| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 160/2018/0019/Э |
| Дугаар | 28 |
| Огноо | 2018-01-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.2.2., |
| Улсын яллагч | Ш.Н |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөлгөөнөөр хөтлүүлж
Улсын яллагч: Ш.Наранчимэг
Хохирогч: Ч.Ц
Хохирогчийн өмгөөлөгч: М.Алтанчимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Алтантуяа
Шүүгдэгч: М.П нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн М-ийн П т холбогдох 1712002620076 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: М.П
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч М.П нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 17 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,,,-р багийн нутагт байрлах ,,, байрны,,,, тоотод байх "Б” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт иргэн Ч.Ц т хүч хэрэглэн түүний 460.000 төгрөгний үнэ бүхий Самсунг Жи-5 маркийн гар утас, 4.277.000 төгрөгийг тус тус дээрэмдсэн, дээрмийн гэмт хэргээ хялбарчлах зорилгоор иргэн Ч.Ц ын толгой хэсэгт гурилын элдүүр модоор цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Ч.Ц шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 11 сарын 27-ны өдөр ачаалал ихтэй байсан учраас үүд дуугарахаар нь нэг үйлчлүүлэгч орж ирж байгаа юм байна гэж бодоод эргээд харах гэтэл дээрээс тас гээд л явсан. Тэгээд гэрлийн шил унаад ирж байгаа юм байхдаа гэж бодоод дахиад дээшээ харах гэтэл тас тас гээд хоёр нүднээс гал бутраад явчихсан. Толгойноос бүлээн цус гараад мэдрэгдээд байхаар нь хоёр гараараа өөрийн мэдэлгүй дарсан. Намайг хүн орж ирээд цохиж байна гэж огт бодоогүй. Хүнд алуулж байгаа юм байна гэж тухайн үед ойлгосон. Тэгээд араас миний амыг бээлийтэй гараар барьсан. Гараар бариад байхаар нь ямар байсан нэг хүн байгаа юм байна гэж бодсон. Тухайн үед би намайг цохисон, миний амыг дарсан хүнд чи ээжтэй биз дээ над шиг эмээтэй хүн байлгүй намайг алж яахав, авах ёстой юм байгаа бол аваад гар гэж хэлсэн чинь ам барьж байснаа шууд тавиад карманаасаа уут гаргаж ирээд мөнгөө хий гэж хэлсэн. Би ч өөрийн чадлаараа тэр уут руу нь мөнгөө хийсэн. Намайг цаашаа бай гэж хэлэхээр нь хойшоо болоход үлдэн мөнгийг хамж аваад, миний утсыг аваад гараад явсан. Тухайн үед болсон асуудал гэвэл ийм л зүйл болсон. Би 16 ач зээтэй, миний том ач шиг хүүхэд юм байна. Би энэ хүүхдийн царай зүсийг урд нь харж байгаагүй. Одоо л харж байна. Өөрөө ийм залуухан сайхан ээжтэй, эхнэртэй, хоёр эмээтэй хүн байж яагаад намайг зодсон юм бэ. Намайг дээрэмдэж, надаас мөнгө авч болно. Намайг ор руу минь унагаачихаад, дээрэмдээд гарсан бол би энэ хүүхдэд юм санахгүй. Эмээ шигээ хүнийг ганжин хугартал нүдсэнд нь аймаар гомдолтой байна. Хэрвээ би ухаан алдаад цус алдсан бол дараагийн хүн орж ирэхээс өмнө нас барах байсан байх. Намайг харгис хэрцгийгээр зодсонд нь би маш их гомдолтой байна. Ийм жаахан хүүхэд байж яаж хүнийг тэгж хэрцгийгээр зодож чаддаг байна аа. Би маш их гомдолтой байна. Нохойны гөлөгийг хүртэл гудамжинд явж байхад хөлөөрөө өшиглөж шиддэггүй, өөрөөс зайлуулаад, холдуулаад хажуугаар нь гараад явдаг биз дээ. Хүнлэг сэтгэлгүй намайг харгис хэрцгийгээр зодсон, биеэрээ би маш их хохирсон, сэтгэл санаагаар хохирсон. Миний биеийн байдал их муудсан. Тухайн үед түргэн дуудаж, аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн. Түргэнээр ирсэн эмч цус тогтоох боломжгүй байна хурдан авч явах хэрэгтэй гээд нэгдсэн эмнэлэг дээр ирсэн. Эмнэлэг дээр дотор талд нь 5-6 оёо хийж, дахиад гадна талаар нь 5-6 оёо тавиад хөдөлгөөнгүй хэвтүүлсэн. Шарх нь их гүн харагдаад байна, нээлт хийж хагална гээд тархины хагалгаанд орох талаар эмч нар зөвлөлдсөн. Тэгээд Өлзийсайхан эмч нь ирж миний биеийг үзсэнээ хаван хавдарыг нь буулгаж байгаад хагалгаанд оруулах эсэхээ шийднэ, хагалгаа хийхээр болвол хотоос баг дуудаж хагалгаа хийнэ гэж хэлсэн. Нэгдсэн эмнэлэг дээр анхан шатны бүх арга хэмжээг авсан. Надад 4 хоног эмчилгээ хийлгээд Улаанбаатар хот руу түргэний тэргээр авч яваад гэмтлийн эмнэлэгт хэвтүүлэх гэсэн нэг өрөөндөө 8 хүнтэй 8 сахиуртай байхаар нь манай гэрийнхэн хөгшин хүн хэцүү юм байна гээд хажууд нь байх Мөнгөн гүүр хувийн эмнэлэгт 14 хоног эмчилгээ хийлгэсэн. Тэндээ маш сайн эмчилгээ хийлгэж, биеийн байдал дээрдсэн. Тэгээд эмнэлгээс гарч 7 хоног эмчилгээ хийлгэсэн. Одоо бол биеийн байдал сайнгүй, гадуур дотуур явж чадахаа байсан, биеийн зовиур маш их болсон. Миний зүгээс цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ гэж бодож байна гэжээ.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Ч.Ц ын өгсөн: ...Би Архангай аймгийн төвд Б нэртэй ломбард ажиллуулдаг юм. 2017 оны 11 сарын 27-ны өдөр 16 цаг 30 минутын орчим ажил дээрээ өрөөндөө сууж байтал гаднаас нэг хүн орж ирэх шиг болсон. Тэгсэн удалгүй миний толгой руу хүчтэй цохисон. Тэгэхээр нь дээрээс юм унасан юм болов уу гэсэн чинь дахин толгой руу тас хийтэл хүчтэй 3-4 удаа цохьсон. Тэгсэн миний толгойноос цус маш их гарсан. Би толгойгоо бариад суусан чинь нөгөө залуу үүдэн дээр байсан хаалтыг авч шидээд миний амыг гараараа барьж дарсан. Тэгэхээр нь би чи намайг алах нь уу, хэрэгтэй юм байвал ав гэсэн чинь намайг тавиад 100 төгрөгийн гялгар уут гаргаж ирээд онгойлгосон. Тэгэхээр нь би ширээний шургуулганд байсан мөнгөө гаргаж ирээд тэр уут руу нь хийсэн. Тэгсэн тэр залуу намайг цаашаа бай гээд шургуулганд байсан мөнгийг бүгдийг нь авч уутлаад ширээн дээр байсан миний ж-5 маркийн хар өнгийн утсыг аваад гарч явсан. Тэгээд би цонхоор хүн дуудах гэсэн чинь хүн байхгүй байсан. Гэрэлмаа эгч гадаа явж байхаар нь дуудсан чинь надаас айгаад явсан. Тэгээд 15 минут орчмын дараа багийн дарга байсан Эрдэнэтунгалаг орж ирээд цагдаа дуудаж өгсөн. Тэр залуу өндөр туранхай, онигор нүдтэй, ноосон малгай дарж өмссөн, нүүрэндээ цагаан өнгийн маск зүүсэн, бие барьсан цайвар өнгийн куртик, даавуун гэмээр бээлий өмссөн байсан. Намайг цаашаа бай гэж хэлэхэд нийтлэг хоолойтой хүн байсан. Миний толгой хагарсан. Би өөрийн алдсан мөнгөө баримтаар нь шахаж үзэхэд 4.500.000 /дөрвөн сая таван зуун / төгрөг алдагдсан байсан. Миний алдсан мөнгөний баримт бүгд надад байгаа учир би хэрэгт хавсаргуулах болно. 20.000, 10.000, төгрөгний дэвсгэрт ихэнх нь байсан. тэгээд 5000, 1000, 500 төгрөгний дэвсгэртүүд бага хэмжээтэй байсан. Уг мөнгөн дэвсгэртүүдийн хэдэн ширхэг алга болсоныг нь би мэдэхгүй байна...Намайг цохиод байсан хатуу зүйл нь гурил элддэг элдүүр мод байсан бөгөөд намайг цохиж байгаад хугалаад миний ажил дээр үлдээчихсэн байсан. Хэрэв тэр гурил элддэг мод хугараагүй бол намайг алж ч магадгүй байсан байх гэж би бодож байна. Би аймгийн эмнэлэгт 3 өдөр хэвтэж эмчилгээ хийлгээд 2017 оны 11 сарын 30-ний өдөр Гэмтлийн эмнэлэгт эмнэлэгт үзүүлээд хувийн Мөнгөн гүүр нэртэй эмнэлэгт очиж 10 хоног хэвтэж эмчилгээ хийлгээсэн. Миний биед толгой хагарсан, яс нь гарсан гэмээр их өвдөлттэй, толгойн хуйхан дотор болон гадна талд нь оёдол тавиулсан, баруун гарын эрхий хуруу бяцарсан гэмээр гэмтэлтэй, баруун талын хацарт маш хүчтэй цохиулсаны улмаас яс нь гэмтсэн гэмээр өвчтэй болсон одоо хүртэл хацарны өвчин арилахгүй байгаа. толгой байнга өвдөж зүрх байнга чичэрч байгаа. Би аймгийн Нэгдсэн эмнэлэгт 300.000 төгрөгөөр хэвтсэн, толгойн томографикийн зураг 190.000 төгрөг, зүүн эмчилгээнд 31.000 төгрөг, фицик эмчилгээ 16.000 төгрөг, шинжилгээ 62.500 төгрөг, Мөнгөн гүүр эмнэлэгэт 10 хоногг хэвтэж эмчилгээ хийлгэсэн 600.000 төгрөг, гаднаас авсан эм тариа 59.000 төгрөг, эмнэлэгээс авсан эм 167.000 төгрөгний зардал гаргасан. Мөн Улаанбаатар хотруу ирэх очих зардал гэж 300.000 төгрөг гаргасан. Одоогоор 1.725.600 төгрөгний зардал эмчилгээнд гаргасан байна. Намайг хотод эмнэлэгт хэвтэж байхад намайг дээрэмдсэн залууг баригдсан Татварын хэлтэст ажилладаг Цагаандалайгийн хүүхэд байна гэдгийг нь би сонссон...Манай Булган хайрхан БХН-нөөс алдагдсан 4.500.000 төгрөг дээр нэмж эмчилгээний 1.725.600 төгрөгийг нэмээд нийт 6.225.600 төгрөгийг нэхэмжилнэ. Миний алдсан гар утас Самсунг ЖИ-5 маркийн хар хөх өнгийн утас байсан. Миний гар утасны ЭМАЙЯ /IМЕI/ код 357762/08/726283/2, ЭМАЙЯ /IМЕI/: 357763/08/726283/0 гэсэн кодтой байсан. Би Самсунгийн гэрээт борлуулагчаас 2017 оны 06 сарын 16-ний өдөр 2 ширхэг самсунг жи-5 маркийн утас худалдаж авч нэг утсыг нь өөрөө барьж нэг утсыг нь өөрийн зээ Нямбаярт өгч байсан юм. Миний хүү Нямбаяр өөрийн гар утас дээрээ 2 гар утасныхаа ЭМАЙЯ кодны зургыг авсан байсан бөгөөд Тэди төвийн гар утас зарсан хүнтэйгээ холбогдож гар утасны ЭМАЙЯ кодыг тулгаж байгаад цагдаагийн ажилтанд өгсөн юм. Би өөрийн гар утсаа мөрдөгчөөс хүлээн авсан. Миний алдсан гар утас яг мөн байсан. Миний гар утсан дотор миний хэрэглэж байсан Мобиком, Жимобайлийн симь картнууд болон гэр бүлийн зургууд байсан бөгөөд дотор нь байсан бүх мэдээлэл устгагдсан байсан. Бас симь картнууд нь алга болсон байна. Би сим картаа нэхэмжилэхгүй өөрөө сэргээгээд авчихна. Тийм болохоор би гар утсаа нэхэмжилэхгүй. Миний биед учирсан гэмтлийн зэргийг хөнгөн гэж гаргасан байсан. Миний толгойн ясанд гэмтэл учираагүй зөөлөн эдийн гэмтэл байсан болохоор хөнгөн гэж гэмтэл гарч байх шиг байна. гэхдээ намайг дээрэмдсэн залуу намайг алах гэж гурилын модоор хэд хэдэн удаа цохиж авч толгойноос маш их цус алдуулсан бас алах гэж миний амыг гараараа дарж байсан юм. Гар утасны үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би 33 дугаар байрын 2 давхарт 02 тоотод Булган хайрхан нэртэй барьцаалан зээлдүүлэх газартаа амьдардаг бөгөөд нэг өрөөндөө ажилаа хийж нэг өрөөндөө би өөрөө амьдардаг миний гэр юм. Манай Булган хайрхан нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт хяналтын камер байдаггүй. Би оюутан хүүхэд Нямбаяртайгаа амьдардаг бөгөөд миний хүүхэд хэрэг болох үед гэртэй байгаагүй юм. Манай байр нэг орцтой орц нь ертөнцийн зүгээр хойд талруугаа харсан 5-н давхар байр байдаг юм. Манай Булган хайрхан нэртэй барьцаалан зээлдүүлэх газрын хаалга ертөнцийн зүгээр баруун тийшээ харсан байрлалтай байдаг юм. Галбадрахын Жаргалсайхан, Шагдарын Дарьжав нартай байгуулсан гэрээнүүд бол хэрэг болохоос өмнө хийгдсэн гэрээнүүд бөгөөд тухайн үед ширээн дээр ил байж байгаад миний толгойноос гарсан цусанд будагдсан байсан юм. Тэрнээс энэ хэрэгтэй ямар ч холбоогүй гэрээнүүд байгаа юм. Намайг дээрэмдсэн тэр залуу эртээс бодож төлөвлөж судлаж байгаад намайг ганцаараа байх мөчийг хүлээж байгаад урдаас бэлтгэсэн гурилын мод торон уут зэргийг ашиглаж дээрэмдэх гэмт хэргээ үйлдсэн гэж бодож байна. Би дээрэмдүүлсэн мөнгөө баримтаар нь дахин шүүж үзэхэд 4.277.000 төгрөг баримтаар дутаж байна. Би төгрөгний баримтыг гаргаж өгч байна. Тиймээс одоо эмчилгээний 1.725.600 төгрөгдээр нэмж 4.277.000 төгрөгөө нэмээд нийт 6.002.600 төгрөг нэхэмжилэх болно. 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Пүрэв-Очирын ээж Цагаандалай надад 5.400.000 төгрөг бэлнээр өгсөн байгаа. Үлдэгдэл 602.600 төгрөг үлдсэн. Би үлдэгдэл мөнгөө нэхэмжилэх болно...гэх мэдүүлэг /хх-ийн 41-43,45-49 хуу/
