Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 320/ШШ2025/00083

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 320/ШШ2025/00083

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж ,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: ***-т байрлах, Л ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***т оршин суух, Лгийн Г-ад холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 11,718,083 (арван нэгэн сая долоон зуун арван найман мянга наян гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 155/2024/01436/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л нь харилцагч Л овогтой Г--ын цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхийхуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ. гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 2010106912 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 11,972,000 (арван нэгэн сая есөн зуун далан хоёр мянга) төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.

Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1,293,692 төгрөгийг төлсөн.

Лны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 54 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд:

Зээлийн гэрээний үүрэгт 11,718,083 (арван нэгэн сая долоон зуун арван найман мянга наян гурав) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л ХК тайлбартаа: Тус банкны нэхэмжлэлтэй иргэн Л.Г-ад холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн шатанд сайн дураар биелүүлж зээлийн төлбөрөө бүрэн төлсөн тул нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л ХК нь хариуцагч Л.Г-ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,718,083 (арван нэгэн сая долоон зуун арван найман мянга наян гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Г- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 11,718,083 (арван нэгэн сая долоон зуун арван найман мянга наян гурав) төгрөгийг төлж барагдуулсан тухай хариу тайлбарыг нэхэмжлэгч байгууллагаас ирүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202,439 (хоёр зуун хоёр мянга дөрвөн зуун гучин ес) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Г-аас 101,219.5 (нэг зуун нэг мянга хоёр зуун арван есөн төгрөг таван мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 101,219.5 (нэг зуун нэг мянга хоёр зуун арван есөн төгрөг таван мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Л ХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Л ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Г-ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11,718,083 (арван нэгэн сая долоон зуун арван найман мянга наян гурав) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Л.Г- нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 11,718,083 (арван нэгэн сая долоон зуун арван найман мянга наян гурав) төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202,439 (хоёр зуун хоёр мянга дөрвөн зуун гучин ес) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Г-аас 101,219.5 (нэг зуун нэг мянга хоёр зуун арван есөн төгрөг таван мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 101,219.5 (нэг зуун нэг мянга хоёр зуун арван есөн төгрөг таван мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Л ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН