Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 204/МА2020/00015

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 145/ШШ2020/00339 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Э, Ө.Е, Д.Ц нарт холбогдох “19800000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Д.Ц-ын өмгөөлөгч Ц.Энхболдын гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох, хариуцагч Д.Ц, түүний өмгөөлөгч Ц.Энхболд, нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ч.Э, Ө.Е, Д.Ц нар нь 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 21325000 төгрөгийн барааг сугалаанд ашиглах зорилгоор авсан. Мөнгөн дүнг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон боловч заасан хугацаанд өгөөгүй ба дахин 7 хоног сунгахаар болсон ч одоог хүртэл өгөөгүй байна. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 1525000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 19800000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төлж дуусгахаар тохирсон боловч хохирол барагдуулаагүй ба утас нь холбогдохгүй, холбогдохоор өнөөдөр, маргааш очно гэж худлаа ярьж өнөөдрийг хүргэлээ. Иймд Ч.Э, Ө.Е, Д.Ц нараас 19800000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.Е, Ч.Э нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын захад байрлах Андууд худалдааны төвөөс 21350000 төгрөгийн бараа авсан нь үнэн. Үүнээс 1525000 төгрөгийг өгсөн, үлдэгдэл 19725000 төгрөгийг төлөхөд Д.Ц нь ямар хамааралгүй зөвхөн зуучилж өгсөн нь үнэн. Ч.Э, Ө.Е бид хоёр энэ нэхэмжлэлийн дагуу мөнгийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэхэд төлж барагдуулах болно. Учир нь одоо ямар ч боломжгүй мал, махны бизнес зогссон өвчин гарсантай холбоотой. Энэ хугацааг харгалзаж үзнэ үү гэжээ.

Хариуцагч Д.Ц шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие “Андууд” худалдааны төвийн 2 дугаар давхарт талбай түрээслэн үсчин хийдэг. Намайг 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ажлын байран дээр ажлаа хийж байх үед Ч.Э өөрийн утаснаас “Андууд” худалдааны төвийн эзэн О-ийн охин С-тай яриулж төлбөрийг төлөх хэр баталгаатай хүмүүс вэ? гэдгийг асуулгуулж байсан. Тухайн үед шинэ жилийн баярын үе байсан тул би хүмүүс ихтэй байсан. Ч.Э, Ө.Е нар дэлгүүрт хэлээд өгөөч гээд ойр ойрхон орж ирээд эсхүл утсаар залгаад байсан. Дэлгүүрийн худалдагчид би гайгүй байх гэж хэлсэн. Үүнээс хойш нилээд хугацааны дараа ажлаас дөнгөж гараад орж ирэхэд дэлгүүрээс Ч.Э, Ө.Е нар бараа авсан гэж худалдагч хэлээд ямар нэгэн тайлбаргүйгээр гарын үсгээ зур гэсэн. Би ажилдаа яарч байсан тул гарын үсэг зураад л ажилдаа орсон. Ч.Э, Ө.Е нар нь дэлгүүрээс гэр ахуйн бараа авсан гэсэн. Зээлээр авсан бараа бүтээгдэхүүнээс би огт хэрэглээгүй. Иймд миний бие нэхэмжилсэн мөнгийг төлөх ёсгүй Ч.Э, Ө.Е нар нь төлөх үүрэгтэй гэжээ.  

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ч.Э, Ө.Е, Д.Ц нараас 19800000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “АА” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч нараас 256950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 256950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээхээр, шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Ц-ын өмгөөлөгч Ц.Энхболд гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 145/ШШ2020/00339 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Шүүх “...хариуцагч Д.Ц-ыг 21325000 төгрөгийн бараа худалдан авсан болох нь талуудын хооронд байгуулсан гэрээ, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг” зэргээр тогтоогдож байна гэж үндэслэлгүй дүгнэсэн. Хэрэгт авагдсан бараа зээлээр худалдан авсан гэх баримтад “хамтрагч Д.Ц” гэж гарын үсэг зурагдсан нь хамтран үүрэг гүйцэтгэгч гэсэн үг биш юм. Учир нь хариуцагч Ч.Э, Ө.Е нар нь барааг авсан, Д.Ц нь зуучилж өгсөн, түүнийг хариуцагч биш, үүргийн гүйцэтгэлийг Ч.Э, Ө.Е нар бүрэн хариуцах талаар мэдүүлсэн байхад шүүх уг тайлбарыг үнэлж үзээгүй.

Түүнчлэн зээлээр худалдан авсан гэх барааг хариуцагч Д.Ц-ын өмчлөлд шилжүүлээгүй, Ч.Э, Ө.Е нар хүлээн авч, захиран зарцуулсан болохоо тайлбарласан бөгөөд барааны үнэ болох 1525000 төгрөгийг хариуцагч Ч.Э, Ө.Е нар төлсөн нь үүргийн гүйцэтгэлийг хариуцах этгээд болохыг харуулж байна. Хариуцагч Ч.Э, Ө.Е нар нь үлдэх төлбөрийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тайлбар өгч, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байхад зуучлагч Д.Ц-аас хамтран гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүх гэрч М.Н-ийн “...тухайн барааг Д.Ц-д өгөөгүй, хариуцагч Ч.Э, Ө.Е нарт хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлгийг талуудын тайлбар болон хэргийн үйл баримттай харьцуулан дүгнэлгүй, зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн дүгнэлт хийсэн нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй болно.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг буруу тодорхойлсон. Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “зээлийн гэрээг зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх...” үүрэгтэй. Гэтэл хариуцагч Д.Ц-ын өмчлөлд тухайн барааг шижлүүлэн өгөөгүй болох нь гэрчийн мэдүүлэг болон хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байхад Д.Ц-аас төлбөр гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцаа, маргааны үйл баримт, талуудын тайлбар зэрэгт хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг бүрэн хийгээгүй, хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болно.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 145/ШШ2020/00339 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж Д.Ц-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч “АА” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нь хариуцагч Ч.Э, Ө.Е, Д.Ц нарт холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох 19800000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг  хариуцагч Д.Ц хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ч.Э, Ө.Е, Д.Ц нараас 19800000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “АА” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

“АА” ХХК-ний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нын “...Ч.Э, Ө.Е нар 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бараа бүтээгдэхүүн...зээлээр авья гэсэн...Манай дэлгүүрийн эзэн болон худалдагч нар Д.Ц-тай уулзаж ярилцсан бөгөөд Д.Ц нь Ч.Э, Ө.Е нарт бараа бүтээгдэхүүн зээлээр өгөхийг зөвшөөрч гарын үсэг зурсан...” гэх тайлбар /хавтаст хэргийн 67-68 дугаар хуу/, гэрч М.Н, хариуцагч Ч.Э, Ө.Е нарын тайлбараас үзвэл  Д.Ц-д эд хөрөнгийг шилжүүлээгүй болох нь тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н “...Д.Ц сугалааны үйл ажиллагаанд оролцсон талаар *** сумын иргэдээс мэдээлэл ирсэн...” гэж тайлбарлаж байгаа боловч /хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/ үүнийгээ баримтаар нотлоогүй байна.

Иргэний хуулийн 282 дугээр зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох бөгөөд зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч гэрээнд заасан мөнгө буюу эд хөрөнгийг өгөх, зээлдэгч хүлээн авах үүрэгтэй. Гэтэл Д.Ц нь эд зүйлийг хүлээн аваагүй, шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээгээгүй байх тул түүнийг хариуцагч гэж үзэх үндэслэлгүй юм.   

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н “...Ч.Э, Ө.Е нарыг бараа бүтээгдэхүүний үнийг төлөөгүй тохиолдолд Д.Ц хариуцах ёстой гэсэн үүднээс зөвшөөрч гарын үсэг зурсан...”  учраас төлбөрийг хариуцах ёстой гэсэн тайлбарлаж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл Ч.Э, Ө.Е нар үүргээ биелүүлээгүй бол Д.Ц тэдний үүргийг хүлээх баталгаа гаргасан гэх агуулгатай байна. Баталгааны гэрээ нь нэг талын үүрэг хүлээсэн хэлцэл байдаг ба Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар аливаа хэлцэл нь иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох хүсэл зоригийн илэрхийлэл байдаг. Хэрэв Д.Ц үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар баталгаа гаргаж байгаа бол гэрээний нөхцлийг тухайлбал ямар тохиолдолд, ямар хэмжээгээр үүрэг хүлээх талаар тохиролцож Иргэний хуулийн хуулийн 234 дүгээр зүйлийн 234.2-т заасан журмаар бичгээр гэрээ байгуулах ёстой. Зохигчдын тайлбарууд, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Д.Ц нь ямар нэгэн үүрэг хүлээх хүсэл зорилготой байсан гэж үзэх боломжгүй байна.

    Иймд Д.Ц-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “...Ч.Э, Ө.Е, Д.Ц нараас...” гэснийг “...Ч.Э, Ө.Е нараас...”  гэж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.  

   Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхболдын гомдолд дурьдсан “...анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Д.Ц-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн гомдлыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 256950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

              Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

   1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 145/ШШ2020/00339 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “...Ч.Э, Ө.Е, Д.Ц нараас...” гэснийг “...Ч.Э, Ө.Е нараас...”  гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн Д.Ц-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 256950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

   3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.