Гэрч Б.Дуламсүрэнгийн өгсөн: ... Миний ээж Ц нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,,,дугаар багт байрлах ,,, байрны ,,,тоотод өөрийн зээ Н-ын хамтаар амьдардаг юм. Ээж Ц өөрийнхөө гэрийг 2 хувааж нэг өрөөнд Б нэртэй барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг байсан юм. 2017 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр 18-н цагийн үед надад утсаар ярьж ээж Ц-ыг ажил дээрээ байхдаа гадны халдлагад өртөөд оёдол тавиулаад эмнэлэг дээр байна хүрээд ир гэхээр нь би эмнэлэг дээр яваад очтол ээжийн толгой нь хагарч цус ихээр алдсан өмсөж байсан цамц нь бүхэлдээ цус болсон толгойдоо оёдол тавиулж байсан ээж ярихдаа намайг ажил дээрээ 16 цаг 30 орчим минутын үед байж байхад гаднаас хүн орж ирэх шиг болоод тэр хүн рүү харах гэтэл толгой дээрээс нь юм унах шиг болсон гэсэн тэгтэл дахин толгой дээрээс нь юмаар цохиж цус гоожуулсан гэсэн. тэгээд гараараа дартал гар нүүр лүү нь модоор цохьсон гэж ярьсан. Бас тэр хүн манай ээжийн амыг гараараа дарсан гэсэн. Тэгээд ээж авах юм байвал аваад гар намайг алаад яах вэ гэж хэлтэл мөнгөө хий гээд уут өгсөн гэсэн. Ээж ширээний шургуулганд байсан мөнгөнөөсөө хэдэн удаа базаад хийж байтал тэр залуу өөрөө мөнгийг нь авч торонд хийгээд гарахдаа Самсунг Жи-5 маркийн гар утсыг нь аваад явчихсан байсан. Би цагдаа нарыг үзлэг хийж байхад ээжийг цохиж зодсон ганжинг нь харсан бөгөөд дундуураа хугарсан гурил элддэг мод байсан. Тэгээд нилээн хэдэн хоног энэ хэрэг илрэхгүй удсан бөгөөд би ээжийг аймгийн эмнэлэгт хэвтүүлээд Улаанбаатар хот руу явуулж эмчилгээ хийлгэсэн. Одоо ээжийн биеийн байдал сайнгүй байгаа толгой нь өвдөөд байгаа, хацар дээр нь хавдар үүсэн бөгөөд өвчтэй хэвээрээ байгаад байгаа, зүрх нь салганаад байгаа, гэрийн хаалга дугарахаар л айгаад бие нь сонин болоод байгаа. Ээжийн биед эмчилгээ хийж 1.725.600 төгрөгний зардал учирсан байгаа мөн ээжийн ажил дээрээс дээрэм хийсэн залуу 4.500.000 төгрөг дээрэмдсэн байсан. Одоогийн байдлаар 6.225.600 төгрөгний хохирол учирсан байгаа. Ээжийг Улаанбаатар хотод байхад эмчилгээ хийлгэж байхад дээрэм хийсэн хүнийг барьж хорьсон Пүрэв-Очир гэдэг залуу хэргээ хүлээсэн гэж сонсогдсон. Би Пүрэв-Очирыг таньдаг болохоор энэ талаар сонсоод их гайхсан юм. Миний ээж Булган хайрхан нэртэй барьцаалан зээлдүүлэх газрыг ажиллуулаад 10 орчим жил болж байгаа өмнө нь Сонины 12-р байранд барьцаалан зээлдүүлэх газрыг ажиллуулж байгаад 2013 оны намраас 33-р байранд нүүж орсон юм. Сүүлийн үед миний хүүтэй хамт амьдарч байгаа юм. Миний ээж төрийн байгууллагад олон жил нягтлан бодогчийн ажил хийж байгаад тэтгэвэртэй гарсан бөгөөд 10 орчим жил ломбард ажиллуулж байгаа юм. Энэ хэрэг гарснаас болж миний ээж Булган хайрхан нэртэй барьцаалан зээлдүүлэх газраа ажилуулахгүй болсон. Ээж бэлэн мөнгөтэй байнга харилцдаг бөгөөд хэрэг гардаг өдөр 5 сая төгрөг банкнаас аваад хүнд мөнгө өгөөд үлдэгдэл мөнгөө алдсан байсан. Ээж өөрийнхөө хийсэн гүйлгээг хянаад хэдэн төгрөг алдсан гэдгээ өөрөө баримтаа шахаж гаргасан болохоор ямар ч маргаан байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 хуу/
Гэрч Б.Нямбаярын өгсөн: ...Би эмээ Ц-ын хамтаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,,дугаар багт байрлах ,,байрны ,,тоотод амьдардаг юм. 2017 оны 11 сарын 27-ны өдөр 16 цаг 05 минутын орчимд би гэртэй байж байгаад сургууль руугаа яваад 19-н цагийн үед хэргийн талаар сонсож эмнэлэг дээр очсон юм. Намайг эмнэлэг дээр очиход эмээгийн толгой, нүүрийг битүү боолтоор боосон өмсөж байсан цамц нь цус болсон 4 ширхэг дусал залгачихсан эмнэлэгийн орон дээр хэвтэж байсан. Хүмүүс ярихдаа эмээг ажил дээрээ байхад нь хүн модон ганжингаар цохиж мөнгийг нь дээрэмдээд гар утсыг авч явсан байна гэж хэлсэн. Энэ хэргээс хойш эмээ байнга эмнэлэгээр явж байгаа бөгөөд саяхан гэртэй ирсэн юм. Эмээ гэрийн хаалга дуугарахаар айгаад бие нь сонин болоод байгаа бас толгой нь байнга эргэж, өвдөж зовиурлаж байгаа. Би эмээтэйгээ хамт амьдардаг байсан бөгөөд хэрэг болохын өмнөхөн сургууль руугаа явчихсан байсан. Тиймээс би энэ хэргийн талаар дараа нь мэдсэн юм. Миний эмээ Мобиком, Жимобайлын 2 сим картай Самсунг Жи-5 маркийн хар хөх өнгийн гар утас барьдаг байсан бөгөөд тэр утсыг нь дээрэм хийсэн залуу аваад явчихсан байсан. Уг гар утсыг миний гар утастай хамт 2017 оны 06 сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын Тэди төвөөс эмээ худалдаж авч байсан юм. Би эмээгийн гар утас болон өөрийн гар утасны ЭМАЙЯ кодны зургийг цаасан дээр бичиж нааж байгаад өөрийн утсан дээрээ авчихсан байсан юм. уг зургийг эмээгийн гар утасны ЭМАЙЯ код мөн бишийг сайн мэдэхгүй байсан болохоор Тэди төвийн гар утас зардаг худалдагчтай холбоо бариж 2017 оны 06 сарын 16-ны өдрийн худалдаж авсан 2 ширхэг Самсунг жи- 5 маркийн гар утасны ЭМАЙЯ кодыг асуутал яг миний гар утасны зураг дээр байсан ЭМАЙЯ кодыг хэлсэн юм. Тийм болохоор би цагдаагийн ажилтнуудад эмээгийн хулгайд алдсан гар утасны ЭМАЙЯ кодыг хэлж өгсөн юм. Миний эмээгийн гар утасны ЭМАЙЯ /IМЕI/ код 357762/08/726283/2, ЭМАЙЯ /IМЕI/: 357763/08/726283/0 2 гэсэн кодтой байсан. Би өөрийн гар утас дээр байх зургыг угаалгаж өгөх болно. Эмээ өөрийнхөө гар утсыг мөрдөгчөөс хүлээн авсан байсан бөгөөд гар утсан дотор байсан зураг, утасны дугаар зэрэг мэдээллийг бүгдийг нь устгасан байсан ч ЭМАЙЯ /IМЕI/ код нь яг таарч байсан. Би эмээг хэдэн төгрөг алдсаныг нь мэдэхгүй өөрөө ярихдаа тооцоо хийгээд 4.5 сая төгрөг алга болсон байна гэж яриж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 хуу/
Гэрч П.Энхтайваны өгсөн: ...Би 2017 оны 11 сарын 27-ны 16 цаг 30 минутын үед би тэр ломбарданд ороход хэвийн үйл ажиллагаа явуулж байсан. Кассан дээр нь настай эгч сууж байсан. Би зээл аваад гарсан. Сэжигтэй гэвэл намайг уг ломбарданд ороход 16 цаг 30 минут орчимд намайг ломбардруу ороход үүдэнд нэг саарал өнгийн куртиктэй. Уг куртик өмдний карма дарсан гэмээр урттай. Ямар ч гэсэн толгойдоо малгай өмссөн байсан байх ямар малгайтай байсан талаар мэдэхгүй байна. 20-25 насны гэмээр туранхай өндөрөөрөө 175 см орчим өндөртэй байх. Намайг дээш ороход миний хойноос нэг 30 насны орчим эмэгтэй орж ирсэн. Тэр эмэгтэй харсан байж магадгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 хуу/
Гэрч П.Эрдэнэтунгалагын өгсөн: ...2017 оны 11-р сарын 27-ны өдөр би Архангай аймгийн төвд байрлах Булган хайрхан нэртэй ломбард руу очсон юм. Би өмнө нь хашаа байшингаа барьцаанд тавьсан байсан юм. Намайг ломбарданд очиход хаалга нь цоожгүй татахад онгойсон ломбарданд ороход эзэн нь болох Ч.Ц эгчийн толгой нүүрнээс нь цус их гарсан толгойгоо алчуураар дарсан байсан. Тэгээд надад эгч нь хүнд дээрэмдүүлчихлээ цагдаа дуудаад манай хүүхдүүдэд хэлээд өг гэсэн. Тэгэхээр нь би шууд цагдаад дуудлага өгч Өсөхбаяр гэх хүн рүү залгаж өгсөн. Тэгээд байж байтап Цэрэндолгор эгчийн хүү Өсөхбаяр ирээд удалгүй цагдаа нар ирсэн. Би тэр ломбардны баруун талаас нь буюу 36-р байрны дэлгүүрүүдийн урдуур гарч хойшоо харсан орцоор нь орсон. Намайг яг орцны орчимд очиход хэн нэг хүн таараагүй. Мөн орцонд ороод 2 давхарт гарах үед ч хэн нэг хүн таараагүй. Би орцны хаалгийг татаад орсон хаалга нь хаалттай гэхдээ код цоожгүй байсан. Би ямар нэг хүнтэй таараагүй. Намайг очиход Цэрэндолгор гуай толгойгоо том алчуураар дарсан цамц нүүр нь цус болсон байсан. Яг хаана нь ямар гэмтэл учирсан байсныг хараагүй. Би Ч.Ц эгчийг олон жилийн өмнөөс танина бид нар аймгийн захиргаанд хамт ажиллаж байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 хуу/
Гэрч Б.Билгүүний өгсөн: ... Би 2017 оны 11 сарын 27-ны өдөр гэртэй буюу 33-р байрны 4 давхарт 6 тоотод байсан. Тэгээд 16 цагийн үед сургууль руугаа буюу Гурван-Тамир дээд сургууль руу явахаар гэрээсээ гараад явж байхад 3 давхарт хар өнгийн богино куртиктай, хар өнгийн масктай, хар өнгийн цүнх үүрсэн залуу зогсож байсан. Намайг хажуугаар нь гараад явахад тонгойгоод байсан. Би сургууль дээрээ очих гэж явж байхдаа багш Золзаяатай утсаар ярихад сургууль дээр хүүхдүүд цуглаагүй байна. Маргааш больё гэж хэлсэн. Тухайн үед багштайгаа уулзаж хичээл асуух гэж байсан. Би гэрээсээ гараад 5-10 минут болоод эргээд орц руугаа ороход нөгөө залуу 5 давхараас бууж байснаа намайг хараад буцаад 5 давхар руу өгссөн. Тэгээд би гэртэй ороод 18 цаг болтол эргэж гараагүй. Намайг 4 давхарт байх гэрээсээ гараад 3 давхар руу буух үед надтай зөрөөд өгсөж байсан. Надтай 3 давхарт шатан дээр зөрсөн. Энэ үед тэр хүн хар өнгийн ташаагаар татсан куртик, хар өнгийн маск, хар өнгийн 2 мөртэй цүнх үүрсэн байсан. Би өмд, гутал, малгай зэргийг анзаарч хараагүй санахгүй байна. Би царайг нь сайн хараагүй. Тухайн үед маск зүүсэн болохоор царай нь сайн харагдаагүй. Би бордуу царайтай хүн байна гэж харсан. Тухайн хүн өндөр намаараа надаас бага зэрэг намхан санагдсан. Гэхдээ тонгойгоод зөрсөн. Би 175 см орчим байдаг. Надаас бага зэрэг намхан санагдсан. Бас насаар миний үе юм шиг санагдсан. Харваас залуу хүн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 63-65 хуу/
Гэрч Ж.Банзрагчийн өгсөн: ... Манай эхнэр Наранчимэгийг ээмгээ авахаар байрны орц руу орох үед хаалган дээр байсан хүн цайвар ногоондуу богино куртиктэй /куртик нь малгайгүй байсан байх/, хар өнгийн үүргэвчин цүнхтэй, саараалдуу өнгийн өмдтэй, 1.70 орчим см өндөртэй, туранхайдуу, бараандуу өнгийн ноосон малгайтай байсан байх гэхдээ би тухайн үед би байрны хаалгыг өнгөрөөгөөд зогссон байсан тул нэг удаа эргэж орцны хаалга руу харахад л тийм залуу зогсож байсан тэр залууг байр луу орсон болон гараад явсан үгүйг нь би хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Би өмнө нь харж байгаагүй. Царайг нь хараагүй болохоор танихгүй, гэхдээ гадна өмсөж явсан хувцасаар нь л таниж магадгүй байх. Бид 3-ийг анх тэр байрны үүдэнд очиход ямар нэгэн хүн харагдаагүй. Би тухайн үед ломбарьдруу ороогүй бөгөөд миний энхэр Наранчимэг ганцаараа орж ээмгээ ломбарьднаас авсан юм. Би тухайн үед тэр залууг нээх сайн хараагүй. Өмсөж байсан хувцасын таамаглаж байгаад хэлсэн юм. Яг ч цайвар ногоон куртка биш бараандуу өнгийн л куртка өмссөн нэг үүргэвчтэй хар өнгийн цүнхтэй байх шиг байсан. Тэр залуугийн өмсөж байсан куртканы өнгийн нь нээх сайн санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 66-69 хуу/
Гэрч Ц.Наранцэцэгийн өгсөн: ...ломбарданд ирэхэд орцны хаалга онгойсон хаалганы хажууд нэг өндөр туранхай залуу зогссон цоожных нь түгжээ орчим руу нь гараараа нэг юм чихээд байх шиг байсан. Тэгсэн намайг ойртож очиход нөгөө залуу “Та ор ор гээд надад зам тавьж өгсөн. Би ч 2 давхарт гарч ломбарданд очиход нэг эрэгтэй ах үйлчлүүлж байсан. Би тэр хүнийг 5 минут хүлээгээд дараа нь барьцаалуулсан байсан зүйлээ авсан. Намайг анх ломбарданд ирэхэд 16:00 цаг болж байсан цоожтой байхаар нь буцаж явж байгаад 40 минут болоод ирэхэд нэг залуу орцны үүдэн дээр нь байсан ломбард руу ороод 10 минут болж гарч ирэхэд нөгөө үүдэн дээр байсан залуу алга болсон байсан. Хаашаа явсныг нь мэдээгүй дахиж таараагүй. Тэр залуу туранхай, надаас өндөр байсан би бол 168 см өндөртөй юм Өмссөн хувцас нь ямар ч байсан тод өнгөтөй биш куртик нь бараан өнгтөй, хар өнгийн ноосон малгай дараад өмссөн нүүрэндээ хар өнгийн маск зүүсэн, 20 гаран насны шингэн дуутай эрэгтэй хүн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 хуу/
