Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2016/00727

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө Скайтел плазад байрлах, Скайтел хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын …. дугаар багийн ….. дүгээр гудамжны ...... тоотод оршин суух, .......................дугаар регистртэй, Т  овогт Т-ын Э холбогдох

Smart tab-ын төлбөрийн үлдэгдэл 99.000 төгрөг, нотариатын зардал 7.000 төгрөг, нийт 106.000 /нэг зуун зургаан мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч155/2016/00810/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Скайтел хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Д.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Э  2012 оны 12 сарын 11-ний өдөр манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар, Скайтел хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хооронд байгуулагдсан гэрээнд хамрагдан 399.000 төгрөгний үнэтэй Smart-tab авч төлбөр 399.000 төгрөгийг 6 сар хуваан төлөхөөр тохирсон. Т.Э  нь хүлээсэн үүргээ үл биелүүлэн төлбөрийн үлдэгдэл 99.000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байна. Т.Э т төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Т.Э аас төлбөрийн үлдэгдэл 99.000 төгрөг, нотариатын зардал 7.000 төгрөг, нийт 106.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Э  шүүхэд гаргасан тайлбартаа: Скайтел хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилж байгаа төлбөрийн үлдэгдэл 99.000 төгрөг, нотариатын зардал 7.000 төгрөг, нийт 106.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Скайтел хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Т.Э т холбогдуулан Smart tab-ын төлбөрийн үлдэгдэл 99.000 төгрөг, нотариатын зардал 7.000 төгрөг, нийт 106.000 /нэг зуун зургаан мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Э  нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.550 төгрөгийн тал хувь болох 2.275 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.Э аас улсын тэмдэгтийн хураамж 2.275 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Скайтел хязгаарлагдмал хариуцлагатай компаниас Smart tab-ын төлбөрийн үлдэгдэл 99.000 төгрөг, нотариатын зардал 7.000 төгрөг, нийт 106.000 /нэг зуун зургаан мянга/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч Т.Э  хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 201оны 6 дугаар сарын 13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгөөс 2.275 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.Э аас улсын тэмдэгтийн хураамж 2.275 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА