Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 320/ШШ2025/00118

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 320/ШШ2025/00118

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: ***т байрлах, Хөвсгөл аймгийн Х-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***од оршин суух, Ш Ж-ы Г-т холбогдох,

Зээлийн төлбөр 5,000,000 (таван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 155/2024/01392/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Х, х... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ж.Г- нь Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр-т хамрагдаж, 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Малчин өрхийг малжуулах гэрээ-г байгуулж, түүнд 5,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлдүүлсэн.

Ж.Г- нь зээлийн төлбөрийг одоог хүртэл төлөөгүй байна.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эзлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч тус ажиллагаа амжилтгүй болсон.

Иймд 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Малчин өрхийг малжуулах гэрээ-ний үүрэгт 5,000,000 төгрөгийг Ж.Г-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Г- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ж.Г- нь Х-с 5 сая төгрөг авсан нь үнэн. Нэхэмжлэлд дурдсан 5 сая төгрөгөө бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Х... нь хариуцагч Ж.Г-т холбогдуулан зээлийн төлбөр 5,000,000 (таван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Г- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 5,000,000 (таван сая) төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар /төсвийн байгууллага/-ын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасны дагуу хариуцагч Ж.Г-аас нэхэмжлэлийн шаардлага 5,000,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 94,950 төгрөгийн тал хувь болох 47,475 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хөвсгөл аймгийн Х-н нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Г-т холбогдох зээлийн төлбөр 5,000,000 (таван сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ж.Г- нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 5,000,000 (таван сая) төгрөгийг нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Х-т төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ж.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 47,475 (дөчин долоон мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН