Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2016/00726

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дугаар багийн ...... дүгээр гудамжны ...... тоотод оршин суух Ц овогт Н-ын Ө /......................./-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, одоо Мөрөн сумын ..... дугаар багийн ...... дугаар гудамжны ........ тоотод оршин суух Х  овогт Г-ийн Д /...................../-д холбогдох,

Зээл, зээлийн хүү, алдангинийт 4.252.000 /дөрвөн сая хоёр зуун тавин хоёр мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч 155/2016/0547/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амаржаргал, хариуцагч Г.Д  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 12 сарын 04-ний өдөр манайхаас Г.Д  нь 3.500.000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй зээлж авсан. Тухайн үед бид зээлийн гэрээ байгуулж, зээлийн хүү алдангийг сайн дурын үндсэн дээр тохирцгоож гэрээ байгуулсан. 2015.12.18-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох өдрөөс хойш Д  нь гэрээний хугацааг сунгамаар байна гэж удаа дараа хандахад нь 2016.02.22-ны өдрийг хүртэл 15 хоногоор тус тус гэрээний хугацааг сунгасан. Гэтэл Д  нь гэрээнд заасан хугацаанд хүүгээ төлөхгүй удаашруулж цувуулж гэрээний хүү алдангид нийт 1.184.000 төгрөгийг төлсөн боловч үндсэн зээлийн төлбөрөөс огт төлөхгүй өнөөдрийг хүрч байна. Түүнээс мөнгөө нэхэхээр өгнө гэх боловч одоо боломж байхгүй гэж хойшлуулсаар өнөөдрийг хүрлээ.

Иймд Г.Д гээс үндсэн зээлийн төлбөр 3.500.000 төгрөг, хүү, алданги 752.000 төгрөг, нийт 4.252.000 /дөрвөн сая хоёр зуун тавин хоёр мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Д  нэхэмжлэлийн шаардлагаа 4.252.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг бэлнээр өгч, үлдсэн 3.252.000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 28-ны дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаад татгалзах зүйлгүй байна. Хэрвээ хариуцагч энэ хугацаанд үлдсэн мөнгөө өгөхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв.

Хариуцагч Г.Д  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Н.Өы нэхэмжлэлийн шаардлага 4.252.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг одоо бэлнээр өгч, 3.252.000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 28-ны дотор төлөхийг зөвшөөрч байна. Энэ хугацаанд мөнгөө өгч чадахгүй бол барьцаа хөрөнгөөр төлж барагдуулахад татгалзах зүйлгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдааны шатанд хариуцагч Г.Д  нэхэмжлэлийн шаардлага 4.252.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг бэлнээр өгч, үлдсэн 3.252.000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 28-ны дотор төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан  ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар 4.252.000 төгрөгийн нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлбөл зохих 82.982 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас 82.982 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Нэхэмжлэгч Н.Өы нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Д д холбогдох зээл, зээлийн хүү, алданги, нийт 4.252.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Г.Д  1.000.000 төгрөгийг бэлнээр өгч, үлдсэн 3.252.000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 28-ны дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 4.252.000 төгрөгийн нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлбөл зохих 82.982 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас 82.982 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.  Уг захирамжид заасан хугацаанд хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах,хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

ШҮҮГЧ                                Г.ДАВААХҮҮ