Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/525

 

 

 

 

 

 

   2023            5             18                                            2023/ДШМ/525

 

 

  М.Ж-д холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

хохирогч М.Г,

яллагдагч М.Ж, түүний өмгөөлөгч М.Цэдэнпунцаг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/749 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч М.Г, яллагдагч М.Ж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн түүнд холбогдох 2308000000036 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

.... овгийн ..............-ын Ж, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ......... төрсөн, .. настай, э..эгтэй, .......... боловсролтой, ........ мэргэжилтэй, .........., ам бүл .., ....... хамт ....... дүүргийн .. дүгээр хороо, ............. хотхоны .. байрны .. тоотод оршин суух, /РД: ........../,

Өвөрхангай аймгийн Арвайхээр дэх Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1/27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 91.2.2, 91.2.12, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт тус тус зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан,

Яллагдагч М.Ж нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр .... дүүргийн ... дүгээр хороо, ....... байрны ... тоот гэртээ эхнэр М.Г-ийг “халуун сав битүү чанагч угаа, угаасангүй” гэх шалтгаанаар ёлконы төмөр оройгоор зодож эрүүл мэндэд нь зүүн чамархай хуйх, баруун бугалганы шарх, зүүн бугалганы цус хуралт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.Ж-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Ж-ын үйлдсэн гэх гэмт хэргийн шинж, гэр бүлийн хүчирхийлэлд хамаарах бүхий л үйлдлийг нэг мөр, бүрэн, бодитой нотолж тогтоохгүйгээр орхигдуулсан байгааг зөвтгөх үндэслэлгүй.

Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдэх болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинж харилцан ялгаа заагтай, мөн уялдаа хамааралт шинжтэй бөгөөд тухайн асуудпыг шийдвэрлэхийн тулд нотолбол зохих байдлыг эргэлзээгүй бөгөөд хангалттай нотолж тогтоох улмаар нотлох баримтыг шалгасны эцэст хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай.

Зарим үйл баримт, үндэслэл:

Гомдол, манай нөхөр Ж намайг үл ялих зүйлээр шалтаглан удаа дараа зодож дарамталдаг, 2019 онд намайг зодож Зөрчлийн хэргээр торгуулж байсан. /7 хх 4/,

хохирогчийн мэдүүлэг “...2014 оноос хамт амьдарч, 2015 онд гэрлэлтээ батлуулсан, 3 хүүхэдтэй. Жил болгон 1-2 удаа хөхөртлөө зодуулдаг, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анх удаа муудалцаж намайг алгадаж байсан, тэрнээс хойш том охин 1 нас гарантай байх үед би ангийнхантайгаа уулзаад үүрээр харих гээд явж байхад утсаар яриад хараагаад миний урдаас ирэхээр нь машинд суутал гэр рүү биш, өөр тийш дагуулж яваад хөдөө хээр газар авч очоод өглөөний 5 цаг хүртэл зодсон. 2018 онд нөхөр ажлаасаа их ууртай ирээд зурагтаа гаргаж хаяна гэх мэт зүйл ярьж дарамталж надад гар хүрсэн. 2019 онд гар утсаараа миний толгойд 3 удаа цохиж цус гараад цагдаа дуудаад шүүх эмнэлэгт үзүүлж байсан. Намайг гэртээ байх хугацаанд байнга зоддог, гэрэл унтраагаад орондоо орсон байхад элэгдэж өшиглөдөг, би амь аврагдахын тулд охиноо сэрээж хамт унтдаг. ...2022 оноос хойш 10 сард миний төрсөн өдрийн өмнө намайг ямар бэлэг авах вэ гэж асуучихаад юм авмааргүй байна гээд байхад Iphone авмаар байгаа биз дээ гэх шалтгаанаар зодсон. Дараа нь 2022 оны 11 дүгээр сард Бямба гэх ахынх нь байрны найрны дараа манай нөхөр согтуу унтах гээд хэвтэж байхад намайг 2-3 удаа элэг рүү өвдөглөсөн, намайг зодож байгаад гараад явахаар нь хаалгаа түгжсэн, тэгээд 1 цаг гарны дараа намайг хаалга түгжлээ гэж элэг рүү өвдөглөж, нуруу руу өшиглөсөн. ...Хамгийн сүүлд өнөөдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр кино үзээд сууж байтал энэ халуун савнуудаа угаа, битүү чанагч угаа гэхээр нь 10 минутын дараа киногоо дуусгаад угаая гэтэл намайг пизда минь одоо бос гээд гацуур модны төмөр оройгоор зүүн гарны бугалганы дотор талд 2-3 удаа, баруун гарын бугалганы гадна талд урагдсан, тохой руу цохиж шалбалсан...” гэх мэдүүлэг /хх 7-8/,

гэрч Б.А-гийн “...2020 онд манай эгч толгой нь хагарсан байдалтай нөхрөөсөө салах гэж байгаа гэж хэлж байснаар манай эгчийг Ж зоддог гэдгийг мэдсэн. 2022 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод намайг ирэхэд, Г эгч намайг тосож авах үед нүд нь хөхөрсөн, ам нь хөхөрсөн байдалтай байсан. ...Дараа нь 2022 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 01 цагийн үед хүргэн ах эгчийг 00-ын өрөө рүү дагуулж ороод хараагаад загнаад байсан, эгч орилохоор нь сэрсэн, салгаад эгчийг том өрөө рүү авч ороод хэвтүүлтэл ах эгчийг үснээс нь зулгааж босгоод өрөө рүүгээ аваад явсан. ...2023 оны 01 дүгээр  сарын 03-ны өдөр ах уурлаад хурааж байсан гацуурын оройгоор эгчийг цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх 22/,

гэрч Ч.Э-гийн “...Ж нь манай охин Г-ийг 2017 оноос 2018 оны хооронд байх, манай охин нэг өдөр ангийнхантайгаа уулзана гээд нэг өдөр оройтоод нөхрөө намайг ирээд аваач гээд дуудсан гэсэн. Гэтэл урдаас нь очоод машиндаа суулгаад зодсон гэж хэлсэн. Өглөө хартал нүүр ам нь хөхөрсөн байсан. 2018 онд бас шөнө юунаас болж муудалцсаныг нь мэдэхгүй, босоод хартал түлхээд унагасан байсан. Тухайн үед жирэмсэн байсан, цус гараад эмнэлэгт үзүүлсэн. ...Гэртээ бага зэрэг уурлах шалтгаан гарах бүрт охиныг дээрэлхэж зоддог, доромжилдог, тэр бүрийг охин маань утсаар хэлдэг. ...саяхан 2022 онд охиныг оройтож ирлээ гээд, доромжлоод байсан...” гэх мэдүүлэг /хх 24/,

гэрч Г.Б-гийн “...2022 оны 11 дүгээр сард манайх байрны найр хийсэн, Ж нь эхнэр, хүүхдийн хамт ирээд орой согтоод явсан. Өглөөний 11 цагийн орчимд эхнэр Г нь яриад ороод ирээч, агсам тавиад байна гэсэн, ортол хаалганы бариул нь эвдэрсэн, гадаа хонууллаа гэх мэт зүйл яриад хэрэлдээд, эхнэр нь уйлчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-18/,

гэрч Б.О, О.У нарын мэдүүлэг  /хх 26-27, 28/ зэрэг болно.

Харин тус хэрэгт зөрчилд хамаарах “АСАП” сангийн мэдээлэл, мөн 2019 оны шийтгэвэр зэрэг баримтууд авагдаагүй байхаас гадна шүүгдэгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэсэн байх тул холбогдох нотлох баримтыг цуглуулж, шалгах, зөрүү, зөрчлийг мухарлан шалгах ёстой.

Дээрх үйл баримтаас үзэхэд, 2022 оны 10 дугаар сар, 2022 оны 11 дүгээр сар, 2022 оны 12 дугаар сарын 19-20, 2023 оны 1 дүгээр саруудад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн болохыг үгүйсгэх боломжгүй байхаас гадна 2019 оноос хойш мөн гэр бүлийн хүчирхийлэл “хэзээ, хэрхэн яаж, хаана” үйлдэгдсэн эсэх талаар нотолбол зохих асуудлыг бүхэлд нь нэг мөр, эргэлзээгүй, бодит байдлаар нотолж тогтоохгүй орхигдуулсан байх тул шүүгдэгчид холбогдох тухайн гэмт хэргийг нотлогдсон гэж үзэх боломжгүй.

Хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн, бодитой нотлон тогтоож, улмаар цугларсан бүхий л нотлох баримтыг бүх талаас нь бүрэн шалгаж, хууль зүйн зөв, оновчтой үнэлэлт, дүгнэлт хийсний эцэст шүүгдэгчийн үйлдсэн үйлдэл нь “хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдэх эсхүл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хэрхэн хангаж байгаа эсэхийг бодитой тогтоож, зөв зүйлчлэх зайлшгүй шаардлага үүссэн байна.

Шүүхийн өмнөх шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөлүүд бодитой хангагдсан болохыг нотолсон баримтуудыг бүрэн цуглуулж, шалгаагүйг зөвтгөх үндэслэлгүй.

Хэрэгт шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр, гэр бүлийн гишүүд буюу хүүхдүүдтэй эсэх зэрэгт хамаарах нотлох баримтгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур харилцан уялдаатайгаар хангагдсан эсэхийг гагцхүү нотлох баримтын хүрээнд зөв шийдвэрлэх ёстой.

Хэрэв яллагдагчид ял сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг нь сонгох санкцитай байгаа тохиолдолд аль нэг төрлийн ялыг оногдуулах эсхүл оногдуулах боломжгүйд хамаарах бүхий л нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагаагаар нотолбол зохих хэмжээ хязгаарын хүрээнд нотлох үүргийг мөрдөгч, прокурор заавал хүлээж, биелүүлэх ёстой, харин яллагдагчид өөрт нь даалгасан, улмаар өөрөө хүлээх ёстой хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд зөвтгөх ёсгүй алдаа болно.

Шүүхийн өмнөх шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хохирогчийн эрхийг хангах:

Шүүхийн өмнөх шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улмаар хүлээлгэх эрүүгийн хариуцлагад холбогдох санал, шийдвэр зэргийг хохирогчид мэдэгдэж, танилцуулах зайлшгүй шаардлагатай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “прокурор, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах” тухай хохирогчийн эрх, түүний зайлшгүй хангагдах утга агуулгаар шууд тодорхойлогдоно.

Учир нь, хохирогчид ийнхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын холбогдох шийдвэр, баримтыг мэдэгдэж, танилцуулаагүй тохиолдолд хохирогчийн тухайн эрх хэрэгжих бодит нөхцөл бүрдэхгүй буюу хангагдах үндэслэлгүй болно.

Дээр дурдсанаар тус хэрэгт шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааны бүрэн бус, дутуу байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 32.3, 32.4, 32.10 дугаар зүйлийн холбогдох хэсэгт зааснаар мөрдөгчийн мөрдөн шалгах, прокурорын хянах чиг үүргийн хүрээнд зайлшгүй шалгагдах, хянагдах, засагдах ёстой асуудалд хамаарах үндэслэлтэй байна.

Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх үндэслэлд хамаарах дээрх нотолбол зохих асуудлуудыг зөвхөн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцааснаар шийдвэрлүүлэх үндэслэлтэй, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар “шүүх хуралдаанаас мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх”-ээр хэргийг прокурорт буцаах, эсхүл зарим ажиллагаа нэмж явуулахыг прокурорт даалгах үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүх Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхэд ноцтой зөрчил үүсгэхгүйн тулд тус хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт прокурорт буцаав.

Тус шийдвэрт дурдагдаагүй боловч мөрдөн шалгах ажиллагаа явуулах, прокурор хяналт тавих, нотлох баримтыг цуглуулах, шалгах, үнэлэх явцад үүссэн шалгавал зохих аливаа зөрүүтэй, зөрчилтэй, эргэлзээтэй асуудал бүрийг нэг мөр шийдвэрлэхийг анхаарах нь зүйтэй гэж дүгнэн, уг хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй, шүүгдэгч М.Ж-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх тул тус таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжүүлэхээр тус тус зааж шийдвэрлэжээ.

Хохирогч М.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Ж нь үл ялих зүйлээс маргалдсаны улмаас миний биед хөнгөн гэмтэл учруулсан. Энэ хэрэгт одоо гомдол, санал байхгүй. Шүүгчийн захирамж дээр миний өгсөн мэдүүлэгт намайг гэртээ байх хугацаанд байнга зоддог, гэрэл унтраагаад орондоо ороход элэгддэг гэж бичсэн байгаа нь надад болон бусдад буруу ойлголт төрүүлэхээр харагдаж байна.

Дээрх үйл явдлууд бичилтийн алдаа эсхүл би хэтэрхий их гомдсондоо хэлснийг үгүйсгэхгүй тул үүнийг залруулан авч үзнэ үү. Тухайн үед ихээр гомдож утсаар хэд хэдэн өмгөөлөгч рүү залгаж гэр бүлийн хүчирхийлэлтэй гэр бүлийг шууд салгадаг тухай мэдсэн ба өмнөх болсон маргаануудаа зодуулж байснаар дөвийлгөж бичсэндээ хүлцэл өчье.

2022 оны 10 дугаар сард зодуулсан гэж мэдүүлсэн ба ширүүн маргаан болсон ч биед халдаагүй. 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анх муудалцсан гэсэн үйл явдал болоогүй. Тухайн өдөр нь бидний хуримын өдөр юм. 2022 оны 11 дүгээр сард айлын найрнаас орж ирээд архи, тамхины үнэрт дүргүй учир цаашаа бай гэж хэлсэн. Маргаан үүсч чанга дуугаар хашгичиж, нөхрөө гэрээс гарахыг хүссэн бөгөөд гарч яваад буцаж ирээгүй. 2022 оны 12 дугаар сард хөдөөнөөс ирэхэд нь тосч авсан ба маргаан болсон боловч биед халдаагүй.

Нөхөр маань гэр бүлдээ маш их хэрэгтэй хүн тул биднийг ойлгож, үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Одоо бид харилцан ойлголцон хамтдаа амьдарч байгаа. Прокурор өөрийн биеэр ирж танилц гэхэд нь миний бие Сүхбаатар аймагт 3 хүүхдийн хамт байсан ба хүүхэд харах хүн байгаагүй тул ирж чадаагүй.

Манай гэр бүлийн санхүүгийн ихэнх хувийг нөхөр маань бүрдүүлдэг тул ажлаа хэвийн үргэлжлүүлэхэд нь та бүхний шийдвэр нөлөөлөх тул биднийг ойлгож зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч М.Ж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие М.Жамбалдагва нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр эхнэр М.Г-тэй үл ялих зүйлээс болж маргалдан толгойн тус газар нь хөнгөн гэмтэл учруулсан үнэн, хийсэн хэрэгтэй маш их гэмшиж эхнэр Гээсээ уучлалт гуйж харамсаж байгаагаа илэрхийлсэн. Бид хоёрт үзэл бодол, санал зөрчилдөх тохиолдол байдаг боловч дээрх шиг харамсалтай зүйл болж байсан түүх байхгүй. Миний хань 3 хүүхдийн маань ээж гэрийн сайн эзэгтэй бусдын л адил эгэл жирийн эмэгтэй.

Шүүгчийн захирамжинд, харамсалтай нь буруу ташаа зүйл байхыг үгүйсгэж байна. Жишээ нь: 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр эхнэр бид хоёр гал голомтоо бадраасан ба эхнэрээ алдагдаж гомдоосон мэтээр, мөн 2022 оны 10, 11, 12 дугаар сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь маш их харамсаж байна. Эхнэр бид хоёр анх танилцаад төд удалгүй хуримаа хийж анхны охин минь мэндэлж, аж амьдрал маань дээшилж, бие биендээ итгэх итгэл минь улам бүр ойртож нэг хүн шиг л байсан.  

Миний бие эцэг хүний үүргээ биелүүлж ажил хөдөлмөр эрхэлж, үр хүүхдээ тэжээн тэтгэж, эрүүл аюулгүй орчинд өсгөж, сурч боловсрох нөхцлөөр нь хангаж байгаа жирийн л нэг иргэн хүн юм.

