| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Далантайн Нарантуяа |
| Хэргийн индекс | 159/2024/0049/З |
| Дугаар | 114/ШШ2024/0030 |
| Огноо | 2024-10-08 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 114/ШШ2024/0030
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэр бүхий байгууллагын 238 захиргааны албан хаагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.М*******
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг дарга нарт тус тус холбогдох маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.М*******,
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Б*******, хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг дарга нь Засгийн газрын тогтоолын дагуу төрийн захиргааны албан хаагчдын орон нутгийн нэмэгдэл 2023 оны 07 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд олгоогүй эс үйлдэхүй, 2024 оны 04 дүгээр сараас ялгавартай олгож байгааг хууль бус болохыг тогтоолгож, хууль тогтоомжийн дагуу олгох ёстой нэмэгдлийг олгохыг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******аас Монгол Улсын Засгийн газар 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаартай тогтоолын 6 дугаар хавсралтаар Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам-ын дагуу орон нутгийн нэмэгдлийг зөвхөн орон нутгийн төсөвт байгууллагын төрийн захиргааны албан хаагчдад олгож улсын төсвийн байгууллагын төрийн захиргааны албан хаагчдад олгоогүй нь илтэд хуулийн заалтыг зөрчиж ялгаварлан гадуурхаж эс үйлдэхүй гаргаж байна гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар албан бичгээр 351 албан хаагчдын орон нутгийн нэмэгдлийг 2024 оны 04 дүгээр сарын 01-нээс олгож буй нэмэгдлийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нөхөж олгохыг тооцон судалж байна гэсэн хариуг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******ад илгээжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Аймгийн 2023 оны төсөв батлах үед дээрх журамд улсын төсвийн байгууллагын албан хаагчдад орон нутгийн төсвөөс нэмэгдэл олгох талаар тусгагдаагүй байсан ба төсвийн жилийн дундуур Засгийн газрын 242, *******2 дугаар тогтоолууд батлагдаж хэрэгжиж эхлэх хугацааг заасан, тогтоолуудыг хэрэгжүүлэхэд тухайн үеийн аймгийн төсөвийг нэмэгдүүлэх боломжгүй, хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байсан бөгөөд аймгийн төсөвт тодотгол хийх хуульд заасан нөхцөл шаардлага үүсээгүй, мөн аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болно гэж заасан заалтыг заавал хэрэгжүүлэхийг үүрэгжүүлсэн заалт биш харин төсвийн нөхцөл боломжийг харгалзан тухайн шатны төсөвт хамаарах албан хаагчдад орон нутагт ажилласны нэмэгдлийг олгож болох эрхийг олгосон зохицуулалт гэж тайлбарлан маргаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1 Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******аас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Миний бие Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Л******* нь орон нутгийн нэмэгдэл олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хууль тогтоомжийн дагуу олгох ёстой нэмэгдлийг төрийн захиргааны албан хаагчдад олгуулахаар шүүхэд хандахад Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын *******-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга орон нутгийн нэмэгдлийг олгохдоо орон нутгийн төрийн захиргааны албан хаагч, улсын төсвийн төрийн захиргааны албан хаагч гэж ялгаварлан нэмэгдлийг ялгамжтайгаар олгосон нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан зарчмыг баримтлаагүй, хууль зөрчсөн гэж үзэн зөвхөн Д.М******* миний 3564.0 төгрөгийг олгуулахаар шиийдвэрлэсэн хэдий ч тухайн нэхэмжлэлд дурьдсан 344 төрийн албан хаагчдыг шүүхэд төлөөлөх бүрэн эрхтэйг нотолсон хууль ёсны нотариатаар баталгаажуулсан итгэмжлэлийг шүүхэд ирүүлээгүй байх тул шийдвэрлэх боломжгүйг дурьдсан юм. Энэ шийдвэрийг хүлээн аваад аймгийн Засаг даргын Тамгын газарт гомдол гаргахад 351 албан хаагчдад орон нутгийн нэмэгдлийг 2024 оны 04 дүгээр сароын 01-ний өдрөөс олгож буй нэмэгдлийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нөхөж олгохыг тооцож судалж байна гэсэн хариуг ирүүлсэн.
Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын оршил хэсэгт төрийн захиргааны болон үйлчилгээний нийт албан хаагчдын орон нутагт ажиллах сонирхлыг нь нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг орон нутагт жигд чанартай хүргэх зорилгоор төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна гэж бичигдсэн. Гэтэл энэ журмыг хэсэг этгээдэд давуу байдал үүсэхэд ашиглаж байна гэж би үзэж байна. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал дээр хариуцагч тал мөнгө байхгүй, төсөв хүндрэлтэй байна гэж тайлбарлаад байсан.
Гэтэл 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс бид нарт 30 хувийн нэмэгдлийг олгоно гэсэн шийдвэр гаргасан бөгөөд аймгийн Тамгын газрынхан маань бид нарт 30% өгчхөөд, өөрсдөдөө 20%-ийг нэмж нийт 50% нэмэгдэл болчихоод байна, захиргааны албан хаагчид ижилхэн л авмаар байна. Э.О******* даргын тайлбар дээр 20%-аар авч байгаа гэж бичсэн байсан ба Төрийн захиргааны албан хаагчид 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 50%-ийн нэмэгдлийг аваад явж байгаа ингээд 20%-ийн зөрүү үүсчихээд байна. Хэрэв мөнгө байхгүй байсан бол бүх албан хаагч нарт тэгш олгохгүй байх ёстой байсан ба бүгдэд нь ижил тэгш тэнцүү олгох ёстой. Шүүхийн шийдвэр гарч нэмэгдлийг ялгаварлан олгосон байдлыг тогтоочихоод байхад аймгийн иргэдийн Хурал 2024 оны 09 дүгээр сард хуралдсан ба энэ хүмүүсийн асуудлыг шийдээгүй, 2024 оны төсөвт алдаагаа засаагүй, энэ хүмүүст ижилхэн 50 хувиар олгох, 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойшхи мөнгийг өгье гэсэн шийдвэр гараагүй.
Аймгийн Засаг даргын Тамгын газраас надад санал болгохдоо төрийн албан хаагчдын 2024 оны 1 дүгээр сараас эхлээд 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацааны 3 сарын нэмэгдлийг олгоё гэсэн, миний хувьд шүүхийн шийдвэр гарч 2023 оны 7 дугаар сарын 1-нээс 2024 оны 04 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх 9 сарын хугацааныхыг авсан байгаа ба дээрх байдлаар хариуцагч нартай эвлэрэх боломжгүй. Эвлэрье гэсэн санал дотор нь зөрүүтэй байдал үүсчхээд байгаа ба 20%-ийн зөрүүг арилгая гэсэн санал огт гаргаагүй. Төр бол манлайлагч байх ёстой гэж би ойлгодог. Гэтэл хаанаас санхүүждэгээр нь босоо, хэвтээ гэж ялгавартай олгоод байна. Иргэдийн хурлын ажлын алба маань аймгийн Засаг даргад хууль тогтоомжийг танилцуулж, мэдээлэл өгөх ёстой, энэ талаар журмын нөхдөдөө ч бас хэлж байгаа. Иргэдийн хурлаар энэ асуудлыг шийдсэн бол бид нар энд цаг заваа зараад ийм хурал болохгүй, ингэж явах ч шаардлагагүй, бид нар ч гэсэн цаг заваа ашиглаад өөр ашигтай зүйлд зарцуулаад явах боломжтой байсан. Төсвийн тодотгол хийх нөхцөл байдал үүсээгүй гэж тайлбарлаад байгаа, хуульд нэмэлт өөрчлөлт ороод нэмэгдлийг олгохоор заасан, төсвийн тодотгол гэдэг бол шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулахыг л хэлээд байгаа ба Засгийн газрын 382 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт орчихоод байна шүү дээ. Нэмэлт өөрчлөлт орчхоод байхад нэмэгдлийн мөнгийг нь олго гээд аймгийн удирдлагуудад төрийн албан хаагчид үгээ хэлж чаддаггүй, хаалттай байдаг.
Э.Б******* мэргэжилтний тайлбарт 2024 оны 171 тогтоолыг тайлбарлаад байна. Бид нар 2023 оны 242 дугаар тогтоолын тухайд ярьж байгаа, аймгийн Тамгын газрынхан 2023 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс төрийн үйлчилгээний албан хаагчдадаа олгоод тэд авчихсан. Төрийн албаны тухай хуулийн 57.12 зүйлд 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Төрийн үйлчилгээ болон улс төрийн албан тушаалтанд орон нутгийн нэмэгдэл олгож болно гэсэн өөрчлөлт орчихоод байхад 2023 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс олгоод явчихсан. Мөнгийг нь ингээд гаргачихаар чинь яаж орон нутгийн төсөвт орох юм. 4 дүгээр сарын 1-ний өдрөөс төрийн үйлчилгээнийхэндээ олгоод эхэлчихсэн.
Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тодотгол оруулаад ирсэн. Миний бие Засгийн газрын 1111 дугаар руу гомдол мэдээлэл гаргахад Монгол Улсын Засгийн газрын нэг субъект болох Хөдөлмөрийн яамнаас албан бичиг ирүүлсэн ба аймгийн Засаг дарга болон иргэдийн Хурлын дарга нарыг та нар ялгаж болохгүй, орон нутгийн нэмэгдлийг нь олго гэсэн шийдвэр өгсөн байдаг ба шүүхийн шийдвэр ч гараад Д.М******* надад орон нутгийн нэмэгдлийг бүрэн олгосон. Иргэдийн хурал болон аймгийн Засаг дарга нар шүүхийг ч хүндлэхгүй, Засгийн газрынхаа шийдвэрийг ч хүндлэхгүй ийм аймаг байгаад байна
Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хүйсээр болон бусад үндэслэлээр ялгаварлан гадуурхахгүй үүрэг гүйцэтгэж байгаа ажилтны цалин хөлсний хэмжээ ижил үнэлэмжтэй байх заалтуудыг зөрчиж байна. Иймд Монгол улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам-ын 5 дахь заалт болон 2023 оны 242, *******2 дугаар тогтоолын дагуу орон нутгийн нэмэгдлийг Захиргааны албан хаагчдад 2023 оны 7 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны орон нутагт ажилласны нэмэгдлийг олгоогүй эс үйлдэхүй, 2024 онд ялгавартай олгож байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хууль тогтоомжийн дагуу олгох ёстой орон нутгийн нэмэгдлийг төрийн захиргааны 238 албан хаагчдад олгохыг Сэлэнгэ аймгийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан 2023 оны төсөв болон 2024 оны төсвийн тодотголоор төрийн албан хаагч нарт орон нутгийн нэмэгдлийг олгох тогтоол гарч орон нутгийн байгууллагын албан хаагч нарт гэж төсөвлөөд олгож эхэлсэн. Анхны 2018 оны 382 дугаар тогтоол болон түүний 6 дугаар хавсралтаар батлагдсан төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч нарт орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулсан Засгийн газрын 2022 оны 489 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэн орон нутгийн төсвийн байгууллагуудын төрийн захиргааны албан хаагчдад үндсэн цалингийн 30 хувь, төрийн үйлчилгээний албан хаагчдад үндсэн цалингийн 40 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл олгохоор тооцсон бөгөөд аймгийн 2023 оны төсөв боловсруулагдаад батлагдах үед 2023 оны 242, *******2 дугаар тогтоолоор үндсэндээ нэмэлт, өөрчлөлт ороогүй дээрх журамд улсын төсвийн байгууллагын албан хаагчдад орон нутгийн төсвөөс нэмэгдэл олгох талаар тусгагдаагүй байсан ба энэ хүрээнд төсөв шийдэгдсэн. Журмаараа орон нутгийн нэмэгдлийг тухайн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тооцож, төсөвтөө тусгаж болно гэж заасан энэ хүрээнд шийдэгдээд явсан. Гэтэл төсвийн жилийн дундуур Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төсөвт тодотгол хийсэн, энэ тодотголоор цалин хөлсний нэмэгдэл тооцогдоогүй, өөр хөрөнгө оруулалтын ажил, зөвшөөрөлтэй холбоотой бусад тодотголыг хийсэн.
Цалингийн нэмэгдлийн төлөвлөлт 2023 оны төлөвлөлт дээр тавигдсан байсан гэсэн үг, улсын төсвийн байгууллагын гэдэг үг, үсэг нэмэлтээр ороогүй. Хоёрдугаарт бодит нөхцөл байдал дээр аймгийн төсөвт маш хүнд байдал үүсчихсэн байсан үе бөгөөд урьд жилийн аймгийн төсвийн /ковидын үеийн/ хүндрэлээс гарах шалтгаанаар сангийн яам зэрэг байгууллагуудад өр тавьж ажил арга хэмжээгээ санхүүжүүлж ажилласныг нь буцааж Сангийн яаманд төлж, санхүүгийн хувьд хэцүү тодорхой нөхцөл байдал үүссэн байсан. Мөн Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолд Засгийн газрын 2022 оны 489 болон 2023 оны 242 дугаар тогтоолоор оруулсан нэмэлтээр орон нутагт ажилласны нэмэгдлийг захиргааны албан тушаал эрхэлдэг орон нутгийн захиргааны болон улсын төсвийн байгууллагын төрийн захиргааны албан хаагчдад аймаг, сум, Иргэдийн төлөөлөгчдийн хурал тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган 80 хүртэл хувиар нэмж олгох асуудлыг тусгаж шийдвэрлэж болно гэж заачихсан байгаа бөгөөд энэ нь үүрэгжүүлсэн заалт биш, нэхэмжлэгч талаас иргэдийн Төлөөлөгчдийн хурал энэ үүргийг хэрэгжүүлээгүй гэж тайлбарлаж байгаа ба харин төсвийн нөхцөл боломжийг харгалзан тухайн шатны төсөвт хамаарах албан хаагчдад орон нутагт ажилласны нэмэгдлийг олгож болох эрхийг олгосон зохицуулалт гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрийнхөө мэдлийн төсөвөө баталдаг, орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагуудын цалин урамшууллыг нэмэгдүүлэх хэрхэн олгох асуудал нь тухайн шатны Хурлын бүрэн эрхийн асуудал юм. Мөн орон нутгийн төсвөөс нэмэгдэл олгох нь Төсвийн тухай хуультай зөрчилдөж байна, төсвийн зарчим гэж бий. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.6-д Тухайн шатны төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргийг зөвхөн тухайн шатны төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ, орон нутгийн төсөв гэж аймаг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан, тухайн шатны төсөвт харъяалагдах ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг, Төсвийн ерөнхийлөн захирагч гэж Төсвийн тухай хуулийн 4.1.36-д өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг хэлнэ гэж байгаа.
Орон нутгийн нэмэгдэл олгох асуудал нь орон нутагт ажиллаж байгаа албан хаагч аль шатны төсөвт хамаарч байгаагаас шалтгаалж тухайн шатны төсвийн ерөнхийлөн захирагч нар хариуцаж байгаа төсвийн цалин хөлс, урамшуулалын зардалдаа орон нутгийн салбарынхаа албан хаагчдын орон нутагт ажилласны нэмэгдлийг тооцож тусган төлөвлөх үүргийг төсвийн хуулиар хүлээсэн. Энэ үүрэг бол босоо удирдлага буюу сайдын төсвийн багцад шийдэгдээд явах ёстой. Салбарын төсөвт цалин, бусад урсгал зардал гээд үндсэн төсөв байдаг. Тэр төсөв дотор нь цалин хөлс Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлд зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заачихсан байгаа ба цалин дээр нэмэгдэл олгох асуудал нь үндсэндээ тухайн салбарын байгууллагынх нь ерөнхийлөн захирагчийн өөрийнх нь төсөвлөлт. Орон нутаг гэхээр л тухайн Засаг дарга бүх асуудлыг нь шийдэх юм шиг бүх төсвийг нь тавиад өгчихсөн юм шиг бодоод байх шиг байна. Засгийн газар өөрийнхөө шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулаад байгаа энэ асуудлууд нь төсвийн зарчмыг мөн Төсвийн тухай хуулийн 6.6-д заасан тухайн шатны төсвөөс санхүүжүүлэхийг хуулиар тогтоосон чиг үүргийг зөвхөн тухайн шатны төсвөөс санхүүжилтийг нь хэрэгжүүлэх гэсэн энэ заалттай зөрчилдөөд байгаа ба Улсын төсвийн байгууллагын гээд орон нутгийнхаа нэмэгдлийг улсын төсвийн байгууллагууд дээр нэмж, Засаг даргаасаа орон нутгийн төсвөөсөө зохицуулж тавь гэдэг нь энэ зарчмыг зөрчиж байна. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаачлан ялгаварлан гадуурхлаа гэж үзэж байгаа нь зөв.
Төрийн албан хаагч нар адилхан л ажиллаж, адилхан л цалин хөлс аваад, адилхан ийм арга хэмжээ аваад явж байх нь зөв. Гэхдээ тэр төсөв нь хаанаас гарах вэ гэдэг нь төсвийн хуулиар зохицуулагдсан орон нутгийн төсөв дээр нэмж тавьж байгаа. 2024 оны төсөв дээр тодорхой хэмжээнд шийдээд 1 сар, 2 сар, 3 дугаар сарынх нь нэмэгдлийн зөрүүг өгье гэж Засаг даргын зүгээс санал тавьсан байсан ба иргэдийн Хурлаас гаргасан шийдвэрийг надаар төлөөлүүлсэн юм.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******ын өөрийнх нь хувиараа гаргасан нэхэмжлэлд Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор батлагдсан журамд 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 242, 7 дугаар сарын 5-ны өдрийн *******2 дугаар тогтоолуудаар нэмэлт өөрчлөлт оруулсанаас үүссэн маргаан ба маргааны гол асуудал 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш олгогдох нэмэгдэл гээд байгаа. Гэтэл *******2, 242 дугаар тогтоолын энэ 4 дэх заалтууд legalinfo дээр байгаагаас үзэхэд журам батлах тухай Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журмын 5 дахь заалтад оруулсан нэмэлтийг 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдсүгэй гэсэн байсан ба 2019 оны 382 гэдэг тогтоол байхгүй байгаа, *******2 дугаар тогтоолд ч гэсэн 2019 оны 382 дугаар тогтоол гэж бичигдсэн. Байхгүй тогтоолыг 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсүгэй гэсэн Засгийн газрын тогтоол яваад байгаа уг тогтоолын дагуу орон нутгийн нэмэгдлээ авна гээд байгаа. Энэ эрх зүйн үндэслэл болсон Засгийн газрын байхгүй тогтоолыг үндэслээд байгаа 5 дахь заалт гэдэг чинь үндсэндээ орон нутгийн нэмэгдлийг улсын төсвийг гэж тус тус нэмсүгэй гээд өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын үндэслэл болгоод байгаа улсын төсвийн гэдэг заалт нэмж орж ирсэн бол үүнийгээ дагаж мөрдөх болохоор ийм сонин байдал үүсгэчхээд байгаа.
Уг нь 2018 оны 382 дугаар тогтоол гэж байх шиг байгаа юм. Гэтэл журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолдоо 2019 оны 382 дугаар тогтоолын... гээд гарчихсан байдаг., Эцэст нь хэлэхэд шүүхэд тайлбар гаргаж байгаа 4 үндэслэл бол нэгдүгээрт орон нутгийн нэмэгдлийг төсөвлөж байх үе буюу 2023 онд жилийн төсвийн боловсруулалтын үед Засгийн газрын журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2 тогтоол батлагдаж гараагүй байсан үе. Төсвийн жилийн дундуур ирсэн. Төсөв батлагдаад тухайн жилийнхээ төлөвлөлт хийгдээд явж байгаа. Хоёрдугаарт орон нутгийн эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалд тохируулж иргэдийн Төлөөлөгчдийн хурал нэмж болно гэж журамдаа заачихсан байгаа. Тухайн үедээ өгөх боломжгүй төсвийн хүндрэлтэй байсан үе. Гуравдугаарт Төсвийн тухай хуулийн тухайн шатны төсвөөс тухайн шатнаас нь санхүүжүүлнэ гэсэн заалт байна. Дөрөвдүгээрт нь эрх зүйн хувьд оны зөрчилтэй нэмэлт, өөрчлөлтийг оруулах журам нь. Төсвийн тухай хуулиас давсан тогтоол гарчхаад байгаа. 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1 сар, 2 сар, 3 сарын орон нутгийн нэмэгдлийг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 09 дүгээр сарын 23-ны өдрийн хурлаар өгөхөөр баталсан гэв.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б*******ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаартай тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журмыг баталсан ба журам батлагдсанаас хойш Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 489 дугаартай тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсны дагуу тухайн орон нутагт ажилласны нэмэгдлийг захиргааны албан тушаал эрхэлдэг орон нутгийн захиргааны байгууллагын болон өөрийн захиргааны албан хаагч нарт 80 хүртэл хувиар нэмж олгох асуудлыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болно гэсэн заалтын дагуу манай Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар нь иргэдийн хурлаар төсөвтөө тодотгол хийсний дагуу орон нутгийн төсвийн байгууллагын төрийн захиргааны албан хаагчдын үндсэн цалин, цалингийн 30%, төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн 40%-тай тэнцэх нэмэгдэл олгохоор тусгаж өгсөн байдаг.
2023 онд орон нутгийн төсвөө баталсны дараагаар иргэдийн Хурлын нарийн бичгийн дарга Э.О******* даргын хэлснээр Засгийн газрын 382 дугаар тогтоолоор батлагдсан журмын 5 дахь заалтад Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 242 дугаар тогтоолоор орон нутгийн захиргааны гэсний дараа улсын төсвийн гэж нэмэлт өөрчлөлт орсон. Уг нэмэлт өөрчлөлтийг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн *******2 дугаар тогтоолоор хэрэгжиж эхлэх хугацааг нь 2023 оны 07 сарын 01-ний өдрөөс гэж заасан. Тухайн 382 дугаар тогтоолоор батлагдсан журамд нэмэлт өөрчлөлт орсон нь манай Сэлэнгэ аймаг орон нутгийн төсөвтэй тодотгол хийсний дараагаар уг Засгийн газрын 242 болон *******2 дугаартай тогтоолд нэмэлт өөрчлөлт орсон гээд байдаг. 238 захиргааны албан хаагч нарт 2023 онд орон нутгийн нэмэгдлийг өгөөгүй шалтгаан нь тухайн нэмэлт өөрчлөлт орсон тогтоолуудыг хэрэгжүүлэхэд тухайн үеийн аймгийн төсвийг нэмэгдүүлэх боломжгүй, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байсан бөгөөд аймгийн төсөвт тодотгол хийх хуульд заасан нөхцөл шаардлага үүсээгүй байсан тул улсын төсвөөс санхүүждэг төрийн захиргааны албан хаагч нарт орон нутгийн нэмэгдлийг орон нутгийн төсвөөс олгох боломжгүй байсан юм.
Засгийн газрын 382 дугаартай тогтоолд Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 171 дугаартай тогтоолоор бас нэмэлт өөрчлөлт орсон байдаг ба энэ нэмэлт өөрчлөлтөөр мөн адил орон нутгийн нэмэгдлийг 80 хүртлэх %-аар нэмж олгох асуудлыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж өгч болно гэсэн заалт нь заавал хэрэгжүүлэх үүрэг болгосон заалт биш. Орон нутгийн төсвийнхөө нөхцөл боломжийг харгалзан үзэж орон нутгийнхаа албан хаагч нартаа нэмэгдлийг өгөөрэй л гэсэн заалт болохоос биш орон нутгийн нэмэгдлийг заавал 30%, 40%, 70%, 80%-иар өг гэсэн үүрэг болгосон заалт биш юм. Засгийн газрын 242 болон *******2 дугаартай тогтоолууд нь Төсвийн тухай хуультайгаа зөрчилдөөд байна. Учир нь тухайн 2 журмын нэмэлт өөрчлөлт нь Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.*******-д орон нутгийн төсөв гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны зөвлөлөөс баталсан тухайн шатны төсөвт харьяалагдах ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж хуваарилан зарцуулах төсвийг хэлнэ гэж заасан байгаа. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.36-д мөн адил төсвийн ерөнхийлөн захирагч гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөнө, гаргасан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилна, хяналт тавина, захиран зарцуулна, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг хэлнэ гэж томьёолсон байгаа. Сэлэнгэ аймаг 2022 оноос орлогоо өөрөө төвлөрүүлээд 2022 оноос улсын орон нутгийн төсвөө өөрсдөө бүрдүүлдэг аймаг болсон. Тэгэхээр 2022 оноос хойш улсын төсвөөс ямар ч санхүүжилт авахгүйгээр орон нутгийн төсвөө өөрөө бүрдүүлдэг онцлогтой аймаг байгаад байгаа. Тухайн 242 болон *******2 дугаар тогтоолууд Төсвийн тухай хуультайгаа зөрчилдөөд байна гэсэн тайлбар гаргаж байгаа.
Нэхэмжлэгч нараас 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны орон нутгийн нэмэгдлийг 30%-аар авъя аа гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа ба манай зүгээс нэхэмжлэлийн зарим шаардлага буюу 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх орон нутгийн нэмэгдлийг өгөх боломжгүй, үндэслэл нь Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан төсвийн жил нь тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно гэдэг заалтыг баримталж өмнөх оны нэмэгдлийг олгох боломжгүй харин 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл олгох боломжтой гэж байгаа. 2023 оны төсөвт яалт ч үгүй тодотгол хийх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. 2024 оны төсвийн хувьд аймгийн татварын орлогын 1 дүгээр улирлын нөхцөл байдлыг харгалзан орон нутгийн төсвийн болон улсын төсвийн байгууллагуудын албан хаагчдад 2 дугаар улирлаас буюу энэ 2024 оны 4 сарын 1-ний өдрөөс эхлэн орон нутгийн нэмэгдлийг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд аймгийн төвийн орон нутгийн төсвийн байгууллагуудын албан хаагчдад үндсэн цалингийн 20%-аар, аймгийн төсвөөс цалин авдаг сумдын төрийн албан хаагчдын үндсэн цалин 40%-аар, улсын төсвийн байгууллагаас цалинждаг албан хаагчдад үндсэн цалингийн 30%-тай тэнцэх нэмэгдлийг 4 сарын 1-ний өдрөөс олгоод явж байгаа юм.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ямар ч байсан төрийн захиргааны албан хаагчдад 2024 онд орон нутгийн төсөв, мөн улсын төсвийн байгууллагуудын төрийн захиргааны албан хаагчдад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 142 дугаартай тогтоолоор тэрбум 449 сая төгрөгийг төсөвлөн батлуулаад 2024 оны 10 сар хүртэлх орон нутгийн нэмэгдлийн 30%-ийг олгоод явж байгаа юм. Харин 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртлэх хугацааны орон нутгийн нэмэгдлийг 30%-иар олгохыг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн байр суурьтай байгаа боловч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Э.О******* даргын хэлдгээр яг шүүх журам болон хуульд нийцүүлэн шийдвэрээ гаргана. Энэ журмын өөрчлөлттэй холбогдуулаад Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 242 болон 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн *******2 дугаартай тогтоолуудын аль аль дээр нь дурдагдаад байгаа 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаартай тогтоолыг яах вэ. 242, *******2 гэсэн тогтоолууддаа нэмэлт өөрчлөлт оруулах байсан боловч 2019 оны 12 дугаар сарын 19-ний 382 дугаартай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулаад тухайн өөрчлөлтийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөцгөөе гэсэн ийм тогтоолд өөрчлөлт орсон байна.
Иймд Засгийн газрын 242, *******2 дугаар тогтоолын 4 дэх хэсэг нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч тухайн журмынхаа 4 дэх хэсэгт ийм үг үсгийн алдаа болон оны зөрөөтэй байдал гарсан байгаа учраас Засгийн газрынхаа тогтоолуудад нэмэлт өөрчлөлт оруулсныхаа дараагаар дахин шүүх хурлаар энэ асуудлыг хэлэлцэх нь зүйтэй юм болов уу гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэр бүхий байгууллагуудын 238 захиргааны албан хаагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******аас Сэлэнгэ аймгийн Засаг дарга, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан Засгийн газрын тогтоолын дагуу Төрийн захиргааны албан хаагчдын орон нутгийн нэмэгдэл олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, хууль тогтоомжийн дагуу олгох ёстой нэмэгдлийг нэр бүхий 238 захиргааны албан хаагчдад олгохыг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг дарга нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Монгол Улсын Засгийн газар 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаартай тогтоолын 6 дугаар хавсралтаар Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам-ыг баталж, энэхүү 382 дугаар тогтоолоор батлагдсан журмын 5 дахь заалтад Засгийн газрын 2022 оны 489 дүгээр тогтоолоор Орон нутагт ажилласны нэмэгдлийг захиргааны албан тушаал эрхэлдэг орон нутгийн захиргааны байгууллагын төрийн захиргааны албан хаагчид 80 хүртэл хувиар нэмж олгох асуудлыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болно гэсэн нэмэлт орсон байх ба тухайн заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон байна.
Дээрх журамд Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 242 дугаар тогтоолоор орон нутгийн захиргааны гэсний дараа болон улсын төсвийн гэж, 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 171 дүгээр тогтоолоор ...төрийн захиргааны, үйлчилгээний гэсний дараа болон улс төрийн гэж нэмж, мөн тогтоолын 1 дэх заалтын Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам гэснийг Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам гэж өөрчилж, улмаар Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн *******2 дугаартай тогтоолоор 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан 5 дахь заалтад орсон нэмэлт өөрчлөлтийг цаг хугацааны хувьд 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх-өөр тус тус зохицуулжээ.
Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2018 оны 382 дугаартай Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам-ын 5 дахь заалтад орсон нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх зорилгоор 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 118 дугаар Сэлэнгэ аймгийн 2023 оны тодотгосон төсөв батлах тухай тогтоол гарч аймгийн орлогын биелэлттэй холбоотойгоор сумд, аймгийн төсвөөс санхүүждэг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Орон нутгийн өмчит газар, Санхүүгийн хяналт аудитын албадуудад 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс олгохоор шийдвэрлэж олгосон байна.
Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Сэлэнгэ аймгийн 2024 оны төсөв батлах тухай 142 дугаар тогтоол, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Аймгийн 2024 оны төсвийн сар, улирлын хуваарь батлах тухай ******* дугаар захирамжаар улсын төсвийн байгууллагуудын төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдлийг 2024 оны 04 дүгээр сарын 01-нээс 30 хувиар тооцож олгохоор, мөн аймгийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/461 дүгээр аймгийн 2024 оны тодотгосон төсвийн сар, улирлын хуваарь батлах тухай захирамжаар улсын төсвийн байгууллагуудын төрийн захиргааны албан хаагчдын орон нутгийн нэмэгдэл цалинг олгохоор тус тус шийдвэрлэжээ.
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8-д Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Засаг дарга дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголыг боловсруулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ, 34.2.1-д дээд шатны төсөвт тодотгол хийсний улмаас тухайн шатны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага бий болсон гэж тус тус хуульчилжээ.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга дээд шатны /Засгийн газрын/ төсөвт тодотгол хийсэн үндэслэлээр төсвийн тодотголыг боловсруулж Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төсвийн тодотголыг хэлэлцэж шийдвэрлэн тогтоол гаргаж Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байх ба Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаар Тогтоолын хавсралт өөрчлөн батлах тухай тогтоолын 2 дугаар заалтаар Төрийн албан хаагчдад орон нутагт ажилласны нэмэгдлийг олгоход шаардагдах хөрөнгийг батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлэхийг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгаж шийдвэрлэсэн, түүнчлэн Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 13/62 дугаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах тухай албан тоотод орон нутагт ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдлийг олгохдоо ... хэрэгжилтийг хангаж ажиллана уу гэж дурьдан Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хаяглан явуулж байсан болох нь Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ё дугаар албан тоот, ирсэн бичгийн бүртгэлийн дэвтрээр нотлогдож байна.
Гэтэл Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргаас Засгийн газрын 2018 оны 382 дугаартай тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам-ын 5 дахь Орон нутагт ажилласны нэмэгдлийг захиргааны албан тушаал эрхэлдэг орон нутгийн захиргааны болон улсын төсвийн байгууллагын төрийн захиргааны албан хаагчид 80 хүртэл хувиар нэмж олгох асуудлыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болно гэж заасан заалтыг хэрэгжүүлэхдээ орон нутгийн төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдлийг 30 хувиар олгож, орон нутагт ажиллаж байгаа улсын төсвийн төрийн захиргааны албан хаагчдад 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.12-т Төрийн захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуульд заасан нэмэгдэл хөлс олгоно, Хөдөлмөрийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д Цалин хөлсний хэмжээг тогтооход дараах зарчим баримтална, 102.1.1-д ижил үнэлэмжтэй ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтны цалин хөлсний хэмжээ адил байх, 102.1.4-т хүйсээр болон бусад үндэслэлээр ялгаварлан гадуурхахгүй байх гэж заасан байна.
Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг дарга нь орон нутагт ажилласны 30 хувийн нэмэгдлийг олгохдоо а/ орон нутгийн төрийн захиргааны албан хаагч, б/ улсын төсвийн төрийн захиргааны албан хаагч гэж ялгаварлан нэмэгдлийг ялгамжтайгаар олгосон нь дээрх хуульд заасан зарчимтай нийцээгүй, хууль зөрчсөн гэж дүгнэхээр байна.
Өөрөөр хэлбэл Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор батлагдсан журмын 5 дахь заалтад зааснаар Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутагт ажилласны нэмэгдлийг захиргааны албан тушаал эрхэлдэг орон нутгийн захиргааны болон улсын төсвийн байгууллагын төрийн захиргааны албан хаагчид 80 хүртэл хувиар нэмж олгох асуудлыг тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болно гэх агуулга нь Сэлэнгэ аймгийн орлогын биелэлт төсөвтэй холбоотойгоор нэмэгдэл олгох асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгосон болохоос уг асуудлыг шийдвэрлэхдээ хууль зөрчиж болно гэсэн ойлголт биш юм.
Зүй нь орон нутагт ажилласны 30 хувийн нэмэгдлийг олгохоор бол орон нутгийн захиргааны албан хаагч, улсын төсвийн захиргааны албан хаагч гэж ялгаварлахгүйгээр бүгдэд нь олгох, төсвийн орлого хүрэлцэхгүй санхүүгийн хүндрэлтэй тохиолдолд бүгдэд нь олгохгүй байхаар шийдвэрлэх нь хууль болон шударга ёсны зарчимд нийцэхээр байжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 242 болон мөн оны 07 дугаар сарын 05-ны өдрийн *******2 дугаар тогтоолуудын 4 дэх заалтаар 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолд нэмэлт оруулсан байх боловч энэ бичвэртээ 2019 оны 12 дугаар сарын 19-ний 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журмын 5 дахь заалтад оруулсан нэмэлтийг гэж бичсэнээс үзэхэд энэ нь 2018 оны 382 дугаар тогтоолыг биелүүлэхтэй холбоотой заалт биш, оны хувьд өөрөөр бичигдсэн учир энэ тогтоолыг биелүүлэх боломжгүй гэж үзэж байгаа энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна гэж тайлбарлан маргаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 242 дугаар журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын ТОГТООХ нь хэсгийн 1-д Журам батлах тухай Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам-ын гэж бичигдсэн байх бөгөөд Засгийн газрын 242, *******2 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт ...2019 оны 382 дугаар тогтоолын...гэснээс үзэхэд он нь илэрхий алдаатай бичигдсэн, улмаар Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам-ын нэр нь хэвээр, өөрчлөгдөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын 2018 оны 382 дугаар тогтоолыг биелүүлэхтэй холбоотой заалт биш, оны хувьд өөрөөр бичигдсэн учир энэ тогтоолыг биелүүлэх боломжгүй гэх тайлбар үндэслэлгүй, Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан журмыг биелүүлэхгүй байх шалтгаан нөхцөл тогтоогдсонгүй.
Иймд Сэлэнгэ аймгийн Улсын төсвийн байгууллага болох Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар 33 албан хаагч, Татварын газар-9, Эрүүл мэндийн газар-9, Мал эмнэлгийн газар-25, Стандарт хэмжил зүйн хэлтэс-8, Хүнс, хөдөө аж ахуйн газар-16, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар-41, Улсын бүртгэлийн хэлтэс-36, аймгийн Боловсрол шинжлэх ухааны газар-11, Нийгмийн даатгалын газар-40, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс-3, Эм хэрэгслийн зохицуулалтын газар-1, Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа-6 албан хаагч нар гэх 13 байгууллагын 238 захиргааны албан хаагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, захиргааны албан хаагч нарын 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 01-нийг өдрийг хүртэлх хугацааны орон нутагт ажилласны нэмэгдлийн зөрүүг /байгууллагуудын нягтлан бодогч нараас хугацаа, зөрүү тооцсон тооцоолол/ нэхэмжлэгч нарт олгохыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1, 102.1.4, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам-ын 5 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэр бүхий 13 байгууллагын 238 захиргааны албан хаагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч нарын улсын төсвийн төрийн захиргааны албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн төрийн захиргааны албан хаагч нарт орон нутагт ажилласны нэмэгдлийн зөрүүг тооцож, 5,517,100 төгрөг, 4,559,200 төгрөг, л 2,613,600 төгрөг, нарт тус тус 4,144,800 төгрөг, нарт тус тус 3,768,000 төгрөг, нарт тус тус 3,454,000 төгрөг, 1,804,000 төгрөг, 1,320,000 төгрөг, 2,134,000 төгрөг, нарт тус тус 3,454,000 төгрөг, 3,124,000 төгрөг, 1,650,000 төгрөг, нарт тус тус 4,144,800 төгрөг, нарт тус тус 3,532,636 төгрөг, 5,517,100 төгрөг, г 2,134,000 төгрөг, 4,559,200 төгрөг, 3,755,800 төгрөг, 4,094,600 төгрөг, 484,000 төгрөг, 2,134,000 төгрөг, 5,517,100 төгрөг, нарт тус бүр 4,144,800 төгрөг, 4,559,200 төгрөг, 4,078,800 төгрөг, 1,320,000 төгрөг, нарт тус тус 4,144,800 төгрөг, 2,560,800 төгрөг, 3,550,800 төгрөг, 4,048,000 төгрөг, 3,454,000 төгрөг, нарт тус бүр 4,144,800 төгрөг, 3,078,800 төгрөг, 4,559,200 төгрөг, 990,000 төгрөг, 5,517,000 төгрөг, 4,078,800 төгрөг, нарт тус тус 3,454,000 төгрөг, 2,134,000 төгрөг, нарт тус тус 4,144,800 төгрөг, 5,517,100 төгрөг, 3,912,000 төгрөг, 4,144,800 төгрөг, 3,454,000 төгрөг, 3,768,000 төгрөг, 2,134,000 төгрөг, 4,070,400 төгрөг, 2,970,000 төгрөг, 4,559,200 төгрөг, 4,144,800 төгрөг, 3,454,000 төгрөг, 4,559,200 төгрөг, 3,768,000 төгрөг, 4,559,200 төгрөг, 4,144,800 төгрөг, 4,559,200 төгрөг, нарт тус тус 3,454,000 төгрөг, 1,144,000 төгрөг, 3,768,000 төгрөг, нарт тус бүр 3,454,000 төгрөг, 2,464,000 төгрөг, нарт тус тус 3,454,000 төгрөг, 3,768,000 төгрөг, 2,134,000 төгрөг, нарт тус тус 3,454,000 төгрөгийг, нарт тус тус 2,794,000 төгрөг 638,800 төгрөг, нарт тус бүр 3,768,000 төгрөг, 5,517,100 төгрөг, 4,559,200 төгрөг, нарт тус тус 4,144,800 төгрөгийг, 5,488,400 төгрөг, нарт тус тус 5,087,500 төгрөг, нарт тус тус 4,625,100 төгрөг, 1,385,100 төгрөг, 2,430,000 төгрөг, 4,559,200 төгрөг, нарт тус тус 4,144,800 төгрөг, 2,595,000 төгрөг, 3,768,000 төгрөг, 3,876,600 төгрөг, 3,403,100 төгрөг, нарт тус бүр 3,768,000 төгрөг, 4,048,000 төгрөг, нарт тус тус 4,144,800 төгрөг, 2,784,000 төгрөг, 3,876,600 төгрөг, 3,768,000 төгрөг, 1,968,000 төгрөг, 1,800,000 төгрөг, 2,328,000 төгрөг, нарт тус тус 4,144,800 төгрөг, 4,559,200 төгрөг, 2,076,600 төгрөг, 2,376,000 төгрөг, 3,820,800 төгрөг, 5,516,980 төгрөг, нарт тус тус 605,000 төгрөг, 660,000 төгрөг, 878,500 төгрөгийг тус тус нөхөж олгохыг хариуцагч Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөгийг тэнцүү хэмжээгээр хуваан 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНТУЯА