Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2016/00725

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн ....... сумын ..... дугаар багт оршин суух, эмэгтэй, .................. дугаар регистртэй, Ч  овогт Б-ын Д

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 155/2016/00497/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Д  шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн Хороогийн 5 дугаар бригадад үхэрчин, саальчнаар 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд тасралтгүй 9 жилийн хугацаанд ажилласан юм. Энэ хугацаанд ажиллаж байсан баримт болох хөдөлмөрийн дэвтрийг минь тухайн үед ажиллаж байсан бригадын тоо бүртгэгч, аж ахуйн нярав зэрэг алба хашиж байсан хүмүүс дэвтрийн бүрдэл гүйцээж өгнө гэж аваад эргүүлэн надад өгөөгүйгээс миний дээрх нэгдэлд ажиллаж байсан 9 жил тооцогдох боломжгүй болж, би хохироход хүрч байна. Иймд миний Алтан тал нэгдлийн Хороогийн 5 дугаар бригадад үхэрчин, саальчнаар ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү. Жич: 1978 оны 2 сард Ханх сумын Хөвсгөлийн долгио нэгдэл дээд газрын шийдвэрээр татан буугдаж Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд нийлж Хороогийн 5 дугаар бригад болж зохион байгуулагдахад миний бие энэ бригадын саальчин, үхэрчнээр ажиллах болсон учиртай. Ингээд нэгдлийн өмч хувьчлал явагдахад би нэгдлээс ногдуулсан мал хөрөнгөө хувьчлалаар аваад одоогийн Ханх сумын 2 дугаар багт шилжин суурьшсан болно гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Ханх суманд 1956 онд төрсөн, 60 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... дугаар багийн ....... тоотод оршин суух, ................... дугаар регисртэй, Э  овогт Л-ийн  Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д  бид хоёр бага байхаас хамт өссөн сайн танил бөгөөд Ханх сумаас ирэх боломжгүй байгаа учир итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Тэрээр 8 дугаар анги төгсөөд мал маллаж байсан бөгөөд 1981 оноос 1990 он хүртэл хугацаанд тасралтгүй Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн Хороогийн 5 дугаар бригадад үхэрчин, саальчнаар ажиллаж байсан. Хороогийн 5 дугаар бригад нь Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн харъяанд байдаг, харин газар нутаг нь Ханх сумын газар нутагт харъяалагддаг байсан. 1978 онд Ханх сумын Хөвсгөлийн долгио нэгдэл нь Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлтэй нийлж нэг нэгдэл болж байсан юм. Одоо Б.Д  нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр болон бусад баримт бичиг нь олдохгүй, түүнд олгож байсан цалин хөлсний 70 дугаар дансны баримтад үрчлэн авсан эцэг Б , эх Ц  нараар овоглон Ц.Д , Б.Д  гэж бичсэн байна байгаа учир шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд Б.Д ын Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн Хороогийн 5 дугаар бригадад 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үхэрчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Д  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Б.Д д ажиллаж байх хугацаанд олгож байсан цалин хөлсний баримтад эцэг Б , эх Ц  нараар овоглон бүртгэж байсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ...Б Д гэр бүлд 1961 оны 4 дүгээр сарын 24-нд төрүүлсэн хүү Д гийн Д ыг 1961 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын 30-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа гэх бичилттэй 115/000933 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Монгол Улсын иргэн .................., Д-н Д ыг үрчлэгч эцэг Д-ийн  Б , үрчлэгч эх Л-н  Ц  нарт үрчлүүлж 1963/06/18-нд Хөвсгөл аймгийн Ханх сумын 02-рт Ч  овгийн Б гийн Д  болгон бүртгэсэн бүртгэл байгаа... гэх бичилттэй 115/000934 дугаартай үрчлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрч Д.Н гийн ...Д ыг Д  гэх хүнээс Б , Ц  нар үрчилж авсан. Тэр үеийн тоо бүртгэгч нар цалин хөлс бичихдээ аав Б , ээж Ц  нараар нь овоглож бичсэн байгаа юм... гэх мэдүүлэг, гэрч Ц.Батбаярын ...Б гийн Д  гэдэг юм...Ц  гэдэг нь ээж нь юм... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.Д ын 1981 оноос 1989 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин, хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбаруудыг нотлох баримтад үнэлсэн болно.

Хүсэлт гаргагч Б.Д  Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн Хороогийн 5 дугаар бригадад 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үхэрчин, саальчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.Д ын 1981 оноос 1989 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Д.Н гийн ...Б.Д  нь Хатгал 10 жилийн сургуулийн 9 дүгээр анги төгсөөд ар гэрийн гачигдлаар 1980 онд сургуулиас гарсан юм. 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлээд Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд /Хороогийн 5 дугаар бригадад/ саальчнаар ажиллаж, 1992 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ажилласан. Тасралтгүй ажиллаж байсан... О.Мягмар гэх фермийн эрхлэгчтэй фермд саальчнаар ажиллаж байсан... Д ыг ажиллаж байхад би ардын хянан шалгах хорооны даргаар ажиллаж байсан...аж ахуйн Батчулуун, тоо бүртгэгч Шархүү нар хөдөлмөрийн дэвтэр бичдэг, нэгдэл тарах үед бичиж тэмдэглэнэ гэж аваад Рэнчинлхүмбэ сумын контор шатсан...энэ үеэр хүмүүсийн бичиг баримт болон сумын архивт байсан бусад бичиг баримт шатаж үрэгдсэн байсан... гэх мэдүүлэг, гэрч Ц.Б-н ...Б.Д  Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1981 оны 01 сараас 1992 онд нэгдэл тарах хүртэл саальчнаар ажиллаж байсан. Мягмарын фермд сааль саадаг байсан...тасралтгүй ажиллаж байсан...би тус нэгдэлд 1984 оноос 1992 онд нэгдэл тартал ажилласан. 5 дугаар бригад гэж байхад тэнд л ажилласан...нэг нутаг, нэг газар, нэг голд төрж өссөн улсууд учир мэдэх юм. Д  нь сургуулиас гарч, аавыгаа асраад буцаж сургуульдаа суулгүй шууд малчин болсон... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Б.Д ын ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Тус аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул Б.Д д холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/398 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байх тул хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ч  овогт Б-ын Д  Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн Хороогийн 5 дугаар бригадад 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үхэрчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ОТГОНБЯМБА