Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 0025

 

Б.Т-гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                            Танхимын тэргүүн М.Батсуурь,                                  

Шүүгчид:                               Х.Батсүрэн,

                                              Д.Мөнхтуяа,

                                              Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:                     Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:    Д.Мөнхцэцэг.

Нэхэмжлэлийн шаардлага: “УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн Эрх зүйн шинжээчийн албанд реферэнтээр томилуулах, ажилд орохоор өргөдөл гаргасан 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажилд томилогдох хүртэлх хугацааны цалинг нэг сарын 821,779 төгрөгөөр тооцож гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, УИХ-ын Тамгын газар миний гаргасан өргөдлийг хуульд заасан 30 хоногийн хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус эсэхийг тогтоолгох, Төрийн албаны зөвлөлөөс 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1184 тоот албан бичгээр Б.Т намайг ажилд нь эргүүлэн авахыг даалгасан бөгөөд дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийг биелүүлэхийг УИХ-ын Тамгын газарт даалгуулах”,  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0577 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2018/0623 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Б.Т, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Б нар.

Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0577 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 23 дугаар зүйлийн 23.3.2, 23.5, 28 дугаар зүйлийн 28.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т заасныг баримтлан Б.Т-гийн нэхэмжлэлтэй УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад холбогдуулан гаргаснаар “УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн Эрх зүйн шинжээчийн албанд референтээр томилуулах, ажилд орохоор өргөдөл гаргасан 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажилд томилогдох хүртэлх хугацааны цалинг нэг сарын 821,779 төгрөгөөр тооцож гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, УИХ-ын Тамгын газар миний гаргасан өргөдлийг хуульд заасан 30 хоногийн хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус эсэхийг тогтоолгох, Төрийн албаны зөвлөлөөс 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1184 тоот албан бичгээр Б.Т намайг ажилд нь эргүүлэн авахыг даалгасан бөгөөд дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийг биелүүлэхийг УИХ-ын Тамгын газарт даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2018/0623 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0577 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Т-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгчээс: Б.Т би Нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны хуралдаанд Б.Т-гийн нэхэмжлэлтэй Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн Эрх зүйн шинжилгээний албанд референтээр томилуулах, ажилд орохоор өргөдөл гаргасан 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажилд томилогдох хүртэлх хугацааны цалинг нэг сарын 821,779 төгрөгөөр тооцож гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, Улсын Их Хурлын Тамгын газар Б.Т-гийн гаргасан өргөдлийг хуульд заасан 30 хоногийн хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус эсэхийг тогтоолгох, Төрийн албаны зөвлөлөөс 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1184 тоот албан бичгээр Б.Т намайг ажилд нь эргүүлэн авахыг даалгасан бөгөөд дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийг биелүүлэхийг Улсын Их Хурлын Тамгын газарт даалгуулах тухай маргаантай захиргааны хэрэгт нэхэмжлэгчээр оролцсон.

4. Тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2018/0623 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Шүүгчдийн дүгнэлтийн 1-д: Нэхэмжлэгч нь зохих хууль тогтоомжоор төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэлд байгаа бөгөөд төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам батлах тухай Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолын 4.2-т зааснаар энэхүү бүртгэл хүчин төгөлдөр байх хугацааг төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хязгаарлахгүй гэсэн заалтыг баримтална хэмээн үзсэн байна.

5. Төрийн албаны тухай 2002 оны хуулийн 23 дугаар зүйлд сургалтанд хамрагдсан хүнийг нөөцөд авах талаар заасан байгаа боловч энэхүү нөөцтэй холбоотой асуудлыг цаашид хэрхэн шийдэх талаар нарийвчлан заагаагүй. Харин Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолын дээрх заалт нь зөвхөн нөөцөд байх хугацааны үргэлжлэх боломжит хугацааг заасан болохоос тодорхой гэрээний дагуу амжилттай сурч төгсөөд ирсний дараа ажилтныг нөөцөд авах эсэх талаар зохицуулсан заалт биш юм. Тиймээс хууль, эрх зүйн актын дагуу сурч боловсрох хугацаандаа нөөцөд байгаагаар тооцогдож байсан иргэнийг эргэн ирж, ажилдаа орохоор хүсэлт гаргасан хойно нь ажилдаа эргэн орох тухай заасан гэрээний заалт байсаар байхад нөөцөд байгаагаар тооцох тухай шийдвэр гаргах нь хууль бус болох нь тогтоолын заалтаас тодорхой харагдаж байна.

6. Ийнхүү дүгнэлт хийхдээ Б.Т миний нэхэмжлэл гаргах үндэслэл болсон Австрали-Монголын Засгийн газар хоорондын гэрээ, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газар - Улсын Их Хурлын Тамгын газар - Б.Т нарын хооронд байгуулсан гурвалсан гэрээ, Улсын Их Хурлын Тамгын газар - Б.Т нарын хооронд байгуулсан гэрээнүүд, болон тэдгээрт тусгагдсан ажил олгогч нь тэтгэлэг хүртэгчийг ажилд нь эргүүлэн авах тухай заалтыг авч үзэлгүй орхисон нь шүүгчийн зүгээс хэрэгт авагдсан нотлох баримтыг огт үнэлж үзэлгүй зөвхөн нэг талыг барьсан шийдвэр гаргахыг урьтал болгосон байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна.

7. Тухайлбал: 2 улсын Засгийн газар хоорондын гэрээний “Нийлүүлэгдэх бараа, ажил үйлчилгээ” 8 дугаар зүйлийн “Монгол Улсын Засгийн газар” гэсэн хэсгийн Д: “Монгол Улсын Засгийн газар дараах үүргийг хүлээнэ” гэсэн заалтын III гэсэн дэд заалтад “Хөтөлбөрт хамрагдан суралцаж төгссөн оюутнуудыг Монгол Улсад эргэн ирэхэд Хөтөлбөрийн хүрээнд олж авсан эрдэм, мэдлэгээ ашиглах боломжит ажлын байраар хангах, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Б.Т нарын 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 3 талт гэрээний “1-р ангиллын түнш байгууллагын үүрэг, хариуцлага” гэсэн 4 дүгээр зүйлийн 4.5, 4.6, 4.8 дахь хэсгүүдэд зааснаар төгсөгчийг буцаан байршуулах төлөвлөгөөг хэрэгжүүлж, ажиллах орчныг бүрдүүлэх, Улсын Их Хурлын Тамгын газар, Б.Т нарын хооронд 2015 оны 6 дугаар 03-ны өдрийн 1 дүгээрт “Гадаад улсад суралцагчтай хийх гэрээ”-ний “Улсын Их Хурлын Тамгын газрын эрх, үүрэг гэсэн 2.1 дэх хэсгийн 2.1.2 дахь заалтад Тамгын газрын захиалгаар суралцаж буй ажилтны ажлын байрыг хадгална”, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2015 оны 385 тоот захирамжийн “Сургалтын дэмжлэг үзүүлэх гэрээ” гэсэн хавсралтын 2.2.2-т “байгууллагын дэмжлэгтэйгээр хоёрдогч мэргэжил эзэмшиж, магистрантур, докторантурт суралцаж бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалсан ажилтан 4-өөс доошгүй жил үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллах, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 423 дугаар захирамжийн 1-р хавсралтын Улсын Их Хурлын Тамгын газрын эрх, үүрэг гэсэн 2.1 дэх хэсгийн 2.1.2-т “Тамгын газрын захиалгаар суралцаж буй ажилтны ажлын байрыг хадгална” гэсэн заалтуудаас харахад Улсын Их Хурлын Тамгын газар нь намайг төгсөж ирсний дараа буцаан ажилд нь авах үүрэгтэй байсан боловч ийнхүү гэрээний үүргийг биелүүлэхгүй зөрсөн үйлдэл нь миний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж байна.

8. Шүүгчдийн шийдвэрийн дараагийн хэсэгт: “Нэхэмжлэгч нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ажилдаа эргэж орох хүсэлтээ гаргасан боловч Улсын Их Хурлын Тамгын газрын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 174/1760 дугаар албан бичгээр түүнийг “сул орон тоо гарсан тохиолдолд ажлын байраар хангах” талаар мэдэгдсэн тул хариуцагчийн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна” гэжээ.

9. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4.1.5 дахь заалтад: “өргөдөл гомдлыг шийдвэрлэх” гэж өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг бүх талаас нь судлан үзэж түүний дагуу хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээ авсныг мэдэгдэж, энэ хуульд заасан хугацаанд багтаан хариу өгөхийг” хэлнэ хэмээн тодорхой заасан байна. Энэ заалтаас харвал өргөдөл гомдлыг тодорхой хугацааны дотор буюу тус хуулийн 16.1-д заасан 30 хоногийн хугацаанд Улсын Их Хурлын Тамгын газар хариу өгөөгүй хууль зөрчсөн үйлдэл гаргасаар байхад нь намайг анх өргөдөл өгснөөс хойш 3 сарын дараа өгсөн хариуг хууль ёсны гэж үзсэн анхан шатны болон давж заалдах шатны шүүгч нар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж үзэж байна.

10. Хуульд заасан хугацаа нь тодорхой үр дагавар үүсгэдэг тул шүүгч нар аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхдээ уг хугацааг зайлшгүй харгалзан үзэх үүрэгтэй. Тухайлбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан давж заалдах шатны болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах хугацааг 14 хоног гэж нарийвчлан заагаад, хэрэв энэ хугацааг хэтрүүлсэн бол жирийн иргэд бид зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд гомдол гаргах эрхээ алддаг. Гэтэл хууль тогтоомжид тусгайлан төрийн байгууллага, албан тушаалтныг иргэдээс гаргасан өргөдөл, гомдолд нь 30 хоногийн дотор хариу өгөхийг үүрэг болгож, ийнхүү 30 хоногийнх нь дотор хариу өгөөгүй бол тухайн хариуг хууль бус гэж үзнэ хэмээн тусгайлан заасаар байхад шударга ёсыг тогтоох, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх үүрэг хүлээсэн шүүгч нар энэхүү үүргээ умартан эрх бүхий албан тушаалтны эрх ашигт нийцсэн шийдвэр гаргасан байна гэж үзэж байна. Цаг хугацааны хувьд Улсын Их Хурлын Тамгын газраас надад өгсөн хариу нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр буюу хуульд заасан хугацаанаас 1,5 дахин хэтэрсэн төдийгүй, нэхэмжлэгч миний бие тэдний энэхүү хууль бус үйлдлийн талаар төрийн захиргааны дээд байгууллага болон Төрийн албан зөвлөлд өргөдөл гаргасны дараа ёс төдий хариу өгсөн болж харагдах гэсэн дүр үзүүлсэн үйлдэл болсон явдлыг шүүгч өөрийн үүргээ умартан, хууль ёсыг уландаа гишгэх замаар хаацайлан хамгаалж байгаа нь харагдаж байна.

11. Мөн тайлбарт нэхэмжлэгчийн эргэн орохоор нэр заан маргалдаж буй албан тушаалд томилогдсон Б.Х-г томилох ажиллагаа 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн явагдсаар байж байгаад нэхэмжлэгчийн ажилдаа эргэн орохоор өргөдөл гаргасан өдөртэй давхцан Б.Х нь уг албан тушаалд томилогдсон явдал нь хууль бус биш” гэж үзсэн байна.

12. Юуны өмнө төрийн алба тогтвортой байх ёстой гэсэн хуулийн үндсэн үзэл баримтлал байдаг бөгөөд аливаа нэг байгууллагын, тухайлбал, Улсын Их Хурлын Тамгын газар өөрийн ажилтнуудын шилжилт, хөдөлгөөний талаар тогтмол мэдээлэл, судалгаатай байх ёстой. Жишээ нь Улсын Их Хурлын Тамгын газрын хүний нөөцийн дарга, ажилтнууд нь миний бие сургалтаа дуусгаад буцаж ирэх хугацааг мэдэж байх ёстой бөгөөд урьдчилан энэ талаар зохицуулалт хийсэн байх үүрэгтэй хүмүүс. Монгол Улсад сүүлийн үед тогтмолжоод байгаад сөрөг жишиг болох сонгууль бүрийн дараа удирдлага солигдохоор ажилтнуудын тогтвортой байдал алдагддаг нийтлэг жишиг байгааг харгалзан үзлээ гэхэд миний бие ажилдаа эргэн орох сонирхолтой байгаагаа 2017 оны 6 сарын 21-ний өдөр явуулсан өргөдөлдөө дурдсаар байхад тус албан тушаалд өөр хүн томилуулахаар шат дараалсан арга хэмжээ авсан явдал нь өөрөө хууль бус, ёс суртахуунгүй үйлдэл юм. 2017 оны 6 дугаар сарын 21-ний ажилдаа эргэн орох хүсэлтэй гэсэн агуулга бүхий энэхүү өргөдөл болон энэ өргөдлийг хүлээн авсан бүртгэлийг нотлох баримт болгон шүүхэд өгсөөр байхад түүнийг шүүгч зохих ёсоор үнэлээгүй байна.

13. Дээр нь уг албан тушаалд ажиллах хүнийг мерит зарчмаар ажиллуулах талаар Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд төрийн албан хаагчийн ёс зүй гаргасан бол мэдээж би л энэ албан тушаалд ажиллах хамгийн тохирсон хүн байх байсан. Улсын Их Хурлын Тамгын газрын өөрсдийнх нь гаргаж өгсөн уг албан тушаалын тодорхойлолтоос харвал тус албан тушаалд хуульч хүн ажиллах ёстой гэсэн байсан боловч одоо ажиллаж байгаа Б.Х гэгч нь IT-ийн ажилтнаар голлон ажиллаж байсан, дээр нь уг албан тушаалын талаар туршлага байхгүй хүн болохыг Улсын Их Хурлын Тамгын газраас ирүүлсэн баримт бичгээс харж болно. Түүнчлэн зөвхөн гуравдагч этгээдийнхээ хувьд эрх нь зөрчигдөж байгаа, “хуульч” мэргэжил эзэмшсэн гээд байгаа, шүүх хуралдаанд хүртэл өөрөө өөрийнхөө эрхийг хангах чадваргүй, өөрийн нэрийн өмнөөс өмгөөлөгч оролцуулдаг хүн Монгол Улсын хэмжээнд дагаж мөрдөж буй хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг батлан гаргадаг субьектэд лавлагаа, туслалцаа үзүүлэх энэ өндөр үүрэг хариуцлагыг хэрхэн биелүүлэх бол, ийм чадваргүй хүний гаргасан лавлагаа, туслалцаа, бусад үр дүнг хэрэглэсэн хууль тогтоогч нар ямар хэмжээний чанартай хууль батлах бол гэдэг нь өөрөө ноцтой асуудал юм. Төрийн албаны тухай хуулийн гол үзэл баримтлал бол төрийн албанд ажиллагсдын мэргэшсэн, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн байдгийг Захиргааны шүүхийн шүүгчид ойлгоогүй байгааг харахад харамсалтай байна.

14. Миний бие энэ маргааныг анх үүсгэхдээ 4 үндсэн шаардлага тавьсны нэг нь Төрийн албаны зөвлөлөөс 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1184 тоот албан бичгээр Б.Т намайг ажилд нь эргүүлэн авахыг даалгасан бөгөөд дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийг биелүүлэхийг Улсын Их Хурлын Тамгын газарт даалгуулах тухай асуудал байсан бөгөөд давж заалдах шатны шүүгчид энэхүү хэрэг маргааныг авч хэлэлцэх үедээ энэ асуудалтай холбогдуулан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүйгээр зүгээр л дуугүй өнгөрөөсөн байгаа явдлыг миний бие дээрх шүүгчид нэг талыг барьсан шийдвэр гаргахын тулд зориуд авч үзэлгүй үлдээсэн явдал боллоо гэж үзэж байна.

15. Үүнтэй нэгэн адил 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс томилогдох хүртэлх хугацааны үндсэн цалинг тооцож гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай асуудлыг орхигдуулсан байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123.2.1 дахь заалтад заасанчлан давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, заримыг нь огт үнэлэхгүй орхисон, мөн хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр мөн хуулийн 127.2.4 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

16. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

17. Нэхэмжлэгч Б.Т нь “УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн Эрх зүйн шинжээчийн албанд реферэнтээр томилуулах, ажилд орохоор өргөдөл гаргасан 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажилд томилогдох хүртэлх хугацааны цалинг нэг сарын 821,779 төгрөгөөр тооцож гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, УИХ-ын Тамгын газар миний гаргасан өргөдлийг хуульд заасан 30 хоногийн хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус эсэхийг тогтоолгох, Төрийн албаны зөвлөлөөс 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1184 тоот албан бичгээр Б.Т намайг ажилд нь эргүүлэн авахыг даалгасан бөгөөд дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийг биелүүлэхийг УИХ-ын Тамгын газарт даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ.

18. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, маргаанд хэрэглэгдэх Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь дараах үндэслэлүүдээр хуульд нийцсэн байна.

19. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 424 дүгээр захирамжаар ...Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2, 30 дугаар зүйлийн 30.1, ...-д заасныг үндэслэн Б.Т-г “Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан магистрантурт ...2 жилийн хугацаагаар суралцах болсон” гэсэн үндэслэлээр Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Экспертийн албаны референтийн үүрэгт ажлаас түр чөлөөлж, түүнд албан тушаалын 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж олгожээ.

20. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлнө: ...23.3.2-т “гурван сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон, ...23.5-д “Энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, ...төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно” гэж тус тус зааснаар төрийн албан хаагч гурван сараас дээш хугацаагаар ямар нэгэн сургалтад хамрагдах бол түүнийг төрийн албанаас түр чөлөөлөхөөр, ийнхүү чөлөөлөгдсөн тохиолдолд төрийн албаны нөөцөд байгаад тооцохоор хуульчилсан байна.

21. Нэхэмжлэгч Б.Т-гийн хувьд, түүнийг дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн захиргааны акт /2015 оны 424 дүгээр захирамж/-тай маргаагүй бөгөөд тэрээр 3 сараас дээш хугацааны сургалтад буюу Австрали улсын Их сургуульд 2 жилийн хугацаатай магистрын сургалтад суралцахаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөн тул түүнийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцох учиртай. Харин нэхэмжлэгч сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4-д заасныг үндэслэн нөөцөөс нэр дэвшин томилогдох боломжтой, түүнээс өөрөөр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь шууд томилох үүргийг хариуцагч захиргааны байгууллага хуулиар хүлээгээгүй учир нэхэмжлэгч Б.Т-гийн “УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн Эрх зүйн шинжээчийн албанд реферэнтээр томилуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

22. Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон”, 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж тус тус зааснаар төрийн албанаас үндэслэлгүйгээр халагдаж, ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоогдсон ажилтанд, түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор хуульчилсан. Иймээс нэхэмжлэгч Б.Т-гийн “ажилд орохоор өргөдөл гаргасан өдрөөс эхлэн, ажилд томилогдох хүртэлх хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэл нь үндэслэлгүй талаар 2 шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.

23. Нэхэмжлэгч Б.Т-гаас ажилдаа эргэн орохыг хүсч, УИХ-ын Тамгын газарт 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр өргөдөл гаргасанд тус газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгоос 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 14/1760 тоот албан бичгээр хариу өгсөнийг “...хуульд заасан 30 хоногийн хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан” гэж нэхэмжлэгч маргажээ.

24. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-т “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ”..., 17 дугаар зүйлд “Өргөдөл, гомдол гаргагч өргөдөл, гомдлын талаархи шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргах эрхтэй. Гомдлыг ...эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж тус тус зааснаас үзвэл захиргааны байгууллага, албан тушаалтан иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг 30 хоногт багтаан шийдвэрлэх үүрэгтэйг, мөн энэ хугацаанд шийдвэрлээгүй болон өргөдөл, гомдлын талаархи шийдвэрийг зөвшөөрөхгүй бол зохих чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гомдол гаргаж болохыг хуульчилсан. Гэтэл нэхэмжлэгч Б.Т нь хуульд заасан журмын дагуу гомдлоо гаргаагүй атлаа шүүхэд “...гаргасан өргөдлийг хуульд заасан 30 хоногийн хугацаанд шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус эсэхийг тогтоолгох” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй нь үндэслэлгүй юм. 

25. Түүнчлэн, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5-д “Төрийн жинхэнэ албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй” гэж заасан бөгөөд Төрийн албаны зөвлөл нь ийнхүү шийдвэрлэхдээ хуралдаанаар асуудлыг хэлэлцүүлж албан ёсны шийдвэр гаргах хуулийн зохицуулалттай. Нэхэмжлөгч Б.Т-гийн Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдолд тус зөвлөлөөс “...УИХ-ын Тамгын газраас Б.Ттай байгуулсан 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай гэрээний 2-ын 2.1.2-т тамгын газрын захиалгаар суралцаж буй ажилтны ажлын байрыг хадгална гэж заасан тул Б.Т-г ажлын байраар хангана уу. ...” гэсэн агуулга бүхий албан бичиг /2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1184 тоот/-ийг Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд хүргүүлжээ. Төрийн албаны зөвлөлийн гаргасан энэхүү 1184 тоот албан бичгийг нэхэмжлэгчийг ажилд томилсон шийдвэр гэж үзэх үндэслэлгүй, тус зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2, 23.5, 17 дугаар зүйлийн 17.1, 17.4-д заасан хуулийн зохицуулалтын хүрээнд гомдлыг шийдвэрлээгүй учир нэхэмжлэгчийн уг албан бичгийг биелүүлэхийг даалгуулахаар гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй талаар шүүхүүд хуульд нийцсэн дүгнэлт хийсэн байна.

26. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0577 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2018/0623 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.   

       

         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             М.БАТСУУРЬ

                                      ШҮҮГЧ                                                                     Б.МӨНХТУЯА