Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 320/ШШ2025/00119

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 320/ШШ2025/00119

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: ***, Р ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***т оршин суух, Б-ийн Н-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт нийт 990,890.28 (есөн зуун ерэн мянга найман зуун ерэн төгрөг хорин найман мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 320/2025/00096/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Монгол Улсын иргэн Б- овогтой Н- нь манай байгууллагаас 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 24728 тоот зээлийн гэрээг байгуулж хэрэглээний зориулалтаар 500,000 (таван зуун мянга) төгрөгийг 1 сарын хугацаатай, 8.1%-ийн хүүтэй авсан. 2024 оны 02 дугаар сарын 23-нд 24728 тоот зээлийн хугацааг сунгаснаас хойш огт төлөлт хийгээгүй. Удаа дараа өөрийнх нь болон холбоо барих хүний холбогдох утас руу дуудлага хийж, мессэж илгээн, аман болон бичгэн хэлбэрээр шаардлага хүргүүлсэн боловч удаа дараа биелүүлээгүй өнөөг хүрсэн. Зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн хүүгийн 20 хувиар төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүү тооцож 24728 тоот зээлийн 276 хоногийн нэмэгдүүлсэн хүү 73,499.18 төгрөг, зээлдүүлсэн зээлийн 306 хоногийн хүү 407,441.10 төгрөг, үндсэн зээлийн 500,000.00 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөг, шуудангийн зардал 4950 нийт 990,890.28 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж тус байгууллагад олгож өгнө үү. Мөн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28332 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Н- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б- овогтой Н- нь уг байгууллагаас 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 24728 тоот зээлийн гэрээг байгуулж, хэрэглээний зориулалтаар 500,000 төгрөг зээлсэн нь үнэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болох 990,890.28 төгрөгийг тодорхой хугацаа тохиролцон бүрэн төлж барагдуулна. Мөн улсын тэмдэгтийн хураамжийн 28,332 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р ХХК нь хариуцагч Б.Н-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 990,890.28 (есөн зуун ерэн мянга найман зуун ерэн төгрөг хорин найман мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Н- нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 990,890.28 (есөн зуун ерэн мянга найман зуун ерэн төгрөг хорин найман мөнгө) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,332 (хорин найман мянга гурван зуун гучин хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н-ээс 14,166 (арван дөрвөн мянга нэг зуун жаран зургаа) төгрөгийг, улсын орлогоос 14,166 (арван дөрвөн мянга нэг зуун жаран зургаа) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Р ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Н-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 990,890.28 (есөн зуун ерэн мянга найман зуун ерэн төгрөг хорин найман мөнгө) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Н- нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 990,890.28 (есөн зуун ерэн мянга найман зуун ерэн төгрөг хорин найман мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Р ХХКбүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,332 (хорин найман мянга гурван зуун гучин хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н-ээс 14,166 (арван дөрвөн мянга нэг зуун жаран зургаа) төгрөгийг, улсын орлогоос 14,166 (арван дөрвөн мянга нэг зуун жаран зургаа) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН