Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 204/МА2020/00017

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 145/ШШ2020/00444 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч О.О-ы нэхэмжлэлтэй, хариуцагч Н.О-д холбогдох “Үндсэн зээл 7750000 төгрөг, хүү 3000000 төгрөг нийт 10750000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Н.О-ийн гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Хандмаа, нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 2017 оны 11 дүгээр сараас Н.О-тэй тохиролцож зээлийн гэрээ байгуулж тодорхой хэмжээний мөнгө зээлж эхэлсэн. Ингээд их, бага хэмжээний мөнгөнүүд өгч авч байсаар байгаад 2019 оны 01 дүгээр сарын 03-нд тооцоо хийж үндсэн мөнгөнд 7750000 төгрөгийг хүүнд 2019.06.03, 2019.08.03, 2019.09.03, 2019.10.03-ны саруудын 3100000 төгрөг, 2019.07.03-ны 275000 төгрөг дутуу байсантай нийлээд 3350000 төгрөгийн хүү болсон ч бид хоёр тохиролцож буюу 2019.10.03-нд хүүнд 3350000 төгрөг өгөхөөс 3000000 төгрөг өгч авахаар тохиролцсон юм. Миний данснаас Н.О-ийн данс руу 29150000 төгрөг орсон. Н.О-ээс миний данс руу 22445000 төгрөг орж ирсэн. Энэ хоёр үнийн дүнгийн зөрүү 6705000 төгрөг болж байгаа. Энэ үнийн дүн дээр хариуцагч талтай эвлэрэх санал тавьсан хэдий ч эвлэрэхгүй гэсэн. Би Н.О-д 29150000 төгрөг өгчихөөд буцаагаад хүү бодохгүйгээр 22445000 авахад зөрүү нь 6705000 төгрөг болж байгаа болж байгаа юм. Бусдыг нь өмгөөлөгч тайлбарлах байх. Иймд үндсэн мөнгө 7750000 төгрөг, хүү 3000000 нийт 10750000 төгрөг нэхэмжилснээс хүү 3000000 төгрөгөөсөө татгалзаж, гэрээний үлдэгдэл мөнгө 7750000 төгрөгөөс 82000 төгрөгийт хасч 7668000 төгрөгийг хариуцагч О.О-оос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би О.О-оос авсан болон өгсөн мөнгөний тооцоог шударгаар бодож гаргасан. 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2000000 төгрөгийг би Н.О-ээс огт аваагүй мөнгө байна. 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр кредит картын мөнгө авч байсан. О.О бид хоёр яг дансны хуулгыг тулгаж үзээд тооцоо гаргасан зүйл байхгүй. Намайг О.О-ыд очиход өөрөө мөнгөний тооцоог бодож гаргаад намайг гарын үсгээ зурчих гэсэн. Гэтэл шүүхэд гаргасан нэхэмжлэл дээр О.О-д өгсөн мөнгөнүүдийг бичээд нотариатаар батлуулсан байна. Би О.О-той нотариат орж бичиг баримт батлуулж байгаагүй. 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1000000 төгрөгийг 2 удаа оруулж тооцсон байна. 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1000000 төгрөгийг манай найз гуйж аваад 01 дүгээр сарын 30-ны өдөр буцаагаад Д өөрөө хийсэн байх ёстой. Гэхдээ надад тэр дансны хуулга байхгүй. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1500000 төгрөгийг бэлнээр, үлдсэн 1500000 төгрөгийг дансаар авсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд 3000000 төгрөгийг буцааж О.О-д төлсөн. 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зээлсэн 1500000 төгрөгийг 1550000 төгрөг болгоод О.О-д буцааж төлсөн. 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2000000 төгрөгийг би ерөөсөө аваагүй. Миний тооцоолж үзснээр О.О-оос 26650000 төгрөг, надаас О.О-ы данс руу 28000000 төгрөг орсон байгаа. О.О нь миний өгсөн зарим мөнгийг тэмдэглээгүй байна. Миний тооцоолж үзснээр би Отгонд зээлийн хүү 8825000 төгрөгийг төлсөн. О.О цагаан сарын үеэр зээлийн хүүгээ өгөөрэй гэж хэлсэн. Би бэлэн хувцас, зээлийн хүүнд бодуулж өгсөн. Миний өгсөн 1600000 төгрөгийг үндсэн зээлийн мөнгөнөөс хасахгүйгээр зээлийн хүүнд авсан. Би бэр эгч рүүгээ яриад хүнээс 2 ширхэг авдар зээлж өгсөн. О.О-ыг зээлийн хүүгээ авъя гэхэд нь би ямар нэгэн аргаар олж өгдөг байсан. Би О.О-ы данс руу 1050000 төгрөг, 1500000 төгрөг, 1900000 төгрөг зэргийг явуулж байсан. Гэтэл О.О хэлэхдээ О.О-ээс миний данс руу мөнгө орж ирээгүй гээд байх юм. Би 2017 онд 1000000 төгрөгийг дансаар 1000000 төгрөгийг бэлнээр авч байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Би О.О-ы дансаар орж ирсэн мөнгийг ногоон өнгөөр өөрөөсөө О.О-ы данс руу шилжүүлсэн мөнгийг шар ногоон өнгөөр тэмдэглэсэн байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.О-ээс 7668000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.О-д олгохоор, нэхэмжлэгч О.О нь шүүх хуралдаанд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 72000 төгрөг, хүү 3000000 төгрөгөөсөө тус тус татгазлсныг дурдан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.О-ээс 137638 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.О-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээхээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.О гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 444 дугаартай шийдвэрийг хүлээн авч танилцаад хууль буруу хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараахь үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг. Шүүх нэхэмжлэгч О.О болон хариуцагч Н.О бидний хоорондын маргаж буй харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа гэж дүгнэсэн. 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дэвтрийн цаасан дээр бичсэн зээлийн гэрээг шүүх хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн. Хавтаст хэргийн материалд авагдсан тэр зээлийн гэрээ дээр би гарын үсэг зурсан. Түүнийгээ хүлээн зөвшөөрсөн тайлбарыг би шүүхэд гаргаж өгсөн. Харин уг гэрээ дээрх нотариатын тамга тэмдгийг О.О нотариат дээр өөрөө ганцаараа очиж батлуулсан байсан. Энэ талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа О.О хэлсэн. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэл дээр тусгагдсан бөгөөд шүүх хуралдааны бичлэг дээр байгаа болно. Нотариат талуудын хооронд байгуулсан гэрээг гэрчлэхдээ талуудыг байлцуулж гэрээг батлах хуулийн зохицуулалттай байдаг. Гэтэл нотариат намайг оролцуулахгүйгээр О.О-д зээлийн гэрээг баталж өгсөн нь хуулийн шаардлага хангаагүй. Нөгөө талаар шүүхийг яагаад хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна гэхээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно” гэж заасан байдаг. Гэтэл шүүх бичгээр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнээд мөнгө шилжүүлсэн эсэх дээр үндэслэл бүхий бодитой дүгнэлт хийгээгүй. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд мөн нэхэмжлэгч О.О өөрөө нэхэмжлээд байгаа 7668000 төгрөгөө хэзээ хариуцагч Н.О надад шилжүүлэн өгсөн ямар мөнгө гэдгээ тайлбарлаж шүүхийн өмнө нотолж чадаагүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч О.О хариуцагч Н.О надаас нэхэмжлээд байгаа 7668000 төгрөгийг надад шилжүүлэн өгсөн гэдгээ нотолж чадаагүй байхад шүүх О.О нь Н.Од мөнгө шилжүүлсэн, зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр гэж дүгнээд хариуцагч Н.О надаас 7668000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Од олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Хоёр. Нэхэмжлэгч О.О бид хоёрын дунд үүссэн иргэний эрх зүйн харилцаа нь үргэлжилсэн зээлийн гэрээний харилцаа учир 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн байгуулсан зээлийн гэрээ дээр бичигдсэн 7750000 төгрөгийг шилжүүлсэн эсэхийг тогтоохын тулд анх би О.Ооос мөнгө зээлж эхэлсэн 2017 оны 11 сараас эхлэн 2019 оны 01 сарын 03-ны өдөр хүртэлх дансны хуулга, барьцаат зээлийн гэрээний баримтуудыг шүүж үзэхээс аргагүй болсон. 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгч О.О надад 7750000 төгрөг шилжүүлж өгөөгүй билээ. О.О надад гэрээ дээр гарын үсэг зур л гэсэн. Тухайн үед бид хоёр тооцоо нийлээгүй. Би О.О-оос байнга өндөр хүүтэй мөнгө зээлдэг байсан учир санхүүгийн хувьд О.О-ы хэлснээр хүү тэдэн төгрөг өг, үндсэн мөнгө тэдэн төгрөг өг гэх бүрт нь О.О-д итгээд өгөөд явдаг байсан. 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш би нэхэмжлэгч О.О-д нийт 3.600.000 төгрөг өгсөн байдаг. 2019 оны намар нэхэмжлэгч О.О надаас 10 сая гаруй төгрөг нэхсэн. Би нэхэмлэгч О.О-д дансаар болон бэлнээр, хүний данснаас, мөн бараа, бензин авах эрхийн бичиг зэрэг бүх өгсөн авсан зүйлээ бодож үзэхэд би 2017 оны 11 сараас 2019 оны 12 сар хүртэп нийт 13 хан сарын хугацаанд О.О-оос 1 сая, 2 сая, 3 сая гээд бага хэмжээгээр сарын 10 хувийн хүүтэй мөнгө зээлж аваад хүүгийн хамт буцааж өгөөд яваад байсан. Энэ бүхнийг тооцож үзэхээр нэхэмжлэгч О.О-оос надад нэг дор 26.150.000 төгрөг бөөнөөр нь шилжүүлээгүй, 4 орчим сая төгрөгийг надад зээлүүлээд буцааж хүүгийн хамт аваад буцааж зээлүүлээд хүүлдэг байсан. Энэ бүх зээлүүлсэн мөнгө гарч орж, гарч орсоор дансны хуулгыг харахад нэхэмжлэгч О.О надад 26.150.000 төгрөг зээлүүлсэн гэж харагдаж байгаа. Энд 26.150.000 гэж бичиж байгаа нь нэхэмжлэгч О.О-ы хэргийн материалд нотлох баримтаар өгсөн өөрийнх нь тэмдэглэл 29.150.000 төгрөгөөс 3 сая төгрийг зөрүүтэй байгаа нь миний бие 2018 оны 08 сарын 12-ны өдрийн 2 сая төгрөгийг О.Ооос зээлж аваагүй, мөн О.О тэмдэглэл дээрээ 2018.08.03-ны өдөр надад зээлсэн 1 сая төгрөгөө 2 удаа бичсэн байсан. Тэгэхээр энэ 3 сая төгрөгийг хасаж 26.150.000 төгрөг гэж бичсэн болно.

Гурав. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “хариуцагч 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг нэмэлтээр хийхдээ намайг гарын үсэг зур гээд зуруулсан надтай тооцоо нийлээгүй, би өөрөө дэвтэр хөтөлж өр зээлээ нэг бүрчлэн бичдэггүй болохоор нарийн сайн тооцдоггүй зээлдүүлэгчид итгэдэг байсан гэж тайлбарлаж байгаа ч тэр талаар баримтаар нотлоогүй болно” гэж дүгнэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж заасан. Тэгэхээр хариуцагч миний зүгээс шүүхэд бодит байдлын талаар тайлбараа үнэн зөвөөр гаргаж өгсөн учир миний тайлбар нотлох баримт болох бөгөөд дээрхи байдлыг би нотлох боломжгүй. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй.

Дөрөв. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч О.О-оос 31.150.000 төгрөгийг хариуцагч Н.О-д шилжүүлсэн, хариуцагч Н.О нь нэхэмжлэгч О.О-д 23.482.000 төгрөг шилжүүлсэн гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүх шийдвэрээ хавтаст хэргийн материалд цугласан нотлох баримтад үндэслэж гаргах ёстой. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд талуудын нотлох баримтаар гаргаж өгсөн дансны хуулгуудыг нэг бүрчлэн шинжлэн судалж мөн зарим дансны гүйлгээтэй холбоотой асуудлаар гэрч Т.Д, гэрч Л.Э нараас мэдүүлэг авсан. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч О.Оы хариуцагч Н.О надад өгсөн мөнгөн дүн нь дансны хуулгууд болон нотлох баримтаар хавтаст хэргийн материалд өгсөн О.Оы тэмдэглэлийн дэвтэрт бичигдсэн тэмдэглэл зэргээр 26.150.000 төгрөг гэдэг нь тогтоогдсон. Нэхэмжлэгч О.О нь надад 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 2 сая төгрөг өгсөн гээд байгаа боловч энэ мөнгийг нь би аваагүй. Учир нь би 2018 оны 09 дүгээр сард анх кредит карт авч байсан. Гэтэл О.О нь намайг 2018 оны 08 дугаар сард кредит карт хаалгах гэж мөнгө зээлсэн гээд байгаа бөгөөд энэ талаараа өөрөө нотолж чадаагүй. Мөн О.О-ы тэмдэглэл болон дансны хуулгаар О.О надад 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 1 сая төгрөг шилжүүлсэн гэдэг нь тогтоогдож байгаа. Гэтэл О.О тэмдэглэлийн дэвтэр дээрээ 2018 оны 08 сарын 03-ны өдөр миний зээлсэн 1 сая төгрөгийг 2 удаа бичсэн байсан. Ингээд тооцохоор О.О надад нийт 26.150.000 төгрөгийг миний дансаар болон надад бэлнээр шилжүүлсэн нь тогтоогдсон.

Харин би О.О-д дансаар нийт 29.142.000 төгрөг шилжүүлсэн гэдэг нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан дансны хуулга, гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдсон. Ингээд бодохоор миний бие О.О-д зөвхөн дансаар өгсөн мөнгө, бараа зэрэг нь нийлээд 29.142.000 төгрөг өгсөн нь хэргийн материалд авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Мөн энэхүү мөнгө дээр нэмээд миний бие 2018 оны 01 сарын 05-ны өдөр О.Ооос зээлж авсан 700.000 төгрөгөөс 500.000 төгрөгийг нь 2018 оны 03 сард бэлнээр О.Од өгч байсан. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр би О.О-оос 1 сая төгрөг зээлж Д гэдэг найздаа авч өгсөн. Д гэдэг найз маань надад удалгүй О.О-оос зээлж өгсөн 1 сая төгрөгийг чинь О.О-д хүүтэй нь өгсөн шүү гэж хэлж байсан. О.О шүүхийн хэлэлцүүлэгт барьцаат зээлийн гэрээгээ зээл нь төлөгдөхөөр гэрээ дээр нь балаар том X зурдаг байсан талаар мэдүүлсэн. Мөн хэргийн материалд нотлох баримтаар авагдсан 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн барьцаат зээлийн гэрээ дээр балаар том X зурсан байсан. Би шүүх хуралд Д гэдэг найзаа гэрчээр асуулгах Д-ийн дансны хуулгыг авч өгөх гэж байсан боловч Д ажлаар хөдөө явсан байсан учир нотлох баримтаар өгч амжаагүй. Тэгэхээр Д-ийн О.О-д өгсөн 1 сая төгрөг, миний бэлнээр өгсөн 500.000 төгрөг нийт 1.5 сая төгрөгийг нэмэхээр би О.Ооос зээлсэн 26.150.000 төгрөгийг нь өгөөд хүүнд нийт дансны хуулгаар нотлогдож байгаа 2.992.000 төгрөг сүүлийн 1.5 сая нийт 4.492.000 төгрөгийг хүүнд өгсөн байдаг. Иймд байхад шүүх нотлох баримтад үндэслэж шийдвэр гаргаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Тав. Шүүх О.О бид хоёрын зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй зээлүүдийн хүүг үндсэн зээлээс хасч тооцоогүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт “Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан байхад бичгээр зээлийн гэрээ байгуулахгүйгээр зээлсэн мөнгөний хүү гэж өгсөн мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцоогүй.

Зургаа. Зээлийн хүү нь зээлдэгчид хохиролтойгоор тогтоогдсон бөгөөд зээлийн хүүг багасгуулж 5 хувь болгон тооцуулах хүсэлтийг шүүхэд тавьсан боловч хүүг багасгаагүй шийдвэрлэсэн. Миний бие О.О-оос зээлсэн бүх үндсэн зээлийг төлөөд цаана нь хүү гэж 4.492.000 төгрөг төлсөн бөгөөд үүн дээр шүүхийн шийдвэрээр надаас гаргуулахаар шийдвэрлэсэн 7.668.000 төгрөгийг нэмэхээр зөвхөн хүүнд нийт 12.160.000 төгрөг төлөхөөр болчихоод байна. 13 хан сарын хугацаанд 26.150.000 төгрөгөө бөөнөөр нь зээлээгүй, 4 орчим сая төгрөгийг надад хувааж зээлүүлж хүүгийн хамт буцааж аваад дахин хэсэг хэсгээр нь зээлүүлж хүүгийн хамт буцааж авах замаар хүүлж зээлдэгч миний эхний зээлүүдийн хүүнд өгсөн хүүг ч эргэлтэнд оруулж хүүлж байсан. Ийм байхад шүүх нотлох баримтад үндэслэхгүйгээр хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 444 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч О.О давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн гаргасан гомдолтой танилцаад талаар тайлбарыг гаргаж байна. Хариуцагч гомдолдоо зургаан зүйлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдож нэхэмжлэлийн шаардлагыг нотолж өгсөн. Хариуцагч Н.О нь надаас 2017 оны 11 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарын хооронд дансаар болон бэлнээр нийт 31150000 төгрөгийг өгч, авсан нь бид хоёрын дансны хуулгаар нотлогддог. Харин дээрх үнийн дүнгээс өгөөгүй зөрүү нь 7750000 төгрөг, хүүнд 3000000 төгрөг нийт 10750000 төгрөгийг нэхэмжилсэн ч шүүх хуралдаан дээр үндсэн хүү 3000000 төгрөг, дансны хуулгын зөрүү 82000 төгрөг нийт 3082000 төгрөг татгалзаж нэхэмжлэлээ багасгасан. Гэвч хариуцагч гомдолдоо хүү тооцож өгсөн авсанаа нотолж чадахгүй мөнгө шийдэж надад гаргах шийдвэр гаргасан мэт увиагүй зүйл бичсэн нь харамсалтай байна. Харин би нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бусад зүйлийг өөрийн биеэр шүүх хуралдаанд тайлбарлах болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч О.О нь хариуцагч Н.О-д холбогдуулан гэрээний үндсэн үүрэг 7750000 төгрөг, хүү 3000000 төгрөг нийт 10750000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.О-ээс 7668000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.О-д олгохоор шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

  Хариуцагч Н.О давж заалдсан гомдолдоо “…Шүүх...2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дэвтрийн цаасан дээр бичсэн зээлийн гэрээг шүүх хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн....Гэтэл нотариат намайг оролцуулахгүйгээр О.О-д зээлийн гэрээг баталж өгсөн нь хуулийн шаардлага хангаагүй...шүүх бичгээр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнээд мөнгө шилжүүлсэн эсэх дээр үндэслэл бүхий бодитой дүгнэлт хийгээгүй..., нэхэмжлэгч О.О өөрөө нэхэмжлээд байгаа 7668000 төгрөгөө хэзээ хариуцагч Н.О надад шилжүүлэн өгсөн ямар мөнгө гэдгээ тайлбарлаж шүүхийн өмнө нотолж чадаагүй...Нэхэмжлэгч О.Ооос надад нэг дор 26.150.000 төгрөг бөөнөөр нь шилжүүлээгүй, 4 орчим сая төгрөгийг надад зээлүүлээд буцааж хүүгийн хамт аваад буцааж зээлүүлээд хүүлдэг байсан...өөрийнх нь тэмдэглэл 29.150.000 төгрөгөөс 3 сая төгрийг зөрүүтэй байгаа нь миний бие 2018 оны 08 сарын 12-ны өдрийн 2 сая төгрөгийг О.О-оос зээлж аваагүй, мөн О.О тэмдэглэл дээрээ 2018.08.03-ны өдөр надад зээлсэн 1 сая төгрөгөө 2 удаа бичсэн байсан. Тэгэхээр энэ 3 сая төгрөгийг хасаж 26.150.000 төгрөг гэж бичсэн болно...Хариуцагч миний зүгээс шүүхэд бодит байдлын талаар тайлбараа үнэн зөвөөр гаргаж өгсөн учир миний тайлбар нотлох баримт болох бөгөөд дээрхи байдлыг би нотлох боломжгүй...О.О надад нийт 26.150.000 төгрөгийг миний дансаар болон надад бэлнээр шилжүүлсэн нь тогтоогдсон. Харин би О.О-д дансаар нийт 29.142.000 төгрөг шилжүүлсэн гэдэг нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан дансны хуулга, гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдсон...Шүүх О.О бид хоёрын зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй зээлүүдийн хүүг үндсэн зээлээс хасч тооцоогүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт “Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан байхад бичгээр зээлийн гэрээ байгуулахгүйгээр зээлсэн мөнгөний хүү гэж өгсөн мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцоогүй...Зээлийн хүү нь зээлдэгчид хохиролтойгоор тогтоогдсон бөгөөд зээлийн хүүг багасгуулж 5 хувь болгон тооцуулах хүсэлтийг шүүхэд тавьсан боловч хүүг багасгаагүй шийдвэрлэсэн...” гэжээ.

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас үзвэл /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/ О.О Н.О нар 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өмнө үүссэн зээлийн гэрээний харилцааны тооцоонд үндэслэж шинэ гэрээ байгуулсан байна. Хэрэгт авагдсан энэхүү гэрээ болон бусад баримтуудыг нотариатч зөвхөн хуулбар үнэн болохыг баталсан байх тул ямар нэг гэрээг баталгаажуулсан гэж үзэхгүй.

Иргэний хуулийн 282 дүгээр зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор заасан. Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч гэрээнд заасан мөнгийг өгөх, зээлдэгч хүлээн авах үүрэгтэй. Зээлийн гэрээний талууд өмнө амаар байгуулсан гэрээг бичгэн хэлбэрт оруулах, өмнө үүссэн зээлийн гэрээний харилцааны тооцоонд үндэслэж шинэ гэрээ байгуулах, эсхүл гэрээний үүргийг дахин баталгаажуулах, гэрээний хугацаа, хүүгийн хэмжээг өөрчлөх, алданги төлөхөөр тохиролцох зэргээр гэрээг шинэчлэх, нэмэлт гэрээ байгуулах нь гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай харшлахгүй. Гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн гэх байдал нь талуудын хоорондох зээлийн харилцааг бүхэлд нь үгүйсгэхгүй, зохигчийн тайлбар, хэргийн бусад баримт, талуудын мэтгэлцээнийг үндэслэн нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээгээр шаардах эрх үүсэх эсэхийг шүүх дүгнэнэ. Зохигчийн тайлбар, хэрэгт буй баримтаас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгө зээлсэн, талууд уг зээлийн гэрээний үүргийн биелэлтийг дүгнэж, шинээр гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдсон тул сүүлийн  гэрээгээр мөнгийг бодитоор шилжүүлээгүй,  “...нотариат намайг оролцуулахгүйгээр О.О-д зээлийн гэрээг баталж өгсөн нь хуулийн шаардлага хангаагүй...” гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

   Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т “хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно.” гэсэн байна. Зээлийн гэрээгээр тохирсон хүүгийн хувийг, зээлийн хүүгийн зах зээлд тогтсон жишиг буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, барьцаалан зээлдүүлэх газар, түүнчлэн тухайн орон нутгийн иргэд хоорондын зээлийн гэрээгээр тогтоож буй хүүгийн дундаж хэмжээтэй харьцуулах нь зээлийн хүүгийн хэмжээ “зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон” гэж үзэх үндэслэл болж болно. Харин зээлдэгч гэрээнд заасан сар бүрийн хүү төлөх үүргээ зөрчснөөс хүү хуримтлагдсан нь уг хүүгийн хэмжээг багасгах үндэслэл болохгүй. Зээлийн хүүгийн хэмжээ “зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон” нь хэргийн баримтаар нотлогдсон байх нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6-р зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасантай нийцнэ. Гэтэл энэ талаарх ямар нэг баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн хариуцагчийн гомдолд “...бичгээр зээлийн гэрээ байгуулахгүйгээр зээлсэн мөнгөний хүү гэж өгсөн мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцоогүй...” гэжээ.

Талууд 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс өмнө зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч тухайн үед хариуцагч, нэхэмжлэгчид зээлийн хүү төлснийг буцаан шаардах эрхгүй. Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь заалтаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлдүүлэгч хүү шаардах эрхгүйг зохицуулснаас бус  харин зээлдэгч  хүүг зөвшөөрөх, зөвшөөрч төлсөн бол төлөгдсөн хүүг  буцаан шаардах эрхийн үндэслэлд дээрх хуулийн зохицуулалт хамааралгүй болно.

 Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс үгүйсгэх үндэслэлгүй байх тул хариуцагч Н.Огийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 137640 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй байна.

  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 145/ШШ2020/00444 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н.О-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

           2. Хариуцагч Н.О-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 137640 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.