Гэрч М.Нямаагийн өгсөн: Би 2017 оноос Архангай аймгийн татварын газарт улсын байцаагчаар ажиллаж байгаа. 2017.11.27-ны өдөр би өглөө 09:00 цагт ажил дээрээ ирж орой ажлаа тараад Оргил кафед Мягмарбаяр, Цэрэндулам, Пүрэв-Очир Үл-Олдох нарын хамтаар пиво ууж уусан. Тэгээд тэндээсээ гараад ажлын газрын Үл-Олдох эгчийнд орж нэг шил архи уусан тэнд нэг цаг гаран болоод бид хэд гарч ажил дээрээ ирж цүнхээ аваад гэр гэр рүүгээ явсан. Үдээс хойш Пүрэв-очир гадуур ажилтай гээд явсан Мягмарбаяр ажил дээрээ байсан. Тэгээд 20:00 цагийн орчимд Пүрэв-Очир гаднаас ирээд бид нар Оргил кафе руу орсон Пүрэв-очир гадуур намын ажилтай гээд гарсан. Тухайн үед Пүрэв-Очир согтсон байсан бид хэд бол жаахан согтсон. Бид хэдийг сууж пиво уугаад гарахад 30.000 төгрөгийн төлбөр гарсан түүний тооцоог бид нар хуваагаад төлсөн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 84-87 хуу/
Гэрч Г.Өлзийсайханы өгсөн: ...2017 оны 11 сарын 26-ны өдөр амралтын өдөр байсан тул М.П бид нар гэртээ өнжсөн, маргааш нь ажлын өдөр байсан болохоор өглөө 09:00 цагт хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд ажил руугаа явсан би ч ажил руугаа яваад орой 21:00 цагийн үед хадмынхаас хүүхдээ аваад гэртээ ирсэн манай нөхөр хүүгээ цэцэрлэгээс нь аваад хадмынд хүргэж өгсөн байсан. Намайг гэртээ ирэхэд П гэртээ байгаагүй. Тэгэхээр ярьсан чинь ажлынхантайгаа байна гэсэн. Тэгэхээр нь би ажил дээр нь яваад очтол П согтуу байсан тэгэхээр нь гэр рүүгээ аваад харьсан. Маргааш нь 11-р сарын 28-ны өдөр өглөө ажилдаа явдагаараа яваад орой ажлаа тараад гэртээ ирсэн. Манай нөхөр М.П цалингийн зээлтэй, мөн ажлынхаа газрын Баярмагнай гэх хүнд 200.000 орчим төгрөгийн өртөй гэж байсан өмнө нь зээл өгөх хугацаа болоод зээлсэн, тэр зээлсэн мөнгөө 11-р сарын 27-ны өдөр М.П надаас аваад өгсөн. Тэр өдөр надаас бэлэн 340.000 төгрөг бэлнээр нь өгсөн намайг зах дээр явж байхад ирж авсан тухайн үед 17:00 цаг өнгөрсөн байсан. Манай нөхрийн цалин буусан байсан, миний аваанз буусан. Би хаана архи дарс уусан эсэхийг нь мэдэхгүй байна хөдөөнөөс байцаагч нар нь ирсэн гэж байсан намайг очиж авахад ажил дээрээ байсан тэнд ажлынх нь газрын Нямаа, Мягмарбаяр нар байсан... 2011 онд би Улаанбаатар хотод Монгол Улсын их сургуульд сурч байхдаа П бид 2 анх танилцаж байсан. П бид 2 дотуур байранд нэг байранд амьдардаг байсан бөгөөд 2012 оноос хойш хамт амьдарч эхэлсэн. 2013 оны 09 сарын 07-ны өдөр бид 2 хүүтэй болсон бөгөөд миний хүү Тэмүүлэн гэдэг одоо 4 настай. П бид хоёр 2014 оноос хойш Архангай аймагт амьдарч байгаа. П нь зан байдлын хувьд сэргэлэн, хөдөлгөөнтэй, хүнд амархан итгэдэг хүн. Тамхи татдаг, архийг хааяа найз нөхөдтэйгээ хэрэглэдэг, нэг их архи уугаад байдаггүй. Хүнтэй их нийцтэй ямар ч хүнтэй арга эвээ амархан олчихдог юм байнга л инээж явдаг юм. гэрийн ажилдаа сайн үр хүүхэдтэй их халамжтай байдаг юм. Би П-ын холбогдсон хэргийнхэн талаар мэдүүлэг өгөхгүй юу болоод байгааг мэдэхгүй ойлгохгүй байна. Энэ талаар мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 93-95, 102-103 хуу/
Гэрч Б.Алтанцэцэгийн өгсөн: ...Би П гэх хүнийг танина. 2017 оны 05-р сараас манай байгууллагад хамт ажиллаж 08-р сарын 01-ны өдрөөс П нь манай тасагт статистик судалгаа шинжилгээний ажилтанаар ажиллаж байгаа. 2017 оны 11-р сарын 27-ны өдөр шинэ 7 хоногийн эхний өдөр байсан учир манай байцаагч нар ажил дээрээ сууж ажилласан. Манайхаас өөр тасгууд гадуур ажилтай явж байсан. Тэр өдөр П өглөө ажил дээрээ ирсэн үдээс хойш байсан эсэхийг нь санахгүй байна П-т гадуур явах чухал ажил байгаагүй хэрэв гадуур ажилтай бол ямар ажил хийх талаараа хэлээд гардаг. 11 сарын 27-ны өдөр надад ямар нэг ажпаар явах талаар юм яриагүй. П заримдаа би гарчихаад ирье гээд гарах тохиолдол байдаг. Би эмийн санд байх камерын бичлэгийг үзлээ бичлэгт байгаа эрэгтэй хүн манай ажлын газрын М.П мөн байна. М.П камерын бичлэгт байгаа хар өнгийн куртик, хар өнгийн ноосон малгай өмсдөг, өөр өнгийн куртик хувцас өмсөж харагдаагүй. Зан байдлын хувьд даруухан нийтэч хүн байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 96-97 хуу/
Гэрч Д.Булгантуяагийн өгсөн: ... Би эмийн санд байх камерийн бичлэгийг үзлээ бичлэгт байгаа эрэгтэй хүн манай ажпын газрын надтай хамт нэг өрөөнд суудаг М.П мөн байна. М.П хар өнгийн куртик, хар өнгийн ноосон малгай дарж өмсдөг, өөр өнгийн куртик хувцас өмсөж харагдаагүй. Зан байдлын хувьд даруухан нийтэч зантай хүн байгаа. ...гэх мэдүүлэг /хх-ийн 98-99 хуу/
Гэрч М.Цагаандалайгийн өгсөн: ... Миний хүү М.П нь 1992 оны 01 сарын 16-ны өдөр Архангай аймгийн эмнэлэгт миний анхны хүү болж төрсөн. Доороо 2 дүүтэй айлын том хүүхэд. Бага насаа аав, ээжийнхээ гар дээр өссөн бөгөөд Архангай аймгийн 4 цэцэрлэгт сурч, Архангай аймгийн 2 дугаар бүрэн дунд сургуульд суралцаж ,,, онд 11-р анги төгссөн. Монгол улсын Их сургуулийг ,, онд Татварын эдийн засагч, нягтлан бодох бүртгэл мэргэжилээр төгссөн. Дээд сургуулиа төгсөж ирээд нэг жил шахам ажилгүй байж байгаад Монгол ардын намын нягтлан бодогчийн ажил эрхэлж байгаад Архангай аймгийн Татварын хэлтэст 2016 онд татварын хэлтэст ажилд орсон юм. П нь оюутан байхдаа Ө гэдэг охинтой үерхэж гэр бүлж болж байсан. 2013 оны 09 сарын 07-ны өдөр хүүхэдтэй болсон. Хүүхдийг нь Т гэдэг одоо 4-н настай. П нь сэргэлэн ухаантай, элдэв янзын буруу зан аашгүй, аав, ээжийгээ хүндэлдэг, боловсон харилцаатай, дүү нартай ачлалтай, сурагч, оюутан байхдаа хичээл сургуульдаа онц сурдаг байсан. 2014 оны 12 сарын 29-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,, р дугаар баг ,, байрны ,,,тоотод орших байранд орж эхнэр хүүхэдийнхээ хамт амьдарч байсан юм. Миний хүү П нь байрны зээлд 566.000 төгрөг сар бүр төлдөг. Би боломжтой үедээ байрны зээлийнх нь мөнгийг хийчихдэг юм. Зарим үед П надад мөнгө өгдөг юм. 2017 оны 11 сарын байрын зээл дээр Пнадад 300.000 төгрөг бэлнээр нь өгсөн. Уг мөнгийг яг хэдний өдөр өгснийг би сайн санахгүй байна. П-ын байрны зээл миний нэр дээр явдаг юм. Ер нь миний хүү П төсвийн ажилтай болохоор надад байрын зээлэн дээрээ мөнгө нэмэрлэдэг юм. Би П-ын холбогдсон хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй...Би Цэрэндолгор эгчтэй уулзаж хэд хэдэн удаа хүүгийнхээ өмнөөс уулчлалт хүссэн. Хэргийн хохирол төлбөр гэж 5.400.000 төгрөг бэлнээр өгсөн байгаа. Үлдэгдэл 602.600 төгрөгийг удахгүй төлж барагдуулах болно...гэх мэдүүлэг /хх-ийн 100-101 хуу/
Гэрч Т.Зандансүрэнгийн өгсөн: ... 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр П миний ажил дээр орж ирээд мөнгө зээлээч мөнгөний хэрэгтэй болчихлоо гээд 4-н ширхэг мөнгөн аяга надад үзүүлсэн. Би барьцаа авч хүнд мөнгө зээлдэггүй шдээ гэж хэлтэл миний таньдаг хүний нэрийг хэлээд тэр хүн над руу явуулсан юм гээд байсан. Тэгэхээр нь би 4-н ширхэг мөнгөн аягыг нь авч 230.000 төгрөг П-т өгсөн. Тэгээд сүүлдээ ярьж байгаад барьцаагүй төгрөг өгсөн. Би Пыг татварын хэлтэст ажилладаг гэхээр нь ажилтай тогтсон амьдралтай хүн юм байна гэж бодоод нийтдээ 400.000 төгрөгийг гэрээ байгуулж зээлсэн. П нь надаас зээлсэн мөнгөө хүүтэй нь буюу 484.000 төгрөгийг 2017 оны 11 сарын 28, 29, 30-ны өдрийн орчимд надад бэлнээр нь буцааж өгсөн. Би яг хэдний өдөр мөнгө өгсөн гэдгийг сайн санахгүй байна. Гэхдээ 11 сарын 28-аас 30-ны өдрийн хооронд өгсөн гэдгийг тодорхой санаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 104-105 хуу/
Гэрч Т.Ганчөдөрийн өгсөн: ...М. П нь өөрийн барьж байсан Самсунг Жи 5 маркийн гар утсаа манай барьцаат зээлийн газар 2017 оны 10 сарын 20-ны өдөр 150.000 төгрөгөөр барьцаанд тавьсан юм. Тэгээд мөнгөө хугацаанд нь өгөхгүй байж байгаад 2017 оны 11 сарын 02-ны өдөр надтай дахин уулзаад цалин буухаар мөнгөө бүгдийг нь өгнө одоо надад дахин мөнгөний хэрэг гараад байна. Одоо 90.000 төгрөг өгчих гээд гуйгаад байхаар нь би иргэний үнэмлэхийг нь авч үлдээд Жи-5 маркийн гар утсан дээр нь нэмж 90.000 төгрөг өгсөн. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарны 28-ны өдөр 11 цаг 30 минутанд П нь өөрөө манай ажил дээр орж ирээд зээлээ хааж гар утас, иргэний үнэмлэхээ авч явсан. П нь манайхаас нийт 240.000 төгрөг аваад хүүтэй нь нийлүүлж нийт 267.000 төгрөг төлсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 109-110 хуу/
Гэрч Г.Чулуунбаатарын өгсөн: ...М.П ыг 2017 оны 02 дугаар сард орон тооны бус байцаагчаар татварын хэлтэсд ажилд авсан юм. П нь хамт олны дунд ямар нэгэн зөрчил дутагдалгүй ажиллаж байсан бөгөөд зан байдлын хувьд үг дуу цөөнтэй, олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог хүүхэд байсан. П нь манай байгууллагад ажилд ороод жинхэлээгүй байгаа бөгөөд туршилтын хугацаандаа ажиллаж байсан юм. П нь цалин гэж 492.000 төгрөг авдаг байсан. П-ыг өөрийнх нь эзэмшсэн мэргэжлийн дагуу орон тооны бус байцаагчаар ажилд авсан юм. П-ыг цагдаа дээр шалгагдаж байгаа цагдан хоригдсон гэж сонссон. Яг ямар хэрэгт холбогдсон талаар нь би мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 113-114 хуу/
Гэрч Ц.Бямбасүрэнгийн өгсөн: ... Би 10 орчим жилийн хугацаанд Хаш нэртэй эмийн сангийн эм олгогчийн ажлыг хийж байна. 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 13 цаг 30 орчим минутын үед манай Хаш эмийн сангаар хар өнгийн хувцастай өндөрдүү биетэй цагаан царайтай залуу 3 ширхэг хар өнгийн маск авч карт уншуулан 1500 төгрөгөөр тооцоо хийсэн байна. Би тухайн өдрийн болсон үйл явдыг одоо санахгүй байна. Би хяналтын камерын бичлэгээ үзээд энэ тухай мэдүүлэг өгч байна. Хяналтын камерт бичигдсэн тэр залууг би танихгүй байна гэхдээ их харсан бололтой царайтай залуу байна лээ. Надад өөр мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 117-118 хуу/
Гэрч П.Оюунчимэгийн өгсөн: ...П нь ер нь хааяа надаас мөнгө төгрөг зээлээд буцаагаад өгч л байдаг. 2017 оны 11-р сарын дундуур П над руу утсаар яриад 700.000 төгрөг түр зээлээч хэд хоногийн дараа буцаагаад өгчихнө гэсэн тэгэхээр нь хэлсэн данс руу нь шилжүүлж өгсөн. Тэгээд 10 гаран хоногийн дараа 2017 оны 11-р сарын 28-ны өдөр П надаас зээлсэн 700.000 төгрөгөө миний Хаан банкны ,,,, гэсэн данс руу буцаагаад шилжүүлсэн. Энэ дансны хуулгаа банкнаас аваад ирсэн. М.П т холбогдох хэргийн талаар би ёстой мэдэхгүй. П нь манай охин Ө-тай гэр бүл болоод 4-5 жил болж байгаа хүүхэдтэй болоод Архангай аймагт амьдардаг би өнгөрсөн жил Архангай аймагт очсон боломжийн сайхан л амьдарч байсан. П нь гаж буруу зангүй хүүхэд шиг л санагдсан. Байнга хажууд нь байдаггүй болохоор хувийн зан байдлынх нь талаар сайн хэлж мэдэхгүй..гэх мэдүүлэг /хх-ийн 122-123 хуу/
М.П ын яллагдагчаар мэдүүлсэн: ...2017 оны 11 сарын 27-ны өглөө 09 цагт өөрийн ажил болох Архангай аймгийн Татварын хэлтэст ажил дээрээ очоод ажлаа хийж байгаад цайны цаг буюу 13 цагт цайндаа яваад 14 цагт буцаж ирээд 16 цаг 30 минутанд ажлаасаа гарч өөрийн гэр болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын,,,дугаар баг,,,, байрнд очиж хувцасаа солиод хар өнгийн ноосон малгай, куртик, хөх цэнхэр өнгийн жинсэн өмд, бор өнгийн гутал, нэг мөрөвчтэй хар өнгийн цүнх үүрч, дотор нь гэрийнхээ бор өнгийн гурилын элдүүр мод, хар өнгийн маск, тор зэрэг зүйлийг аваад гэрээсээ гарсан. Би байрны зээлтэй мөнгөний хэрэг байсан учир Б нэртэй ломбардыг дээрэмдэж мөнгөтэй болъё гэж бодсон бөгөөд энэ бодол 2017 оны 11 сарын 27-ны өдөр гэнэт орж ирсэн. Урдаас төлөвлөсөн зүйл байгаагүй. Би хар өнгийн маскийг гэрийнхээ хажуугийн Хаш эмийн сангаас авсан. Тэгээд гэрээсээ гараад ломбард руу явсан бөгөөд Хадат дэлгүүрийн урдуур яваад Гоё байшин нэртэй байрны урд талаар яваад, Тамхины бөөний цэгийн хойгуур яваад Булган хайрхан ломбардны хажууд 16 цаг 40 минут орчмын үед очсон. Уг ломбард байрны 2 давхарт байдаг бөгөөд хойд тал руугаа харсан нэг орцтой. Намайг очиход байрны гадна хаалга онгорхой байсан бөгөөд би хүн харж орчныг ажиглаж 2 минут орчим зогсоод ломбард руу орсон. Намайг ломбардны хажууд ирэхэд хаалга нь онгорхой, ойр хавьд хүн харагдахгүй байсан бөгөөд ломбард ажиллуулдаг эгч ганцаараа лангууныхаа ард сууж байсан. Би ломбардны дотор ороод тэр эгчийг хараагүй байхад нь цүнхнээсээ ганжингаа гаргаж ирээд толгой хэсэгт нь 3-4 удаа цохьтол ганжин хугарч тэр эгч газарт унаж толгойноос нь цус гоожсон. Тэгтэл тэр эгч надад хандаж бүх мөнгөө өгье гэсэн. Би цүнхэн дотор байсан цагаан өнгийн торыг гаргаж өгтөл тэр эгч сууж байсан ширээнийхээ онгорхой шургуулганаас мөнгө гаргаж ирээд торонд хийгээд байсан. Цаад талд нь төмөр цейф харагдаж байсан ч би ойртоогүй бөгөөд тэр хийж өгсөн тортой мөнгийг нь аваад ширээн дээр байсан Самсунг Ж-5 маркийн утсыг аваад гарсан. Тэгээд байрны үүдэнд ирээд гэнэт сонин санагдаад тортой мөнгө, гар утсаа буцааж өгье гэж бодоод ломбардны үүдэн дээр иртэл ломбардны хаалга цоожлогдсон, дээд давхараас хүн бууж ирж буй чимээ байхаар нь би байрнаас гарч таксины зогсоол дээрээс такси авч гэртэй харьсан. Манай гэрт хүн байгаагүй бөгөөд би гэртээ ороод өмсөж явсан жинсэн өмд, куртик, малгай, маск зэргийг торонд хийж байрныхаа урд талын хогийн саванд хийж хаясан. Гар утсаа гал тогооны тавилганд хийсэн. Торонд байсан мөнгөө тоолж үзтэл 2.760.000 төгрөг байсан. Би уг мөнгөө өрөндөө буюу Арвай төвийн доод давхарт байдаг хувиараа мөнгө зээлдэг хүнд 484.000 төгрөгийг өгч мөнгөн аягаа авсан. Уг хүнд 2017 оны 8 сард мөнгөн аягаа өгч 400.000 төгрөг авсан юм. Хадам ээж Оюунчимэгт 700.000 төгрөг танихгүй хүний данс руу мөнгө хийж байгаад шилжүүлсэн. Хадам ээжээс 2017 оны 10 сард мөнгө зээлсэн бөгөөд өрөө өгсөн юм. Кактус төвийн 1 давхарт байрлах ломбарданд өөрийн Самсунг Жи-5 маркийн гар утсыг тавьсан байсныг 270.000 төгрөг өгч утсаа авсан. Бас ээж Цагаандалайд байрны зээлд хийгээрэй гэж 300.000 төгрөг бэлэн өгсөн. Үлдсэн мөнгийг нь хоол унд гээд ахуйн зүйлд хэрэглээд дуусгасан...2017 оны 12 сарын 06-нд цагдаа Санчир, Дашдондов хоёр намайг ажлаас дуудаж гаргаж ирээд нотлох баримт байна гэхээр нь би үнэнгээ хэлсэн. Тэгээд орой нь манай гэрт очиж үзсэн бөгөөд би сайн дураараа гол тогооны тавилгаасаа гар утсыг гаргаж өгсөн. Би үйлдсэн хэргээ бүгдийг нь үнэн зөвөөр ярьлаа. Би хохирогчийг гомдол саналгүй болгоно. Хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна. Би байрны зээлд сар бүр 566.000 төгрөг банкинд хийдэг бөгөөд үүнийг 266.000 төгрөгийг нь ээж төлдөг, үлдсэн 300.000 төгрөгийг би төлдөг юм. Бас давхар цалингийн зээлтэй сард 313.000 төгрөг төлдөг. Эхнэр бид 2-ын цалин хүрэхгүй хүнээс мөнгө зээлсээр байгаад 2.000.000 орчим төгрөгийн өртэй болчихсон байсан. Өрөө дарах гэж Б ломбардыг дээрэмдсэн юм. Хэрэг болохоос 5-6 хоногийн өмнө би нэг удаа орж байсан. Би гурилын элдүүр модоор тэр эгчийг айлгах гэж авч очсон боловч сандраад хэд хэдэн удаа цохиод авчихсан. Миний гурил элддэг мөд хугарчхаар нь ломбард дотор хаячихсан юм. Тэр эгчийг толгой орчимд нь 3-4 удаа цохьсон... Хохирогч эгчийг орилох гээд оролдох гэхээр нь амыг нь би дараад чимээгүй байгаарай гэж хэлж байснаа санаж байна. Би хохирогчийг алах гэж амыг нь дараагүй. Орилох гээд байхаар нь амыг дартал тэр эгч чамд юмаа өгье гэж хэлэхээр нь би аман дээрээс нь гараа авсан. Би баруун гараараа амыг нь дарсан. Би саарал өнгийн даавуун 5 хурууны бээлий өмсөж хэрэг үйлдсэн. Би тэр бээлийг хувцастайгаа хамт хог руу хаячихсан. Хэрэг үйлдэхэд ашигласан гурилын элддэг мод манай гэрийн эд зүйл бөгөөд манай үүдний шүүгээнд байсан болохоор би хэрэг үйлдэх үедээ аваад явсан. Тэр үед гурилын модыг бээлийтэй гараараа барьж гэмт хэрэг үйлдсэн...Тэр эгч ширээний шургуулга дотор хэдэн ширхэг 5000 төгрөгийн дэвсгэрт үлдээхээр нь би өөрөө авч торонд хийсэн. Би өөр мөнгө, эд зүйл аваагүй. Мөнгө, гар утас хоёрыг аваад явсан. Хохирогч эгчид хандаж уучлаарай гэж хэлээд гарсан. Би хохирол, гомдолгүй болгох болно. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ баталж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 171-175, 178-180 хуу/ 171
Хохирогч Ч.Ц ын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 520 дугаар дүгнэлт:
1. Ч.Ц ын биед тархи доргилт, зулай орчим няцарсан шарх, баруун хацар, баруун зовхинд цус хуралт, баруун гарын эрхий хуруу, сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Шинжлүүлэгчийн 3-р шатлалын эмнэлгийн онош тодруулсан баримт ирвэл дүгнэлтийг нэмэлтээр гаргана.....гэх дүгнэлт /хх-ийн 139 хуу/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8, 16-17, 20, 25, 30, 34, 39, 56, 135 хуу/
Нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-15 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-19, 28-29, 32-33, 37-38, хуу/
Хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 128 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 184-185 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 183 хуу/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 190-209 хуу/
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 600.000 хохирогчид хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 231 хуу/ зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.П д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.П нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 17 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,,р багийн нутагт байрлах ,,,байрны ,,,тоотод байх "Б” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт иргэн Ч.Ц ыг толгойн тус газарт гурилын элдүүр модоор 4-5 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан, 460.000 төгрөгний үнэ бүхий Самсунг Жи-5 маркийн гар утас, 4.277.000 төгрөгийг авсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Шүүгдэгч М.П нь хэргээ хүлээн мэдүүлэг өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Ч.Ц , гэрч Б.Дуламсүрэн, П.Эрдэнэтунгалаг, Т.Ганчөдөр, Б.Алтанцэцэг, Д.Булгантуяа, П.Оюунчимэг, Ц.Наранчимэг нарын мэдүүлэг, шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 520 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч М.П ын яллагдагчаар өгсөн...хувцасаа солиод хар өнгийн ноосон малгай, куртик, хөх цэнхэр өнгийн жинсэн өмд, бор өнгийн гутал, нэг мөрөвчтэй хар өнгийн цүнх үүрч, дотор нь гэрийнхээ бор өнгийн гурилын элдүүр мод, хар өнгийн маск, тор зэрэг зүйлийг аваад гэрээсээ гарсан. Би байрны зээлтэй мөнгөний хэрэг байсан учир Б нэртэй ломбардыг дээрэмдэж мөнгөтэй болъё гэж бодсон бөгөөд энэ бодол 2017 оны 11 сарын 27-ны өдөр гэнэт орж ирсэн. Урдаас төлөвлөсөн зүйл байгаагүй...Би ломбардны дотор ороод тэр эгчийг хараагүй байхад нь цүнхнээсээ ганжингаа гаргаж ирээд толгой хэсэгт нь 3-4 удаа цохьтол ганжин хугарч тэр эгч газарт унаж толгойноос нь цус гоожсон. Тэгтэл тэр эгч надад хандаж бүх мөнгөө өгье гэсэн... Би гурилын элдүүр модоор тэр эгчийг айлгах гэж авч очсон боловч сандраад хэд хэдэн удаа цохиод авчихсан...гэх мэдүүлэг, хохирогч Ч.Ц ын өгсөн: ...Би Архангай аймгийн төвд Булган хайрхан нэртэй ломбард ажиллуулдаг юм. 2017 оны 11 сарын 27-ны өдөр 16 цаг 30 минутын орчим ажил дээрээ өрөөндөө сууж байтал гаднаас нэг хүн орж ирэх шиг болсон. Тэгсэн удалгүй миний толгой руу хүчтэй цохисон. Тэгэхээр нь дээрээс юм унасан юм болов уу гэсэн чинь дахин толгой руу тас хийтэл хүчтэй 3-4 удаа цохьсон. Тэгсэн миний толгойноос цус маш их гарсан. Би толгойгоо бариад суусан чинь нөгөө залуу үүдэн дээр байсан хаалтыг авч шидээд миний амыг гараараа барьж дарсан. Тэгэхээр нь би чи намайг алах нь уу, хэрэгтэй юм байвал ав гэсэн чинь намайг тавиад 100 төгрөгийн гялгар уут гаргаж ирээд онгойлгосон. Тэгэхээр нь би ширээний шургуулганд байсан мөнгөө гаргаж ирээд тэр уут руу нь хийсэн. Тэгсэн тэр залуу намайг цаашаа бай гээд шургуулганд байсан мөнгийг бүгдийг нь авч уутлаад ширээн дээр байсан миний ж-5 маркийн хар өнгийн утсыг аваад гарч явсан...зэрэг мэдүүлгээс үзэхэд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, дээрмийн гэмт хэргээ хялбарчлах зорилгоор буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасан байх бөгөөд шүүгдэгчийн үйлдлийг Аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь дээрмийн гэмт хэрэг үйлдэхдээ гурилын элдүүр мод ашигласан байх бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт: -Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэж заасан байх бөгөөд уг гурилын элдүүр мод нь зориулалтын хувьд зэвсэг гэсэн ойлголтонд хамаарахгүй, хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан нөхцөл байдал тогтоогдоогүй тул тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлд хамаарахгүй гэж үзэв.
Иймд шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд гэмт хэрэг үйлдэхийн өмнө амны хаалт, гурилын элдүүр мод, уут зэргийг бэлтгэж тэдгээрийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч М.П ын 2017 оны 12 сарын 06-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 44 хоногийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу түүний эдлэх ялд оруулан тооцох, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 хэсэг гурилын элдүүр мод, цус мэт зүйлээр бохирлогдсон 5 хуудас цаасыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, бичлэг бүхий charcoal гэсэн бичигтэй, цагаан өнгийн нэг ширхэг CD-г эрүүгийн хэрэгт хавсаргаж хадгалахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.7, 36.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн М-ийн П ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч М.П ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтуудыг журамлан шүүгдэгч М.П т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож, жар хоногийг нэмж нийт эдлэх хорих ялыг нэг жил найман сарын хугацаагаар тогтоосугай.
4. Шүүгдэгч М.П т оногдуулсан нэг жил найман сарын хугацаагаар хорих ялыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүгдэгч М.П ын 2017 оны 12 сарын 06-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 44 хоногийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч М.П нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 хэсэг гурилын элдүүр мод, цус мэт зүйлээр бохирлогдсон 5 хуудас цаасыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, бичлэг бүхий CD-г эрүүгийн хэрэгт хавсаргаж хадгалсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.П т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