Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/524

 

 

 

 

 

 

   2023             5             18                                         2023/ДШМ/524

 

 

О.Т-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Отгончимэг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/367 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Ууганцэцэгийн бичсэн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 16 дугаар эсэргүүцлийг үндэслэн О.Т-т холбогдох 2308000000036 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

............. овгийн .............-гийн Т, 20.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ........ төрсөн, .. настай, э..эгтэй, ......... боловсролтой, мэргэжил.., эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., .......... нарын хамт ............. дүүргийн .. дүгээр хороо, .... дугаар гудамжны .. тоотод  оршин суух, /РД: .............../,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 126 дугаар тогтоолоор дуусгавар болсон,

Шүүгдэгч О.Т нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 9 дүгээр гудамжны 3396 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Х.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “явах гэлээ” гэх шалтгаанаар маргалдан зодож, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэж бие махбодод нь “тархи доргилт, хамар ясны хугарал, дух, хоёр зовхи, хамар, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: О.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч О.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-т 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч О.Т-өөс 518.400 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Б-д, 161.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгож, Эрүүгийн 2308000000036 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, О.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж, хохирогч Х.Б-гийн 154.469 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, О.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Д.Ууганцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: Шүүх, прокурор, мөрдөгч нь нотлох баримтыг шалгаж үнэлэхдээ хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож хэргийн үйл баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний эцэст хууль зүйн дүгнэлт гаргах хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан нотлох баримтуудтай бодитой харьцуулалгүйгээр, хэргийн бодит байдалд нийцээгүй учир дутагдал бүхий шийдвэр болсон гэж үзэхээр байна.

Шүүгдэгч О.Т, хохирогч Х.Б нар нь албан ёсны гэр бүлийн баталгаагүй боловч хамтын амьдралтай болох нь хэргийн оролцогч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “...хамтран амьдрагч...” гэж зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох нь тогтоогдож байна. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтад “Энэ хуулийн ...үйлчлэлд хамаарах хүний ...эрүүл мэндэд гэмт хор учруулсан, ...үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн тодорхойлжээ.

Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн, хамтран амьдарч байгаа этгээд нь гэр бүлийн гишүүний буюу хамтран амьдрагчийн сэтгэл санаанд дарамт учруулах болон бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэх ба тус үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр байна.

Шүүгдэгч О.Т нь өөрийн хамтран амьдрагч Х.Б-гийн бие махбодод санаатайгаар халдаж, гэр бүлийн хамаарал бүхий байдлаа далимдуулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Х.Б-гийн “...Т бид хоёр 2021 онд анх танилцаж байсан. Хамт амьдраад 1 жил гарангийн хугацаа өнгөрч байна. Өмнө нь 2022 оны 10 дугаар сард бид хоёр муудалцсан, миний зүүн гуя руу 2 удаа өшиглөж байсан. Надаас уучлалт гуйгаад бид хоёр эвлэрээд цагдаад хандаагүй. ...” гэх мэдүүлэг /хх 5/,

Шүүгдэгч О.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...Манай найз охин бид хоёр хамт амьдраад нэг жил болж байна. ...1-2 сар орчмын өмнө маргалдаж хөл хэсэгт нь хоёр удаа өшиглөж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 22-23/,

Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сангийн Зөрчлийн хэрэг шийдвэрлэлтийн бүртгэлд 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Х.Б-гийн биеийн байцаалтад тусгагдсан 95391887 дугаарын утаснаас ирүүлсэн “Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хөтөлийн урд талын автобусны буудал дээр тосно. Би найз залуутайгаа хэрэлдсэн чинь миний бүх хувцсыг шатаачихлаа” гэх гомдол мэдээллийн дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэврээр торгуулж байсан. 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, “Эмбасси” дотор найз залуу нь манай ажилтан эмэгтэйг зодоод байна” гэх гомдол мэдээллийн дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэврээр тус тус торгуулж байсан талаарх лавлагаа /хх 37/,

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн асуултад хариулсан шүүгдэгч О.Т-ийн “...2021 оны 8 дугаар сараас эхлэн хамтран амьдарч байгаа. ...2 удаа захиргааны зөрчлийн арга хэмжээ авагдаж байсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл 5 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байхад “гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс гэдгийг нотолсон буюу хамтран амьдарсан, гэр бүлийн харилцаатай байсан талаар хөндлөнгийн гэрчийн этгээдээс мэдүүлэг аваагүй, урьд өмнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан талаар холбогдох шийдвэр хэрэгт авагдаагүй” гэж үндэслэлгүй дүгнэлт хийж, энэхүү дүгнэлтдээ тулгуурлан, шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийлгүйгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс хэргийн зүйлчлэлийн талаар болон гэм буруугийн талаар маргаагүй байхад хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлж, улсын яллагчийн гаргасан саналаас дээгүүр ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн шийдвэр гарсан гэж дүгнэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дараахь үндэслэлийн аль нэг нь байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” гэж хуульчлагдсан бөгөөд дээр дурдсан үндэслэлүүдээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 367 дугаар шийтгэх шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Ж.Отгончимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.Т-ийн хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Х.Б-тай маргалдаж улмаар биед нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх гэм буруугийн хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй гэж үзэж эсэргүүцэл бичсэн. Хохирогч Х.Б нь “бид хоёр анх танилцаад 1 жил гаруй хугацаанд хамт амьдарч байна. Урьд өмнө нь намайг цохиж зодож, хэрүүл маргаан үүсгэж байсан” гэж мэдүүлдэг. Мөн шүүгдэгч О.Т ч энэ талаар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлж хамтын амьдралтай байснаа ярьдаг. Цагдаагийн байгууллагаас лавлагаа, тоот авахад “манай найз залуу миний хувцсыг шатаачихлаа” гэх зэргээр хохирогчоос дуудлага өгсөн байдаг. Эдгээр баримтуудаас үзэхэд хохирогч болон шүүгдэгчийн хувьд хамтын амьдралтай, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогддог. Зүйлчлэлийг хөнгөрүүлж, дүгнэлт хийсэн нь буруу байна. Түүнчлэн шүүхээс гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ гаргаагүй гэсэн ч прокуророос аюулын зэргийн үнэлгээ шаардлагагүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасан. Тиймээс шүүх Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх ёстой бөгөөд зөв хэрэглээгүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчингүй болгох үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллаагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч О.Т нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 9 дүгээр гудамжны 3396 тоотод хамтран амьдрагч Х.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “явах гэлээ” гэх шалтгаанаар маргалдан зодож, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэж бие махбодод нь “тархи доргилт, хамар ясны хугарал, дух, хоёр зовхи, хамар, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 07 цагийн орчим бусдад зодуулсан гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/,

            Хохирогч Х.Б-гийн “...2022 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 07 цагийн орчимд найз залуу Т согтуу ирээд пиво уусан. Намайг унтаж байхад сэрээгээд “би унтах гэж байна, ор засаад өг” гэхээр нь би согтуу байгаад нь уурлаад “чадахгүй” гэсэн чинь “тэгвэл зайл” гээд миний нөмөрч байсан хөнжлийг аваад над руу шидээд хоолой боогоод байсан. Хажууд Тийн хуурай ах Ганцог, эхнэрийн хамт байсан. Бид хоёрыг салгахаар нь би гэрээс гараад явсан чинь араас Т гарч ирээд хэрүүл хийгээд “чи хаашаа явах гэж байгаа юм, очих газартай юм шиг” гээд байхаар нь “би чамаас холдож байвал хаана ч очсон яадаг юм” гэсэн чинь миний толгой руу олон удаа гараараа цохисон. Тэгээд үсдэж дарж хэвтүүлж байгаад нүүр рүү хоёр удаа өшиглөсөн. Т бид хоёр 2021 онд анх танилцаж байсан. Тэгээд хамт амьдраад нэг жил гарангын хугацаа өнгөрч байна. ...” /хх 5/,

            иргэний нэхэмжлэгч Б.Б-гийн “...Дүүргийн прокурорын газраас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу дүүргийн прокурорын газарт хянагдаж, шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан харьяалах иргэний хэргийн шүүхүүдэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт прокурорыг иргэний нэхэмжлэгчээр тогтоон төрд учирсан хохирлыг гаргуулах, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалан оролцож байгаа болно. ...” /хх 33-34/ гэх мэдүүлгүүд,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 119 дугаар “...Х.Б-гийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, дух, хоёр зовхи, хамар, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Унах үед үүсэхгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 8-9/,

Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж үйлчилгээ авсан төлбөрийн талаарх мэдээлэл /хх 31-32/,

АСАП сангийн мэдээлэл /хх 36-37/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч О.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч О.Т нь хохирогч Х.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч О.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

Прокурор Д.Ууганцэцэгийн гаргасан “...Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн үндэслэлгүй, улсын яллагчийн гаргасан саналаас дээгүүр ял шийтгэл оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэх агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ талаар шийтгэх тогтоолдоо тодорхой үндэслэлүүдээр дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүхээс хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоосон бол хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал юм.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон бүрэн эрх юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Д.Ууганцэцэгийн бичсэн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 16 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтаар гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохирлыг гаргахдаа зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-өөс 518.400 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Б-д, 161.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай. ...” гэсэн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/367 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 5 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч О.Т-өөс 518.400 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Б-д, 161.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Д.Ууганцэцэгийн бичсэн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 16 дугаар эсэргүүцлийг  хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БАТЗОРИГ

 

                                                                 ШҮҮГЧ                                    Ц.ОЧ

 

                                                                   ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР