Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 204/МА2020/00014

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 145/ШШ2020/00231 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О-ы нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Д, Т.Ө нарт холбогдох “Гэм хорын хохирол 58322657 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Ж.Д, Т.Ө, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Алдар, Б.Батсайхан нарын гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, түүний өмгөөлөгч Ц.Батзаяа, хариуцагч Ж.Д, нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний төрсөн охин Э.Н, хүргэн Г.Б нар нь 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр авто осолд орж охин Э.Н, хүргэн Г.Б нарын эрүүл мэндэд нь тус тус хүнд хохирол учирсан. Уг эрүүгийн хэргийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шийдвэрлэж 01 дугаартай шийтгэх тогтоол гарсан. Шийтгэх тогтоолд хоёр хохирогчийн гэм хорын хохиролд нэхэмжилсэн дүнгээс нийт 32390432 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Уг хангасан нэхэмжлэлийн шаардлагыг гэм буруутай этгээдүүд болох шүүгдэгч Т.Ө, Ж.Д нарыг тэнцүү хувааж тус бүр 16195231 төгрөгийн хохирлыг хоёр хохирогчид барагдуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт хийсэн. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан болох үед шүүгдэгч Ж.Д нь хохирогч Э.Н-д 8250000 төгрөг, хохирогч Г.Б-д 1000000 төгрөгийн хохирлыг, шүүгдэгч Т.Ө нь хохирогч Э.Н-д 18280000 төгрөг, хохирогч Г.Б-д 1000000 төгрөгийн хохирлыг тус тус хүлээлгэн өгч барагдуулсан. Ингээд шүүх хохирогч нарын хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэл болон хохирогч нарын цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэсэн. Хохирогч Э.Н болон Г.Б нарт эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан болсноос хойш дор дурьдсан эмчилгээний болон бусад зардлууд гарсан билээ. Үүнд:

1. Охин Э.Н маань нөхөр Г.Б-ийн хамт 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр БНСУ-руу эмчилгээнд явсан. Э.Н-ийн нөхөр хүргэн Г.Б нь эхнэр Э.Н-ийнхоо асран хамгаалагчаар хамт явсан. Э.Н, Г.Б нар нь Монгол улсаас Солонгос улс руу явахдаа замын зардалд тус бүр 344000 вон буюу монгол мөнгөөр тус бүр 811840 төгрөг нийт 1.623.680 төгрөгийг Иргэний хуулийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулсан хариуцагч Т.Ө, Ж.Д нараас тэнцүү хэмжээгээр гаргуулах хүсэлтэй байна.

2. Хохирогч Э.Н нь Солонгос улсад очоод 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 2973300 вон буюу 7016988 төгрөгөөр уламжлалт эмчилгээ хийлгэсэн. 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 4401430 вон буюу 10387386 төгрөг төлж Солонгос улсын Чонбүг, Иксан хотод байрлах Вонгуан Их сургуулийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байдаг. Мөн 2019 оны 3 дугаар сард “Жасенг” уламжлалт эмнэлэгт 2148376 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Эм тариа эмчилгээний тоног төхөөрөмжийн зардалд катетер гуурс 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 11800, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 27140 төгрөгөөр, 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 42480 төгрөгөөр, РRO 3000 багаж 389.400 төгрөгөөр, *** ХХК-аас улаан мөөг 1 курс 173.500 төгрөгөөр 3 курс эмчилгээний улаан мөөгийг нийт 520500 төгрөгөөр, алхуулагч таяг 141600 төгрөгөөр, эм 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 14520 төгрөгөөр тус тус худалдан авч эмчилгээндээ зарцуулсан байдаг. Энэ бүгд эмчилгээ, эмчилгээний тоног төхөөрөмж, эм тариа, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардал нийт 20700190 төгрөгийг Иргэний хуулийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар мөн гэм хор учруулсан хариуцагч Т.Ө, Ж.Д нараас тэнцүү хэмжээгээр гаргуулах хүсэлтэй байна.

3. Хохирогч Э.Н нь авто ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн халамжаас группийн мөнгө гэж сар тутамд 243000 төгрөгийн тэтгэмж олгодог. Э.Н нь авто осолд орохоосоо өмнө “***” өрхийн эмнэлэгт их эмчээр ажилладаг байсан бөгөөд сард 670271 төгрөгийн үндсэн цалинтай байсан билээ. Иймд 2018 оны нийт 12 сарын хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс 5.154.252 төгрөгийг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг.........төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу гэм хор учруулсан хариуцагч Т.Ө, Ж.Д нараас тэнцүү хэмжээгээр нэхэмжилж байна.

4. Хохирогч Э.Нг Солонгос улсад 1 жилийн хугацаанд эмчлүүлэхэд түүний нөхөр Г.Б нь хамт явж эмчлүүлэх хугацаанд асарсан. Г.Б нь Өвөрхангай аймгийн МСҮТ-д байрын багшаар ажилладаг байсан бөгөөд сард 579300 төгрөгийн үндсэн цалинтай байсан. Г.Б нь Э.Н-г эмчлүүлэхээр хамт явахдаа ажлаасаа 1 жилийн цалингүй чөлөө авч явсан байдаг. Иймд Г.Б-ийн 2018 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл хугацааны нийт 12 сарын 6.951.600 төгрөгийг гэм хор учруулсан хариуцагч Т.Ө, Ж.Д нараас тэнцүү хэмжээгээр нэхэмжилж байна.

5. Хохирогч Г.Б нь эхнэр Э.Н-тойгоо хамт Солонгос улсад эмчлүүлж байгаад 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Монголд ирж ослын улмаас авсан гэмтлээс шалтгаалж толгой, нуруу нь өвддөг болсны улмаас “***” 8 хоног сувилуулсан. 8 хоногийн сувиллын зардал нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт 110.000 төгрөгийг хасаад 360600 төгрөг төлсөн байдаг. Үүнийг мөн гэм хор учруулсан хариуцагч Т.Ө, Ж.Д нараас тэнцүү хэмжээгээр нэхэмжилж байна.

6. Э.Н, Г.Б нар нь ипотекийн 8 хувийн зээлээр орон сууц авч сар бүр орон сууцны зээл төлдөг бөгөөд эрүүл мэндийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж орон сууцны зээлээ төлж чадахгүй байгаа тул 2018 оны орон сууцны зээлийн төлөлт 3878400 төгрөгийг Э.Н, Г.Б нарын эрүүл мэндэд гэм хор учруулсан хариуцагч Т.Ө, Ж.Д нараас тэнцүү хэмжээгээр тус тус нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Үүнд: Э.Н-гийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Солонгос улсад Вонгуаны Их сургуулийн эмнэлэгт хийлгэсэн эмчилгээний зардал нийт 1480590 вон буюу 3494192 төгрөг, /Монгол банкны валютын ханшаар тооцож 1 воныг 2.36 төгрөгөөр тооцсон болно./ Э.Н, Г.Б нарын орон сууцны зээлийн төлбөрт 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх буюу 7 сарын хугацаанд төлсөн зээлийн төлбөр нийт 2262468 төгрөг, /1 сард 323000 төгрөг зээлийн төлбөрт төлдөг болно/ Э.Н-ийн цалингийн зээлэнд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд төлсөн нийт 3644278 төгрөг, /зээлийг хаасан/ Э.Н-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны буюу нийт 7 сарын цалин нийт 4994297 төгрөг, Г.Б-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний   өдрөөс  2019 оны 07 дугаар сарын 30-ны  өдрийг  дуусталх хугацааны буюу нийт 7 сарын цалин нийт 4357500 төгрөг, Э.Н, Г.Б нарын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд 10 хоног “*** сувилал”-д сувилуулсны зардал нийт 901200 төгрөг нийт 58322657 төгрөгийг Т.Ө, Ж.Д нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Д шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие эмчилгээний зардлыг хүлээн зөвшөөрч байна. Бусад зардлыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Э.Н, Г.Б нар нь ямар эмнэлгийн магадлал, болон ямар эмчийн зөвлөгөөнөөр заавал Солонгос улсад эмчлүүлэх шаардлагатай болсноо тайлбарлаагүй. Үзүүлэгч нар нь өөрийн дурын үндсэн дээр Солонгос улсад очин эмчлүүлж байгаа. Мөн нөхөр болох Г.Б нь Солонгос улсад ажиллаж байгаа гэж надад хэлсэн. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч Т.Ө шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Б, Э.Н нарын төлөөлөл болох Ж.О нь 2018 оны 38668712.5 төгрөг мөн 2019 оны 19653935 төгрөг нийт 58322647.5 төгрөг нэхэмжилсэн байна. Уг нэхэмжлэлийн тодорхой хэсгүүдийг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд: Байр орон сууцны зээл 6140868 төгрөг, Г.Бгийн цалин болон цалингийн зөрүү 11309100 төгрөг, Э.Нгийн цалин болон цалингийн зөрүү 10148539 төгрөг, Э.Нгийн цалингийн зээл 3644278 төгрөг, нийт 31242785 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжилж байгаа 58322647.5 төгрөг нь Г.Б, Э.Н нарын нэхэмжилж байгаа үнийн дүн мөн эсэхэд эргэлзэж байна. Учир нь Г.Б нь Ж.Д-тэй уулзахдаа Солонгос улсад ажил хийж байгаагаа илэрхийлсэн болно. Миний бие нь эхнэр хүүхдийн хамт амьдардаг тодорхой эрхэлсэн ажилгүй бөгөөд хүмүүстэй хамтран засвар үйлчилгээ хийдэг сард дунджаар 500000 төгрөг олдог зээлнээс зээл өрнөөс өрний хооронд л амьдарч байна. Энэхүү нэхэмжлэл нь манай гэр бүлд маш хүндээр тусаж байгаа тул зөвхөн эмчилгээний зардал төлөх хүсэлттэй байна гэжээ. 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,497 дугаар зүйлийн 497.3, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Ж.Д-ээс 12596546 төгрөг, Т.Ө-аас 12596546 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Нд, хариуцагч Ж.Д-ээс 5908950 төгрөг, хариуцагч Т.Ө-аас 5908950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д тус тус олгохоор, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 21311664.55 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нарыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ж.Д-ээс 250477 төгрөг, хариуцагч Т.Ө-аас 250477 төгрөгийг тус тус гаргуулан орон нутгийн орлогод  оруулахаар, шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Ө, Ж.Д нар болон тэдний өмгөөлөгч Б.Батсайхан, Ч.Алдар нарын гаргасан давж заалдах гомдолд:  

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ж.О нь нэхэмжлэл гаргахдаа хариуцагч нараас хэн нь нэхэмжлэх эрхтэй хэн нь нэхэмжлэл гаргаад байгаа нь тодорхой бус, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж шийдвэр гаргасан.  

2. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 04-ний өдрийн 145/ШШ2020/00231 дугаартай шүүхийн шийдвэрт тусгагдсан. Ж.О-ы нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Д, Т.Ө нарын хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай итгэмжлэлд Ж.О нь Г.Б-г төлөөлөх эрх өгөөгүй байхад шүүх төлөөлөх эрхтэй гэж илт хууль бус шийдвэр гаргасан.

3. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О-ы нэхэмжлэлтэй хариуцагч Т.Ө, Ж.Д нарт холбогдох гэм хорын хохирол болох 58322657 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдааны явцад шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт цуглуулж, хэргийг шийдвэрлэх гэж байгаа нь шүүх хөндлөнгийн байр сууринаас зохигчдын мэтгэлцээний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх гэсэн зарчмыг зөрчиж, зохигчид өөрийн тайлбар татгалзлыг өөрөө шүүхийн өмнө нотлох үүрэгтэй байсаар байтал шүүх хөндлөнгийн байх үүргээсээ гажиж, нэхэмжлэгчийн талын нотлох баримтыг өөрийн санаачилгаар цуглуулж байгаа нь шүүх хэнээс ч хараат бус байх зарчим, мэтгэлцэх зарчим оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн. Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 145/ШШ2020/00231 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Ж.О-ы нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Д-ээс 12596546 төгрөг, хариуцагч Т.Ө-аас 12596546 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Н-д, мөн хариуцагч Ж.Д-ээс 5908950 төгрөг, хариуцагч Т.Ө-аас 5908950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д тус тус олгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож өнгө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О нь хариуцагч Ж.Д, Т.Ө нараас гэм хор учруулсаны хохирол 58322657 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,497 дугаар зүйлийн 497.3, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Ж.Д-ээс 12596546 төгрөг, Т.Өаас 12596546 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.Н-д, хариуцагч Ж.Д-ээс 5908950 төгрөг, хариуцагч Т.Ө-аас 5908950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д тус тус олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 21311664.55 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

   Хариуцагч Ж.Д, Т.Ө, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Алдар, Б.Батсайхан нар давж заалдсан гомдолдоо “…2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай итгэмжлэлд Ж.О нь Г.Б-г төлөөлөх эрх өгөөгүй байхад шүүх төлөөлөх эрхтэй гэж илт хууль бус шийдвэр гаргасан...иргэний хэргийн шүүх хуралдааны явцад шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт цуглуулж, хэргийг шийдвэрлэж байгаа нь шүүх хөндлөнгийн байр сууринаас зохигчдын мэтгэлцээний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх гэсэн зарчмыг зөрчиж, зохигчид өөрийн тайлбар татгалзлыг өөрөө шүүхийн өмнө нотлох үүрэгтэй байсаар байтал шүүх хөндлөнгийн байх үүргээсээ гажиж, нэхэмжлэгч талын нотлох баримтыг өөрийн санаачилгаар цуглуулж байгаа нь шүүх хэнээс ч хараат бус байх зарчим, мэтгэлцэх зарчим оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн...” гэжээ.

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3.-т зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүсэх бөгөөд бичгээр олгосон итгэмжлэл нь итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, олгосон он, сар, өдрийг заах, хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх, итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах шаардлагатай байдаг. 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай итгэмжлэлд төлөөлөгч Ж.О, төлөөлүүлэгч Э.Н, Г.Б нар гарын үсэг зурж, итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлсэн нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64 дүгээр зүйлийн 64.2.2, 64.2.3., 64.2.4, 64.2.5.-д заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9. “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэж заасан бөгөөд энэ зохицуулалт нь нотлох баримт гаргах, цуглуулах, бүрдүүлэх талаар шүүхийн эрх хэмжээг тодорхойлсон зохицуулалт юм. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаартай тогтоолд заасны дагуу Өвөрхангай аймаг дахь Монгол банкны хэлтэсээс ирүүлсэн монгол төгрөгийн солонгос улсын воннтой харьцах ханшийн мэдээлэл нь хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай баримт байжээ.

Иймд хариуцагч Ж.Д, Т.Ө, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Алдар, Б.Батсайхан нарын гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохыг бичгээр хүсвэл шүүх давж заалдах шатны шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэх үүрэгтэй. Шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг бичгээр гаргаагүй бол давж заалдах шатны шүүх шүүх хурлын товыг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид мэдэгдэх үүрэггүй боловч мөн ийнхүү мэдэгдэхийг хориглоогүй. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, өмгөөлөгч Ц.Батзаяа, хариуцагч Ж.Д, түүний өмгөөлөгч Ч.Алдар, хариуцагч Т.Ө, түүний өмгөөлөгч Б.Батсайхан нарт боломжит хугацаанд буюу 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр шүүх хурлын товыг мэдэгдсэн боловч хариуцагч Т.Ө, түүний өмгөөлөгч Б.Батсайхан нар шүүх хуралд ирээгүй. Хариуцагч Ж.Д-ийн өмгөөлөгч Ч.Алдар 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 13 цагаас Улаанбаатар хотод Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралд оролцох болсон гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч энэ тухай нотлох баримтаа ирүүлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй явдал давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.

Шүүх, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс үгүйсгэх үндэслэлгүй байх тул хариуцагч Ж.Д, түүний өмгөөлөгч Ч.Алдар, хариуцагч Т.Ө, түүний өмгөөлөгч Б.Батсайхан нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Гомдлыг хангахгүй орхисон тул хариуцагч Ж.Д-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 250477 төгрөгийг, хариуцагч Т.Ө-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 250477 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 145/ШШ2020/00231 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ж.Д, түүний өмгөөлөгч Ч.Алдар, хариуцагч Т.Ө, түүний өмгөөлөгч Б.Батсайхан нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Ж.Д-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 250477 төгрөгийг, хариуцагч Т.Ө-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 250477 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.