Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 23

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч П.Гандолгор, Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөлгөөнөөр хөтлүүлж

            Улсын яллагч: Н.Цогтбаяр

Иргэдийн төлөөлөгч: Б.Дэлгэрбайгаль

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ч.Отгонбаатар

Шүүгдэгч: Ч.Э  нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- н овгийн Ч-н Э -д холбогдох 1712000000044 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Ч.Э

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ч.Э  нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний орой Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт баг, Халуун усны барилга дотор иргэн Э.Н гийн цээжин тус газар хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүгдэгч Ч.Э  шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө: 2017 оны 10 сарын 04-ний өдрийн орой Нямсүрэн бид хоёр Э.Н гийн хамаатны айлд очиж архи уусан. Тэгээд би гэртээ ирээд унтсан. Намайг унтаж байхад Э.Н  буцаад тэр айл руу явж хиймэл шүдээ авах гэж явсан юм биш байна билээ. Би Э.Н г тэр айл руу явсан гэдгийг сайн санахгүй байгаа. Нэг сэрсэн намайг машин түрээд гаргаад өг гэсэн гадаа харсан чинь харанхуй болчихсон байсан. Тэгээд машиныг нь түлхсэн чинь би дийлээгүй, Э.Н  машинаа хүчтэй хаазалсан чинь дугуйнаас нь хиншүү үнэртээд байхаар нь харанхуй шөнө больё өглөө гэгээ орохоор гаргая гэж хэлсэн чинь чи дийлэхгүй бол гагнуурчинг дуудаад өг гэхээр нь би тухайн үед тэнд байсан 3 гагнуурчинд машин түрээд гаргаад өг гэж хэлсэн чинь өглөө больё гээд дургүйцсэн. Тэгэхээр нь Э.Н д энэ гурав дургүйцээд байна, өглөө больё гэж хэлчихээд өрөөндөө орсон. Энэ хүртэл болсон асуудлыг санаж байгаа. Нэг сэрээд харсан чинь эмч нар ирчихсэн Э.Н гийн биеэс цус гарч байсан. Би хэдэн удаа хутгаар хутгалснаа мэдэхгүй байгаа. Ийм л зүйл болсон гэжээ. 

 

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Э.Н гийн өгсөн: ...Би Архангай аймгийн Өлзийт сумын Засаг дарга Энхжаргалтай Өлзийт сумын төвд баригдсан Халуун усны барилгын суулт өгсөн суурь, хагарсан ханыг засаж янзлахаар 2017 оны 08 сарын 05-ний өдөр гэрээ байгуулсан юм. Тэгээд Э-тай хамт уг ажлыг хийхээр болж 2017 оны 09 сарын 25-ний үеэр Архангай аймгийн Өлзийт суманд очиж 7 хоногийн хугацаанд ажиллаад материал татахаар Улаанбаатар хотруу буцаж ирсэн юм. Тэгээд удалгүй Архангай аймгийн Өлзийт суманд очиж барилгын ажлаа үргэлжлүүлж байсан бөгөөд 2017 оны 10 сарын 04-ний өглөө Эбид 2 газар ухах ажил хийж байгаад өөр хүн олж нүхээ ухуулахаар болоод сумын төвд явж байсан нутгийн зүс таних 2 залууг дуудаж ирүүлээд нүх ухуулахаар болсон юм. Тэгтэл нүх ухахаар ирсэн 2 залуу ганц шил архи аваад өгчих дотор жоохон муу байна гэхээр нь би цагаан архи нэртэй 05 литрийн архи авч өгөөд Э тэр 2 залуутай хувааж уусан. Би тэр архинаас уугаагүй бөгөөд уруул дүрээд авсан юм. Тэгээд нүх ухаж дууссан 2 залууг явуулсан юм. Э надаас тамхины мөнгө асуухаар нь би 10.000 төгрөг өгөөд дэлгүүр лүү явуулсан юм. Тэгтэл Э, Цэрэнбямба 2 намайг халуун усны байранд өрөөн дотроо байж байтал 0.5 литрийн цагаан архи нэртэй нэг шил архи аваад ороод ирсэн. Тэр архийг бид 3 хувааж уугаад дуустал Цэрэнбямба ах манай гэрт оч гэхээр нь дагаад гэрт нь очсон. Цэрэнбямба ах гэртэй очоод хоол хийж өгөөд Охь гэдэг нэртэй архи гаргаж өгсөн бөгөөд тэр архийг бид 3 хувааж уусан. Би машинд байсан 0.5 литрийн Соёрхол нэртэй архийг авч ирээд бид 3 хувааж уусан. Бас Цэрэнбямба гуай виски архи гаргаж ирээд нэг нэг хундагыг өгч уусан. Тэгээд Э бид 2 гэртэй ирсэн бөгөөд би хиймэл шүдээ Цэрэнбямба ахынд үлдээсэн байхаар нь ганцаараа машинаа унаж яваад хиймэл шүдээ очиж авчихаад буцаж ирэх замдаа халуун усны байрны урд талын шороог машинаараа мөргөчихсөн юм. Тэгээд машинаа хойш нь ухраагаад гаргах гэтэл урд талын дугуй хий эргээд гарахгүй байхаар нь би халуун усны байшинд орж өрөөндөө ороод Эрдэнэбатаа би машинаа шороонд суулгачихлаа машинаа гаргаадхий гэж хэлтэл Э хая, хая гэхээр нь юу гэж машинаа хаях билээ болохгүй шдээ гэтэл Э намайг цээж рүү хутгалчихсан. Тэгтэл миний цээж халуу оргиод явчихаар нь би өрөөнөөсөө гараад хажуу өрөөнд байсан гагнуур хийж байсан хүмүүс рүү орж намайг Э хутгалчихлаа гэтэл худлаа яриад бай гэсэн. Тэгээд би хутганы шархаа харуултал эмнэлэг рүү нэг нь гүйгээд нэг нь миний цусыг дарсан. Тэгээд би ухаан балартаад нэг мэдсэн эмнэлэгт сэрсэн. Би Архангай аймгийн Өлзийт сумын эмнэлэг болон Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байна. Одоогоор миний биед цээжний зүүн талд цээж рүү нэвтэрсэн хутганы нэг шарх, нурууны ар талд хутганы нэг шархтай, элэг бяцарсан, хавирга хугарсан гэсэн оноштой байгаа. Одоо цээжний хэвлийд цус хуралттай байгаа бөгөөд хагалгаа хийж цусыг авна гэсэн. Би Э-д ямар гомдолгүй цаашид эмчилгээнийхээ зардал мөнгийг нэхэмжлэх болно. Э намайг нэг удаа хутгалж байхын би санаж байна, ар талаас яаж хутгалсныг нь санахгүй байгаа юм. Би нэлээн их архи уусан байсан ч өөрийн гэсэн ухаантай байсан болсон зүйлийг санаж байна. Э бид 2-т ямар нэгэн өш хонзон, өр авлага байхгүй, яагаад намайг хутгалах болсныг би мэдэхгүй байна. Ямар ч үгийн зөрөөгүй намайг хутгалсан. Э бид 2 өрөөндөө ганцхан хутгатай байсан бөгөөд тэр хутга орны хажуу талын цонхны давцан дээр байдаг байсан юм. Шар эрээн иштэй, нимгэн цагаан төмөр хутга байсан. Тэр 2 залууг би танихгүй Өлзийт сумын төв дээр байдаггүй хөдөө байдаг залуучууд байсан. Одоогоор миний эмчилгээний зардал гэж 2.900.000 төгрөг гарсан байгаа цаашид гарах зардлыг мөн нэхэмжлэх болно. Э надад 500.000 төгрөг өгсөн байгаа. Би баримттай нэхэмжлэх болно. Би өөрийн эзэмшлийн 54-49 УБӨ улсын дугаартай Приус-11 маркийн цагаан өнгөтэй машинаа тухай үед жолоодож всан. Ч.Э ын эхнэр Амарсайхан нь миний Шар энгэр нэртэй ХХК-д нягтлан бодогч ажил хийдэг байсан бөгөөд Э бид 2 сүүлийн 5 орчим жил хамт ажиллаж байгаа хамт ажил хийдэг хүмүүс юм. Э нь хүнтэй нээх дуугараад байдаггүй архи уучих гээд байдаг хүн юм. Э бид 2 барилгын ажил хамт хийдэг байсан юм. Э-д ямар нэгэн буруу зан ааш байдаггүй хүнд их үнэнч хэлсэн ярьсандаа байдаг хүн болохоор нь"би хамтарч ажил хийдэг юм. Тиймээс би гомдолгүй гэж мэдүүлэг өгч байгаа юм. Би элэг бяцарсан, хавирга хугарсан гэх гэмтлийг согтуу байхдаа би өөрөө газар унаад биедээ авсан байх эсхүл машинтай шороо мөргөхдөө авсан байх гэж бодож байна. Э намайг цохиж зодоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 15-20 хуу/

Гэрч А.Цэрэнбямбын өгсөн: ...2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн орчимд би гадуур явж байгаад Э-тай нэг шил архи дэлгүүрээс авч байгаад тааралдсан. Би дэлгүүрээс цагаан архи нэртэй 0.5 литрийн нэг шил архи аваад Э-тай хамт Н-гийн байсан газар буюу халуун усны газарт ирээд Э, Н бид 3 миний авсан архийг хувааж уугаад манай гэрт 3 лаа очсон. Манай гэрт байсан шилтэй тал Охь нэртэй архи гаргаж тэр хоёртой хувааж уугаад дуулж, юм ярьж нэлээн суусан. Тэгээд Э, Н 2 орой 18 цагийн үед манай гэрээс гараад явсан. Манай гэрээс явахдаа Э, Н нар нэлээн их согтсон байсан. Н өөрийнхөө цагаан өнгийн Приус-11 маркийн машинаа өөрөө унаад яваад байсан Тэгтэл 2017 оны 10 сарын 05-ны өглөө басаад сонстол Э нь Н-гээ хутгалсан гэсэн яриа гарсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/ 

 

Гэрч Д.Балдоржийн өгсөн: ...Би 2017 оны 10 сарын 04-ний өглөө ажилдаа гарч Өлзийт сумын төвийн дулааны шугамыг янзлаж явсаар байгаад орой ажил тараад харанхуй болсон байхад байрлаж байсан халуун усны байран дээрээ иртэл Н, Э нар согтуу байдалтай ирчихээд машинаа овоолсон шороо руу хийчихлээ гаргаад өг гээд байхаар нь гадаа харанхуй байна гээд машиныг нь гаргаж өгөөгүй юм. Тэгтэл Н, Э нар өөрсдийнхөө өрөө лүү ороод хоорондоо чанга дуугаар хэрэлдээд маргалдаад байсан. Яг юу гэж маргалдаж байгааг нь би ойлгоогүй. Удалгүй 2 орчим минутын дараа Н ах орж ирээд намайг Э хутгалчихлаа гэхээр нь хартал цээжнийх нь зүүн талд хөхний доод талаас цус урсан гарч байсан. Би сандраад шууд эмнэлэг рүү очиж дуудлага өгсөн юм. Удалгүй эмч ирээд Н гуайг үзээд эмнэлэгт хэвтүүлсэн. Тэр хоёр ухаангүй гэмээр согтуу байсан. Э, Н нартай хамт нэг байранд тус тусдаа өрөөнд байсан болохоор энэ 2-ын хоорондын харилцааны талаар сайн мэднэ. Э, Н нар миний мэдэхээр ажил хийж эхэлснээс хойш 3-4 удаа архи ууж байгаа. Архи уух бүрдээ хоорондоо маргалдаж цэц булаалдаад би тийм ажил хийж байсан, чи тийм байсан гээд маш чанга дуугаар хэрэлдээд шөнө хүн унтуулдаггүй байсан. Архи уухаараа хоорондоо таарамж их муутай байдаг юм шиг надад санагдсан. Эрүүл байхдаа хамтраад ажлаа хийгээд байдаг юм. Э, Н-г хутгалсан гэх хутга нь төө шахам урттай, шар өнгийн эрээн иштэй, нимгэн цагаан урт хутга байсан. Тэр хутга үзүүр хэсэг нь цус болсон байгаа харагдсан. Хутгыг Нямсүрэнгийн өрөөний орны завсраар хийсэн байхад нь харсан... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/

 

Гэрч Д.Долгормаагийн өгсөн: ...Нямсүрэн ах нь 2017 оны 09 сарын эхээр Э гэдэг хүнтэй хамт Өлзийт сумын төвд байрлах халуун усны байранд засвар хийхээр Улаанбаатар хотоос ирсэн. 5 хоног ажлаад буцаж Улаанбаатар хот руу яваад 2017 оны 09 сарын 20-ны үеэр ирсэн санагдаж байна. Тэгээд 2017 оны 10 сарын 04-ний шөнө сумын Засаг дарга надруу залгаад Н Э 2 нэг нэгнийгээ хутгалсан байна гэж хэлсэн. Би эмнэлэг дээр ирж Н ахыг харчихаад Улаанбаатар хот руу хүүхдүүд рүү  нь ярьж хэлсэн. 2017 оны 10 сарын 04-ний өдөр 13 цагийн үед Н, Э ах нар манай гэрт нэлээн халамцуу байдалтай орж ирээд гарсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/

 

Гэрч Н.Цолмонгийн өгсөн: ...2017 оны 10 сарын 04-ний шөнө 22 цаг 55 минутын үед Архангай аймгийн Өлзийт сумаас надруу залгаад миний аавыг хүнд хутгалуулсан эмнэлэгт байна гэж хэлсэн. Тэгээд би Улаанбаатар хотоос гарч Өлзийт суманд иртэл аав Н эмнэлгийн хүлээн авахын өрөөнд хэвтсэн, цээжний зүүн талд хөхнийх нь доод хэсэгт нэг хутганы шархтай, зүүн талын нуруу, бөөрний дээд хэсэгт нэг газарт хутганы шархтай байсан. Биеийн байдал нь хүндхэн хүчилтөрөгчийн аппарат, зүрхний цохилт үздэг аппарат залгасан байсан. Аав намайг хараад таньж юм ярьж байсан. Ярихдаа их дургүй уцаартай, ууртай байдалтай байсан. Энамайг хутгалсан гэж ярьж байсан. Би Э гэх хүнийг танихгүй. Миний аавтай хамт ажил хийдэг хүн гэдгийг мэдсэн. 2017 оны 09 сарын эхээр Архангай аймгийн Өлзийт суманд барилгын ажилтай болчихлоо гээд явсан бөгөөд 2017 оны 09 сарын 20-ны үед хотод ирчихсэн байсан бөгөөд 09 сарын 23-ны өдөр буцаж явсан юм. Аав өөрийнхөө цагаан өнгийн 54-49 улсын дугаартай Приус маркийн машинтай хотоос Өлзийт сум руу явсан. Миний аав Э овогтой Н нь 1958 онд төрсөн, насаараа цэргийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвртээ гарсан. Одоо хувиараа барилгын ажил хийдэг юм. Аав зан байдлын хувьд нээх айхтар ууртай ширүүн зан аашгүй, тайван, үг дуу цөөнтэй хүн... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/

 

Гэрч Д.Баярсайханы өгсөн: ...2017 оны 10 сарын 04-ний өдөр Н, Энар нь архи уугаад гадуур яваад ажил хийхгүй байгаа харагдсан. Би орой харанхуй болж байхад халуун усны байрны хажууд гагнуур хийж байтал Н цагаан өнгийн машин унаж яваад Халуун усны байрны хажууд овоолсон шороог мөргөөд зогсчихсон хаазлаад байсан. Би ажлаа дуусгаад гэртээ иртэл Н миний машиныг түрээд гаргаад өг гээд байхаар нь согтуу хүнд машиныг нь гаргаад өгөөд яах юм гэж бодоод маргааш өглөө гаргаж өгнө гэж хэлсэн. Тэгтэл Н, Эр хоёр өрөөндөө орчихсон хоорондоо машинаа гаргуулмаар байна, гагнуур хийж байгаа хүнийг дууд гээд хоорондоо маргалдаад байгаа юм уу гэмээр чанга дуугаар ярилцаад байсан. Удалгүй Н өөрөө манай өрөөнд орж ирээд Э намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Би Н-г өрөөнөөсөө дагуулж гараад өөрийнх нь өрөөнд оруулж орон дээр нь суулгасан. Тэгээд эмч иртэл тайван бай, хөдөлгөөн хийхгүй байх гээд хажууд нь хамт байсан. Н-гийн цээжнээс цус гараад байсан бөгөөд шалан дээр дуссан байсан. Н өөрөө бохир гараараа шархаа дараад байсан. Миний харснаар цээжний зүүн тал хөхний доод талд нэг ширхэг хутганы шарх үүссэн байсан. Э манай ажилчин Балдоржтой хамт эмнэлэг рүү явж дуудлага өгчхөөд хажууд ирээд Н-г хараад байж байсан. Н-г Э хутгалсан хутга нь цус болсон, эрээн иштэй, нимгэн цагаан төмөртэй нэлээн урт хутга өрөөнд нь байж байсан. Тэгээд сумын эмч ирээд Н-г аваад явсан. Н, Э нар хөл дээрээ тогтож чадахааргүй согтуу байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/

 

Гэрч Д.Энхжаргалын өгсөн: ...Өлзийт сумын төвд 2014 онд Халуун усны барилга баригдсан бөгөөд одоо хүртэл ашиглалтанд хүлээж аваагүй. Хана цууралттай, суурь суулттай байсан болохоор би Шар энгэр ХХК-ийн захирал Нямсүрэнгээс гуйгаад чанартай юм хийгээд байрыг ашиглалтанд оруулаад өгөөч гэж утсаар ярьсан юм. Нямсүрэн гуай 2017 оны 09 сарын 10-ны үеэр Э гэх хүнтэй хамт ирж Халуун усны барилгын сууринд бэхэлгээ цутгалт хийж цуурсан ханыг буулгаж байгаад дахин өрсөн бөгөөд одоо ханын дотор талыг будах, хагарсан плитааг наах зэрэг ажлууд үлдсэн байсан. Тэгтэл 2017 оны 10 сарын 04-ний шөнө архи уусан байхдаа Э нь Н-г хутгалж сумын эмнэлэгт хэвтүүлсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/

 

Гэрч А.Энхтуяагийн өгсөн: 2017 оны 10 сарын 04-ний 21 цаг 30 минутанд Халуун усны байранд хутгалуулсан хүн байна гэсэн дуудлага ирсэн. Би 21 цаг 50 минутанд Н гэх хүнийг эмнэлэгт авч ирсэн байхад нь үзэж 22 цаг 15 минутанд өвчний түүх нээсэн. Н нь согтсон, ухаан санаа эрүүл биш, яриа тодорхойгүй цээжний шугамаар хөхний завсар 2х6х5 см хэмжээтэй цээжний хөндийд нэвтэрсэн иртэй зүйлээр үүсгэгдэх шархтай, цээжний ард талд далны дунд шугамаар 9, 10-р хавирганы орчим 0.8х0.5х1 см өнгөц шархтай өөр гэмтэлгүй байсан. Уг 2 шархнаас цус урсаж гарсан байсан учир цэвэрлэгээ хийж оёдол тавьсан. Цээжний өмнө үүссэн шархыг багажаар шалгахад цээжний хөдийрүү нэвтэрсэн байсан. Уг өвчтөний шарханд цэвэр боолт хийж цус тогтоох, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих эмчилгээнүүдийг хийж өвчтөний биеийн байдал хүнд байсан тул аймгийн эмнэлгийн эмч нартай зөвлөж түргэн дуудсан... гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/

Гэрч С.Амарсайханы өгсөн: ...Миний нөхөр Энь бага насаа аав, ээж дээрээ Улаанбаатар хотод төрж өссөн бөгөөд сургуульд орохынхоо өмнөхөн Эрдэнэт хотруу гэр бүлээрээ шилжиж Эрдэнэт хотод сургуульд сурч байсан. 1982 оноос 1985 оны хооронд 3-н жилийн хугацаатай Зүүн баянгийн цэргийн ангид алба хааж байсан. Бид хоёр 2007 анх танилцаж гэр бүл болсон бөгөөд одоо 2 хүүхэдтэй. Бага хүүхэд 5 настай, том охин 20-н настай. Э нь Эрдэнэт хотын ГОК үйлдвэрт туслах ажилчин, Өмнөговь, Дорноговь, Дундговь зэрэг аймгуудад байдаг уул уурхайнуудад туслах ажилчин, оператор зэрэг ажлыг хийж байсан. Сүүлийн үед Нгуайн Шар энгэр нэртэй ХХК-нд барилгын туслах ажилчин хийж байгаа юм. Э нь зан байдлын хувьд төлөв даруу, ширүүн догшин аашгүй, үг дуу цөөнтэй, хааяа архи уудаг, тамхи татдаг хүн юм, элдэв буруу зан ааш байдаггүй. Эрдэнэбат нь Архангай аймгийн Өлзийт сум руу Нямсүрэнтэй хамт барилгын ажил хийхээр явсан бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 04-ний шөнө 21 цаг 40 орчим минутын үед Э адруу хүний утаснаас ярьж байна гэж яриад би Н-г согтуу байхдаа гэмтээчихлээ гэж хэлсэн. Тэрнээс өөр юм яриагүй утсаа салгасан юм. Би тэр дугаар луу нь залгатал би энд гагнуур хийх гэж ирсэн хүн байгаа юм энэ 2 хүн нэгийгээ хутгалсан эмнэлэг явж байна гэж хэлсэн. Тэгээд тэр утас нь холбогдохгүй болчихсон. Би Э-тай Архангай аймагт ирж уулзтал согтуу байхдаа Н-г хутгалж гэмтээсэн байна лээ. Би тэрийгээ санахгүй байгаа юм. Н-гийн бие одоо хэвийн байгаа эмч нар Улаанбаатар хотруу аваад явж байгаа гэж хэлсэн. Би өөр зүйл мэдэхгүй байна. Э.Н , Ч.Э  нар сүүлийн 3 орчим жилийн хугацаанд хамтарч ажил хийж байгаа бөгөөд бие биенээ сайн мэддэг, хоорондоо харилцаа сайтай байдаг хүмүүс юм. Би Э.Н , Ч.Э  нарыг хоорондоо маргалдаж муудалцаж байхыг сонсож байгаагүй. Архи уусан согтуу байхдаа л ийм хэрэг хийчихлээ гэж бодож байна... гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 хуу/

Гэрч С.Эрдэнэчулууны өгсөн: ...Э ах уул уурхай мэргэжилтэй хүн бөгөөд уул уурхайд ажилладаг байсан болохоор өвөл гэртэй байдаг бусад цагаар нь дан уурхай дээр ажилладаг байсан юм. Сүүлийн 3 орчим жилийн хугацаанд уурхай ажил нь олдохгүй болоод хувиараа ажил хийдэг болсон юм. Э ах Амарсайхан эгч нар 2 хүүхэдтэй бөгөөд Улаанбаатар хотын ,,, дүүргийн,,хороо ,,, тоотод амьдардаг юм. Э ах Эрдэнэт хотод амьдарч байгаад Улаанбаатар хотод нүүж орж ирсэн бөгөөд нас өндөр болсон аав нь хамт амьдардаг юм Э-ын аав нас өндөр гарсан, их амархан мартдаг өвчтэй надтай өдөрт хэд хэдэн удаа сайн байна уу гээд мэндэлчихдэг зөнөчихсөн хүн байдаг юм. Э зан байдлын хувьд тайван дөлгөөн, үг дуу цөөнтэй, хүн цохиж зоддоггүй, даруухан хүн. Би ийм хэрэгт холбогдсон гэж сонсоод гайхаж байна. бараг хүн цохиод авсан ч хүн цохиод авахааргүй тийм л даруухан хүн юм. Амарсайхан эгч Э ах чинь Н-г хутгалчихсан гэнээ гэж шөнө дунд надруу ярьсан, би гайхаад наад 2 чинь хөдөө хамт ажил хийж байгаа биздээ гэж асуутал тиймээ хөдөө хутгалсан байна гэж хэлсэн. Би Э ахаас юу болсон талаар нь асуутал архи уучихсан тасарчихсан байсан болохоор надад санах зүйл байхгүй байна гээд байсан. Би өөр зүйл мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 хуу/

 

Шүүгдэгч Ч.Э ын яллагдагчаар өгсөн: ...Би архи уусан согтуу байсан болохоор юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдсэн л намайг Н-г хутгалсан гэж хэлсэн. Би өөрөө юу болсон талаар мэдэхгүй байгаа юм. Нэмж хэлэхэд манай эхнэрийг хөгшин хүнтэй унтдаг гэж Н надад хэлж байсан бөгөөд тэр өдөр бас надад тэгж хэлсэн санагдаж байгаа юм. Би одоо бодоход тэр ярианаас болоод согтуу байхдаа Н-г хутгалчихсан юм байх даа гэж бодож байгаа. Н миний гэр бүлийн дотоод асуудал руу орох гээд байсан юм шиг надад санагддаг байсан юм. Би Улаанбаатар хотод очиж Н-г гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад нь эргэж эмчилгээний зардал мөнгө өгөх гэсэн боловч ар гэрийнхэн хүмүүс надтай уулзуулахгүй, эмчилгээний зардал мөнгө надаас авахгүй гээд байсан. Би эмчилгээний мөнгө төгрөгийг бүрэн өгч гомдол саналгүй болгох болно. Н-гийн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарч байгаа гэсэн. Өөр надад нэмж ярих зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 103-106 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 437  дугаар дүгнэлт

1. Э.Н гийн биед цээжний зүүн талд 6-р хавирганы түвшинд цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус, хий хуралдалт, цээжний ар талд нугаламын хажуугийн шугамаар 8,9-р хавирганы түвшинд цээжний хөндий рүү нэвтрээгүй хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлийн улмаас цээжний хөндийд гуурс тавьж хий, шингэнийг соруулжээ.

2. Дээрх гэмтэл тус бүр ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3-1-11-д зааснаар цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх нь амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цээжний хөндий рүү нэвтрээгүй шарх нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 51 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 461 дугаар нэмэлт дүгнэлт

1. Э.Н гийн биед №437 тоот дүгнэлтийг Архангай аймгийн Өлзийт сумын ЭМТ-н №353 тоот өвчний түүхийг үндэслэн гаргасан тул үнэн зөв.

2. Э.Н гийн биед цээжний зүүн хажуу ханаар цээжний хөндий рүү нэвтэрч өрц, үнхэлцгийн хальсыг гэмтээсэн гүн хутгалагдсан шарх, цээжний хөндийд цус, хий хуралдалт, цээжний ар талд нугалмын хажуугийн шугамаар 8,9-р хавирганы түвшинд цээжний хөндий рүү нэвтрээгүй хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлийн улмаас цээжний хөндийн эрхтнүүдийг шалгах, гуурсдах хагалгаа хийгджээ.

3. Дээрх гэмтэл тус бүр ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3-1-11-д зааснаар цээжний хөндий рүү нэвтэрч өрц, үнхэлцгийн хальсыг гэмтээсэн шарх нь амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цээжний хөндий рүү нэвтрээгүй шарх нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтээс хамааран эргэн сэргэнэ.

5. 2017.10.25-нд Люкс мед эмнэлэгийн хэвлий болон бага аарцгийн хөндийн тодосгогч бодистой КТ шинжилгээнд ...зүүн талын 6-р хавирга ташуу хугаралтай... гэжээ. Энэ нь ГССҮТ-н 11982 тоот өвчний түүхэнд бичигдсэн эмчийн үндсэн онош болон хагалгааны өмнөх болон дараах цээжний рентген харалтанд тусгагдаагүй байна...гэх дүгнэлт /хх-ийн 69-70 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 106 дугаар шинжээчийн дүгнэлт

1. Хэргийн газраас хураасан хутган дээр байх цус мэт улаан хүрэн өнгийн толбо нь урвал өгсөн тул цус мөн бөгөөд 1-р бүлгийн цус байна.

2. Хохирогч Э.Н гийн цус нь 1-р бүлгийн цус байна.

3. Уг хутган дээр байх цус нь хохирогч Э.Н гийн цусны бүлэгтэй тохирч байна...гэх дүгнэлт /хх-ийн 98-99 хуу/

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5  хуу/

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 10 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7, 12, 94 хуу/

Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 176 хуу /

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 116-117 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 121 хуу/

Хохирогчийн нэхэмжилсэн зардалтай холбоотой баримтууд /хх-ийн 122-128 хуу/

            Шүүгдэгч Ч.Э аас хохирогч Э.Н д нийт 3.900.000 төгрөг шилжүүлсэн тухай орлого, зарлагын мэдүүлэг болон мөнгөн шилжүүлгийн баримтууд / хх-ийн 177-179 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Э ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ч.Э  нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 21 цаг 30 минутын үед Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутагт байрлах халуун усны барилга дотор иргэн Э.Н гийн цээж болон нуруу хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Шүүгдэгч Ч.Э  нь хохирогчийг хутгалсан үйлдэл болон гэм буруугийн хувьд маргаагүй бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Э.Н , гэрч Л.Балдорж, Д.Баярсайхан, А.Энхтуяа нарын мэдүүлэг, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 437 дугаар, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 461 дугаар,  2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 106  дугаар шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт: -Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно... гэж заасан байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “хутга” нь зэвсэг гэсэн ойлголтонд хамаарч байна.

Шүүгдэгч Ч.Э  нь хохирогч Э.Н г хутгалсан үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Аймгийн Прокурорын газраас Ч.Э ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ч.Э ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хохирогч нь эмчилгээний зардалд 4.900.000 / дөрвөн сая есөн зуун / мянган төгрөг нэхэмжилснээс /хх-ийн 132 хуу/ шүүгдэгч Ч.Э  нь 4.400.000 / дөрвөн сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг хохирогч С.Н-д төлсөн болох нь баримтаар нотлогдож байх ба хохирогч нь нийт 2.250.888 /хоёр сая хоёр зуун тавин мянга найман зуун наян найман/ төгрөгийн үнийн дүн бүхий баримтыг хэрэгт хавсаргуулжээ. Үүнээс үзэхэд шүүгдэгч нь хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ч.Э  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 26 см урттай, ажлын хэсгийн урт 15 см, бариул 11 см урттай, хар шар эрээн өнгийн бариултай нэг ширхэг хутгыг устгах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон    

                                          

                                                                        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б- н овгийн Чу-н Э ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасны дагуу Ч.Э ыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ч.Э -д оногдуулсан  3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

4. Шүүгдэгч Ч.Э  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдсугай. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт 26 см урттай, ажлын хэсгийн урт 15 см, бариулны урт 11 см, хар шар эрээн өнгийн бариултай нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

 

6.  Хохирогч Э.Н  нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 

7.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Э -д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх  арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Р.АЛТАНЦЭЦЭГ

                                                     ШҮҮГЧИД                                          П.ГАНДОЛГОР

                                                                                                                Э.ОДХҮҮ