад ирлээ. Халамцуу байна гээд гадуураа өмсөж явсан хар өнгийн өвлийн бололтой күртикээ тайлаад манай орон дээр орхисон. Тэр үед Д чи их согтуу байна би гэрт чинь хүргээд өгөх үү гээд өөрийн эзэмшлийн IST маркийн 70-47 улсын дугаартай машинаараа Д-г гэрт нь хүргэж өгсөн. Тэр үед ээж нь гэртээ байсан тул Д өмсөж явсан күртикээ манайд тайлаад орхисон шүү гээд  хэлчихээд гэрлүүгээ явсан. Хар өнгийн урт өвлийн күртек байсан. Сүүлд нь тэр күртикийг Д-ийн ээж нь ирээд авахдаа Д өөрийн ах Б-гийн байшин руу нь ороод күртик болон бусад зүйл аваад явсан байж магадгүй байна гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 83 хуу/ 

Гэрч Л.Батдоржийн өгсөн: ...Миний бие 2017 оны 08 сарын 29-ний үед Эрдэнэбулган сумын ,,-р баг Петровис колонкийн тэнд мотоцикльтой явж байгаад крант нь бөглөрөөд зогсож байтал ирээдүй сургуулийн тэндээс өмнө нь зүс таних махлагдуу залуу ирээд мөнгөн аяга зарна авах уу гэхэд нь би ямар үнэтэй юм гэхэд 20000 төгрөг гэснээ дараа нь 30000 төгрөг гэсэн. Тэгээд би аягыг нь худалдаж авсан. Тэр залуу мөнгөө аваад Петровис клонк чиглээд явсан. Мөнгөн аяга нь дунд гарын хажуудаа Н.Алтанцэцэгт дотрын хамт олноос дурсгав гэсэн бичигтэй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 84 хуу/

Гэрч Н.Алтанцэцэгийн өгсөн: ...Миний нэртэй, намайг тэтгэвэрт гарахад ажлаас дурсгал болгож өгсөн юм. Тухайн аягыг хүү Баатархүүг байшин бариад ороход нь бэлэг болгон өгсөн. Баатархүүгийн аяга байгаа юм. Д нь хэд хоног хүмүүстэй өвсөнд, модонд явсан гэсэн. Тэгээд хөдөөнөөс гэртээ ирээд 3-4 хонож байна. Зан байдлын хувьд их дөлгөөн хүн байгаа юм. Архи уухаараа ширүүн зантай. Архи их уугаад байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 хуу/

Н.Д гийн яллагдагчаар өгсөн: ....Би хулгай хийсэн он сар өдрөө санахгүй байна. Ганцаараа согтуу явж байгаад төрсөн ах Баатархүүгийн байшингийн цонхоор нь орж архины мөнгө болох зүйл аваад санаатай, ахынх юм чинь гайгүй байх гэж бодоод цонхыг нь хагалж ороод мөнгөн аяга, хонины мах, индүү, газын плитка аваад күртикийг нь өмсөөд гарсан. Өөр юм аваагүй. Тэгээд аягыг нь 30.000 төгрөгөөр зарж, күртикийг нь Найманчулууны гэрт тайлж орхиод индүү, газын плитк, махыг нь зах дээр танихгүй хүнд 50000 төгрөгөөр зарсан. Зарсан хүнээ мэдэхгүй. Тэгээд Баатархүү ахын хохирлыг төлж барагдуулсан. Хулгай хийсэн аяга ээжийн нэртэй Архангай дотрын тасаг гэсэн бичигтэй аяга байхаар нь ээжийн аяга гэж бодож авсан. Өөр ямар нэгэн зүйл аваагүй. Өөр айлаас авч байхаар ах гайгүй байх гэж бодоод ахын гэрт орсон. Архи уух санаатай хулгай хийсэн. Ганцаараа орсон. Манай аяга ээжийн нэр бичигдсэн ажлаас нь бэлгэнд өгсөн аяга байгаа юм. Тэгээд л ээжийнхээ аягыг авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 100-103 хуу/

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10-11,13 76 хуу/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 74 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 75, 77 хуу/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 92, 123 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 107-108 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 106 хуу/

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Д д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.Д  нь 2017 оны 02 дугаар сарын 21-22-ны хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Арслан цохионы ,,,тоотод байх Ж. Б гийн гэрт нэвтэрч 250.000 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн хар өнгийн ЛСД зурагтыг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан,  2017 оны 08 сарын 23-наас 30-ны хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сум ,,, дугаар баг ,,,тоотод байх  Ж.Э-гийн гэрт нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 18 кг хонины мах, индүү 1 ширхэг, эрэгтэй хүний өвлийн күртик 1 ширхэг, газын плитк 1 ширхэг  зэрэг нийт 369.4000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.Д  нь бусдын эд зүйлийг хулгайлж авсан өөрийн үйлдэл болон авсан эд зүйлийн тоо, хэмжээний хувьд маргаагүй бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч Ж. Б , Ж.Э, гэрч Д.Я, Г.Т, Ц.Г, С.Г, О.Н, Л.Б, гэрч С.О нарын мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Д гийн нь хохирогч Ж. Б гийн байшинд нэвтэрч 250.000  төгрөгийн эд зүйл хулгайлсан үйлдлийг нь Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  

Хохирогч Ж.Э-гийн байшинд нэвтэрч 369.400 төгрөгийн эд зүйл хулгайлсан үйлдлийг нь Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлджээ. 

Шүүгдэгч нь орон байранд нэвтэрч бусдын эд зүйл хулгайлах гэмт хэргийг 2 удаа үйлдсэн байх ба үйлдэл тус бүрийг нь гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргээр тус тусад зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй, нэг төрлийн гэмт хэрэгт 2 өөр хуулиар ял оногдуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байх тул хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон өөрчлөх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Н.Д г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Ж. Б , Ж.Э нар шүүгдэгч Н.Д гээс хохирлоо бүрэн төлүүлж авсан, ямар нэгэн гомдолгүй мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Н.Д  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Д гийн 2017 оны 11 сарын 27-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 50 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон   

                                            

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Д г Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч М овгийн Н-ын Д  г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 3.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Д г нэг жил гурван сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

4.    Шүүгдэгч Н.Д д оногдуулсан нэг жил гурван сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

5.  Шүүгдэгч Н.Д гийн 2017 оны 11 сарын 27-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 50 хоногийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу  түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

6.    Шүүгдэгч Н.Д  нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

7.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Д д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ОДХҮҮ