Би эхнэрээ байнга зодож дарамтлаж байгаагүй, шүүгчийн захирамжинд байгаа шиг зүйл огт болоогүй болон үндэслэл ч байхгүй. Учир нь, 2022 оны 10 дугаар сард эхнэр Гтэй маргалдсан боловч бие биендээ халдсан зүйл байхгүй. 11 дүгээр сард ахын найранд орж ирээд муухай үнэртэйд байна гэхэд нь би буруу ойлгож, чи надаас уйдаад байгаа юм уу гэж буруу ойлгогдохоор хэлээд уурыг нь хүргээд гэрээс гар гэхэд нь гэрээсээ гарсан, иргээд гэртээ орох гэтэл хаалга тайлаагүй. Тухайн өдөр сарын сайн өдөр байсан тул давхар болгон дуу, хуур согтуу хүн ихтэй шөнө байсан. Учир нь манай байр шинээр ашиглалтанд ороод удаагүй байсан бөгөөд зарим нэг айлд нь хэрүүл шуугиан ч болж байсан. 2022 оны 12 дугаар сард бол хөдөөнөөс идэш хийж ирэхэд эхнэр тосож авч  замдаа гал тогооны тавилга хийлгэх эхнэрийн санал, байрны өрөө оноос өмнө бүрэн төлөх миний санал зөрөлдсөн. Гэртээ орж ирээд нэгнээ муу үгээр л хэлсэн болохоос биендээ гар хүрсэн юм байхгүй. Энэ хэргийг үнэн бодитоор, манай гэр бүлд бага хохирол учруулж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.  

Яллагдагч М.Ж-ын өмгөөлөгч М.Цэдэнпунцаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн буцаасан захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан үндэслэлд хамаарч байна гэж үзсэн. Учир нь, тухайн захирамжид удирдлага болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт нь урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэрэглэх ёстой заалт бөгөөд шүүх үүнийг удирдлага болгож хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх захирамждаа зодсон гэх 4 удаагийн хугацааны хамаарлыг харгалзан үзээгүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх шинжтэй байж болзошгүй гэдэг байдлаар дурдсан. Прокуророос мөрдөн шалгах ажиллагаагаар 2022 оны 11 дүгээр сар, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн үйлдлүүд нотлогдон тогтоогдсон гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн. Хохирогчийн эрхийг хангах асуудлаар мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулах гэж удаа дараа дуудсан боловч ирээгүй. Хэрэг асуудал болсны дараа хохирогч нь орон нутагт ээжийндээ байсан ба дараа нь хотод ирсэн байна гэхээр нь мөрдөгч, прокурорын зүгээс “та ирээд мөрдөн шалгах ажиллагаанд оролцоорой, хэргийн материал танилцуулъя, та гомдол, саналгүй бол хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай байна” гэсэн асуудлыг ярихад “хэргийн материалтай онлайнаар танилцсан, би гомдол, саналгүй” гэсэн. Энэ бүхнийг нэгтгэн дүгнээд прокуророос хохирогчийн эрхийг зохих ёсоор хангасан, боломжит бүх арга хэрэгслээр хандсан гэж үзэж байна. Прокурор хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэнээ дэмжиж байна. Хохирогч болон шүүгдэгчийн илэрхийлэх байр суурийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч М.Ж-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч М.Г, яллагдагч М.Ж нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Прокуророос яллагдагч М.Жамбалдавгыг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр .... дүүргийн ... дүгээр хороо, ....... байрны ... тоот гэртээ гэртээ эхнэр М.Г-ийг “халуун сав битүү чанагч угаа, угаасангүй” гэх шалтгаанаар ёлконы төмөр оройгоор зодож эрүүл мэндэд нь зүүн чамархай хуйх, баруун бугалганы шарх, зүүн бугалганы цус хуралт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаандаар хэлэлцээд, “Хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй” талаар дүгнэж, М.Ж-д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.

Тодруулбал, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ талаар шүүгчийн захирамждаа нэг бүрчлэн тодорхой зааж дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн дээрх ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хохирогч болон яллагдагч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/749 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр, бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/749 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирогч М.Г, яллагдагч М.Ж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Хэргийг прокурорт очтол яллагдагч М.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ,

                 ШҮҮГЧ                                           Б.БАТЗОРИГ

 

                 ШҮҮГЧ                                           Ц.ОЧ

 

                 ШҮҮГЧ                                           Т.ШИНЭБАЯР