| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/00470/И |
| Дугаар | 155/ШШ2016/00724 |
| Огноо | 2016-06-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2016/00724
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд 1962 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Хөвсгөл аймгийн ,,,,,,,,,,,,,,, сумын Хатгал ……. хороонд оршин суух, ................... дугаар регистртэй, Ш овогт
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 155/2016/00470/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагч Б.А нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.А шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 4 дүгээр ангиа төгсөөд сургуулиас гарч, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1976 оноос ээжийнхээ туслах малчнаар ажиллаж эхэлсэн. Тэгээд 1978 онд нэгдлийн гишүүн болоод 1979 оноос 1991 оныг дуустал тус нэгдэлдээ үнээний фермд сааль сааж байсан. Надад хөдөлмөрийн дэвтэр байхгүй, ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа юм. Би ажиллаж байх хугацаандаа 100 саальчнаас 2 дугаар байранд орж шагнал урамшуулал, баярын бичиг авч байсан. Нэгдлийн гишүүний үнэмлэхээ Баянзүрх сумаас очиж авсан боловч засвартай, мөн надад олгож байсан цалин хөлсний баримтад Хөхрөгч гэсэн миний багын нэрээр бичиж бүртгэсэн байгаа юм. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл дээрх хугацаанд ажиллаж байсан жилүүдээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1976 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Б.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Б.А Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.А ийн 1980 оноос 1991 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, 1981 онд саальчдын хамт авахуулсан гэрэл зураг, гэрч Б.Н-гийн ...Б.А нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд ажиллаж байсан. 1976 оноос эхлэн 1992 он хүртэл хугацаанд фермийн саальчин хийж байсан. 1992 онд хувьчлал болоод бүгд гарцгаасан... бага наснаас ажилладаг ч 16 наснаас хөдөлмөрийн хөлсийг бичдэг байсан.... ээж нь Б гэж хүн байсан, 4 хүүхэдтэйгээ байдаг байсан... 2 охин нь сааль саадаг байсны нэг нь А юм... тасралтгүй ажиллаж байсан. Манай нөхөр Л-ын ферм дээр сааль сааж байсан... Би Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1972 оноос 1992 онд нэгдэл тарах хүртэл саальчин хийж байсан. Б.А бид нэг ферм дээр ажилладаг байсан юм. Хамт ажиллаж байсан тул бие биенээ сайн мэдэх юм... гэх мэдүүлэг, гэрч Ж.Д гийн ...Б.А нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1978 онд нэгдэлд элсэж анх ажиллаж эхэлсэн. 1991 он хүртэл саальчнаар ажилласан... тасралтгүй ажиллаж байсан. Л-ын ферм дээр сааль сааж байсан, тэгээд манай нөхөр Галт тус фермийн эрхлэгч болж байсан юм. Тэгэхэд хамт бид нар сааль сааж байлаа... Би Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1973 оноос 1992 он хүртэл саальчнаар ажиллаж байсан. 1973 онд Баянзүрх суманд бэр болж очиж, түүнээс хойш Соёл нэгдэлд гэр бүлээрээ ажилласан... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Харин Б.А ийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1976 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгов. Учир нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.А ийн ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаанд 1976-1978 оны хоорондох хугацааны цалин бичигдээгүй, 1979 онд цалин хөлс авч байсан тухай баримтад Хөхрөгч нэрээр олгож байсан бөгөөд хүсэлт гаргагч Хөхрөгч гэсэн миний багын нэр гэж тайлбарлаж байгаа боловч үүнийг давхар нотлох баримт байхгүй байна.
Иймд Б.А ийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1976 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Б.А ийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Тус аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул Б.А т холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/216 тоот тодорхойлолтоор нотлогдож байх тул хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар дансанд Хөхрөгч нэрээр цалин хөлс олгож байсан бичилттэй баримтын хуулбар энэ хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байх тул нотлох баримтад үнэлээгүй бөгөөд хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш овогт Б-ийн А Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1976 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар хүсэлт гаргагч Б.А улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА