Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2023/ДШМ/12

 

 

З.Б-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ц.О, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Л.Г,

Шүүгдэгч З.Б (цахимаар), түүний өмгөөлөгч Ж.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Х нарыг оролцуулан,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.М-ийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/26 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч З.Б эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор З.Б холбогдох эрүүгийн 2116000690073 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М овогт З.Б нь Монгол Улсын иргэн, халх, 19 ... оны ... дугаар сарын ... -ний өдөр төрсөн, ............ боловсролтой, .......................... мэргэжилтэй, одоо ................... ажилтай, ам бүл ... , эхнэр ... хүүхдийн хамт амьдардаг, ................... хот ..................... дүүрэг ......... дугаар хороо, .......... дугаар байрны ...... тоотод оршин суух хаягтай, ...................... регистрийн дугаартай,

 

1. Шүүгдэгч З.Б нь Говь-Алтай аймгийн ................. сумын нутаг дэвсгэрт байрлах ............................... давхарт байрлах .......................... өрөөнд 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 14 цаг 30 минутын үед Хууль сахиулахын их сургуулийн онцгой байдлын сургуулийн сонсогч П.Х, Б.Б, Б.Ө, Б.Б нарыг нохойн гөлөгнүүд минь яагаад цагдаа нарыг дагаад шорон царайлж явах гээд байгаа юм бэ? Цагдаа руугаа зайлбал зайлаарай битгий онцгойн хувцас гутаагаад байгаарай гэх мэтээр доромжилж Б.Б гэдэс рүү нэг удаа, Б.Өын гэдэс рүү нэг удаа, Б.Бийн нүүр лүү нэг удаа, П.Хын хамар дух орчимд нэг удаа цохиж, иргэн П.Хын биед хамар ясны зүүн хажуу хананы урд хэсэгт жижиг цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт буруутгагджээ.

 

2. Анхан шатны шүүх: Шүүгдэгч М овгийн З.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч З.Б оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч З.Бас 51,600 төгрөг гаргуулж хохирогч П.Хд олгож, хохирогч П.Хын нэхэмжилсэн 3,500,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг сиди /CD/-г хэрэгт хавсаргаж, рентген зураг, эрүүл мэндийн карт зэргийг хохирогч П.Хд буцаан олгож, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

3. Шүүгдэгч З.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр З.Б намайг хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэх эрүүгийн хэрэг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраас иргэн П.Хын гомдлын дагуу үүсгэж, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс намайг гэм буруутайд тооцсон боловч Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болон дээд шүүхээс хэргийг буцааж, үнэн мөнийг тодорхой тогтоох шаардлагатай гэж шийдвэрлэсэн. Гэвч Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч н.М, Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Б нарын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хэргийн оролцогчдын хуульд заасан эрхийг зөрчсөн удаа дараагийн хэт нэг талыг барьсан дараахь үйлдлүүдтэй санал нийлэхгүй байна

Үүнд:

1. Хохирогч гэх П.Хын дүрс оношлогооны CD (сиди) нь он сарын зөрүүтэй бөгөөд өөрийнх нь мөн эсэх нь тодорхойгүй.

2. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч А нь 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр нарийвчилсан шинжилгээ хийлгүйгээр гараараа тэмтрээд хамарын яс цөмөрсөн гэсэн дүгнэлт гаргаж, шууд багажаар янзалсан гэж мэдүүлсэн.

 

3. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн рентгений болон дүрс оношлогооны эмч нар гэмтэлгүй гэж анхан шатны шүүх хурал дээр мэдүүлсэн.

4. 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч гэх П.Х нь зааланд тоглох явцдаа хүнтэй мөргөлдсөн бичлэг байгаа бөгөөд тэр тоглолтоос хойш тоглоогүй, толгойгоо бариад сууж байгаад гарсан. Үүнийг харсан гэрчүүдээс аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч н.М мэдүүлэг авсан боловч хэргийн материалд ганц гэрч н.Оийн мэдүүлгээс бусдыг оруулаагүй. П.Хын нүүр хэсэгт би мөргөсөн гэж иргэн н.Т шүүх хурал дээр мэдүүлсээр байтал тоогоогүй.

5. Хэргийн материалд хяналт тавьж буй прокурор Ц.Б өмнө нь шүүх шинжилгээний байгууллагад ажиллаж байсан бөгөөд хэргийн материалыг цуглуулахдаа хууль бусаар цуглуулсан гэж шүүхээс дүгнэлт гарч, тодорхой үүрэг өгсөн боловч шүүхийг үл тоон өгсөн үүргийг биелүүлдэггүй. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлсэн шинжилгээ хийх тогтоолд миний бие болон өмгөөлөгч шинжээчдэд тавьсан асуулт, бусад үүссэн нөхцөл байдлуудыг шинжлүүлэхээр гаргасан материалуудыг хүргүүлэхээр хүсэлтээ гаргасан тогтоолын ар талд гараар бичээд өгсөн боловч тухайн асуулт, хүсэлт бичсэн тогтоолыг сольж хүргүүлээгүй. Үүний нотолгоо нь шинжээчид тавьсан асуултад хариулаагүй бөгөөд өөр асуулт, материал ирээгүй гэж шүүх хурал дээр мэдүүлсэн.

6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчид 2 удаа хоорондоо зөрчилтэй дүгнэлт гаргасан бөгөөд анхан шатны шүүх хурал дээр тэр дүгнэлтүүдээ үгүйсгэж, хамар ясны шинэ хугарал, зөөлөн эдийн няцралт гэсэн дүгнэлт гаргасан боловч хүний хамрын яс хугарч, зөөлөн эд гэмтсэн боловч цус гарахгүй, хөөж хавагнахгүй гэсэн сонирхолтой тайлбар хийсэн.

7. Иргэн П.Д хохирогч гэх П.Х, прокурор Ц.Б, хохирогчийг өмгөөлөгч Ж.Д нар огт танихгүй гэсэн боловч аймгийн Шүүх шинжилгээний алба болон Нэгдсэн эмнэлэг дээр очиж шинжээч эмч н.А, дүрс оношлогооны эмч нарыг ажлын байран дээр дарамталж, хашгарч дайрч байсан. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хурал дуусаагүй байхад цахим орчинд явц, гарсан үр дүнг тавьж байсан. Мөн энэ хүн над руу болон өмгөөлөгч рүү удаа дараа утсаар ярьж мөнгө өгчих, гомдолгүй гээд хэлээд өгье гэсэн гэж удаа дараа ярьж байсан. 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15-16 цагийн орчим гэрт нь хүн очиж үзүүлэхэд иргэн П.Д гэрт нь байж байсан. Иймд үүнийг миний бие зохион байгуулалттай гүтгэлэг гэж үзэж байна.

8. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчид аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч А дүгнэлтийг удаа дараа хуулбарлан баталгаажуулж ирсэн. Гэвч анхны дүгнэлт хийсэн шинжээч А болон шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүрс оношлогооны эмч нар ямар зураг харж дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй. Уг дүгнэлт гарсны дараа 1 сар гаран хугацааны дараа хохирогч П.Хын гэх дүрс оношлогооны CD (сиди)-г мөрдөгч хэргийн материалд хийсэн.

9. Энэ хэрэг анх болсон гэх хугацаанаас хойш 3 жил болж миний бие Улаанбаатар хотоос нийт 8 удаа Говь-Алтай аймаг руу явж байгаа бөгөөд 1 удаа очоод ирэхэд 600000-800000 төгрөгийн зардал гарч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд прокурор нь бүх талын хууль ёсны эрх, ашгийг хамгаалж, хэргийг хөдлөшгүй нотлох баримтаар нотлох нөхцлийг хангах үүрэгтэй боловч прокурор Ц.Б нь нэг талыг хэт барьж, удаа дараагийн хүсэлтүүдийг хангахаас татгалзаж байна. Прокурор Ц.Б нь өөрөө өмнө шүүх шинжилгээний байгууллагад ажиллаж байсан бөгөөд шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдэд нөлөөлсөн байх магадлалтай /өөрөө шинжилгээ хийлгэх тогтоолоо биечлэн барьж шинжилгээг 3 хоногийн дотор гаргуулсан, миний болон өмгөөлөгчийн бичсэн асуултуудыг бичсэн тогтоолыг шүүх шинжилгээний хүрээлэнд хүргүүлээгүй бөгөөд шинжээч эмч нараас асуухад тогтоолыг архивт хийсэн тул ямар тогтоол ирсэнийг санахгүй байна гэх хариултыг шүүх хурлын үеэр өгсөн. Энэ нь шинжээчдэд нөлөөлсөн байх магадлалтай/ гэж үзэж түүнээс хуулийн дагуу татгалзсан боловч миний хүсэлтийг хангахаас татгалзсан.

10. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн дүгнэлт гаргах үйл явцад хуулийн дагуу өөрийн биеэр оролцож тайлбар мэдээлэл өгөх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзаж, оролцуулаагүй.

11. Хэрэгт холбогдол бүхий асуудлаар гэрчүүдийн мэдүүлгүүд зөрүүтэй, гэрчүүдийг хөтөлсөн, чиглүүлсэн асуултууд тавьж, хуулийн мэдлэг дутмаг байдлыг ашиглаж сүрдүүлэн мэдүүлэг авдаг. Гэрчүүд эргэж мэдүүлгээ дахин өгөх хүсэлт гаргахад хүсэлтийг хангадаггүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцогч иргэд илт худал хариулт өгч байхад түүнийг хянан магадлах, нотлох ажиллагаа огт хийдэггүй бөгөөд гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээс өөрт ашигтай, намайг буруутгах гэсэн хандлагаар үг, өгүүлбэрүүдийг ялган авч яллах дүгнэлтийг удаа дараа гаргаж, тодруулах нягтлах, эргэлзээтэй олон зүйлсийг нягтлахгүй хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, эс үйлдэж, албан ажилдаа санаатайгаар хайнга хандаж, хэргийн оролцогчдыг залхаан цээрлүүлж байна.

 

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр болсон шүүх хурлын шийдвэрээс шалтгаалан гарцаагүй, тал бүрийн баримтаар нотлогдохгүй, хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж 3 жил болж байгаа энэхүү хэргийг хянан үзэж, хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

   4. Прокурор: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/26 дугаар шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болсон байна гэж үзэж байна. Хавтаст хэргийн материалд цугларсан гэрч нарын мэдүүлэг, туршилт хийсэн тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх шинжилгээний дүгнэлт, шүүхийн шинжилгээний байгууллагын дүгнэлтүүд зэрэг баримтуудаар З.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай асуудал нь бүрэн тогтоогддог. Дээрх баримтуудыг үндэслээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэжээ.

 

   5. Шүүгдэгчийн өмгөөлөгч: Хэрэгт авагдсан баримтууд нь хуульд нийцсэн шаардлагыг хангаж цуглуулаагүй байна гэдэг дээр саналаа хэлье. Хамгийн сүүлд гарсан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлд шинжилгээ хийлгэх үед оролцогчийн эрх гэж байгаа. 1.2-д шинжээчид нэмэлт асуулт тавих; 2-д Энэ зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан оролцогчийн хүсэлтийг хангах нь үндэслэлтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч нь шинжээч томилсон шийдвэрийг өөрчилж, нэмэлт оруулж болно гэдгийг зөрчсөн. Бид хоёр шинжээчид нэмэлт асуулт тавимаар байна гэдгээрээ нэмэлт асуулт тавиад хүсэлтээ тогтоолын доор нь бичээд өгөөд байтал шинжээч томилсон шийдвэр нь өөрчлөгдсөн зүйл байхгүй байгаа. Оролцогчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон бол тэр тухай үндэслэл бүхий шийдвэр гаргаж шийдвэрийг оролцогчид танилцуулж гарын үсэг зуруулна гэдгийг зөрчсөн. Сүүлийн шинжээчид тавьсан оролцогчдын хүсэлтийг хангасан, хангаагүй талаар ямар нэгэн байдлаар шийдвэрлэгдээгүй. Бид хоёр юу асуух гээд байсан бэ гэхээр П.Х тоглож байгаад мөргөлдсөн гэсэн зүйл яригдаад байдаг. Тэр үеийн дүрс оношилгооны эмчийн уншсан дүгнэлтүүд өөр өөр зөрүүтэй байдаг. Нэг нь зөөлөн эдийн няцралттай, нэг нь няцралтгүй байна гэдэг. Үнэхээр хуучин гэмтэл байсан юм уу, шинэ гэмтэл байсан юм уу гэдгийг тогтоолгох. Хүнтэй тоглож байгаад мөргөлдсөн гэдэг байдал нь үнэхээр мөргөлдсөн бол З.Б үйлдлээс болсон уу, өөр хүний үйлдлээс болж гэмтэл учирсан юм уу гэдгийг тогтоолгохоор асуух асуултаа бичээд явуулж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ мөрдөгч, прокурор нь биелүүлээгүй буюу мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй гэж үзэж байгаа. Яагаад ингэж үзэж байгаа вэ? гэхээр удаа дараа шүүгчийн захирамж болон магадлалд заасан ажиллагаанууд огт хийгдээгүй. Ийм учраас мөрдөгч болон прокурор нь хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй гэж үзээд байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан мөрдөгч нь энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж шалгаж бэхжүүлнэ. Хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримтад мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт хуульчлаад заасан байгаа. Ийм учраас хэрэгт бүрдүүлээд байгаа CD /сиди/ томографын зураг зэрэг баримтуудыг олж авсан бүрдүүлсэн, цуглуулсан бэхжүүлсэн байдал нь хууль зөрчсөн. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон удаа дараагийн мөрдөн байцаалтын шатанд буцаасан шүүгчийн захирамжууд болон магадлалд дурдагдаад байгаа зүйл нь огт засаж залруулсан зүйл байхгүй. Ийм учраас З.Б ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралдаанд оруулсан шинжээч эмч болон дүрс оношилгооны эмч нар нь тухайн үед өөр өөрсдийн оношийг хамгаалаад сууж байсан. Ч гэдэг эмч би тэр CD /сиди/-г уншсан хамар нь цөмрөлттэй байсан. Зөөлөн эдийн няцралттай байсан гээд сууж байхад О эмч нь би тэр үед энэ CD /сиди/-г уншихад зөөлөн эдийн гэмтэл байгаагүй гэдэг байдлаар өөр өөрсдийн оношийг хамгаалаад сууж байсан. Дүрс оношилгооны хоёр эмчээр уншуулаад эргэлзээтэй дүгнэлтүүдийг үнэлээд өнөөдөр шийдвэрийн үндэслэл болгоод З.Б буруутгаад байгаа нь хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн гэдэгт эргэлзээ төрүүлж байна. Ийм учраас З.Б ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

7. Хэргийн үйл баримтын талаар:

7.1.  Шүүгдэгч З.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 14 цаг 30 минутын үед ................... аймгийн .................... -ын байрны ... давхарт байрлах ................... өрөөнд Хууль сахиулах их сургуулийн онцгой байдлын сургуулийн сонсогч П.Хын хамар дух орчимд нэг удаа цохиж хамар ясны зүүн хажуу хананы урд хэсэгт жижиг цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна.

7.1.1. Энэ үйл баримт нь хохирогч П.Хын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн: “Тэр өдрийн 14 цагт .............  дарга З.Б дуудсанаар хүлээн авалтын өрөөнд нь ороход “Нохойн гөлөгнүүд минь яагаад цагдаа нарыг дагаад шорон царайлж явах гээд байгаа юм бэ? Цагдаа руугаа зайлбал зайлаарай. Битгий .............. хувцас гутаагаад байгаарай.” гэх мэтээр доромжилж байснаа босож ирээд Б.Б гэдэс рүү цохиод намайг гараа атгаж байгаад хамар дух орчим 1 удаа гараараа цохисон. Дараа нь Б.Өын гэдэс рүү, Б.Бийн нүүр лүү цохьсон. Тэгээд ахмад Л.Оийг дууд гээд дуудуулаад сургууль руу нь хөөх бичиг явуул. Энэ дөрвөн нохойн гөлгөөр хийлгэх ажил байвал хийлгэ гэж хэлээд гараад явсан. Цохиулснаас болж хамар аймаар өвдөөд гэртээ очоод ээж, аавдаа хэлсэн. Тэгээд эмнэлэгт очиж үзүүлэхэд А эмч хугаралтай байна гээд савхаар цөмрөлийг гаргасан.” тухай мэдүүлэг /1 хх 85-86/,

7.1.2. Гэрч Х.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...........................-т 12 дугаар сард төгсөж очоод 6 сар хүртэл ажилласан. Он сарыг нь санахгүй байгаа ч нэг удаа зааланд тоглож байгаад бөмбөг авахдаа арагшаа  П.Хтай мөргөлдсөн ч нүүрэнд нь хүрсэн зүйл байхгүй. Тоглож байхдаа П.Хаас “Чи зүгээр үү?” гэж асуухад “Зүгээр” гэж хэлсэн. Нүүрэнд ямар нэгэн шарх сорив үүсээгүй байсан.” тухай мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

7.1.3. Гэрч Д.Бийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “Тухайн өдөр ................... аймгийн .................... -ын дарга З.Б дуудсаны дагуу хүлээн авалтынх нь өрөөнд ороход З.Б нь Нохойн гөлөгнүүд минь яагаад цагдаа нарыг дагаад шорон царайлж явах гээд байгаа юм бэ? Цагдаа руугаа зайлцгаагаарай. Битгий ............ хувцас гутаагаад байгаарай. Албаны хувцас тайлаарай. Сургууль руу нь хөөх бичиг явуул гэх мэт зүйл хэлээд Б.Б гэдэс рүү, П.Хын хамрын зүүн тал орчимд,  Б.Өын гэдэс рүү, гэрчийн өөрийнх нь баруун шанаа руу цохьчихоод “Энэ дөрвөн нохойн гөлгөөр хийлгэх ажил байвал хийлгэ гэсэн. П.Х уйлаад гараад явсан.” тухай мэдүүлэг /1 хх 96, 107-108/,

7.1.4. Гэрч Б.Өын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “З.Б дарга босож ирээд Б.Б гэдэс рүү цохиод, дараа нь гараа атгаж байгаад П.Хын нүүр лүү 1 удаа гараараа цохиод, өөрийг нь цээж рүү нь, Б.Бийн нүүр лүү цохисон.” тухай мэдүүлэг /1 хх 107/,

7.1.5. Гэрч Б.Б мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “З.Б дарга босож ирээд өөрийнх нь гэдэс рүү цохиод дараа нь П.Хыг гараа атгаж байгаад нүүр лүү нь 1 удаа цохиод, дараа нь Б.Өын гэдэс рүү, хамгийн сүүлд Б.Бийн толгой руу цохьсон. П.Х уйлж зогсож байгаад заалнаас гараад уйлаад гэр лүүгээ явсан. Орой П.Хаас яасан талаар ярьж асуухад хамар нь хавдсан гэж хэлж байсан.” тухай мэдүүлэг /1 хх 122-123/,

7.1.6. Гэрч Н.Х мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “Дарга З.Б нь босож ирээд эхний сонсогчийн цээжин хэсэгт, дараагийн эмэгтэй сонсогчийн дух орчимд, дараагийн сонсогчийн цээж рүү, сүүлийн сонсогчийн цээж рүү нь гараараа цохьсон.” тухай мэдүүлэг /1 хх 117-118/,

7.1.7. Гэрч С.Э мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “Дарга З.Б нь П.Хын дух орчим руу гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Б.Б, Б.Ө нарын гэдэс орчимд, Б.Бийн дух билүү ямар ч байсан толгой орчим цохисон.” тухай мэдүүлэг /1 хх 112/,

7.1.8. Гэрч С.Б мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “З.Б дарга  эхэнд зогсож байсан эрэгтэй сонсогч Б.Б гэдэс рүү, дараа нь эмэгтэй сонсогчийн дух орчим руу гараараа 1 удаа, дараагийн сонсогчийн гэдэс билүү цээж рүү нь, сүүлийн сонсогчийн гэдэс цээж орчим цохисон.” тухай мэдүүлэг /1 хх 120-121/,

7.1.9. Гэрч Л.О мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “2021 оны 04 дүгээр сарын 15-ны 14 цагийн орчим газрын дарга З.Б дуудаж, энэ 4 сонсогчийг дагалдах бичигтэй нь сургууль руу нь явуул гэж хэлсэн. Тэгээд тухайн 4 сонсогчид хандан яагаад ирдэггүй юм өглөөнөөс хойш дуудууллаа гэсэн утгатай үг хэлээд сонсогч Б.Б гэдэс орчимд цохисон, П.Хын дух луу гараараа түлхсэн, дараагийн сонсогчийн гэдэс цээж орчим руу, сүүлийн сонсогч Б.Бийн гэдэс билүү цээж орчим луу гараараа цохисон.” тухай мэдүүлэг /1 хх 93-94/,

7.1.10. Гэрч Х.А мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цаг 30 минутын үед ажил тарахын өмнө П.Х нь аймгийн.............  даргад цохиулчихлаа гэж хэлээд үзүүлсэн. Үзэхэд П.Хын хамрын зүүн талд мурийлттай буюу хамрын яс зүүн талдаа бага зэрэг хугарсан, хамрын таславч мурийсан байдалтай байсан. Бороолоогүй шинэ гэмтэл байсан. Хамрын яс хугарсан нь үзлэг хийхэд мэдэгдэнэ. 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр рентген зураг авахуулахад рентгений эмч Д.Т П.Хын хамрын ясыг томографикт шалгая гэсэн саналтай байна гэхээр нь компьютер томографикыг тухайн өдрийн дараагийн ажлын өдөр буюу 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хийлгэхэд хамрын таславч мурийсан гэсэн оноштой байсан.” гэх мэдүүлэг /1 хх 129, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

7.1.11. Гэрч Д.Т мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр П.Хын биед хамрын ясны рентген зургийн дүгнэлтийг бичсэн. Рентген зургаар тодорхой харагдахгүй байсан учир КТГ-ын шинжилгээ хийлгэх саналтай байсныг картан дээр бичиж үлдээсэн. Тухайн үед эмэгтэй зодуулсан гэж хэлсэн учир нарийн шинжилгээ хийе гэж бодсон. Рентген зурганд хамрын ясны өөрчлөлт байгаа эсэх нь тод харагдахгүй байсан учраас КТГ-ын шинжилгээ хийх саналтай байсан. Зургийн чанар, зураг авсан байрлалаасаа шалтгаалаад хамар ясны цөмөрсөн хугарал харагддаггүй тохиолдол байдаг.” тухай мэдүүлэг /3 хх 35/,

7.1.12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Г.Э, Ө.С, Б.Д, Э.Б, Д.Д нарын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “П.Хын биед хамар ясны зүүн хажуу хананы жижиг цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, хамрын зүүн хажуу хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр буюу хамрын хэсэгт нэг удаа цохих үед үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр үүссэн байх боломжтой.

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.А 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 152 дугаартай шинжээчийн дүгнэлт болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 350 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй.” талаарх дүгнэлт /3 хх 108-113/,

7.1.13. ................... аймгийн .................... -ын хяналтын камерын бичлэгт 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цаг 19 минутад цоохор өнгийн хувцастай 4 хүн орж ирж, 14 цаг 53 минутад гарах бөгөөд П.Х нь маскны гаднаас хамар хэсэгтээ гараа хүргэсэн байдалтай гарч ирж байгааг тусгасан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 65-69/,

7.1.14. Говь-Алтай аймгийн ... -р сургуулийн спорт заалны 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийхэд 20 цаг 35 минут 35 секундэд Т гэдэг хүн хойшоо алхахдаа ард нь зогсож байсан П.Хын биед хүрсэн болох нь бичигдсэн тухай үзлэгийн тэмдэглэл /1 хх 70/ зэрэг хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.  

8. Нотлох баримтын талаар.

8.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч З.Б холбогдох хэргийг хянан хэлэлцэж хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

8.2. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

8.3. Хэргийн үйл баримтыг нотлож байгаа, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнээс гадна эргэлзээгүй, хоорондоо зөрүүгүй, харилцан бие биенээ нөхсөн шинжтэй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд бүхэлдээ хангалттай байна.

8.4. Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, харин давхар нотлож байгаа болохыг дурьдах нь зүйтэй.

 

   9. Эрх зүйн дүгнэлт хууль хэрэглээний талаар.

   9.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгайлан заасан  үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэрэг болох бөгөөд мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн үйлдлийг санаатай гэмт хэрэгт тооцдог. 

9.2. Шүүгдэгч З.Б нь ............. аймгийн ...............-т хүн хүчний хэрэгцээ шаардлагатай үед цагдаа нарыг дагаж шороон царайлж явлаа гэсэн шалтгаанаар урьдаас төлөвлөөгүй гэнэт үүссэн санаа сэдэлтээр хохирогчийн хамар руу нь цохьсон байна.

9.3. Шүүгдэгч З.Б нь хүнийг нүүр рүү нь цохих үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол, гэмтэл учрах, эрүүл мэнд нь эрсдэлд орох магадлалтай гэдгийг ухамсарлах боломжтой байсан ч санаатайгаар хохирогчийн нүүр рүү гараараа цохьсоны улмаас хохирогч П.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

9.4. Шүүгдэгч З.Б гарын хүчний үйлчлэлийн улмаас хохирогч П.Хын эрүүл мэндэд хамар ясны зүүн хажуу хананы жижиг цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, хамрын зүүн хажуу хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Шүүгдэгч З.Б үйлдэл хохирогч П.Хын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шууд шалтгаант холбоотой байна.

   9.5. Шүүгдэгч З.Б үйлдэл нь бусдыг санаатайгаар цохиж эрүүл мэндэд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.             9.6. Прокуророос шүүгдэгч З.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргээр зүйлчилж шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй болжээ.

9.7. Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан үндэслэлээр өршөөн хэлтрүүлсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүх Эрүүгийн хууль, Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

10.  Давж заалдах гомдлын талаар:

10.1. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь жижиг цөмөрсөн хугарал бөгөөд харьцангуй том талбайтай зүйлийн хүчний үйлчлэлээр буюу толгойгоор мөргөх үед үүссэн байх боломж хаязгаарлагдмал, хохирогч нь зааланд тоглож  байхдаа Х.Ттой биедээ гэмтэл авахаар хэмжээний хүчтэй мөргөлдөөгүй, харин шүүгдэгч З.Б цохиулсны улмаас уг гэмтлийг авсан болохоо шууд заан мэдүүлсэн нь хэрэгт авагдсан камерийн бичлэг, гэрч нарын мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтаар тогтоогдсон байна.

10.2. Хэрэгт гэрчээр оролцсон эмч Х.А нь хохирогчийн эрүүл мэндэд үзлэг хийхдээ асуумж авч гэмтлийг нүдээр үзэх, гараар тэмтрэх зэргээр хамар ясны хугарал, таславчийн муруйлт байх боломжтой гэж оношилсон нь рентген зураг, компьютер томограф, шинжээчдийн дүгнэлтээр батлагдсан, эмч Х.А  хохирогчийн эрүүл мэндэд үзлэг, оношилгоо, эмчилгээ хийсэн нь хэргийн үйл баримтыг үгүйсгээгүй, харин ч нотлож байна.

10.3. Хохирогч П.Хын хамрын рентген зураг, компьютер томограф бүхий компакт дискийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт бэхжүүлж аваагүйгээс уг дискэнд авагдсан мэдээлэлд тулгуурлаж дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн байх бөгөөд хохирогч П.Х уг нотлох баримтыг өөрөө гаргаж өгсөн, тухайн нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөгч хэрэгт хавсаргаж баримтыг нөхөн гүйцэтгэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмын ноцтой зөрчилд тооцогдохгүй, хохирогч П.Хын эрүүл мэндийн мэдээлэлд тулгуурлаж, хэрэгт хувийн сонирхолгүй, мэргэжлийн зохих дадлага, туршлага бүхий 5 шинжээч санал нэгтэйгээр дүгнэлт гаргасан зэрэг нь тогтоогдож байх тул шинжээчдийн тухайн дүгнэлтэд эргэлзэх үндэслэлгүй байна.

10.4. Хэрэгт гэрчээр оролцсон гэрч Д.Т: “Хугарал сайн харагдахгүй байна. Нарийн шалгах шаардлагатай гэж бичсэн. Зургаас хараад хуучин гэмтэл, шинэ гэмтэл гэдгийг ялгах боломжгүй.” гэж, хэрэгт гэрчээр оролцсон эмч Ц.С: “Хамрын таславч муруйсан гэж бичсэн. Би өөрийнхөө харснаа бичсэн.” гэж мэдүүлж байгаа боловч гэрч нарын энэхүү мэдүүлэг шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэхгүй байна.

10.5. Шинжээч нарыг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулж асуулт асууж, хариулт авах эрхээ хэрэгжүүлэх боломжоор талуудыг тэгш хангасан байх бөгөөд дахин буюу нэмэлт шинжилгээ хийлгэх үндэслэл, шаардлага бий болоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хуульд заасан журмын дагуу явагдсан, шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдсан иргэн П.Дтэй холбогдох хэсэг нь энэ хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байна.

10.6. Түүнчлэн анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэхтэй холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, нотлогдсон байдалд бодитой дүгнэлт хийж, иргэний нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Тиймээс шүүгдэгч З.Б гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/26 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Б гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.Б

                        ШҮҮГЧИД                             Ц.О

                                                          Ч.Э